“Мишээл Сити” бол монгол захирлын удирдлага дор, 100 хувь монгол хөрөнгө оруулагчдын мөнгөөр, монгол инженерийн ухаанаар, монгол менежментийн багийн хөдөлмөрөөр бүтэж буй цэвэр “Монгол брэнд” юм.

Барилгын салбартаа хувьсгал авчрах монгол брэнд

Хотын төвд амьдардаг, Шарга Морьтод зуслангийн байшинтай, Зайсанд оффистой, Яармаг дахь сургууль руу хүүхдээ хүргэж өгдөг, Налайхад аж ахуйтай, үе үе гадаадад томилолтоор явдаг захирал хүн амьдралынхаа хэдэн жилийг замын түгжрэлд өнгөрөөх бол? Ёозгүй хариу гарах нь лавтай.

Түгжрэл, барилгадаа захирагдсан гудамжууд бүхий төлөвлөгөөгүй барилгажилт нь маш олон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг үгүй хийдэг. Төвлөрөл их байх нь зах зээлдээ сайн ч төвлөрөл зөв байх ёстой.

Ийм зөв төвлөрөлтэй, хүний амьдралын цаг хугацааг үр дүнтэй зарцуулахаар зохион байгуулалттай бичил хотыг байгуулах бодол “Мишээл”-ийн удирдлагын баг, ТУЗ, хөрөнгө оруулагчдын толгойд эртнээс эргэлдэж байлаа. Тэд “Яагаад монголчууд заавал гадаадад очиж байж тав тух, үнэ цэнийг мэдэрч, шинэ бүтээн байгуулалтаас урам зориг авах ёстой юм бэ? Яагаад эх орондоо тэр соёл, орчныг бүтээж болохгүй гэж?” гэсэн асуултыг тавьж, хоорондоо их хэлэлцдэг байлаа. Улмаар гурван жилийн өмнө залуучуудын дунд амьдралын шинэ хэв маягийг бүтээх зорилгын хүрээнд “Мишээл Сити” төслийн эхлэл тавигджээ.

 2022 онд төсөл бүрэн дууссанаар нийт хүний урсгал 250 мянга болно гэж тооцоолж байна.

Мишээлийнхэний хувьд бизнесээ зөв категорчилж, үйлчилгээ авч буй хүнд бүх сонголт байхаар зохион байгуулдаг туршлагатай. Нэгэн дээврийн бодлого гэж тодорхойлдог уг стратеги нь ижил төстэй бизнесүүдийг нэг дор багтааж, маш олон хүний сонирхол, сонголтыг үүсгэдэг. Мишээл нь Монголын барилгын материал, тавилгын худалдааны 60 хувийг эзэлдэг нь үүнтэй холбоотой.

“Мишээл Сити” төсөл ч энэ бодлогын нэгэн том үргэлжлэл болж байна. Компанийн удирдлагууд төслийг хэрэгжүүлэхдээ Сингапурын “төвлөрөл” хэмээх концепцийг ашиглахаар шийдэж, анхнаасаа нарийн бодлого төлөвлөлтэй, эцсийн хэрэглэгчид үлдэх үнэ цэн он удаан жил алдагдахааргүй цогцолборыг барихаар шийджээ. Ингэхдээ хамгийн гол нь зөвхөн монгол захирлын удирдлага дор, 100 хувь монгол хөрөнгө оруулагчдын мөнгөөр, монгол инженерийн ухаанаар, монгол менежментийн багаар цэвэр “Монгол брэнд” бүтээхээр зоригложээ. Тиймээс “Мишээл Сити” нь салбартаа хувьсгал авчрах бүтээн байгуулалт болох учиртай юм. Борлуулалтын захиалга нь хэдийнэ 80 хувийг даваад буй энэ бүтээн байгуулалтыг яагаад хувьсгал гэж нэрлэж буйн учрыг тайлахын тулд нийт 127 000 м.кв талбай дээр өрнөж буй энэхүү аварга төслөөр аялцгаая.

Тухтай амьдралын экосистем

“Мишээл” гэдэг гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцахад бүгд нэг зүйлийг давтан хэлж байв. Тэд “Ийм төсөл дээр ажиллах хувь тохиол хүний амьдралд ганцхан” хэмээн ярьж, бүх сэтгэл зүрхээ төсөлдөө өгсөн гэдэг нь харагдаж байлаа. С.Болормаагийн хувьд “Мишээл групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувиар багаа түүчээлж ажиллахаар болжээ. Компанидаа хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан чиглэлээр багагүй хугацаанд ажилласан тэр тогтвортой, мэргэжлийн хамт олныг төлөвшүүлэхэд ухаан, чадвараа зориулж ирсэн бөгөөд одоо түүний баг энэхүү мега төслийн хөдөлгүүр нь болж байна.

