Монголын гар аргаар бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкл Морроутай хийсэн ярилцлагыг сонирхуулж байна.

Таныг зарим хүмүүс “Монголын фромажер” гэдэг. Энэ ямар утга учиртай нэр вэ?

“Фромаж” гэж францаар бяслаг, харин “фромажери” гэж бяслагны дэлгүүр гэсэн үг. “Фромажер” гэдэг нь бяслаг худалддаг, бяслаг үйлдвэрлэлийн талаар тодорхой мэдлэгтэй хүнийг хэлдэг учраас намайг тийнхүү нэрийдэх нь бараг л ахадсан болов уу. Монгол Улсад бяслагны зах зээл тийм ч өрсөлдөөнтэй биш. Би бол гэрийн бяслаг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн идэнгээ ганц, хоёр хундага дарс уух дуртай хүн. Миний бие Монголын нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн малын сүү, сүүн бүтээгдэхүүнд ихээхэн хүндэтгэлтэй ханддаг бөгөөд энэ нь Монголын малчдын амьдрал, тэр ч байтугай хүнд байдалд ороод буй Монголын экосистемийн цаашдын ирээдүйд чухал үүрэгтэй гэж үздэг.

Та яагаад Монголд ирэх болсон юм бэ?

Энэ их урт түүх. Вьетнамын дайны улмаас амьдрал нь орвонгоороо эргэсэн хойд америкчуудын нэг нь би л дээ. Хамгийн гол нь би эх орондоо эргэн очоогүй, Монгол Улс миний эцсийн зогсоол болоод байна. Би Азийн ихэнх улс оронд ажиллаж, амьдарсан хэдий ч Хонконг, Бээжинд илүү удаан амьдарсан. Силикон аллигийн БНХАУ дахь үйл ажиллагааг удирдан ажилласан нь намайг Монголд анх ирэх шалтгаан болсон. 2007 онд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, тус өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээ 10,000 ам.доллар байсныг 100,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Энэ өөрчлөлтийн талаар миний бие 2007 оны сүүлчээр олж мэдсэн. Бараг л 2007 оны сүүлчийн өдөр бид Монгол Улсад салбар компаниа байгуулж чадсан. Салбар компанийнхаа үйл ажиллагааг би хариуцах болж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар жилд хэд хэд ирдэг болсон. 2012 онд миний бие үндсэн ажлаа өгч, салбар компаниа худалдан авсны дараа Монголд суурьших болсон.

Та яагаад МАКУ-г эхлүүлэхээр шийдсэн бэ?

2014 онд Монголын бэлчээрийн малын гаралтай бяслаг үйлдвэрлэгчдийн тэргүүн У.Төмөрхуягтай танилцсан юм. Тэрбээр 1995 оноос хойш зуны улиралд тал нутагтаа бэлчсэн үнээний сүүгээр бяслаг хийсээр ирсэн. Намайг У.Төмөрхуягтай танилцуулсан найз маань түүнийг бяслагны бизнесээ орхиж байгаа талаар хэлэхэд нь би үнэхээр гайхсан. Учир нь би түүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц бяслаг хийдэг, 20 орчим жилийн туршлагатай гэдгийг нь мэддэг байсан. Зуны 100 хоногт гар аргаар бяслаг үйлдвэрлэдэг түүний арга барилыг бусад газарт дуурайн хийснээр алслагдсан газрын өрхүүдэд зуны улиралд нэмэлт орлого олох боломжтой гэж би үзсэн.

Малчдыг хэт олон малтай байна гэж хэлэх амархан хэдий ч ямааны тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр тэдний орлогыг нэмэгдүүлэх амаргүй. 

Малчдад хавар ноолуурнаас, намар нь махнаасаа орлого олох боломжтой хоёр л цаг үе байдаг. Харин сүү, цагаа элбэг зуны улиралд орлого олохгүй байх томоохон завсар үүсдэг. Миний зорилго бол дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц, олон нэр төрлийн, дээд зэргийн чанартай нэрийн бяслагны экспортыг Монголд хөгжүүлэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоороо хамтран ажилладаг гар аргаар бяслаг үйлдвэрлэгчдийн сүлжээг бий болгох явдал юм. Ийм зорилгоор Монголын гар аргаар бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо (МАКУ)-г 2015 оны сүүлчээр байгуулсан.

Та Монголд бяслагны 100 үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Энэ ажил хэр бодитой вэ?

