Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO” энэ жил “Digital Nation” гэх шинэ нэрийн дор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван хоног болж өндөрлөв. ZTE компани арга хэмжээний үеэр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээний олон туршилт хийж олны анхаарлыг татаад буй. Уг компани нь 5G сүлжээнд суурилсан дрон, ухаалаг нохой, 16 HD сувгийг зэрэг дамжуулж, AR болон VR технологи, 5G гар утас зэргийг танилцуулаад амжсан.

БНХАУ-ын Сансар огторгуйн технологи үйлдвэрлэлийн яам, “Chung Cheng”, “Yunxing” компани хамтран “Zhongxing Telecom” буюу ZTE корпорацийг анх 1985 онд байгуулсан бөгөөд Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа 2004 онд нээсэн байна. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш өргөжин тэлсээр өдгөө дэлхийн 160 гаруй улсад  70 мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. 

5G технологи нэвтэрснээр хэрэглэгчид хүрч буй интернэтийн хурд 100 дахин нэмэгдэнэ. Гэхдээ 5G-г зөвхөн интернэтийн хурдаар хязгаарлаж болохгүй. Хоцрогдлыг арилгах буюу цаг хугацаа, орон зайн хамаарал үгүй болгож байгаа нь 5G технологийн цаад мөн чанар, хамгийн том давуу тал юм. Эрүүл мэндийн салбараар жишээ татвал манай улс 5G сүлжээнд холбогдсон тохиолдолд Улаанбаатар хотод байгаа өндөр ур чадвартай мэс засалч роботын тусламжтайгаар алсын зайнаас мэс засал хийх боломж бүрдэх аж. Робот ашиглан зайнаас мэс засал хийх үед эмчийн өгч буй команд ганц хоёр секундээр хоцроход л өвчтөний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй. Харин 5G-д ийм хоцрогдол байхгүй учраас л аж үйлдвэрийн IV хувьсгал хэмээж буй.

Энэ технологи цаашид нийгмийн бүхий л салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой. Ухаалаг хот, ухаалаг зам тээвэр, ухаалаг эрчим хүч, ухаалаг эрүүл мэнд гээд олон салбарт өндөр хурд, чанартай үйлчилгээг үзүүлэх боломжтой юм. Ялангуяа Монгол Улс цахим шилжилт хийхээр ярьж буй энэ цаг үед 5G нь нэн шаардлагатай технологи юм. Тэгвэл бид хэзээ 5G технологийг өдөр тутамдаа ашиглаж эхлэх вэ?

“5G технологи нь Монголд 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны эхээр нэвтрэх хүлээлттэй байна”.
Үүрэн холбооны шинэ оператор ONDO

Монгол Улсад 15 жилийн дараа үүрэн холбооны хамгийн отгон буюу тав дахь оператор мэндэлж байна. Тус салбарын хамгийн том үйл ажиллагаа болох “Digital Nation-2021” экспогийн үеэр үүрэн холбооны тав дахь оператор ONDO (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос авлаа. “Digital Nation-2021”-ийн үеэр энэ компанийн асарт залуучууд олон байв.

Үүрэн холбооны тав дахь компанийн удирдлагууд бусад салбарын техник технологи, хиймэл оюунтай хослуулан бага зардалтай, хямд үнэтэй, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэнэ гэж ярилаа. Удахгүй өндөр хурдны хөдөлгөөнт интернэт буюу 5G технологийг танилцуулах юм байна.

ONDO -ийн нэг онцлог тал нь системийн хөгжүүлэлтээ дотооддоо хийжээ. Манай улсаас энэ чиглэлээр гадаад руу мөнгө их урсдаг. Тухайлбал, үүрэн холбооны үндсэн технологийг дотооддоо хөгжүүлснээр зардал буурах, мөн зах зээлд олон компани өрсөлдөх тусам хэрэглэгчид очих үйлчилгээний чадамж болон цар хүрээ хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ үнэ буурах боломж бүрдэж байгааг тус компанийн маркетинг хариуцсан захирал Б.Мандуул үйл ажиллагааны үеэр онцолсон юм. 

ONDO компани 5G технологийн трейлэрийг “дижитал твин” технологитой хослуулан олон нийтэд танилцуулж байна. Уг технологи бодит амьдралд оршиж буй зүйлийн яг ижил хувилбарыг дижитал хэлбэрээр хөгжүүлж, улмаар хослуулан ажиллуулснаар ирээдүйд юу болохыг оновчлол өндөртэйгээр таамаглах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог. 

“ONDO гэх нэрийн утгыг онцолбол цаг хугацааны хэмжүүр өнгөрсөн, одоо, ирээдүйд бүх зүйл ондоо байна гэсэн утгыг илэрхийлнэ”. 

Тус баг хамт олон интернэтийн хангамж хамгийн бага байдаг захын дүүргүүдээс эхлэн сүлжээгээ нэвтрүүлж, “Супернэт” хэмээх интернэтийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна энэ жилдээ багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь сүлжээндээ хамруулахаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй. Тухайн брэнд ирэх 11 дүгээр сард албан ёсны нээлтээ хийж, 12 дугаар сар гэхэд Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан сүлжээг байгуулахаар төлөвлөжээ. 

Г.Должинсүрэн
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Шатахууны хомсдол ойрын өдрүүдэд үргэлжилнэ

Өмнөх нийтлэл

HRM системийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.