Нэг зүйл маш тодорхой. Хувь хүмүүс өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болчихлоо! Хөл хорионоос үүдэн, 10 жил шаардагдана гэж тооцож байсан цахим шилжилт хэдхэн сарын дотор хүчээр биеллээ олчихсныг бид бүхэн харж байна.

Тэгэхээр аялах шийдвэрт хэвлэл мэдээлэл, компаниудын сурталчилгаа бус хувь аялагчид нөлөөлөх нь улам хүчээ авч байна. Аюултай нь нэг удаагийн алдаанаас үүдсэн хэн нэгний ууртай пост эс бөгөөс худал цуурхал аливаа улсыг бүхлээр нь харлуулж, нөр их хөдөлмөрийг үгүй хийх эрсдэл өндрөө авч буй. Монголд аялахдаа түүхий тарваганы мах идсэнээс үүдэн нас барсан гадны хосын тухай худал мэдээлэл нэг хэсэгтээ л шинэ аялагчдын замыг өөр тийш төөрүүлж, наанадаж хугацааг нь хойшлуулж чадсан. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, бидэнд цахим ертөнцийн учир жанцанг сайн ойлгох нэгдүгээр хэрэгцээ байна. Хоёрт, хэрхэн зөв “манёврлан” энерцийг нь ашиглаж үр ашгаа далайцтай нэмэгдүүлэх цахим эрдэмд суралцах шаардлага байна. Гуравт, асуудал гарах тухайлбал, олон нийтэд нээлттэй хуваалцсан гомдол саналд хэрхэн хариу барих, цаашлаад компани, улсын хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй сөрөг мэдээлэл газар авах үед даван туулах “цахим хямралын менежмент” бүхий төлөвлөгөө хэрэгтэй байна. 

Олон нийтэд нээлттэй хуваалцсан гомдол саналд хэрхэн хариу барих, цаашлаад компани, улсын хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй сөрөг мэдээлэл газар авах үед даван туулах ‘цахим хямралын менежмент’ бүхий төлөвлөгөө хэрэгтэй байна. 

Ингэхээр хэрэглэгчийн сэтгэгдлийг удирдаж хүссэн үр дүндээ хүрэх нь шинэ төрлийн нэн хэрэгцээт ур чадвар болж. Үүнээс урьтаж бидний хийж чадах зүйл бол гадаад дотоод гэлтгүй ямар ч зочныг дутуу дундуур сэтгэгдэлтэй үүдээрээ гаргаж болохгүй болж байна. Нэг эвэр доргивол 1000 байтугай олон үхрийн эвэр доргидог мэдээллийн тархацтай хурдтай үед бид оршиж байна. ”Зөөлөн дэд бүтэц буюу нэгдсэн дата сан, урсгалыг дундаа бий болгох замаар тооцоолол зөв хийх, оновчтой алхмуудыг тохируулан хийж жуулчдын хандлагыг угтаж, залж ажиллах хэрэгтэй” байгааг ihotel компанийн захирал Б.Золбадрал энэ 7 хоногт болсон “Аялал жуулчлал-гарц шийдэл” хэлэлцүүлгийн үеэр илтгэлдээ хэлсэн. Үүнийг салбарынхан ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байв.

Технологиор дамжуулан зардал хэмнэх, үйл ажиллагааг хялбаршуулах, илүү цараатай маркетинг хийх гэх мэт олон боломж бий.

