Хүн төрөлхтний хөгжлөөс хоцорч үлдсэн зарим алслагдсан арлын омгийнхон техник технологийн хөгжил, өндөр соёл иргэншилтэй анх учирсны дараагаар газар авсан нэгэн мухар сүсгийн хэлбэрийг шинжлэх ухаанд “Cargo cult”буюу “Карго мухар сүсэг” гэж нэрлэдэг аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Холбоотны арми Номхон далайн Меланезийн арлуудыг түшиц газраа болгон, цэрэг дайны хангамжаа тээвэрлэдэг байж. Ингэх явцад тухайн бүс нутгийн орчин үеийн соёл иргэншлээс хоцрогдсон омгийнхон анх удаа радио, зурагт, онгоц зэрэг хүн төрөлхтний дэвшилтэт техник технологитой нүүр тулгарчээ.

Омгийнхон тэдгээр техник хэрэгслийг бидэнтэй адил хүн бүтээсэн гэх цэргүүдийн тайлбарт огтхон ч итгээгүй аж. Омгийн гишүүдийн ихэнх нь ийм дэвшилтэт технологийг эдгээр харийн хүмүүс бүтээсэн байх учир үгүй, харин омгийн өвөг дээдэс, тэдний бурхад, шүтээнүүдийн л бүтээсэн бүтээл байж таарна, түүнийг нь харийн хүмүүс заль мэх хэрэглэн тэднээс булаасан гэж бат итгэсэн гэдэг.

Тиймээс омгийнхон эдгээр харийнхны хийж байгаа бүх зүйлийг дуурайгаад байвал бурхад, өвөг дээдэс маань бидэндээ, жинхэнэ эздэд нь өндөр техник технологио хүртээх юм байна гэж дүгнэн, янз бүрийн тахил, өргөл барьц зан үйлүүдийг хийж бүх л арга чаргаа хэрэглэсэн аж.

Танна гэх алслагдсан арлын омгийнхон бүр онгоцны буудлыг бүх детальтай нь, хяналтын цамхагтай нь хүртэл дуурайлган барьж, бүр онгоцыг хүртэл модоор урлан хийж, өөрсдөө цэргүүдийн хувцсыг өмсөж, онгоц буух хөөрөх процессыг нэг ч үйлдэл алдалгүй дуурайсан нь Карго мухар сүсгийн оргил гэдэг. Бүр цэргүүдийн бууг хүртэл модоор урлаж тухайн зан үйлийг хийж буй хүндээ бариулсан аж.

Нисэх онгоцыг аюулгүй хөөргөж газардуулахад нислэгийн зурвас, хяналтын цамхаг, чиглүүлэгч зэрэг онцгой чухал үүрэгтэй бөгөөд зайлшгүй факторууд.Харин энэ бүх байгууламжийг яг дуурайлган барьснаар бурхад, өвөг дээдсээс омгийнхонд заяасан барууны дэвшилтэт техник төхөөрөмжийг тээвэрлэн яваа онгоцыг дуураймал онгоцны буудалдаа буулгана гэвэл тун хангалтгүй биз.

Шинжлэх ухаан хүртэл асуулт тавьж, мэтгэлцэж үнэний төлөө гэсэн гол зорилгоо алдахад мухар сүсэгтэж болдгийг карго шинжлэх ухаан харуулдаг.

Тиймээс, аливаа зүйлийн цаадах зорилго, утга учир, функц, түүх, ажиллах нөхцөлийг ухаж ойлголгүйгээр өнгөн төрхийг өнгөц дуурайж, хар мухраар хийдэг үзэгдлийг тодорхойлох үүднээс Карго мухар сүсэг гэх хэллэг англи хэлэнд бий болж бусад олон хэлэнд нэвтэрсэн аж.

Нобелийн шагналт физикч Ричард Фэйнман “Surely You are Joking, Mr.Feynman” номдоо бүхэл бүтэн нэг бүлгийг карго мухар сүсгийн шинжлэх ухаанд зориулж, жинхэнэ шинжлэх ухааны цаадах учрыг ойлголгүйгээр шинжлэх ухааны дүр исгэж, мухраар сүсэглэж байгаа үзэгдлийг шүүмжилжээ.

Тэрээр лабораторийн хархнуудыг төөрдөг хана дотор гүйлгэдэг шинжлэх ухаанд түгээмэл нэгэн жишээг дурдсан. Туршилтын хархнууд ханануудын байршлыг шалнаас гарах чимээгээр мэдэж, цээжилж байсан нь тогтоогдсон нь түүнээс өмнөх туршилтуудын ололт, үр дүнг хүчингүй болгож, цаашид ижил төрлийн туршилт хийх боломжгүй болгосон аж.

Харин шалыг элсээр сольсон үед чимээ гарахгүй тул хархнууд байршлаа цээжлэх боломжгүй болсноор энэ туршилт илүү баталгаатай, үр дүнтэй болсныг Ричард Фэйнман тэмдэглэжээ.

Гэтэл, зарим мухар сүсгийн шинжлэх ухаанчид дээр дурдсан жишээгээр зүйрлэвэл, шалыг элсээр солилгүй туршилтаа хийсээр, үр дүнгээ нийтэд нийтэлсээр, шинжлэх ухааны дүр исгэж оромдож байгааг шүүмжилснээр Карго шинжлэх ухаан буюу шинжлэх ухаан, мэдлэг нэрээр мухар сүсэгтэх гэх ойлголт бий болсон байдаг тухай тус номд дурджээ.

