Эдийн засаг дахь гурван урсгал

Хүний амьдрал хэрэглээ, бүх зүйл тээвэртэй буюу өөрөөр хэлвэл хүн ба эд зүйлсийг зөөвөрлөхтэй салшгүй холбоотой. Бидний эдэлж хэрэглэж, өмсөж зүүж байгаа бүхэн бидний гар дээр ирэхээсээ өмнө хэдэн мянга, магадгүй сая км-ийн аялал хийсэн байдаг. Байгалаасаа амьд амьтан болгон амьдрахын тулд өөрийн зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг зөөвөрлөхөд ойр дөт байдлыг бодолцож, хэрэв яалт ч үгүй тодорхой зайнаас авч хэрэглэх бол яаж тээвэрлэх арга замаа олж амьдардаг. 

Харин хүн төрөлхтөний олж авсан мэдлэг чадвар, зохион бүтээсэн амьдралыг, амьдрал гэдгийг бүхэлд нь тээвэр л гэж ойлгож болно. Гаршуулсан, гэршүүлсэн амьтнаас эхлээд машин техник, онгоц гээд олон тооны зүйлүүд нь хүний хэрэгцээтэй зүйлсээсээ хамаарах зайны хамаарлыг багасгаж өгсөөр иржээ. Гэхдээ бүх юм хоёр талтайн адил энэ нь эргээд тэдгээр ашигтай тустай зүйлүүдийнхээ төлөө асар их үнэ төлөх шаардлагыг бий болгосон байх. Хэрэглээ ихсэх тусам зөөвөр их гарна. Зөөвөр их гарах тусам нөгөө хялбарчлах шийдлүүддээ ихийг төлөх хэрэгтэй болно. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага бүхэлдээ үүсмэл хэрэглээг өдөөж, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл өдөр тутам нэмэгдэж байна. Харин бидний хувьд энэ хурдыг гүйцэхээсээ нэгэнт өнгөрч хэд дахин хол хаягдсан хуучирсан, ачаалал нь ихэдсэн дэд бүтэц болон хэдэн зууны настай хуучин арга барил, төсөөлөл амьдарсаар байна.

Тээвэр логистикийн салбарт 20 гаран жил ажилласан болохоор амьдрал ахуйд тохиолдсон юм болгоныг тээвэртэй, магадгүй илүү биет материалын урсгал талаас нь хардаг, бас боддог болчихдог юм шиг. Ер нь эдийн засгийг буюу амьдралыг хөдөлгөж байдаг гурван том урсгал байдаг. 

Мэдээллийн урсгал. Мэдээж хүн төрөлхтөний хувьд асар их амжилттай, зохицуулалт, удирдлагаасаа бодит нөхцөл байдал нь түрүүлж яваа салбар бол мэдээлэл. Улс төр эдийн засгийн эрх мэдэл, зохицуулалт нь энэхүү мэдээллийн урсгалаас хэт хамааралтай болсон гэдгийг зах зээлийн үнэлгээгээрээ бусад салбарын компаниудыг илт тэргүүлж илүүрхэх болсон FAMG (Facebook, Apple, Microsoft, Google шиг) хувьцаат компаниуд буюу технологийн акулуудын эдийн засгийн хүч чадал болон улс төрийн оролцооны талаарх шуугиануудаас харж болно. Үүнд өндөр технологийн болон бусад мэдлэгийн солилцоо ч хамаарах байх. 

Санхүүгийн урсгал. Энэ бол сүүлийн үед түлхүү хөгжих болсон финтекүүд, криптовалют, үүсмэл хөрөнгийн хөөсөрсөн зах зээл, хямрал, мөнгө угаалт гэх мэт сайн муу олон үзэгдлийг бий болгож байдаг урсгал. 

Материалын урсгал. Энэ бол аливаа хөдөлгөөнийг бодитоор илэрхийлж, боломжтой болгож байдаг урсгал. Материалын урсгал урт богино хугацаанд болон үр ашигтай, ашиггүй алин боловч зогсолтгүй, эцэс төгсгөлгүй үргэлжилж байдаг бөгөөд тухай бүртээ их бага хэмжээний ямар нэгэн зорилготой байдаг. Түүнийг хэрхэн удирдан зохион байгуулсанаас шалтгаалан урт хугацааны зорилгод дөхөх эсвэл богино хугацааны зорилго биелэх эсэх нь шалтгаална.