Тус арга хэмжээний үеэр хамгийн их давтагдсан санал нь Аялал жуулчлалын салбарынхан нэгдэн, зардлаа хэмнэж, илүү үр дүн сайтай ажлуудыг хамтын хүчээр хийе гэдэг байв.  Технологиор дамжуулан зардал хэмнэх, үйл ажиллагааг хялбаршуулах, илүү цараатай маркетинг хийх гэх мэт олон боломж бий. Тодруулбал, AR, VR  гэх мэт технологиуд, жишээлбэл сонирхол татах дэмжигчийн үүрэг гүйцэтгэх чадалтай харагдаж буй аж. Цар тахлаас үүдэн соёлын салбар цахимжих ажлаа түргэтгэж, Ensemble.mn уран бүтээлчдийн нэгдсэн дата, захиалга бүртгэл авах платформоо хөгжүүлж байна. Удахгүй цахим музей, тоглолт, зургийн үзэсгэлэн гэх мэтээр үйл ажиллагаанууд болно гэдгийг Монголын Урлагийн Нэгдсэн Холбооны Ц.Цагаанхүү танилцуулсан. Гэвч урлаг соёлын “амьдаар” бий болгодог мэдрэмжүүдийг цахим ертөнц орлохгүй учир нүүдлийн болоод танхимд суурилсан үзвэрүүд нээгдэнэ. Гэхдээ энэ үед таны очиж үзэхээс бусад бүх дамжлага үе шатууд цахимжсан байх болно. 

Аялал жуулчлалын синержи хамтралууд ирээдүйг “зурна”

Дангаараа өндөр зардал үүрэхийн оронд жуулчны компаниуд хамтраад хийх эсвэл технологио аль хэдийнэ хөгжүүлчихсэн платформуудтай зарим үйл ажиллагаагаа холбох арга зам байгаа.  

Тухайлбал, Амар спорт жуулчны баазыг байгуулсан Л.Баяндорж өөрсдийн маркетингийн ажлыг байгуулагдсан цагаасаа л Joinme.mn дотоодын аялал жуулчлалын нэгдсэн платформд даатган синержи үүсгэжээ. Үр дүнд нь энэ зуныг маш завгүй захиалгатай, орлого өндөртэй өнгөрүүлсэн тухайгаа ярьсан юм.  Мөн Амар кэмп нь цар тахлын хямралын үед “төрсөн” бизнес бөгөөд дотоодын жуулчдын урсгалыг олон төрлийн спорт арга хэмжээнүүдээр дамжуулан татаж чадсан нь хүнд үеийг оновчтойгоор боломж болгон зориглож чадсаных юм. 

Joinme.mn платформ ч дотоодын аялал жуулчлалын шандсыг үзэж, хүчийг мэдэрсэн жил байсан гэдгийг платформын хамтран үүсгэн байгуулагч Э.Цоморлиг хэлэв. Тус байгууллагын эвентэд суурилсан тухайлбал, Хөвсгөлийн “Тусгай үүргийн нислэг”, Өмнөговийн “Majestica” аяллын бүтээгдэхүүнүүд хурдтайгаар борлуулагдаж, эрэлт өндөр байжээ. VIP зэрэглэлийн 3 саяас дээш үнэтэй аяллын багцууд нь хамгийн түрүүнд дууссанаас харвал дотоодын зах зээлийн бядыг харж болно. Мөн эвентийн зах зээлд үйлчилгээний стандартыг барьж чадвал,том орон зай байгааг илтгэж буй. Гэхдээ нэг удаагийн арга хэмжээгээр цөм ашиг хийгчдэд боломж байхгүйг сануулъя. Туршлагагүй бол тоохгүй, сонгохгүй цаг үед бид ирсэн. 

HoReCasoft бол үүний бас нэг тод үлгэрлэл юм. Зогсонги цаг үеэс үүдэн зочлох үйлчилгээний хэсгийнхэн хүний нөөцөө эргэн бүрдүүлэх нь хамгийн хүнд сорилт болчихоод байгаа учраас энэхүү хоосон орон зайг тодорхой хэмжээнд технологиор шийдэх боломжтой. Энэ тухай 200 орчим зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаанд HoReCAsoft платформыг нэвтрүүлж, зардлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлсэн Хорека Юнион компанийн Гүйцэтгэх захирал Г.Гантулга их ярьдаг. Цаашдаа, зочид буудал амралтын газрууд энэ төрлийн платформуудыг ашигласнаар тоо баримт, хандлагын анализ хийж, захиалгаа олон улсын платформтой уяж шууд захиалга авах, бүртгэлээ автоматжуулж, алдааг багасгах, ажилтнуудын тоог цөөн барих гэх мэт давуу талууд үүсэх юм. 