Мишээл Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Болормаа

Тэдний удирдаж буй цогц төслийг зарим нэг тоогоор илэрхийлбэл 11,000 м.кв Их дэлгүүр, 1000 компани байрлах 20 давхар боловсрол, эмнэлэг, оффисын барилгууд, 1600 авто машины ил болон далд зогсоол, 227 айлын бизнес зэрэглэлийн орон сууц, 11 га Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, 5000 хүн хүлээн авах чадалтай аялал жуулчлалын гудамж, 6350 м.кв олон улсын экспо төв, Sherаton сүлжээний таван одтой зочид буудлын барилга, Монголын 12 чухал үйл явдлыг өгүүлсэн 16 их хаадын хөшөө бүхий цогцолбор багтаж байна. Эдгээр нь нийлээд худалдаа, аялал жуулчлал, экологи, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, үзвэр үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хамарсан Монголын хамгийн том бизнес төвлөрөл болох юм.

Мишээлд 2002 онд Экспо төвийг нээж үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болсноос хойш тавилгын их дэлгүүр, барилгын их дэлгүүр, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв гэх мэтчилэн тасралтгүй тэлсээр өдгөө түм түжигнэсэн газар болсон. Энгийн үедээ сард ойролцоогоор 88 000 хүн орж гардаг. Харин “Мишээл Сити” төсөл эхэлснээс хойш бум бужигнадаг болжээ. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сарын 30-нд “Misheel Walking Street” аялал жуулчлалын гудамж нээгдсэнээс хойш 150 мянга орчим хүн ирдэг болсон байна. 2022 онд төсөл бүрэн дууссанаар нийт хүний урсгал 250 мянга болно гэж төслийн багийнхан тооцоолж байна.

Энэ мэтээр танилцуулгад бичсэн тоонуудаас нь харахад хичнээн том гэдэг нь мэдрэгдэх уг төсөлтэй танилцах миний аян “Misheel Walking Street”-ээс эхэлсэн юм. Мишээлийн автобусны буудлаас буунгуут хэдхэн арван метрийн зайд байх энэхүү байгууламж нь гудамж, байшин хоёрын сонирхолтой хослол ажээ.

Хойд хаалгаар нь ороод цааш алхахад төрөл бүрийн үндэстний гал тогоог илтгэх 14 зоогийн газар зүүн талаараа, 20 гаруй төрлийн Street food бүхий мухлагууд баруун талаараа байрлажээ. Поликарбонат гэх тусгай материалаар битүү орчин үүсгэсэн, ариун цэврийн өрөө, амарч суух цэгүүд, камержуулалт, түүгээр барахгүй тамхи татах цэгийг хүртэл шийдэж өсгөн учир аялал жуулчлалын гудамж нь жилийн дөрвөн улиралд ажиллах бөгөөд хүссэн үедээ хоолны фестиваль, бусад арга хэмжээг зохион байгуулж болно.

Нээгдсэн цагаасаа хойш энгийн үед өдөрт 12 мянга, экспотой үед 20 хүртэл мянган хүн “Misheel Walking Street”-ээр орж гардаг аж. Хэдийгээр цар тахлын үеэр үйл ажиллагаагаа эхэлсэн ч хүмүүсийн ирж хооллох дуртайгаас гадна “Улаанбаатарт ийм гоё газар нээгджээ” гэсэн агуулгатай олон нийтийн сүлжээнд зургаа авахуулж нийтэлдэг нэгэн содон газар болж хувирсан. Заримдаа энд киноны зураг авалт хийх үе ч бий.

Misheel Walking Street

Саяхан олон улсын “Sherаton” олон улсын зочид буудлын сүлжээ төсөлд нэгдэхээр болсон байна. Дэлхийд өрөөнийхөө тоогоор нэгд ордог, нийт 55 000 өрөөтэй, 446 зочид буудалтай энэхүү аварга сүлжээ Монголд орж ирэх гэж буй нь аялал жуулчлалын салбарын хувьд нэгэн том үйл явдал болох юм. Учир нь аливаа улс оронд зочид буудлын сүлжээ нь аялал жуулчлал өсөхөд 30 хувийн эерэг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байдаг. “Мишээл Сити” төслийг хэрэгжүүлснээр гадны жуулчдын 20-30 хувийг ийш авчрах боломжтой” гэж С.Болормаа захирал ярилаа. Аялал жуучлалын гудамж, зочид буудлаас гадна “Мишээл Сити”-гийн үүдэнд байрлах хаадын цогцолбор, экспо, 4D кино театр, цахим спортын тоглоомын төв, “Хүүхдийн ертөнц” тоглоомын газар зэрэг үзвэр, үйлчилгээний объектуудыг төлөвлөөд байгаа.

Олон нийтийн сүлжээнд зарим хэрэглэгч уг төслийг “Үнэхээр галзуу төсөл” гэж тодорхойлж байна. Ингэж дүгнэх ч үндэслэл бий. “Мишээл Сити”-гийн 127 000 м.кв талбай дээр хүмүүс амьдарна, бизнесээ хийнэ, сургууль, цэцэрлэг, дугуйлангуудад хүүхдээ сургана, эмнэлгээр үйлчлүүлнэ, хувцасны, барилгын материалын, тавилгын гэх мэтээр улаа эргэтэл дэлгүүр хэсэж болно, төрийн үйлчилгээгээ авна, хооллоно, хүрээлэнд цэвэр агаарт гарна. Гаднаас ирсэн зочин бол хотын төвийн түгжрэл рүү орохгүйгээр буудаллана, уулзалтаа хийнэ, экспогоор зочилно, буцаад онгоцны буудал руу явна гэх мэт. Ийм байдлаар тав тухтай амьдралын эко систем бүрдэнэ.