Орчин үед хүн төрөлхтөн асар их үүсмэл хэрэглээтэй болсон. Усаа ус чигээр ууж, махаа мах чигээр нь иддэг байсан үе өнгөрсөн. Цайны ургамлаар хандлан сүүтэй холин уугаад болчихдог эсвэл махныхаа хажуугаар төмс шараад идчих хэмжээний болсон нь ч одооны үй олон төрлийн идээ ундааны зүйл, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх сонголттой харьцуулахад огтоос материалын урсгал гээд байх зүйл байхгүй, удирдааад сүйд болох шаардлагагүй байсан байх. Маш олон төрлийн үүсмэл хэрэглээ нь төдий чиний их хэмжээний үүсмэл хэрэгцээг бий болгосон бөгөөд логистик бол үүний бас нэг гайхамшигтай бүтээл юм. Хүн ба ачаа барааг зөвхөн хөдөлгөж тээвэрлээд зогсохгүй тэр хөдөлгөөн, тээвэрлэлтийг нь удирдах, зохицуулах шаардлагатай болсон.

Тээвэр логистикийн намаг

Өөрсдийн амьдралд өдөр тутам тулгарч байгаа асуудлуудыг нөгөө л сурсан зангаараа материалын урсгал талаас нь харахаар ямар нэг буруу зүйл рүү улам бүр гүн шигдээд байх шиг санагдана.

Тухайн оршин суугаа газар нутгийн сургууль, цэцэрлэг бүгд ижил чанартай боловсрол олгодог байсан бол хол зайтай сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх гэсэн асар олон хүний хөдөлгөөнийг бий болгохгүй. Тэр хэмжээгээр замын эвдрэл, шатахуун тосны зарцуулалт, машин техникийн эвдрэл, ашиглалт гээд нүдэнд харагдах шууд эдийн засгийн зардалаас гадна түүнд зориулж байгаа цаг хугацааны алдагдсан боломж, зам зуурын осол эндэгдэл гээд тоочоод байвал түмэн зовлонг хөнгөлөх нигууртай.

Олон давхар орон сууц, худалдаа үйлчилгээний шил толь болсон барилгууд, хороолол цогцолбор бүхэн эцсийн эцэст хүний л хэрэглээ, хөл хөдөлгөөн болохоор түүнийг дагаад идэж уух, өмсөж зүүхийг ойртуулах дэлгүүр хоршоо, эмнэлэг сургууль, хэрэгтэй болгоныг их бага хэмжээгээр боломжоороо төлөвлөж хийдэг байх. Гэхдээ ачаа бараа, хог хаягдал, эмнэлгийн, галын, шуудангийн, засвар үйлчилгээний гээд амьдарлын эн тэргүүний хамгийн энгийн үйлчилгээнүүдэд шаардлагатай тээврийн замнал, зогсоол төлөвлөх хэрэгтэй болно. Түргэний болон галын машин зарим байшин барилга руу ойртох бололцоогүй, хогийн машин эсвэл дэлгүүрийн бараа буулгах машин зам түгжиж зогсохоос өөр аргагүй. Банк нь хүмүүсийн явдал чирэгдэлийг багасгаад автомат машинууд ойртуулаад байрлуулсан ч мөнгийг цэнэглэхдээ бас л зам дээр зогсохоос аргагүйд хүрэх тохиолдол элбэг. 

Бидний өдөр тутмын зайлшгүй хэрэглээнүүдийн ард асар их тээвэрлэлтийн үйл ажиллагаа байдаг гэдгийг анзаардаггүй.

Гэхдээ энэ бүхнийг бид нэг их анзаарахгүй. Учир нь хаа сайгүй юм бүхэн л ийм байгаа болохоор байдаг, байх л ёстой юм шиг ойлгоно. Үнэндээ бид чөтгөрийн тойрогт эргэлдэж байна. Гэрээсээ гараад ажил руугаа явганаар явах нь яг үнэндээ боломжгүй болсон. Хорооллыг маань тойруулан барьсан хэрмэн хашаа зөвхөн баруун урд буландаа хаалга гаргасан ба хойгуур нь төмөр зам явж, хажуугийн хорооллууд руу орц гарц гаргаагүй тул яг зэргэлдээ байшинд амьдрах дүүгийндээ орохын тулд гаргасан ганц гарцаар нь гараад нөгөө хорооллын хашааны хоёр хаалганы нэгээр орж байшинд нь хүрэхэд хашаагүй бол шууд хүрчих нэг минутын оронд 10-15 минут болно. Ажилдаа эсвэл хүүхдийн сургууль цэцэрлэг рүү явахдаа машин замаар л явах сонголт үлдсэн байх жишээтэй. Машинтай бол арай амар. Иймэрхүү маш жижиг үл анзаарагдам хүндрэл бэрхшээл маш олон хийгээд түгээмэл болж, хэмжээ дамжаа нь томорсоор байгааг бид аанай л анзаарахгүй. 

