2015 оны нэгдүгээр сард Марк Зукербэрг сард хоёр ном уншина гэж амласан. Facebook-ийн үндэслэгчийн хамгийн дуртай 10 номын жагсаалтыг сонирхуулъя

Мойзэс Наим. “Эрх мэдлийн төгсгөл”

Зукербэрг 2015 онд өөрийн номын чэллэнжийг энэ номноос эхэлсэн билээ. Түүнтэй зэрэгцэн уншиж эхэлсэн фэйсбүүкийн хэдэн сая хэрэглэгч уг номыг Америкийн номын дэлгүүрүүдийн тавиураас хуу хамжээ. Мойзэс Наим энэхүү номондоо орчин үед эрх мэдлийн тухай ойлголт ямархуу байгааг судалжээ. Зохиогчийн дүгнэснээр эрх мэдэлтэй хүмүүс түүнээсээ сэтгэл ханамж авахаа больжээ. Тэрбээр ХХI зууны нөлөөтэй хүмүүс ямар асуудалтай тулгарч буй талаар олон тооны жишээ татаж, мөн яагаад тэд амжилтанд хүрэх нь ховор болсон шалтгааныг тайлбарлажээ.

Мэт Ридли. “Ухаалаг өөдрөг үзэл”

Шинжлэх ухааны сэтгүүлч Мэт Ридли энэ номоороо хүн төрөлхтний ирээдүйн талаар зоригтой, хамгийн өөдрөг төсөөллөө илэрхийлжээ. Эдийн засгийн хямралууд, хүн амын хэт өсөлтийн аль нь ч түүний итгэл үнэмшилд нөлөөлөхгүй. Учир нь мэдээлэл солилцох сувгууд маш өндөр түвшинд хөгжсөн нь хүний оюун санааны боломжийг нэг хүний махбодийн хил хязгаараас гаргаж, оюун ухаан нэгдмэл шинжтэй болсон гэж зохиогч үзжээ. Зукербэрг энэ номыг эдийн засаг, нийгмийн үзэл санааны хувьд Стивен Пинкерийн “Биднээс хамгийн сайн нь”, мөн Дарон Аджемоглу болон Жэймс Робинсоны “Зарим орон яагаад баян, бусад ядуу байдаг вэ” зэрэг номуудтай харьцуулсан байдаг.

Эд Катмулл. “Бүтээлч Inc”

Оскарын дөрвөн удаагийн шагналт, Disney-Pixar студийн захирал Эд Катмулл хүүхэд байхаасаа шинийг бүтээгч, өмнө хэний ч оролдож байгаагүйг турших дуртай хүмүүсийг биширдэг байжээ. Энэ нь түүнийг график дүрслэл сонирхож, хожим нь хүүхэлдэйн киноны зураач болж, яг л өөр шигээ бүтээлч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхэд хүргэжээ. Энэ ном Катмулл хэрхэн бүтээлч сэтгэлгээ, менежмент хоёрыг “нэг гэрт оруулж”, онгод урам зоригоо алдахгүйгээр жинхэнэ авьяастай хүмүүсээр жинхэнэ суут бүтээл туурвих тухай юм. Зукербэргийн ярьснаар энэ ном нь “Pixar шиг аварга компанийг байгуулж, инноваци, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж чадсан хүний түүх” ажээ.

Майкл Сүк-Ян Чэ. “Учиртай зан үйл”

“Уг номонд хүмүүс өөрийн олж авсан мэдлэгээс гадна бусад хүмүүсийн мэдлэг, нийтлэг мэдлэгт үндэслэн хорвоо ертөнцийг хэрхэн ойлгодог талаар өгүүлдэг” гэж Зукербэрг бичжээ. Тоглоомын онол ёсоор оролцогчид өөрсдийн үйл хөдлөлийн талаар мэдээлэл дамжуулахын тулд нийтлэг мэдлэг гэж нэрлэж болохуйц тусгай дүрэм боловсруулдаг. Үүнийг Майкл Чэ соёлын болоод түүхийн хамгийн чухал зан үйлүүдтэй холбож, тоглоомын онолыг хүмүүнлэгийн ухаанд хэрхэн ашиглаж болохыг харуулжээ.

 

Шэйрил Сандбэрг. “Өөдөө тэмүүл”

Facebook-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал, Зукербэргийн ойрын шадар Шэйрил Сандбэрг өөрийн номондоо эмэгтэй хүний хувиар ямар саад бэрхшээлтэй тулгарсан тухайгаа бичжээ. Тэрбээр бизнест амжилтанд хүрэхийг хүссэн эмэгтэйчүүдийг эрчүүдтэй харьцуулахад тэгш бус байдалд оруулдаг шалтгаануудыг авч үзэн эмэгтэй хүний замд барьер үнэхээр байдаг гэдгийг харуулжээ. Гэхдээ эдгээр саадыг давж болно гэдгийг өөрийн биеэр үлгэрлэсэн. Зукербэргийн бичсэнээр энэ номыг уншсан эрчүүд илүү ухаалаг удирдагч болно гэжээ.