“Би Монгол даяар бяслагны 100 үйлдвэр байгуулахыг хүсэж байна” гэж ярих бүрт хүмүүс намайг галзуу гэж боддог. Заримдаа би өөрийгөө ч галзуурсан гэж бодох үе бий. Монголд ийм сүлжээ байгуулах амаргүй ч, боломжтой бас маш их хэрэгцээтэй. Яагаад гэдгийг нь тайлбарлая. XXI зууны бэлчээрийн гол асуудал нь үр өгөөж багатай, хэт олон тооны мал өсгөж байгаа явдал юм. Нэг ямаанаас 400 грамм ноолуур авах боломжтой бөгөөд илүү их ноолуур авахын тулд нэмж ямаа авах хэрэгтэй. Хэрэв таны орлого ноолуурнаас хараат бол та ямаа нэмж авсаар л байх болно. Малчдыг хэт олон ямаатай байна гэж хэлэх амархан хэдий ч ямааны тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр тэдний орлогыг нэмэгдүүлэх амаргүй. Бяслаг үйлдвэрлэл нь малын тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр зуны улиралд орлогоо өсгөх боломж бий болгодог. Зургаагаас есдүгээр сарын хооронд үйл ажиллагаа явуулах бяслагны 100 жижиг үйлдвэр ойролцоогоор 2,000 тонн бяслаг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Үүний тулд эдгээр үйлдвэр 20 сая тонн буюу зуны турш бэлтгэсэн нийт сүүний хэдхэн хувийг л ашиглана. Манай ойр орчимд хангалттай зах зээл бий. ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Хонконгт олон сая тоннын зах зээл байна. Монгол Улсад энэ агуу том зах зээлийн өчүүхэн хэсэг байхад л хангалттай амжилт олно.

Бяслаг үйлдвэрлэлийн үр бүтээмжийг сайжруулах ямар төсөл дээр та ажиллаж байгаа талаараа танилцуулна уу?

Бид 2018 онд Улаанбаатар хотын захад бяслагны загвар жижиг үйлдвэрийг байгуулсан. Тус үйлдвэр нь олон улсын ариун цэврийн шаардлагыг хангасан, загварыг нь нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд хялбар, санхүүгийн хувьд үндэслэлтэй юм. Хөдөө орон нутагт төслүүдийг хэрэгжүүлэх шатандаа явж байна. Мөн бид бяслагаа үйлдвэрлэж, бяслагны нэр төрлөө нэмэгдүүлж, шинэ бяслаг үйлдвэрлэгчдийг сургасаар байгаа. Цаашид ч шинийг санаачилсаар байх болно.

Бяслагны үйлдвэрийг малчин өрхүүд олон нийтийн төсөл маягаар хамтран хэрэгжүүлэх нь хамгийн тохиромжтой. 

Манай дараагийн ажил бол загвар үйлдвэрээ нэмүү өртөг шингэсэн бусад үйл ажиллагаатай уялдуулсан, жилийн турш үйл ажиллагаатай, хог хаягдалгүй савлагаатай, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулан тэнцвэржүүлэх хөдөө аж ахуйн цогцолбортой болох явдал юм. Эдгээр төслийн зарим нь хэрэгжих шатандаа явж байна.

Цар тахлын энэ үед та бүхэн ямар сорилт, бэрхшээлтэй тулгарч байна вэ?

Өнгөрсөн өвөл Засгийн Газраас сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том найман үйлдвэрт сүү нийлүүлэгч иргэдэд нэг литр тутамд 500 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргасан нь бидэнд сүү олдох боломжийг хязгаарлаж, бяслагны үйлдвэрээ хаахад хүргэсэн. Үүнээс болж бид бяслаг үйлдвэрлэгч ажилчдаа, багаа алдсан. Энэ зун үйлдвэрлэл мөн л хэцүү хэвээр байгаа ч хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлж байна. Ковид-19 цар тахал гарсан ч өнгөрөгч онд дотоодын борлуулалт маш сайн байлаа. Бид үйлдвэрлэсэн бяслагаа ширхэгийн ч үлдэгдэлгүй борлуулж чадсанаас харахад дотоодод эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Одоо бид хөдөө орон нутагт баригдах шинэ үйлдвэрийнхээ барилгын ажлыг үргэлжлүүлж байна.

МАКУ гадаад улс орнууд руу бяслагаа экспортлодог уу?

Одоогоор бид багахан хэмжээний бяслагны дээжийг Тайланд, Япон, Хонконг руу экспортлоод байна. Мөн ОХУ, БНХАУ руу бяслаг экспортлохоор хичээн ажиллаж байна. Эдгээр улсын зах зээл рүү нэвтрэхэд Үндэсний Хөгжлийн Газар бидэнд тусалсан.

Танай бяслаг юугаараа онцлог вэ? Европт үйлдвэрлэсэн бяслагтай харьцуулахад юугаараа өөр вэ, та энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү?

Манай бүх бяслаг гараар буюу шууд, энгийн арга ашиглан түүхий сүүнээс бага хэмжээний бяслагийг тогтсон байршилдаа үйлдвэрлэдэг. Бэлчээрийн малын сүү гэдэг нь зэрлэг ургамал, өвсөөр хооллож чөлөөтэй идээшилдэг малын сүү гэсэн үг юм. Манай бяслаг цогц байгалийн орчноос гаралтай. Бяслагны маань амт, бусад шинж байдал нь онцгой, тэгээд ч бяслаг үйлдвэрлэгч болгоны орц найрлага нь өөр байдаг. Түүнээс гадна Монгол Улс нь үнээ, сарлаг, хонь, ямаа, тэмээ зэрэг өөр өөрийн онцлогтой олон төрлийн малын сүүнээс бяслаг гаргаж авдаг дэлхийн цөөхөн улсын нэг. Тиймээс ч манай бяслагууд өөр, өөр байх ёстой.

