Дижитал шилжилтийг хурдасгаж, цаашид энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дэмжихэд хөрөнгө оруулалтын асуудал чухлаар тавигдана. Технологийн салбарын хөрөнгө оруулалтад тулгарч буй асуудал, төр хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондоо хэрхэн ажиллавал үр дүнтэй талаар “Digital Nation 2021” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Дижитал шилжилт ба Хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт оролцогчид ярилцлаа. Тус хэлэлцүүлгийн үеэр дурдсан онцлох санаануудыг хүргэж байна. 

Дижитал шилжилт бол өргөн цар хүрээг хамарсан ойлголт бөгөөд үүнийг дагаад бидний амьдралын хэв маяг, зан төлөв, цаашлаад хөрөнгө оруулалтын хандлага ч өөрчлөгдөж буйг бодолцох нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтэй онцолж байв. 

World plus, M plus платформыг үүсгэн байгуулагч Х.Эрдэнбаяр

Дотооддоо нэг хурал эсвэл үйл ажиллагаа зохион байгуулчихаад гаднаас хөрөнгө оруулалт татна, тэдэн жуулчин татна гэж яриад байдгийг би ойлгодоггүй. Дэлхийтэй холбогдож гаднаас хөрөнгө оруулалт татах боломжийг дижитал шилжилт бидэнд олгож байна. Монголчуудын хувьд тийм их хөрөнгөтэй улс биш тул гадаадаас хөрөнгө оруулалт татах нь чухал. Үүний тулд эхний ээлжинд бид гадаадын хөрөнгө оруулагчдаа хуурахаа болих хэрэгтэй. “

Монгол NFT компанийн Гүйцэтгэх захирал Б.Адъяа

Дижитал шилжилттэй зэрэгцэж яригдах асуудал бол хөрөнгө оруулалт. Энэ чиглэлд DAO буюу төвлөрсөн бус зохион байгуулалттай бие даасан байгууллагууд чухал үүргийг гүйцэтгэж байна. Блокчэйн технологид суурилсан зах зээл дээр компаниуд дэлхийн хаанаас ч санхүүжилтээ босгоод төслөө туршаад явах боломж бүрдсэн. Одоогоор энэ зах зээлд хоёр тэрбум ам.доллар ороод байна. Бид гадны ашигтай төслүүдэд хүмүүсийн оруулж буй хөрөнгийг алдсаар байх уу эсвэл үнэ цэнтэй зүйл бүтээгээд мөнгөө эх орондоо үлдээх үү гэдэг асуудал тавигдаж байна. 

Блокчэйнд суурилсан экосистемд хөрөнгө оруулагчидтай холбож, дараа дараагийн шатанд нь санхүүжилт босгох боломж зэргээр бүх үе шат нь тодорхой. Бүх дүрэм нь тодорхой, ил тод учраас хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход энэхүү экосистемийн засаглалын хэлбэр давуу талтай.”

 Дотоодын хөрөнгө оруулагчид технологийн компаниуддаа итгэдэггүй.

Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга: Монголын олон компани дэлхийд гарахуйц платформ, системийг хөгжүүлж байна. Харамсалтай нь томоохон хөрөнгө оруулагчид ихэнх нь барилгын төсөлд л итгэж хөрөнгө оруулдаг. Дотоодын хөрөнгө оруулагчид итгэдэггүй учраас тэд голдуу гадны хөрөнгө оруулагчдаас санхүүжилтээ босгодог. Энэ нь сайшаалтай ч цаашид хүртэх үр өгөөж нь гадагшаа явж байна гэсэн үг. Иймд бид дотооддоо томоохон хөрөнгө оруулагчтай болох, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх чиглэлд ажиллах шаардлагатай нүүр тулж байна. Бидний зүгээс тэтгэврийн сангууд томоохон хөрөнгө оруулагч байдаг гадны жишгийг хөгжүүлэхээр  чиглэлд ажиллаад явж байна.

Ondo ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар

Биднийг Ondo-г анх эхлүүлэх хөрөнгө оруулалт хайж байхад хэн ч итгэж хөрөнгө оруулаагүй. Явж явж япончууд л итгэж хөрөнгө оруулсан. Оюун санаанд хөрөнгө оруулдаг үе ирээд буй энэ цагт ирээдүйд бий болох үнэ цэнийг дэмжих шаардлага үүсээд байна. “

Монголын технологийн бүх компани гадаадад оюуны өмчийн бүртгэлтэй.

Х.Эрдэнэбаяр: Бид юун түрүүнд татварын орчноо маш тодорхой болгох хэрэгтэй. Гадаадад ажлаар явж байгаад гаргасан зарлагадаа хүртэл татвар төлж байна. Ийм нөхцөлд гаднаас хөрөнгө оруулалт татахад хэцүү шүү дээ. 

Манай компанийн 4 хувьцаа эзэмшигч бүгд япончууд. Монголдоо юм үлдээе гэхээр STO (токенжсон хувьцаа) гаргаж болохгүй мөртлөө койн болно гэдэг. Гэтэл юугаар ч баталгаажаагүй койноос ялгаатай нь STO-ийн ард компани байдаг. Барилгад л итгэж хөрөнгө оруулаад байдаг мөртлөө яагаад юм хийж, бүтээж байгаа технологийн компаниуддаа итгэдэггүй юм бэ?

Ноолуур, эсгий улавчны компаниудад 683 тэрбум төгрөгийг талыг нь буцалтгүй тусламж, талыг нь зүгээр өгчихөөд цахим үндэстэн болно гэж ярихад нь би итгэдэггүй. Гадаадад өмчөө бүртгүүлсэн компаниуд их ашиг олоод ирэхэд эх орондоо хайртай байлаа гээд үлдэхгүй, бүгд гараад явна шүү дээ.

Ondo ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар: Монголын технологийн бүх компани гадаадад оюуны өмчийн бүртгэлтэй. Ирээдүйд үүсэх бүх орлого гадны компанид орно гэсэн үг. Оюуны өмч, татварын асуудлаас болж Монгол Улс ирээдүйд орж ирэх боломжтой бүх орлогоо алдаж байна. Сингапур энэ чиглэлд түүчээлж байна. Компаниудад татварын хөнгөлөлт, зээл өгч, эздэд нь иргэншил олгох зэргээр таатай орчныг бүрдүүлснийхээ үр дүнд үр шимийг нь хүртээд явж байна. 

Монгол NFT компанийн Гүйцэтгэх захирал Б.Адъяа: Монгол инженерүүд хаана ч гологдохгүй гэдгийг бид мэддэг болсон. Гадаадад төгссөн залуучуудаас ажилгүй нэг ч хүн алга. Тиймээс хөрөнгө оруулалт татах экосистем бүрдүүлээд, бүх дүрмээ тодорхой болгочихвол итгэл ч нэмэгдэнэ. Гадны компаниас авч буй үнэтэй үйлчилгээг дотоодынхоо нөөц бололцоог ашиглаад маш бага зардлаар хийх боломжтой. Хийх чадвартай боловсон хүчин нь байна. Гагцхүү дэмжлэг, сүлжээг бий болгох дутуу байна. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Digital Nation 2021: Онцлох 5 стартап

Өмнөх нийтлэл

Ногоон санаачлагуудыг бизнестээ хэрхэн давуу тал болгох вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.