Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж буй. Есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд салбарын манлайлагчид болон шинэ тоглогчид оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж буй. Тэдний дундаас бидний өдөр тутамд тулгардаг асуудлуудыг шийдэхэд туслах сонирхолтой шийдлийг санал болгож буй таван стартапыг танилцуулж байна. 

Тibi

Таны халаасны хоолзүйч

Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны 77 хувийг халдварын бус өвчин буюу урьдчилан сэргийлэх боломжтой, тэр тусмаа зөв хооллолтоор шийдэх боломжтой өвчин эзэлдэг. Нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан энэ асуудлыг шийдэх зорилготой Tibi апп нь эрүүл хооллолтын хөтөлбөрүүдийг санал болгодог. Таны биеийн үзүүлэлт болон жингээ нэмэх эсвэл хасах зорилготой эсэхээс хамааран тус апп тусгай хооны хөтөлбөрийг санал болгоно. Эдгээр хөтөлбөрийг хоёр жилийн судалгаанд үндэслэн боловсруулсан бөгөөд яг хөтөлбөрт заасны дагуу хооллож чадсан тохиолдолд 98 хувийн үр дүнтэй байсныг судалгаанд оролцсон 200 орчим хүний үр дүн харуулжээ. 

Биеийн хэмжилтэд тулгуурлан хоолны хөтөлбөр санал болгодог бусад апп-уудаас ялгаатай Tibi нь монгол хүний биеийн онцлогт тохирсон хүнсний зохистой хэмжээнд үндэслэн хоолны хөтөлбөрүүдээ боловсруулдаг. 

Сонирхуулахад энэхүү апп дээр ажилласан хоол зүйчид Токиогийн олимпын тамирчдад зөвлөж ажиллажээ. Тэдний санал болгосон хөтөлбөр үр дүн сайтай байсныг тамирчид онцолсон байна. Tibi-гийн хамт олон одоо хөхүүл ээж нарт зориулсан цэсийг гаргахаар ажиллаж буй. 

S.A.M

Хэл сурах минимал шийдэл 

Хэрэглээний англи хэлээ сайжруулахад тань тус болох энгийн бөгөөд үр дүнтэй шийдлийг S.A.M апп санал болгож байна. Энэхүү апп нь 5 жил үйл ажиллагаа явуулж буй англи хэлний сургалтын төвийн edtech хувилбар бөгөөд бие даан суралцагчдыг бэлдэх шийдэлтэй гэдгээрээ онцлог аж. Энэхүү апп-ыг ашиглан даалгавраа хийхэд зөвхөн ярих товчыг ашиглана. Ярианы дадлагаар шат дараалалтай даалгавруудыг хийснээр ярих чадвар сайжирна. Мөн хөтөлбөрийн онцлогт тохирсон үнэлгээний систем нь өгүүлбэрийн бүтэц, дүрэм, үг зэрэг таны яг юун дээр алдаж буйг нарийн гаргаж ирдгээрээ онцлогтой.  

Тэдний боловсруулсан заах арга зүй нь АНУ-ын Засгийн газраас зохион байгуулдаг Global Innovation through Science and Technology (GIST) тэмцээний “Шилдэг санаа” номинацийн гуравдугаарт шалгарчээ.  

Монгол хүн бүрийг хэрэглээний англи хэлтэй болгох томоохон зорилго тавин ажиллаж буй тэдний хамт олон S.A.M апп-ын хэрэглэгчиддээ зориулан долоо хоног бүр уулздаг ярианы клуб, улилард нэг удаа сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Hellobaby

Нярайн асаргаа 

Жирэмсэн эхийн хөтөч Hellobaby апп-ыг нээлтээ хийснээс хойш нэг жилийн хугацаанд 85 мянган ээж ашигласан байна. Тус апп-ын үнэнч хэрэглэгчид амаржсаныхаа дараа ч зөвлөгөө, зөвлөмжүүдийг үргэлжлүүлэн авах хүсэлтэй байсан тул 0-2 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан цогц хөтөчийг хөгжүүлжээ. Таны хүүхдийн өсөлт, хөгжлийн үе шатыг нарийн харуулах энэхүү апп-ын шинэчилсэн хувилбар “1000 өдрийн аялал” буюу эх жирэмсэн болох үеэс эхлээд хүүхэд хоёр ой хүртэлх хугацаанд тухай бүрд тохирсон зөвлөмж, зөвлөгөөг санал болгох юм. Сүүлийн зургаан сарын турш хөгжүүлсэн тус апп-ын албан ёсны нээлт аравдугаар сарын 16-нд болох аж. 