Танайх хэдэн төрлийн бяслаг үйлдвэрлэдэг вэ?

Улаанбаатар хотын захад байрлах загвар үйлдвэртээ бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийдэг. Нэг өдөр нь бид нэг төрлийн бяслаг, өөр нэг өдөр нь хоёр төрлийн бяслаг үйлдвэрлэх жишээтэй. Бид өөр өөр төрлийн бяслаг үйлдвэрлэхээс гадна техник арга барилаа хөгжүүлж, бусдыг сургадаг. Одоогийн байдлаар манай үйлдвэрт 15 төрлийн бяслаг бага хэмжээгээр үйлдвэрлэж байна. Эдгээрийн ихэнхийг миний гэр бүлийн хүн, бяслаг үйлдвэрлэгч Янзы нэвтрүүлсэн. Үүнээс гадна бид гадаадын орнуудаас бяслагны мэргэжилтнүүдийг урьж ирүүлснээр манай бяслагны нэр төрөл нэмэгдсээр байгаа. Ер нь бид 200 гаруй нэр төрлийн бяслаг үйлдвэрлэх зорилготой. Гэвч нэн тэргүүний зорилт бол 1-2 нэр төрлийн бяслагаар дагнан мэргэшсэн, хамгийн багадаа 100 бяслаг үйлдвэрлэгчтэй болох явдал юм. Энэ бол амаргүй ажил. Дээд зэргийн бяслаг үйлдвэрлэх зорилгод тууштай үнэнч байх Монгол бяслаг үйлдвэрлэгчдийг бий болох нь үнэхээр амаргүй гэж бодож байна.

Бяслаг үйлдвэрлэгчид МАКУ-д хэрхэн нэгдэж болох вэ?

Олон хүн нэгдэх сонирхлоо илэрхийлдэг нь сайхан. Бид олон шинэ нөхөд, хамтрагчтай болоод байна. Гэвч бодит байдал болон алсын хараа хоорондын ялгаа их. Нэн тэргүүнд хөрөнгийн асуудал байдаг. Бяслагны жижиг үйлдвэр байгуулан, ажиллуулах хангалттай хөрөнгийг хэрхэн босгохыг тооцоолох шаардлагатай. Бид тэдгээр хүмүүст төлөвлөлт, загвар дизайн, барилга, сургалт, бизнесийн хөгжил, маркетинг, борлуулалт гэх зэрэгт нь тусалдаг. Шинээр эхэлж буй бяслаг үйлдвэрлэгчдэд би өөрийн биеэр үйлдвэрлэлийн байрлалын сонголт, төлөвлөлт, шаардлагатай хөрөнгийн хэмжээг тооцоолоход нь зөвлөгөө өгдөг. Гарааны хөрөнгө 3-4 сая төгрөг шаардагддаг. Хоёрдугаарт, сүүний хангамж буюу сүүгээ хаанаас авах, литр тутамд хэдэн төгрөг төлөх талаар сайн бодох шаардлагатай. Сүүний хангамжгүй болох эсхүл сүүний үнэ хэт өндөр болсноор бяслаг үйлдвэрлэгчид бизнесээ орхидог. Зарим тохиолдолд хамаатны хүмүүс нь хангалттай тооны малтай учраас асуудлаа зохицуулаад явдаг. Ихэнхдээ бяслагны үйлдвэрийг малчин өрхүүд олон нийтийн төсөл маягаар хамтран хэрэгжүүлэх нь хамгийн зохимжтой.

Танай томоохон хэрэглэгчид хэн бэ? Хүнсний томоохон дэлгүүрүүд үү эсвэл зоогийн газрууд уу?

Бид 50 орчим борлуулалтын сувагтай, үүнд хүнсний томоохон дэлгүүрүүд, дээд зэрэглэлийн зоогийн газрууд, таван одтой зочид буудлууд ордог. Бид өөрийн бяслагны дэлгүүртэй. Манай дэлгүүр бол бяслагны дэлгүүр, жижиг зоогийн газраас гадна бяслагны бөөний худалдааны дэлгүүр юм. Бид бяслагаа тэндээ савлаж, хүргэлт хийдэг. Саяхан бид дэлгүүртээ согтууруулах ундааны зөвшөөрөл авсан болохоор бяслагны үйлдвэрлэл сэргэнгүүт дарс, бяслагны үдэш зохион байгуулна. Ирэх онд бид дахин нэг бяслагны дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа бөгөөд танай уншигчид удахгүй манай бяслагийг тэнд таашаан амтлах боломжтой болно хэмээн итгэж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Монгол зөвлөхүүд болон Хаан банкны хамтарсан баг олон улсаас алтан медаль авчээ

Өмнөх нийтлэл

ICT групп Melearn платформд нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.