“Хээлэн Мэйд” компанийн Мянгат нэртэй брэндийн эсгийтэй саван Европын холбооны гоо сайхны бүтээгдэхүүний шаардлагыг хангаж, Европын орнуудад худалдаалагдах зөвшөөрлөө авчээ. Энэ нь Монголоос Европын холбоонд бүртгэгдсэн анхны арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн боллоо.
Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид кластерын зохион байгуулалтад орж, Европын холбооны Монгол улсын худалдааг дэмжих TRAM төслийн дэмжлэгтэй 3 жилийн турш гишүүн экспортын чиглэлд чадавхжиж, хөгжсөний үр дүн ийнхүү гарлаа.
Европын холбооны зах зээлд гарахын тулд дэлхийн хамгийн өндөр стандартын шаардлагыг хангах хэрэгтэй болдог.
Хээлэн брэндийн араас Лхамур,Инару,Гилгэрэм, Хайтанс, Үүлэн брэндүүд Европын холбооны улсууд руу экспортын эрхээ авахаар ажиллаж байна. Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын гишүүн компаниуд ирэх оны гуравдугаар сард Италийн Болонъя хотод болох дэлхийн хамгийн том гоо сайхны бүтээгдэхүүний #Cosmoprof үзэсгэлэнд албан ёсны худалдаалах зөвшөөрөлтэй 20 гаруй бүтээгдэхүүнээр оролцох юм байна.