Нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу

Монгол Улсад биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хамгийн анхны үнэт цаасаа бүртгэж авсан нь Монкон бонд байв. Банкны баталгаат 1 тэрбум төгрөгийн бонд, Монкон Групп ХХК-ийн хувьцаа барьцаалсан 4 тэрбум төгрөгийн бонд, гэрээний орлого барьцаалсан 10 тэрбум төгрөгийн бондоос бүрдэх 15 тэрбум төгрөгийн бондын захиалгыг амжилттай биелүүлсэн болохоо андеррайтераар ажилласан Голомт Капитал ҮЦК 2021 оны 9 дүгээр сарын 3-нд зарлажээ. Үнэт цаас бүртгүүлэхтэй холбоотой материал бүрдүүлэх, бэлтгэл хангахад чамгүй их хугацаа зарцуулсан нь тодорхой байх, гэхдээ бонд бүртгүүлэх хүсэлт гаргаснаас хойш ердөө 15 хоногийн дотор 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг жилийн 13-15 хувийн хүүтэй босгож чадсан байна. Ингэхдээ 4 тэрбум төгрөгийг хувьцаагаа барьцаалж босгож ээ.

Хугацаа богино, бондын хүү өндөр эсэх нь тусдаа асуудал бөгөөд хувьцаа барьцаалсан 4 тэрбум төгрөгийн бонд нь энэ удаагийн нийтлэлийн агуулгад дараах байдлаар холбогдож байгаа юм. 

ЖДБ эрхлэгч таны компани хэдэн төгрөгийн дүрмийн сантай вэ? 20’000 төгрөг үү, магадгүй нэг сая төгрөг үү? Хэрэв тийм бол та үүнийгээ барьцаалаад хэдэн ч төгрөгийн бонд босгож чадахгүй тул дүрмийн сангаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Дүрмийн санг буюу компанийн тухай хуулинд зааснаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд бэлэн мөнгө хэрэгтэй, бэлэн мөнгөөр хөрөнгө оруулж байж л түүнийг нэмэгдүүлнэ гэвэл өрөөсгөл. Энэ бол олон хувилбарын л нэг нь юм. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр, зохиогчийн эрх болон барааны тэмдэг зэрэг биет бус хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмж бүртгүүлж болохоос гадна аливаа хөрөнгийг бий болгох, ашиглалтад бэлэн болгохтой холбоотой гарсан шууд зардлуудыг тухайн жил нь капиталжуулан бүртгэж цэвэр ашгаа нэмэгдүүлэн, улмаар хуримтлагдсан ашгаараа хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж болно. Зардлыг капиталжуулан бүртгэснээр цэвэр ашиг нэмэгдэж, ашгийн татварын өглөг үүсэх, мөн хуримтлагдсан ашгийг хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэн бүртгэхэд ногдол ашгийн татварын өглөг үүсч төлөгдөх болов ч энэ нь нэг удаагийн төлбөр бөгөөд компанийн үнэлгээг өсгөж, аливаа хөрөнгө оруулалт, эх үүсвэр амжилттай татах, хувьцаагаа барьцаалж бонд гаргах зэрэг урт хугацаанд эерэг үр нөлөөтэй үйлдэл юм. 

Зохиогчийн эрх болон барааны тэмдэг зэрэг биет бус хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмж бүртгүүлэх боломжтой.  

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэрхэн нэмэгдүүлэх талаар жишээг барааны тэмдэг /trademark/ дээр харцгаая. А компани бүтээгдэхүүндээ өвөрмөц нэр сонгон авч, зах зээлд байр сууриа ахиулах зорилгоор маркетинг пи-ар чиглэлийн зөвлөх компанитай гэрээ байгуулан хэд хэдэн ажил гүйцэтгүүлэв. Тухайлбал, бүтээгдэхүүний нэрээр лого бүтээлгэж, тухайн логог зах зээлд таниулах пи-ар төлөвлөгөө бэлтгүүлэн, төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцуулсан. Маркетингийн зөвлөх компанид гүйцэтгэсэн бүхий л ажил үйлчилгээнд нь 50 сая төгрөг төлсөн. Мөн энэ зуур барааны тэмдэг буюу бүтээгдэхүүнийхээ логог оюуны өмчийн газарт бүртгүүлэх хүсэлт гаргахад 50’000 төгрөг тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн. Барааны тэмдэг бий болгох, нийтэд таниулах, оюуны өмчид бүртгүүлэх зэрэг зардлуудаа нэгтгэн капиталжуулж, биет бус хөрөнгөөр бүртгэн, санхүүгийн тайландаа тусган татварын албанд хүргэсэн болов ч тайланг хүлээж аваагүй. 

