С.Бэрцэцэг

Уншигч та маргаашийг төсөөлж байна уу. Дэлхийн нийтээрээ цар тахалтай дасан зохицох энэ цаг хугацаанд жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчид маргаашаа төсөөлж, төлөвлөж эхэллээ. Тэд өнгөрсөн сарын 29-нд “Маргаашийн ЖДҮ” цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж. “Бид маргаашид бэлэн үү” хэмээх асуултад хариулт хайж эрэлхийллээ.

Байгалийн шалгарал гэдэг шиг Ковид-19 бизнес эрхлэгчдийн шалгуур болж байна. Шигшигдэж үлдэх, шинийг сэдэх, шинэ цус сэлбэх арга барилд хэн хурдан суралцана тэр оршин тогтнох мэт. Оршин тогтнож буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чиглүүлж, тэдний замыг засаж, мөрийг тэгшилж буй мэргэжилтнүүдийн төлөөлөл бол (BEST) хөтөлбөрийнхөн юм. Дээрх хэлэлцүүлгийг “Хөгжлийн шийдэл” ТББ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) -ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой (BEST) хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл, арилжааны 10 банк, Улаанбаатар хот болон найман аймгийн төрийн албан хаагчид тэргүүтэй 500 гаруй хүн оролцож, хамтдаа маргаашийг төсөөллөө.

Тэд төсөөлөхдөө нийгэм эдийн засаг бизнесийн орчинд гарч буй өөрчлөлтүүдэд дасан зохицож, шинэ боломжуудыг эрэлхийлж цар тахал бидний өдөр тутмын амьдралд хүнд сорилтуудыг авчирсаар байгааг хэлэлцүүлгийн эхэнд онцлов. Тэгэлгүй дээ. Тэсэх, тэвчих, тэрслэх цаг хугацааг өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид бэлхнээ харж даслаа. Шинэ салхи сэвэлзэж бизнес эрхлэгчид гэлтгүй хүмүүс бүгдээрээ л цахим шилжилтэд хөл нийлүүлэн алхаж байна. Магадгүй хичнээн жилийг алгасах шиг боллоо. Боловсрол, Эрүүл мэндийн салбар эрчимтэй цахимжиж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ бүх өөрчлөлтөд жижиг дунд бизнес эрхлэгчид хөл алдах шиг боллоо. Энэ өөрчлөлтүүд цаашид үргэлжлэх тул маргаашдаа бэлэн байхын тулд юунд анхаарах шаардлагатайг талууд ярилцлаа.

Маргаашийн тухай туршлага

Хэлэлцүүлгийн үеэр “Хөх үүр тур” компанийн Ганбатын Чойжамц дөрвөн жилийг бизнесийн салбарт зориулсан туршлагаа хуваалцсан юм. Тэрбээр Ковид-19 цар тахлын улмаас багагүй сорилттой тулгарчээ. Цар тахалтай үед дасан зохицохоос гадна цар тахлын дараах үеийг хэрхэн даван туулах вэ. Г.Чойжамцын хувьд бизнес моделио өөрчилж өөрөөс хамаарал бүхий бус бусадтай хамтарч, илүү урт хугацаанд төлөвлөж, өргөн хүрээнд ажиллах шаардлагатай болсон байна. Мөн бизнесээ төрөлжүүлж, олон тактиктай ажиллаж, нэг хүчин нөхцөлөөс шалтгаалахгүйгээр боломжит нөхцөлийг бүрдүүлэхийн тулд фрайнчайз системийг бий болгожээ. Дэлхийн нийтийн бизнес модельд хөл нийлүүлэн алхахын тулд шинэ туршилгыг нэвтрүүлэх нь нэн чухал гэж үзсэн байна.

Хэрэглэгчдийн сонголт өдөр ирэх тусам өргөжиж, хэрэгцээ шаардлага, хүлээлт өндөр болж байгаа нь бизнес эрхлэгчдийг илүү хөдөлмөрлөх, сэтгэл гаргахыг шаардаж байна.