Жон Гартнер. “Шилдэг санааны цех: “Bell Labs ба Америкийн инновацийн агуу эрин”

Энэ ном нь хүн төрөлхтөнд лазерын туяа, транзистор, кварц цаг, UNIX үйлдлийн систем, С++ программчлалын хэл зэргийг нээж, хөгжүүлж өгсөн Бэллийн Лабораторийн тухай түүх юм. Жон Гартнер номондоо Bell Labs-ийн асуудал шийдэх онцгой хандлага, мөн чухам ямар бүтээлүүд хэсэг бүлэг нээлт болж, долоон Нобелийн шагнал авчирсан тухай дүн шинжилгээ хийжээ. Зукербэрг нь инновацийн чиглэлд ажилладаг хүний хувьд энэ номыг уншаад инноваци хаанаас төрдөг вэ гэсэн асуултад хариулахыг хичээж байна.

Бэн Хоровиц. “Асуулт хариултаасаа их үед амжилттай бизнес байгуулах нь”

Бэн Хоровиц нь бизнесмэн, хөрөнгө оруулагчаас гадна 10 сая уншигчтай блог хөтлөгч. Сонирхолтой бичиж чаддаг түүний авьяас бизнесийг нь улам сонирхолтой болгодог. Энэ номондоо Хоровиц старт ап компаниудыг удирдах онол, практикийг хослуулан, бизнес өсч, хөгжихийн тулд яах ёстой талаар энгийн хэрнээ үр дүнтэй зөвлөгөөнүүдийг боловсруулжээ. Хоровиц бизнес эрхлэгчдийг том тоглоомд бэлдэж, ажилтнуудыг хэрхэн халах тухай, бизнесээ хэрхэн амжилттай зарах талаар сургадаг. Зукербэргийн үзэж буйгаар уг ном нь том компани байгуулж, удирдах амбицтай хүмүүст хэрэгтэй аж.

Жеймс Глик. “Мэдээлэл: Түүх, Онол, Урсгал”

Пулитцерийн шагналт зохиогч Жеймс Глик энэхүү номондоо мэдээллийн тухай ойлголт түүхийн явцад хэрхэн өөрчлөгдсөн, уг хувьсал бидний ухамсарт яаж нөлөөлсөн талаар өгүүлдэг. Уг ном уншигчийг мэдээлэл түгээх сувгууд яаж хөгжсөн, мэдээлэл нь хэл яриатай хэрхэн холбогдсон түүхийн жимээр хөтөлж, зураг, бичиг үсгийн гарал үүсэл, анхны компьютерын код зэрэг хөгжлийн чухал үе шатуудыг авч үздэг. Энэ номонд мэдээлэл болон хэл ярианы түүх хэл шинжлэл, компюьтерын шинжлэх ухаан, физик, математиктай сүлэлдэх ч зохиогч нарийн ээдрээтэй ойлголтуудыг энгийн, ойлгомжтой хэлбэрт буулгаж чаджээ.

Судхир Вэнкатиш. “Дээрэмчдийн нэг өдрийн толгойлогч. Ганцаардмал социологч гудамжинд гарсан нь”

Энэ бол Колумбийн Их сургуулийн профессорын социологийн шинжлэх ухааны талаар бичсэн маш сонирхолтой дурсамж ном. Уг түүх Чикагогийн Их сургуулийн аспирант байсан Вэнкатиш гэгч судалгаа хийхийн тулд гангстеруудын бүлэгт элссэнээр эхэлдэг. Тэрбээр хурдан хугацаанд гангстеруудтай дундаа орж, тэдний бүтэц, зохион байгуулалт америкийн жирийн нэгэн компанийхтай төстэй байгааг анзаарч эхэлдэг. Вэнкатиш өнгөт арьст оршин суугчид, цагдаа нар болон гангстеруудын хоорондын харилцааг судалж, хэрхэн мөнгө угаадаг, үүнд нь орон нутгийн удирдлагууд хэрхэн тусалдаг талаар дэлгэдэг. Зукербэргийн томъёолсноор “Энэхүү ном засаг төрийн удирдлагаас гадуур хүмүүсийн амьдрал ямар байдаг тухай” өгүүлжээ.

Питер Тель. “Тэгээс нэгж”

Энэ номонд Питер Тель, Блэйк Мастерс хоёр старт ап үүсдэг, дараа нь том бизнес болдог технологийн талаар өгүүлжээ. Тилийн хувьд өрсөлдөөн нь том компанийг ч няц дарах айхтар хүч байдаг учраас бизнес дэх монополийн стратегит илүү анхаарал хандуулжээ. Жишээ болгож Facebook, eBay, Microsoft, Twitter-ийг авч үзжээ. Номын тухай Зукербэрг “Аливаа компани хэрхэн үнэ цэн бүтээдэг талаар цоо шинэ ойлголт” гэжээ.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 1.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Ковид-19 ба ажлын байр

Өмнөх нийтлэл

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх бизнес эрхлэгчдэд хамаатай хуулиуд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.