Б.Шүрэнчимэг

Хөгжиж буй орнууд эдийн засгийн голлох салбаруудаа тодорхойлж, тэдгээрт түшиглэсэн төсөл хөтөлбөр боловсруулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжлийн тогтвортой байдлаа хадгалдаг. Харин манай улсын хувьд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг уул уурхай, газрын тосны салбар эзэлж байна.

Үнэхээр ч уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах хэд хэдэн шалтгаан бий. Гэхдээ эл салбарын хөгжлийг дагаад дэд бүтцийн асуудлууд зайлшгүй гарч ирдэг. Уул уурхайг тойрсон дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь хөрөнгө оруулалт татах ихээхэн боломжуудыг нээн өгч буй. Эрчим хүч, цахилгаан станц, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, усжуулах систем зэрэг бүтээн байгуулалтад хөрш орнууд болон бусад улсаас хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Мега төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, нэг төсөлд ногдох санхүүжилт сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байна. McKinsey институтийн судалгаанд дэлхийн дахинд эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалт 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг дурджээ. Тэр дундаа дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт жилд дунджаар 3.4 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд голлон том хэмжээний төслүүдэд чиглэх төлөвтэй байна гэж үзжээ.

Нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт шаардсан төслийг олон улсад мега төсөл гэж үздэг. Гэхдээ зарим улсад 500 сая доллараас дээш бол мега төсөл гэж нэрлэдэг аж. “Манай улсын хувьд зах зээл нь жижиг, хүн ам цөөн учраас хэр баргийн төслүүд мега төсөлд тооцогдоно” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан тодорхойлж байлаа. Гэхдээ үр дүн, үргэлжлэх хугацаа, амжилтгүй болсон тохиолдолд гарах сөрөг үр дагавар, хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадавх зэрэг нь энгийн төслөөс ялгаатай.                

Мега төслүүдэд зардал хэтрэх, хугацаа сунах, үйлдвэрлэл төлөвлөснөөс бага байх нийтлэг хандлага байдаг. Үүнийг “Мега төслийн төмөр хууль” гэж нэрлэдэг талаар Монгол банкны Судалгаа статистикийн газрын судалгаанд дурьдсан байдаг. Бид мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөгөө сайн боловсруулж, цаг алдахгүй гэхдээ бас яаралгүй маш нарийн судалгаатай хандах хэрэгтэй. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд хууль, эрх зүйн асуудлаа зөв болгох, улс төрийн ямар нэг эрсдэлгүй орчныг бий болгох шаардлагатай. Гэхдээ асуудлыг өөр хооронд нь уялдаа холбоотой шийдэх нь зүйтэй. Мега төсөлд нөлөөлдөг хүчин зүйлүүд асар их байдаг ч хамгийн гол нь бодлого төлөвлөлт, төслийн боловсон хүчин хэр бэлтгэгдсэн, төслийн менежмент, эрх зүйн таатай орчин юм. 

Манай улс 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталж түүнээс хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухай бүр хуулийн нэр томьёог өөрчлөх, хөрөнгө оруулалт хариуцсан байгууллагыг өөрчлөх зэрэг бүтэцтэй холбоотой өнгөц өөрчлөлт хийж байжээ. Түүнээс бус реформын шинжтэй цогц өөрчлөлт хийгдээгүй. 