Учир нь, хэрвээ А компани биет хөрөнгө, тухайлбал тоног төхөөрөмж худалдан авсан бол тухайн тоног төхөөрөмжийг тээвэрлэх, угсрах, суурилуулах, тохируулах зэрэг ашиглалтад бэлэн болгохтой холбоотой бүх шууд зардлыг капиталжуулан, тоног төхөөрөмжийн үнэлгээг нэмж бүртгэж болно. Эсвэл биет хөрөнгийг сайжруулах, тухайлбал ажлын байрандаа засвар хийсэн, ингэхдээ барилгын тоног төхөөрөмж түрээслэсэн, засварын бригад хөлсөлсөн, бараа материал тээвэрлэсэн бол тухайн бүх шууд зардлыг капиталжуулан бүртгэж, хөрөнгийн үнэлгээгээ нэмж болно. Ингэснээр мөн л цэвэр ашиг нэмэгдэж, улмаар хуримтлагдсан ашгаар дамжин хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж чадна.  Нөгөө талд, өөрийн бий болгосон барааны тэмдэг, мөн түүнтэй төстэй оюуны өмч, патентийн хувьд тэдгээрийг бий болгоход гарсан зардлыг бус зөвхөн оюуны өмчийн газарт бүртгүүлэх, оюуны өмчийг амжилттай хамгаалахад гарах зардлыг л капиталжуулж болохыг нягтлан бодох бүртгэлийн стандарт шаардана. Энэ дагуу бидний жишээгээр, А компани зөвхөн 50’000 төгрөгийн зардлыг капиталжуулан шинээр бүтээн бий болгосон барааны тэмдгээ биет бус хөрөнгөөр бүртгэж чадах нь. Гэвч энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгыг хангаж чадахгүй байна. Харин, барааны тэмдгийг худалдан авахад гарсан зардлыг капиталжуулахыг зөвшөөрдөг нь бүртгэлийн стандартын нэг “цоорхой”. Зардлыг капиталжуулж чадвал хувь нийлүүлсэн хөрөнгийг хуримтлагдсан ашгаараа нэмэгдүүлэх зорилгод хүрч чадна. Яаж тэр вэ?

А компанийн захирал У барааны тэмдгийг өөрийн зардлаар бий болгож, өөрийн нэр дээр оюуны өмчид бүртгүүлэн, дараа нь барааны тэмдгээ албан ёсны, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин, эсвэл үнэлгээний компаниар үнэлүүлсний дараа тухайн үнэлгээгээр компанидаа худалдаж болох юм. Компани барааны тэмдэг худалдаж авсан ба худалдан авсан зардлаа капиталжуулсан байдлыг санхүүгийн тайландаа тусгаж, компани ба захирлын хооронд байгуулсан гэрээ, биет бус хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр баримтжуулж, захирлын өмнөөс орлогын татвар суутган авч татварт төлөх үүргээ компани биелүүлнэ. Харин барааны тэмдгийн төлбөрийг захиралд мөнгөөр төлөх боломжгүй тул эзний тооцооны өглөг үүсгэж, тус өглөгийг хувь нийлүүлсэн хөрөнгөдөө шилжүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэр, хүсэлтийг албан ёсоор улсын бүртгэлийн албанд хүргэн бүртгүүлж, компанийн дүрмээ шинэчилснээр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж болох юм. Барааны тэмдгийг үнэлэх, баталгаажуулах, албажуулах байдал практикт нийтлэг бус байгаа ч нэгэнт дэлхий даяар бизнесийн үнэлгээн дэх биет бус хөрөнгийн хувь хэмжээ тасралтгүй өсч байгаа хандлагыг дагаж Монгол Улс оюуны өмчийн үнэлгээнд хэрэглэх эрх зүйн акт, стандартаа улам сайжруулан шинэчилж бизнесийн таатай орчин бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Энд хүрээд нийтлэлээ өндөрлөе. Таны бизнест амжилт хүсье.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Ч. Мөнхбадрах
Sanhuuch.mn-ий үүсгэн байгуулагч, бизнесийн зөвлөх

Төрийн банкны “100 сургагч багш” зорилтот хэсэгт санхүүгийн боловсрол олгоно

Өмнөх нийтлэл

Судалгаа: Хөрөнгө оруулагчдыг юу айлгадаг вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.