Аялал жуулчлалын хувьд бүс нутагт тохирсон зохистой менежмент хийхгүй бол, цахим орчинд давалгаалуулаад олон мянган хүнийг авчрахад хөл толгойгоо алдаж, нэр хүндээ унагадаг тохиолдол олон.

Нөгөө талаас аялал жуулчлалын хувьд бүс нутагт тохирсон зохистой менежмент хийхгүй бол, цахим орчинд давалгаалуулаад олон мянган хүнийг авчрахад хэрхэн хөл толгойгоо алдаж, нэр хүндээ унагадгийн жишээг баримттайгаар Ч.Буянбадрах зөвлөх өгүүлдэг.  Өнгөрсөн хоёр жилийн зуны улиралд Дорнодын Буйр нуур орчим “boom” болж, зорин ирэгчдийн тоо 2-3 дахин өссөн ч орон нутагтаа тохирсон менежмент шаардлагатайг тод харуулж, амрагчдын тухыг алдагдуулж, цахим ертөнцөд гомдолтой постууд нэлээд хөвөрлөө. Жишээ нь, нуурын эрэг дагуу 10 гаруй бааз байдгаас хоёр нь л эрчим хүчтэй, цаашлаад модон жорлонтой, байшин сав нь тааруу, зочлох үйлчилгээ ярилтгүй муу гэх мэт. “BOOM” байхад намсаж дуусах хугацаа гэж бий учраас, тэр их давалгаа эрч хүч-анхаарлыг зөв залж ашиглаж чадахгүй аваас тогтвортой аялал жуулчлалын хөгжил-өсөлт ярилтгүй болохвий. 

Өнгөрсөн долоо хоногт болсон HoReCa зочлох үйлчилгээний III чуулганы үеэр ч маркетинг, тэр дундаа цахим сүлжээнд хамтдаа байр сууриа хэрхэн бэхжүүлж, өргөтгөх тухай голчлон ярьсан ба энэ л оролцогчдод хамгийн чухал бас сонирхолтой байсан. 

Гадны жуулчдад бүрэн найдаж ирсэн жуулчны компаниудын хувьд дотоодын аялал жуулчлалын хэсэгт хөлөө олох гэж тэнтэр тунтар алхаж буй энэ үед  туршлага судалж, замаа товчлох олон сонирхол татам бизнес хамтралуудыг ойрын үед болж буй хэлэлцүүлгүүд газрын хөрсөн дээр ил гарахад тусалж, салбарынханд итгэл найдвар өгч байна. 

Тухайлбал,  Монголын сонирхолтой хүнс хоолыг олон улсад хүргэхэд аль хэдийнэ амжилт олж, олны анхааралд өртөөд буй Артгэр Медиагийн хамт олны хэлж буйгаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 241 видео youtube-д байршуулж, 79 сая үзэлт бий болжээ. Энэхүү үзэлтийн дийлэнх нь цар тахлын үед бүрдсэн нь өнөө хямралын үеийг ашигласан бас нэг бизнесийн жишээ юм. Тэдний цаашдын зорилго нь салбарынхантай хамтран Монголын аялал жуулчлалыг сурталчлахаас гадна боодогны халуун чулууны технологиор дамжуулан гадны улсуудад тухайн үндэсний хоолыг хийх  “BOODOG BOYS MONGOLIAN HOTSTONE GRILL” франчайз бизнес загварыг хөгжүүлж буй аж.  Эхний урилгаар тэд Хятадын 10 том хотоор аялж Монгол хоолны шоуг хийхээр болжээ. Мөн тус группын бичлэгүүдийг үзсэнээр холбогдсон 7.9 сая дагагчтай Best Ever Food Review Show сувгийн хамт олон Монголд ирж шоу хийхээр болсон нь Influencer-ийн нөлөөг үүсгэх биз ээ. Нөлөөллийн давалгааг үргэлжлүүлэх ажлуудыг харин зохион байгуулалттайгаар хийж, нөлөөг удирдах, сэтгэгдлийг залах ажлыг салбарынхан хамтраад хийхэд санаануудаа уралдуулах хэрэгтэй.  ihotel компанийн захирал Б.Золбадралын хэлсэнчлэн, хувийн хэвшлийн Та бүхэн цахим ертөнц гэх том, амттай бялуунаас хуваалцахын тулд яг энэ талбарыг хариуцсан мэргэжлийн хүнтэй болох хэрэгтэй. Давхар дээлтэй ажилтан бус энэ талбарыг бүрэн хариуцдаг байхад анхаарч ач холбогдол өгнө үү. Мөн тохирсон сургалт чиглүүлэлтэд хамруулж, эхлэлийн эрч хүчийг нь өрдөх нь мөн маш чухал. 