Шинжлэх ухаан хүртэл асуулт тавьж, мэтгэлцэж үнэний төлөө гэсэн гол зорилгоо алдахад мухар сүсэгтэж болдгийг “карго шинжлэх ухаан” гэх ойлголтоор физикч Ричард Фэйнман харуулахыг зорьсон. Бараа таваарыг чингэлгээр гахайнд чихээд зөөгөөд авчирч болох ч мэдлэгийг, оюуны бүтээлийг цаадах нарийн учир начирыг ойлголгүй, асууж лавлаж, эргэлзэлгүй хар сохроор хуулбарлахад шинжлэх ухааны түвшинд хүртэл мухар сүсэгтэж болдог байх нь.

Тэгвэл мухар сүсгээс юу биднийг ангижруулах вэ гэсэн асуултыг физикч Ричард Фэйнманд тавья.

“Үнэнд хүрэхийн төлөө өөр өөр үзэл бодолтой хүмүүс харилцан асуулт тавьж, хариулж, мэтгэлцээн явуулж, нэг ойлголтод хүрэхэд юуг зөрүүтэй бодож байсан, ямар нийтлэг ойлголтуудтай байсан, яг нэг сэдвийн талаар ярьж байсан эсвэл байгаа эсэхээ харилцан ярьсаар бүх зөрүүгээ арилгаж, эцэст нь нэг л үнэн ойлголттой болох харилцан ярианы соёлыг төлөвшүүлэх” хэмээн тэрээр хариулах болов уу. Шинжлэх ухаан, философийн салбарын харилцан яриаг Dialectic= диалектик гэж нэрлэдэг аж).

Томоохон компаниуд нийтээрээ илэн далангуй хэлэлцэж, нэг үнэн ойлголтод хүрч, бодит байдлыг өнгөлөн далдалтгүйгээр хүлээн авч чаддаг соёлыг дээр дооргүй төлөвшүүлсэн байдаг.

Мэтгэлцээн, харилцан ярианы гол зорилго бол мэдэх, үнэнийг, бодит байдлыг олж мэдэхийн л төлөө байх учир энд нас хүйс огт хамаагүй, бүгд тэгш эрхтэй оролцож, нэг нэгнийхээ тайлбарыг хүндэтгэлтэйгээр, тэвчээртэйгээр дуустал нь сонссоны дараа хариу асуулт тавих эсвэл өөрийн тайлбараа хэлнэ бас учирлана.

Харилцан яриа, мэтгэлцээний хамгийн чухал хэрэгсэл бол учирлах. Яагаад тухайн дүгнэлтэд хүрсэнээ, тухайн шийдвэрийг гаргаснаа логик гаргалгаатай, алхам бүрээр, нэгд нэгэнгүй учирлах. AD HOMINEM буюу бусдын зан чанар, гадаад төрх зэрэг тухайн хэлэлцэж буй асуудалд ямар ч хамааралгүй хувь хүний шинж чанар луу дайрч, доромжлох, гүтгэх үйлдлийг нь харилцан ярианы дүрэмд тас хориглох хэрэгтэй болов уу.

Хамгийн чухал нь мэтгэлцээний үр дүнд нэгдмэл, нийтлэг, нэг л ойлголттой болох. Түүнээс хойш энэ гэсэн ойлголтыг бүх нийтээрээ мөрдөөд явахад асуудал бага үүсэх буй за. Бүгдээрээ “хэлэлцвэл” буруугүй бүлээн усаар угаавал хиргүй.

Хойд Америк, баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад харилцан ярих, мэтгэлцэх соёлыг 10 жилийн боловсролын хөтөлбөртөө багтааж, хүүхдүүдэд багаас нь төлөвшүүлж өгдөг. Аливаад хар сохроор үнэмшилгүй, өөрөө асууж, эргэлзэж, учирлаж, харилцан ярилцаж, таньж мэдэх нь хүн асуудлын зөв бурууг таних, бие даан эсвэл баг хамт олноороо шийдвэрлэх, бусадтай хамтрах, нэгдмэл ойлголттой нэг хамт олон болж ажиллах бас амьдрах зэрэг олон чадваруудын суурь нь болдогийг бид бишгүй л олон сонсож байгаа.

Орчин үед шинжлэх ухаан, улстөр гэлтгүй бизнесийн салбарт хүртэл диалогийн соёл өндөр байр суурь эзлэх болсон. Жим Коллинс “Сайнаас Агууд Дэвшихүй” номдоо сайнаас агуу руу шилжилт хийж чадсан компаниуд үнэн, бодит байдлыг ил гаргаж, нийтээрээ илэн далангуй хэлэлцэж, харилцан ярилцаж, нэг үнэн нэг ойлголтод хүрч, бодит байдлыг өнгөлөн далдалтгүйгээр хүлээн авч чаддаг соёлыг дээр дооргүй төлөвшүүлсэн байдгийг онцолсон.

Тэгвэл Монголд бага дунд, ахлах, дээд боловсролын хөтөлбөрт харилцан ярилцах, мэтгэлцэх, диалоги өрнүүлэх соёлыг хэрхэн төлөвшүүлдэг вэ?

Fake it until you make it. Fake хийхдээ бас учиртай хандах хэрэгтэй биз ээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Б.Мөнхбат
Төслийн мэргэжилтэн

Барилгын салбарын захирлууд цугларах гэж байна

Өмнөх нийтлэл

Компанийнхаа дүрмийн санг яагаад нэмэгдүүлэх хэрэгтэй вэ? 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.