Маш их зардал чирэгдэл болгон байр байшиндаа татан оруулсан ундны усаа хэрэглээд өртөг зардал багатай амьдарч өөрсдийгөө бага зовоохын оронд өөр элдэв амттан хольсон, дийлэнх нь нөгөө л ус болох элдэв төрлийн ундааг хэрэглэхийн тулд асар их өртөг зардалтай тээвэр хэрэглэнэ. Элдэв илүү сонирхол, шохоорхол, тансаглал байтугай энгийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээнүүдийн маань ард асар их тээвэрлэлтийн үйл ажиллагаа л байдаг гэдгийг анзаарахгүй. Хэтэрхий энгийн бөгөөд түгээмэл болохоор тэр шүү дээ. Яагаад гэвэл тээвэр гэдэг бүх зүйлд оролцоотой, хаа сайгүй байдаг хэтэрхий түгээмэл зүйл болохоор тэр.

Хот гэдэг их айл оршин суугчдынхаа хэрэглээний ачаа барааг тээж зөөвөрлөх их ажлыг бартаа саадгүй явуулах гэж үргэлж л толгойны өвчин болж зам харгуйгаа жил бүр олон тэрбум төгрөгөөр засаж, нэмж барьж байгуулж, шинэ гүүр болон түгжрэлийг бууруулах шилдэг аргуудын нэгд тооцогдох тойрог замуудыг хийнэ. Машин тэргээр зорчих аятай таатай боломжийг нэмэгдүүлээд л байна. Аятай таатай болоод байгаа болохоор машин тэрэг ч нэмэгдээд байна. Улам л олон хүн тус бүртээ машинаар явахыг хүснэ. Яагаад гэвэл машинаар зорчих нь явган явахаас амар байгаа болоод л тэр шүү дээ. 

Эхлээд хүмүүс гудамжаар явган явж байгаад гудамжаар хурдан тухтай явахын тулд морь тэрэг хэрэглэн, морь тэргээ илүү сайжруулан машин техник болгон, машин тэргэндээ тохируулан зам гүүр барьсаар эргээд явган явах боломжуудаа хязгаарлаж орхисон. Үүнтэй адил олон айл зэрэгцэн оршин суух боломжтой байшин савнууд болон тэдгээр байр орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх нь асар их материалын урсгал буюу тээврийн хэрэгцээг бий болгож байдаг. Нүдэнд харагдахгүй цахилгаан дулааны сүлжээ, бохир зайлуулах зэрэг нүсэр системийг бий болгох арчилж тордохыг үл тооцлоо л гэхэд гадны хөгжилтэй орнуудын хийсэн судалгаагаар нэг сая хүнтэй хотод нэг зуун мянган тонн ачаа тээвэр эргэлдэж байдаг гэсэн тооцоо байдгаас үзвэл Монгол улсын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг Улаанбаатар хотод маань 160  мянган тонн ачаа өдөр тутам эргэлдэж байдаг байх нь. 

Бараа материалын урсгал хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах ажлыг хариуцах, энэ талын мэдлэг мэдээллийг нэгтгэх хэн нэгнийг зах зээл, бидний өдөр тутмын амьдрал шаардсаар байна. 

Тээврийн хэрэгслийн ашиглалтын хувьд манайхаас харьцангуй сайн хотуудад хотын замын хөдөлгөөний дөрөвний нэгийг ачаа тээвэр эзэлж байдаг гэвэл манайд бараг 50 хувийг эзэлж байж ч мэднэ. “Байж мэднэ” гэж буйн учир нь энэ талаар нарийвчилсан судалгаа эсвэл ядахдаа цуглуулсан түүхий өгөгдөл ч одоохондоо алга. Удирдахыг хүсвэл хэмж гэдэг дээ. Хуучин цагт хүний хэрэглээг төр засгаас төлөвлөөд зохицуулаад өгчихдөг байсан, хүмүүс ч түүнийг дуулгавартай даган захирагддаг байсан болохоор одоогийн бидний сонгож авсан зах зээлийн эдийн засагтай нийгэм шиг өөрийн дур сонголттой хэрэглээ байсангүй. 