Компаниуд цахим ертөнц гэх том, амттай бялуунаас хуваалцахын тулд яг энэ талбарыг хариуцсан мэргэжлийн хүнтэй, хэлтэстэй болох хэрэгтэй.

Одоо цахимжилтыг эрчимжүүлж, хүний оролцоог үйлчилгээний талдаа багасгах замаар бэлтгэлээ сайн хангах цаашлаад жуулчдыг ирэхэд түлхэх, салбарын үйл ажиллагааг сэргээхийн тулд санхүүгийн хөшүүрэг хэрэглэж, Монголд аялах үедээ коронавирусаар өвчилбөл, тодорхой нөхөн олговор олгоно гэх мэтээр эрсдэлгүй аяллын хөтөлбөрийг санал болгоход компаниуд хамтрах хэрэгтэй гэдгийг МАЖХ-ны ерөнхийлөгч Ц.Гантөмөр хэлсэн. Үүнийг шийдвэр гаргагчдаар зохицуулалтын хүрээнд дэмжүүлэхийн тулд хөтөлбөр гаргаж өргөн барьж, ойрын хугацаанд салбарынхан уулзахаар болсон. 

Олон жилийн аялал жуулчлалын салбарын хурал чуулганаас харахад, салбарын шийдвэр гаргагчдыг манлайлж авч явахыг хүлээх нь үргэлж цаг алдсан, хоосон горьдлого байж ирлээ. Тиймээс хувийн хэвшлийнхэн өөрсдөө манлайлж юуг яаж хийх төлөвлөгөө хөтөлбөрөө нэгдэж гаргаад уг тодорхой санал, тохирсон зохицуулалтаа шийдвэр гаргагчдад өргөн барьж дэмжүүлэх замаар ажиллах нь одоогийн нөхцөлд тохиромжтой хувилбар гэж харагдаж байна. Дээр нь цахимжсан дэлхий, цахимаар өдөр тутмын үйл явдлаа тайлагнадаг аялагчдыг сайнаар харвал, бидэнд асар их боломж, нөлөөллийг өөрсдөдөө бий болгох замыг шинээр зураад өгчихлөө. 

Аялъя гэж бодоо ч үгүй байхад цахим орчинд танихгүй нэгний бичсэн аяллын сэтгэгдэл сэдэлжүүлж, аялах шийдвэрт хүргэдэг. Тэгэхээр шинэ төрлийн бодит байдалд юу тохирч ажиллаж, бас ажиллахгүй байгааг зоримог туршиж үзээд болж буйг нь үргэлжлүүлээд болохгүйгээ хурдтай хаяад явах л энэ цаг үеийн дүрэм. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б. Энхцэцэг
Сэтгүүлч, Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн харилцааны зөвлөх

    Оюуны фитнесс: Бэрхшээлийг эергээр даван туулах чадамжийг хэрхэн суулгах вэ?

    Өмнөх нийтлэл

    10 сарын вэбинарын бүртгэл эхэллээ

    Дараагийн нийтлэл

    Сэтгэгдэл

    Leave a reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.