Hellobaby-ийн зөвлөгөө, мэдээллийг салбартаа 15-аас дээш жилийн туршлагатай мэргэжилтнүүд бэлтгэдэг. Тухайлбал, апп-ыг дагалдах “Нярайн асаргаа” цогц сургалтыг Амгалан амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч, АУ доктор Л.Тунгалаг боловсруулжээ.

Тэд цаашид хүүхдийн эмнэлэг, хоолны газар зэрэг 1000 гаруй үйлчилгээний байгууллагыг багтаасан цэс болон e-commerce нэмэхээр төлөвлөж байгаа аж. 

EMCH

Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ

Зайнаас эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зорилготой EMCH платформд 70 гаруй эмч нэгдээд буй. Тэдний 70 хувь нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж буй монгол эмч нар бөгөөд та асуумж бөглөх эсвэл шинжилгээний хариугаа үзүүлээд тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний зөвлөгөө авах болдгоороо давуу талтай. Эмч нарын туршлагыг харах, тэдэнтэй чатаар харилцах, эрүүл мэндийн боловсролын влог үзэх, 24/7 ажилладаг оператор эмчтэй холбогдох зэрэг үндсэн үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой.

Үүнээс гадна дуудлагын эмч, сувилагч, лаборатори цэсүүд шинээр нэмэгдэж байгаа аж. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон шатлалыг технологийн тусламжтай шийдэх боломжийг бүрдээд буй. 

Нээлтээ хийгээд хоёр сар болоход EMCH апп-ыг 5000 гаруй хүн татаж, үүнээс 4000 орчим нь идэвхтэй ашиглаж буй. Түүнчлэн, шинэ цэс, үйлчилгээ оруулах бүрдээ 7000 хүнтэй асуумжийн бүлэгтээ хандаж туршилт хийлгэдэг байна. 

Momade

Виртуал туслахын агентлаг

Мэдлэг, чадвар бүхий туршлагатай хэдий ч бага насны хүүхдээ асарч буй ээж нарт онлайн орчинд ажиллах боломжийг Momade виртуал туслахын агентлаг олгож байна. Аливаа арга хэмжээний үеэр байгууллагууд богино хугацаанд ажиллах хүний нөөцийн дутагдалд ордог. Энэ асуудлыг виртуал туслах хөлслөх замаар шийдэх боломжтой. 

Momade платформын хувьд нэг хүний цалингаар бүтэн баг авч ажиллуулаарай гэсэн концепцийг барьдаг. Харилцагч байгууллага захиалга өгөхөд тухайн ажилд 3-5 хүнтэй баг орж ажилладаг. Энэ зарчмыг баримталснаар нярай хүүхэдтэй буюу өдөрт цөөн цагаар ажиллах боломжтой хүмүүсийг бусад нь орлож ажиллах нөхцөл бүрддэг байна. 

Momade-ийн виртуал туслахууд контент үйлдвэрлэл, дижитал шийдэл, гадаад харилцаа, бизнес төлөвлөлт, санхүү зэрэг салбарт үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ажиллах хүсэлтэй ч чадвар нь дутагдаж буй хүмүүст зориулсан онлайн орчинд ажиллах, салбарын мэргэшүүлэх сургалтад хамруулан агентлагтаа авч ажиллуулдаг. 

Одоогийн байдлаар АНУ, Швед, Австрали, Чех, Япон, Солонгос зэрэг улсууд болон Монголын 16 аймгаас нийт 138 хүн тус платформд нэгдэж онлайнаар оффислон ажиллаж буй. Энэ оны эхнээс найман сарын турш туршилтын хувилбараар ажиллах хугацаандаа Momade платформ нийт 210 харилцагчид 80 орчим сая төгрөгийн үйлчилгээ үзүүлжээ. 

2022 онд тэд 300 ээжийг эгнээндээ нэгтгэх зорилго тавьсан бөгөөд цаашид олон улсын зах зээлд гарах зорилго тавиад буй. Энэ хүрээнд АНУ, Австрали, Герман зэрэг улсаас харилцагчидтай холбогдон үйлчилгээгээ үзүүлж эхэлжээ. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Төрийн банк шилдэг 100-н сурагчийг Z картаараа урамшууллаа

Өмнөх нийтлэл

Яагаад технологийн компаниудын ашгаас бид хүртэхгүй вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.