Хөл хориотой үед бүх үйл ажиллагаа зогссон боловч тодорхой хэмжээний бизнес үргэлжилж байсан. Тодруулбал, хүн төрөлхтний анхны хэрэгцээ буюу идэх хэрэгцээ хэзээ ч зогсоогүй учир хүнсний салбар болон хүргэлтийн үйлчилгээ мандан бадарсан. Тэрбээр энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Асуудлыг боломж болгодог бизнес эрхлэгч байхыг тэр уриалав.

Маргааш юуг анхаарах вэ?

Нийгмийн сүлжээ, ухаалаг хэрэглээ нийлээд хэрэглэгчдийг хүчирхэг, эрх мэдэлтэй болгож байна. Хэрэглэгчдийн сонголт өдөр ирэх тусам өргөжиж, хэрэгцээ шаардлага, хүлээлт өндөр болж байгаа нь бизнес эрхлэгчдийг илүү хөдөлмөрлөх, сэтгэл гаргахыг шаардаж байна.

Ирээдүйд роботын хийж чадахгүй зүйлийг хийж чаддаг ажилтан компанид үлдэнэ. Тодруулбал бүтээлч сэтгэлгээтэй, ажлын өндөр үр бүтээмжтэй хүн тунарч үлдэх аж. Цаашдаа компани ажилтанг сонгон шалгаруулж авах бус ажилтан компанийг голж, шилж сонгодог болох нь тодорхой болж байна. Бүтээлч ажилтны эрин үе ирж байгааг анхаарууллаа. Мөн ажилтныхаа сэтгэл, зүрхийг татдаг компани, хууль хэрэгжүүлдэг, ил тод, хариуцлагатай, шударга компани, байгаль, нийгэмд ээлтэй компани маргаашийн Монголд хэрэгтэй байна. Дэлхий нийтийн хувьд гэвэл компанийн засаглал, компанийн хөгжилд дараах зүйлсийг онцолсон юм. Тухайлбал, байгаль орчны асуудлыг онцгойлон анхаардаг бизнес эрхлэгч байх, хүн төрөлхтөнд ашиг тустай бизнес байх, нөөцийн төлөөх өрсөлдөөний ялагч компани байх, ажилтан, нийлүүлэгч, нийгмийн хүлээлтэд нийцэж чаддаг байх, зөвхөн хувьцаа эзэмшигчдийг нэгт тавихгүй, хэрэглэгчдээ сонсдог болох тухай (BEST) хөтөлбөрийн Засаглал хариуцсан зохицуулагч П.Амармэнд зөвлөсөн юм. 

Цаашдаа компани ажилтныг сонгон шалгаруулж авах бус ажилтан компанийг голж, шилж сонгодог болох нь тодорхой болж байна.

Мөн тэрбээр “Орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө, мөнгө санхүүжилт гэхээс илүүтэй шинэлэг мэдээлэл, шинэ ажиллах арга барил дутагдаж байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид компанийн засаглалаа сайжруулахад л бүх боломж бүрдэх боломжтой. Тогтвортой үлдэх гарааны бизнесүүдэд 5-7 жил шаардагдаж байна. Бизнес эрхлэхэд илүү алсын хараатай байдлаар эхэлбэл цар хүрээ өргөжих боломжтой” гэв.

Хүний нөөц юу анхаарах вэ?

“Зангиа портал” ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ph.D Б.Түвшинтулга орчин үеийн хүний нөөцийн чиг хандлагын тухай хэлэлцүүлгийн үеэр ярилцсан юм. 

Тодруулбал, өнгөрсөн жилийн эхний улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 120 мянган хүн ажилгүй болжээ. Өнөөдрийн байдлаар 1 сая 54 мянган хүн ажил, хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс 300 мянган хүн хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа бол 100 мянган хүн Засгийн газар болон туслах агентлагт ажиллаж байна. 130 мянган хүн эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байна. Тэгэхээр 524 мянган хүн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

Цар тахалтай үеийн дэлхийн хөдөлмөрийн зах зээлд дараах 5 шинж тэмдэг голлох үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, гэрээсээ ажлаа хийх буюу хосолсон байдлаар “Hybrid Offices” загвар компаниудад зонхилж байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн хомстол үүсэж цар тахлын үеийн дараа барууны орнуудад ажиллах хүчингүй болж байгаа тухай судлаачид онцолсоор байгаа юм.