Тийм болохоор өгөгдөл мэдээллийг нь цуглуулах, төлөвлөн зохион байгуулах амар байсан биз. Бөөний бараа бааз, худалдаа бэлтгэлийн трест, хангамжийн байгууллагууд зэрэг бараа бүтээгдэхүүнийг ханган бэлтгэх, худалдан түгээх системээс гадна тээврийн төрөлжсөн байгууллагууд, өртөө дамжлага бааз гэх мэт бүхэл бүтэн цогц системээр удирдан зохион байгуулж байсан. Өнөөдөр бараа материалын урсгал хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах ажлыг хариуцах, энэ талын мэдлэг мэдээллийг нэгтгэх хэн нэгнийг зах зээл, бидний өдөр тутмын амьдрал, хэрэгцээ шаардсаар байна. 

Олон улсын тээврээс ч хэцүү хот хоорондын ачаа тээвэр

Улс хоорондын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг компанийн маань ажил үргэлж л асуудал ихтэй байдаг болохоор тэр болгоныг шийдэхэд яаж ийгээд гар бие оролцох шаардлагатай болно. Дэлхийн бүх улс орноос хэдэн ч хот, газар орон дамжсан байлаа ч агаар, далай, авто, төмөр замын аль нэгээр нь тээгээд л авчирчихна. Холбогдох хил гааль, хорио цээрийн асуудлыг зохицуулна. Энэ ажилдаа бас гайгүй амжилттай яваа, хэрэглэгчдийн олон асуудлыг амар хялбар болгож шийддэг гэж бодно. 

Гэтэл нутаг руугаа аавдаа жаахан ачаа явуулах гэхээр мэддэг чаддаг маань таг болно. Юуны чинь тээвэр зууч, юуны чинь логистик үйлчилгээ? Зах дээр очоод л унаанд дайчихгүй юу гэж хэн нэгэн хэлнэ. Ямар унаа тэрэг явдаг юм бол, хаа нэгэн газар мэдээлэл нь байга боловуу? Фэйсбүүк дэх орон нутгийн худалдааны групп дээрээс жолооч нарын дугаар олдож мэднэ, гэхдээ зах худалдааны төвүүд дээр ачаа бараагаа авч очоод хайсан нь дээр дээ гэнэ. Ганц нэг утас олж аваад үнэ ханшийг асуувал ачаа барааг нь харж байж л хэлнэ дээ, ачаа дүүрвэл өнөөдөртөө гарахыг бодно, үгүй бол дүүртэл нь хүлээнэ гэж хариулна. Зах хүртэл ачааг маань бараг орон нутаг руу явуулах үнээр хүргэж өгөх унаа түрээслээд очоод арай ахиу ачаатай машинд үнэ тохиролцон наймаалцаж өгөөд хэзээ гарахыг нь хүлээх үлдлээ. За ингээд нэг юм эрт, орой хамаагүй гардаг л юм байж. Жолоочийн утсыг нь бичиж авсан, түүгээрээ залгаад асуугаад байдаг хэрэг. Бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй очино гэж л найдах л үлдэнэ. Хэрэв үрэгдэж алга болвол ийм тийм үнэтэй цайтай юм байсан гээд сүүлд нь үзүүлж харуулаад тулгах шалгах баримт ч өгөхгүй юм. Төлбөр төлөх бүртээ авч хоёр хувийг нь горьдон уншуулдаг нөгөө и-баримтын тухай бол бүр санах ч арга алга.

Бид олсон мөнгөө бусад орноос 2-3 дахин илүү үр ашиггүй логистикийн зардалд үрсээр байна.

Гэхдээ л энэ бүхэн ийм л байх ёстой юм шиг, өмнө нь ийм байсан, цаашид ийм байх засаршгүй эд, хөдөлшгүй зүйл мэт ойлголт бидний толгойд, амьдрал ахуйд гүн бат суужээ. Хөдөө орон нутагт илгээх ачааг бараг л хөдөө орон нутагт илгээх тээврийн үнээр хот дотроо нааш цааш зөөж, мэддэг чаддаг юмаа хийж байх үнэтэй хайран цагаа их хотын түгжрэлд гарздан ямар их илүү хөдөлгөөн, зардал гаргаж байгаагаа бид анзаарахаа больжээ. Ачаа бараа тээвэрлүүлэхээр мөнгө төгрөг төлөхдөө өөрөө хүргэж өгөөд, гуйж ачаад, баримт сэлтгүй хоцрохдоо өөрийгөө үйлчлүүлэгч гэдгийг ор тас мартаад ийм л байх ёстой юм шиг хувь тавилантайгаа эвлэрчээ.