Нөгөө талаар нэг үйлчилгээнд зарцуулах цаг хугацаа хамгийн бага, бүтээмжтэй байж компаниудын хамгийн том хоёр зардлын нэг болох маркетингийн зардлыг хэмнэнэ. Үүгээрээ төсөлд хөрөнгө оруулсан компаниудад эдийн засгийн том үр өгөөж авчирна гэж төслийн багийнхан ярьж байв.

Гүйцэтгэх захирал С.Болормаа “Бидний хийж буй зүйл бол зөвхөн мөнгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалт биш, харин оюун санааны хөрөнгө оруулалт” гэж онцоллоо. 

Хувийн хэвшил дэх “ногоон” үлгэр жишээ

“Мишээл Сити” төслийнхөн дундаас бас нэгэн буянтай ажил хийдэг хүн бол “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн экологич Н.Цэрэндорж. Түүнтэй хамт хүрээлэнгийн дотуур засч тохижуулсан 1.1 км замаар алхах зуураа Мишээлийнхэн үнэхээр үлгэр жишээ бүтээн байгуулалт хийснийг ойлгов.

Өмнө нь энд шөнө оройн цагаар согтуу хүмүүс цугладаг зэлүүд газар байв. Харин одоо олон төрлийн ховордсон ургамал ургаж буй, дуу чимээ багатай, амарч суух цэгүүд ихтэй, нийслэлийнхний гэр бүлээрээ ирэх дуртай хүрээлэн болжээ.

“Мишээл” Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн экологич Н.Цэрэндорж

Ялангуяа “Мишээл Резиденс” хэмээх удахгүй баригдаж дуусах орон сууцанд амьдрах 200 гаруй айлд атаархал төрж байв. Учир нь тэд орон сууцнаасаа гараад шууд хүрээлэн рүү орно. 168 метр урттай агаарын зам нь голын ус, моддыг дээрээс нь харахуйц өндөрт байрлажээ. 

Алхах зам дагуу 13 цэгт Монголд ховордсон, нэн ховордсон голт бор, агч, монос, өрөл, хайлаас, шар хуайс зэрэг 10-аад төрлийн 1000 ширхэг мод, бут, сөөг тариалж, цэг бүр дээр дэлгэрэнгүй тайлбартай самбарууд байршуулжээ. Эдгээрээс 400 орчим нь 70-аас дээш жил, үлдсэн нь 30-70 жил насалж, үр жимсээ өгөх бут сөөг юм. Самбар болгоны ойролцоо сайн чанарын модоор амрах цэгүүдийг тохижуулсан байна.

Өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийж, хоёрхон өдөрт 100 мянга орчим хүн ирсэн “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нийт 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босчээ. Энэ төсөлд Ботаникийн хүрээлэн болон “Ногоон харш”, “Баялаг орчин” гэх мэт үндэсний компаниуд хамтарсан байна. 

11 га газрыг хамарсан тус хүрээлэн нь амралт зугаалгаас гадна танин мэдэхүйн том ач холбогдолтой. Орчин үеийн хотууд өндөр байшингаар биш ногоон байгууламжаар өрсөлддөг болсон. Энэ нь оршин суугчдаас байгаль экологийн талаар ухамсар, хүмүүжилтэй байхыг шаардаж байна. “Мишээл” хүрээлэнгийн үндсэн санаа ч ийм юм. Тиймээс Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэдтэй байнга хамтарч ажиллахаас гадна экологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, судлаачдын судалгааны ажлаа явуулах, дадлага хийх бааз суурь, сурагчдын экологийн мэдлэг олж авах орчин болох юм. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулна.

Н.Цэрэндоржийн тайлбарласанаар моддын ургах хурд, өндөр харилцан адилгүй бөгөөд цаад тал нь 10 жилийн дараа энд бие даасан эко систем бүрэлдэнэ. Өөрөөр хэлбэл, тарьсан моднууд ургаад ирэхээр доор нь өвслөг ургамлууд ихэсч, элэгдэж байсан хөрснүүд ургамалжина.Ургамал ургаснаар амьтдын идэш тэжээл элбэгшинэ. Идэш тэжээл элбэгшсэнээр шувууд ихэснэ. Эдгээрийг дагаад ургамал, шувуу судлаачид, байгалийн гэрэл зурагчид ирэх дуртай болно. Дээр нь нэмээд 2022 онд тус хүрээлэнд минж нутагшуулна гэдгийг Н.Цэрэндорж сонирхууллаа.

“Мишээл” хүрээлэн нээгдсэн нь нийслэл болон Хан Уул дүүргийн хувьд олзуурхмаар ажил болж, Туул голын дагуу байрладаг бусад компаниуд үлгэр жишээ авна гэж найдаж байгаа аж.  

Үргэлжлэл

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно

Өмнөх нийтлэл

Н.Учрал: Сайдууд тоогоор ярьж сурмаар байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.