Шинээр ажил хайгчид юу хүсэж байна, ямар онцлогтой вэ гэдгийг албан байгууллагууд судалж үзэх, анхаарах асуудалтай тулгарч байна.

Дэлхийн том  компаниуд өөрсдийн ажиллах хүчинд хөрөнгө оруулахад анхаарч эхэллээ. Дата, анализ дээр тулгуурлан хиймэл оюун ухаан, ухаалаг систем ашиглаж хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг автомат болгож байна. Мөн тэгш оролцоотой ажиллах хүчин бий болгох шаардлагатай байна. Нас, хүйс, гарал үүслээр ажлын байран дээр гадуурхах, ялгаварлах үзэгдэл XX зуунд үлджээ. XXI зуунд ялгаварлан гадуурхалтаас ангид болж байгаа нь сайшаалтай.

Өдгөө 1995 оноос хойш төрсөн хүмүүс ажлын байр луу идэвхтэй орж байна. Монголд дунджаар 140 мянган хүн их сургуульд суралцаж байгаагаас 25 хувь нь буюу 35 мянган хүн ажлын байран дээр гарч байгаа гэсэн судалгаа бий. Тэгэхээр шинээр ажил хайгчид юу хүсэж байна, ямар онцлогтой вэ гэдгийг албан байгууллагууд судалж үзэх, анхаарах асуудалтай тулгарч байна.

Ажил олгогчид тухайн ажилтныг ажилд сонгон шалгаруулж авахдаа ажлын туршлага дээр тулгуурлан сонгох гээд байдаг бол сүүлийн үед шинэ ажилтны хандлага дээр тулгуурлан ажилд авах сонирхол үүсээд байна. Тогтвор суурьшилтай ажиллах, ажлаа сайн хийх хандлага тухайн хүнд байвал цаашид ур чадварыг хөгжүүлээд ажиллах боломжтой гэж үздэг. Тэгэхээр ажил олгогчид ажилчдынхаа ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах цаг болжээ.

Цахим шилжилтэд юу анхаарах вэ?

Ковидын дараах үеийн эдийн засгийн хямрал нь компаниудын өсөлт, уналтыг хурдасгаж байна. Зарим компаниуд эдийн засгийн хямралыг ашиглаад өсөж байгаа бол уламжлалт арга барилаар ажиллаж байсан компаниудын хувьд сорилт, шалгуур болж байна. Цар тахалтай энэ цаг хугацаанд технологийн шийдлүүдийг компани өөрт ашигтай байдлаар хэрэглэвэл асар их нөөц хэмнэх боломжтой юм. Тухайн байгууллага заавал олон ажилтантай байхаас илүү технологи ашиглаад цөөн чанартай тооны ажилтантай байхад анхаарч эхэлж байна.

Жижиг компанийн хувьд өртөг зардал багатай, үр өгөөжтэй технологийн шилжилт байвал тохиромжтой гэв. Салбар бүр өөр өөр бүтэцтэй ажиллаж байгаа учраас цахим шилжилтэд хамгийн ээлтэй загварыг сонгосноор эерэгээр өөрчлөгдөх боломж гэж харж байна. Хамгийн наад зах нь бүртгэлийн програм, хүний нөөц, санхүүгийн бүртгэлийн системийг нэвтрүүлбэл хөдөлмөр хөнгөвчлөх нэг арга байх болно. Харьцангуй хурдассан цахим шилжилтэд төр анхаарлаа хандуулж байгаа нь энэ чиглэлийн хууль тогтоомж, бодлого шинэчлэгдэх өгөгдөл болж байна.

Маргаашт бэлэн үү?

Магадгүй давагдашгүй хүчин нөхцөл удаан хугацаанд үргэлжилбэл дасан зохицох ур ухаанд удирдагчид суралцах хэрэгтэй байгааг ч хэлэлцүүлгийн үеэр тодотгож байсан юм.. Маргааш ямар зүйл өөрчлөгдөхөөс хамаарч бид өнөөдөр юу хийх вэ гэдгийг сануулсан хэлэлцүүлэг байлаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт шилдэг бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүд, энтрепренершип чиглэлээр мэргэшсэн экспертүүдийн туршлагаар маргаашдаа бэлдэх боломж олгосон гэж ойлгож болно.