Хасах утгатай амьдралын хэмнэл

Хувь тавилантайгаа эвлэрсэн хөөрхийлөлтэй жишээ тээвэр логистикийн салбарт маш олон байдаг л даа. Бараг өдөр болгон нэмэгдэж байдаг автомашины загваруудын олон янзын давуу тал, ид шидийг гайхан биширнэ. Тэгсэн атлаа тэдгээр автомашины улмаас өдөр болгон байтугай цаг минут тутамд хичнээн олон хүний амь нас эрсдэж байгааг, басхүү тэдгээр автомашинаар аятай тухтай зорчихийн тулд хичнээн олон эмнэлэг сургууль барих хөрөнгө мөнгөөр шинэ зам, гүүр, хонгил хоолой барьж байгааг бид байх л ёстой юм шиг хүлээн авна. Олон арван жилийн өмнө барьж байгуулсан, хуучирч муудсан зам дээрээ хэдэн цагаар түгжирч саатан гэлдэрч байхад бараа бүтээгдэхүүний сонголт хэрэгцээ улам арвижин олширч, тээврийн хэрэгслүүд болон түүнд зориулсан дэд бүтцүүд түүнийг гүйцэж чадахаа нэгэнт өнгөрсөн мэт байна. 

Өдөр тутмын буруу хэвшил зуршилдаа хэт уусан шигдэж, мэдээ мэдрэлээ алдалгүй ачаа барааны урсгал хөдөлгөөнийг судлах, тооцоолох, төлөвлөх зүй ёсны шаадрлага улам бүр чухал болж байгаа бөгөөд засаг захиргааны нэгжүүдийг холбосон цардмал зам болон агаарын тээвэр, хөрш хоёр орныг холбосон төмөр зам, цөөн хэдэн шууд нислэгтэй улс хоорондын агаарын тээврийн замнал зэргээр зорчигч болон бараа материалын урсгал хөдөлгөөнийг төлөөлүүлэн ойлгоно. Тээвэр логистикийн тухай ярих гэхээр логистик гэдгийг нь ор тас хаяад тээврийн дэд бүтэц болон техник хэрэгслийн хатуу норм хэмжээг л ярилцах жишээ олон. 

Гэвч хэрэг тусыг нь гаргаж чадахгүй хүнд хичнээн олон юм байгаад ч яах билээ. Эхлээд байгаа зүйлээ үр ашигтай хэрэглэх, хэмнэж гамнах арга чаргад суралцахгүй бол хэтэрхий үрэлгэн, тооцоо судалгаагүй хэрэглээг хязгаарлах, зөв амьдралын хэмнэл, чиглэл хандлагыг дэмжихгүй бол хүний хүсэл сонирхол, хэрэгцээ үнэхээр хязгааргүй. Тэр тусмаа бид дотооддоо үйлдвэрлэдэг юмс маш бага болохоор бараа материалыг зөөж тээвэрлэх тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл зорчих зам гүүрийн материал гээд бүх л зүйлийг бусдаас байгаа бүхнээ заран байж худалдан авдаг гэдгээ сайн ойлгож материалын хөдөлгөөнийг аль болох бага нөөцөөр, ухаалаг зохицуулан удирдах шаардлага зүй ёсных бөгөөд энэ бусад улс орноос бүр илүү тавигдах учиртай мэт. 

Улс оронд ашиг орлого авчирч байгаа болохоор уул уурхайн буюу түүхий эдийн тээвэр дээр бүгдийн анхаарал төвлөрөн шаагилдаж байх зуураа бид нөгөө уул уурхайн баялгаас нь олсон хэдэн бор юмаа үр ашиггүй логистикийн зардалд буюу бусад орноос 2-3 дахин илүү үр ашиггүй зардалд гарын салаагаар гоожуулах мэт үрсээр байна. Логистикийн удирдлага зохион байгуулалт муутайгаас бий болж байгаа энэ алдагдал бүх салбарт, бүх бизнест, айл гэр, ахуй орчин, эргэн тойронд дэндүү их түгээмэл байгаа, байдаг болохоор бид ч хүлээн зөвшөөрч дасан зохицоод ийм л байх ёстой юм шиг хувь тавилантайгаа уусан эвлэрсээр байна. 

Аливаа зүйл энгийн болоод түгээмэл байх тусам анзаарагдахаа больдог гэдэг.     

Автор: Д.Энхтүвшин, тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийн Ерөнхий захирал   

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

М.Даваасүрэн: Төр мөнгөө цагт нь төлөөгүй байж татвараа төл гэж дарамталдаг

Өмнөх нийтлэл

Төрийн Банк 400 гаруй СӨХ-ны удирдлагад банкны үйлчилгээний сургалт орлоо

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.