Ажилтныхаа сэтгэл, зүрхийг татдаг компани, хууль хэрэгжүүлдэг, ил тод, хариуцлагатай, шударга компани, байгаль, нийгэмд ээлтэй компани маргаашийн Монголд хэрэгтэй байна.

Нөгөөтэйгүүр цар тахлын улмаас бий болсон боломжууд, тулгарч буй бэрхшээлүүд, ЖДҮ эрхлэгчид өөрсдийн бизнесээ тогтвортой, уян хатан байдлаар хөгжүүлэхийн тулд урам зориг өгсөн шинэлэг санаа, зөвлөмжийг үзэгчдэд хүргэсэн нь хэлэлцүүлгийн цахим хандалтаас харж болно.

Үүнээс гадна, цар тахлын дараах нөхцөл байдлыг ЖДҮ эрхлэгчид даван туулах чадвараа сайжруулах талаарх асуудлыг хөндөж шийдэл эрэлхийлсээр байсан нь бизнес эрхлэгчид магадгүй маргаашаа илүү зоригтой, зорилготой хархад тус дэм болсон гэдэгт найдаж байна.

Маргаашийн (BEST)

(BEST) хөтөлбөрийнхөн Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулж, компанийн засаглалаа сайжруулах чиглэлээр сургалт судалгаа зохион байгуулж цаашлаад төрийн бодлогын хэмжээнд хамтарч ажиллаж байгаа. Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулахын тулд ил тод байдлыг нэмэгдүүлж, сайн засаглалыг нэвтрүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхийн тулд өнгөрсөн хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн журам, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль зэрэг сэдвүүдээр 544 төрийн албан хаагчдыг чадавхжуулсан байна. Мөн 8 аймгийн 32 горилогчид 303 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 7500 жижиг дунд бизнес эрхлэгчдийг харилцагч болгож 449 ажлын байр шинээр бий болгож, 316 харилцагчид сарын 3,4 тэрбум төгрөгийн орлого өсөхөд нөлөөлж ажилласан байна. Ирэх жилүүдэд  (BEST) хөтөлбөр 4 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа тэлэх тухай хөтөлбөрийн менежер Л.Төгсбаяр хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.

Дорноговь аймгийн иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг “Цагаан сүүний буян” компани 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн компанийн засаглалаа сайжруулж, зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдаж банкнаас санхүүжилт авснаар бизнесээ өргөтгөсөн байна.

Мөн 25 жилийн түүхтэй “Өвөрговь” компани газар тариалан хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд компанийн хүний нөөц,  санхүүгээ удирдах, дотоод засаглалдаа анхаарч борлуулалтаа өсгөсөн гэдгээ онцоллоо.

Харин “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо”-нд 15 мянган ажилтан албан хаагч ажилладаг байна. (BEST) хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч мэргэжлийн зөвлөл байгуулсан бөгөөд бусад холбогдох газруудтай сургалт, хөтөлбөр, арга хэмжээн дээр арга зүйн дэмжлэг авч, хамтарч ажилласан нь үр дүнд хүрсэн тухай тодотгов.

Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн танин мэдэх болон бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэхэд багш нарын ажлыг хөнгөвчилсөн бизнес төслийг санаачлагч “Дархан-Уул” аймгийн “Агьт Од” компанийн захирал Х.Мөнзаяа багш мэргэжилтэй. Тэрбээр BEST төслийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, хүчин чадлаа сайжруулж, түүхий эд, материалаа нэмэгдүүлснээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж борлуулалтаа өсгөсөн тухай цахим хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлснээр бизнес эрхлэгчдийн амьдрал ахуй дээшилж, ажил хөдөлмөр нь үр дүнтэй байж, өөрсдөд нь өөрчлөлт гарсан тухай ч хэлж амжсан юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Premium групп: Төслийн зорилго компанийн стратегитай нийцэж байвал амжилтад хүрдэг

Өмнөх нийтлэл

Ломбардны тухай хууль юу зохицуулах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.