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага бий болоод байгаа талаар Үндэсний хөгжлийн газрийн дарга Х.Батжаргал “Энэ бол зөвхөн хуулийн хэдэн зүйл заалт өөрчлөөд болох асуудал биш.  Хөрөнгө оруулалтын суурь өөрчлөлтийг цогцоор нь шинэчлэх асуудал яригдаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна Татварын тухай хууль, Газрын тухай хууль, Дипломат албаны тухай хууль зэрэг дагалдах хуулиудад ч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.  Нэр томьёоны өөрчлөлт, хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээг бий болгох, ойлгомжтой, шилэн данстай, хялбаршуулсан тогтолцоо бидэнд хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол зөвхөн эхлэл. Одоогийн хууль дахь хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларын заагт ач холбогдол өгөх шаардлагагүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдахаас өмнө түр 100 мянган ам.доллар байршуулаад дараа нь буцаан татаж авч байгаа асуудлыг хянадаг байх хэрэгтэй. Энэ 100 мянган ам.долларын зарцуулалт маш тодорхойгүй байна.  Харин тухайн хөрөнгө оруулагч Монгол Улсад хичнээн ажлын байр бий болгосон, хэр хэмжээний татвар төлсөн, хэр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь хамгийн чухал. Үүнийг нь үндэслэн Монгол улсад урт хугацаанд оршин суух,  хөрөнгө оруулагчийн гэр бүлийн визны асуудлыг шийдвэрлэх юм. Тэрнээс 100 мянган ам.доллартай дүйцэх автомашин, байр байшин худалдаж авсанаа хөрөнгө оруулсан гэж бүртгүүлээд Монгол Улсад суух виз авна гэдэг бол өрөөсгөл ойлголт гэдгийг онцолмоор байна. Тиймээс энэ бүгдийг цогцоор нь шийдсэний дараа мега төсөлд хөрөнгө оруулалт татах асуудал хялбар болно гэж харж байна” гэсэн юм. 

Тэгвэл манай улсад нэг тэрбум ам.долларт хүрэхгүй төсөвтэй ч  нийгэм, эдийн засаг, улсын төсөвт үзүүлэх нөлөөгөөрөө өндөр ач холбогдолтой 30 гаруй төсөл бий. Үүн дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломжтой санхүүжилт нь нэг тэрбум ам.доллар давсан мега төсөл цөөнгүй бий. Тэдгээрийн заримынх нь техник эдийн засгийн үндэслэл хийгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шатандаа явж байгаа юм.\

Тавантолгойн цахилгаан станц барих төсөл

Цар тахлын үед манай улсад гадаадын хөрөнгө оруулалт татаж буй цөөн  төслийн нэг нь Оюу толгой. 2010-2020 оны хооронд Оюу толгой компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 11,6 тэрбум ам.долларыг давснаас 4.5 тэрбум ам.доллар нь сүүлийн таван жилд ногдож байгаа юм.  Оюу толгой төсөл 2016-2020 оны хооронд 650 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний системээс худалдан авчээ. Үүнээс харахад жилд ойролцоогоор 160 сая ам.долларыг эрчим хүч худалдаж авахад зарцуулж байна. Хэрэв Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орвол төдий хэмжээний мөнгө дотоодод үлдэнэ.

 

Мөн өмнийн говьд уул уурхайн эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болох, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Цаашлаад цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, ажлын байр бий болох, жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд эерэг нөлөө үзүүлэх ихээхэн ач холбогдолтой төсөл билээ. Тийм ч учраас Засгийн газраас ойрын хугацаанд тус төслийг эхлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллах талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ сарын эхээр мэдэгдсэн. Энэ хүрээнд түлхүүр гардуулах гэрээгээр Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 90 хоногийн хугацаатай олон улсын нээлттэй тендер зарлаад байгаа. Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахаар төлөвлөжээ.

Ингэснээр 2025 онд 450 мВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авах юм байна. Төслийн санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас санхүүжүүлэх аж. Үлдсэн санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн тендерт оролцогч өөрөө санхүүжүүлэх юм. 

Манай улсын хөрш орнууд эрчим хүчний аюулгүй байдалдаа санаа зовж бүс нутгийн хамтын ажиллагааг маш хүчтэй явуулж байна. Энэ боломжийг манай улс ч гэсэн ашиглаж Тавантолгойн цахилгаан станц барих төсөлд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар эрчим хүчний салбарыг найдвартай болгох хэрэгтэй. Эл төсөл амжилттай хэрэгжсэнээр эрчим хүчний салбарт биеллээ олоогүй олон төслийн ирээдүйд эергээр нөлөөлөх мессежийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх нь дамжиггүй юм. 

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төслийн урьдчилсан ТЭЗҮ-ээс үзвэл тус төсөлд 1.9-2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд төслийг хэрэгжүүлснээр жилд нэг сая.тн зэсийн баяжмал боловсруулж 257 мянган тонн катодын цэвэр зэс, 5,7 тонн алт, 57 тонн мөнгө үйлдвэрлэх юм. Цэвэршүүлсэн алт, мөнгийг Монгол банкинд нийлүүлж, борлуулалтын орлого нь 1,638,7 сая ам.доллар байхаар тооцож байгаа аж. 

Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор 2022-2025 онд жилд 1.8-2 сая тонн зэсийн баяжмал гаргах бөгөөд тус үйлдвэрт  цэвэршүүлэн 99,999 хувийн сорьцтой зэс, алт, мөнгийг ялган авах юм. Зэсийг баяжмал хэлбэрээр экспортлохоос илүү бүрэн боловсруулж, арилжаалах нь манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой билээ. 

Зэсийн хэрэглээний 45 хувийг БНХАУ дангаараа эзэлдэг. Тиймээс Хятадын хөрөнгө оруулагчид зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа гэдгийг төслийн нэгжээс мэдээлсэн. Одоогоор хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг олон улсад мөрдөгдөж байгаа жишиг аргачлалын дагуу явуулж эхэлжээ. Энэ хүрээнд БНХАУ, Герман, Япон улсын долоон компани саналаа ирүүлээд байгаа аж. Түүхий эдийн нийлүүлэлтийг баталгаажуулж байгаа гэдэг утгаараа зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр нь хөрөнгө оруулагчдыг сонирхлыг ихээхэн татах боломжтой юм. Үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр, төр үнэ төлбөргүй эзэмших байдлаар гэрээ хийн ажиллах чиглэлийг баримталж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтыг 2022 оны эхний улиралд зохион байгуулахаар төслийн нэгж ажиллаж  байна.

Нүүрсний давхаргын метан хийн төсөл

Монгол Улс хүрэн нүүрсээ боловсруулж, байгалийн хий үйлдвэрлэх нь хамгийн үр ашигтай гэсэн судалгаа, тооцоолол гарсан. Тиймээс төрийн өмчит “Эрдэнэс Метан” ХХК-ийг байгуулж, 2017 онд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажил эхлүүлсэн. Судалгаагаар Тавантолгойн нүүрсний орд газарт метан хийн нөөц байгааг тогтоож, 2019 онд хайгуулын ажлыг “Эрдэнэс Метан” ХХК улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хийж гүйцэтгэсэн.

Улмаар нээлтэй сонгон шалгаруулалтын дүнд Австралийн “Жэйд Метан” ХХК санхүүжилтийн гэрээний дагуу хайгуулын ажлыг гурван жилд багтаан дуусгах үүрэг хүлээсэн гэдгийг төслийн нэгж онцолсон. Нөөц тогтоогдсон тохиолдолд нүүрсний давхаргын метан хий олборлож, эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангах, улмаар экспортлох, шинээр олон ажлын байр бий болох, нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэх боломжтой юм.

Нүүрсний давхаргын метан хийн төсөлд хөрөнгө оруулагч “Жэйд Метан” ХХК өнгөрсөн аравдугаар сард Австралийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, эл төсөлд 5.4 сая ам.долларыг татан төвлөрүүлж чаджээ. Биржийн дүрмээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөвхөн төслийн зорилгоор зарцуулагдах ёстой гэдгийг төслийн удирдлагын зүгээс онцолсон. Мөн хөрөнгө оруулагч талын Австралийн Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж байгаа үйл явдлыг хоёр өнцгөөс харах нь зүйтэй гэв.

Нэгдүгээрт, хөрөнгө оруулагч талын үйл ажиллагаа, аливаа хөрөнгө мөнгөний зарцуулалт ил тод, нээлттэй болж байна. Өөрөөр хэлбэл төсөлтэй холбоотой бүх зардал, зарцуулалт “шилэн” болж байгаа юм. Нөгөө талаар биржид бүртгүүлснээр хувьцаагаа чөлөөтэй арилжаалах эрхтэй болж, ингэснээр хөрөнгө оруулагч талын санхүүгийн чадавхи нэмэгдэнэ. Ингэснээр төсөлд шаардлагатай хөрөнгийг саадгүй гаргаж, төсөл амжилттай үргэлжлэх чухал нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Зөвлөхүүдийн чуулган 2021: Шинэ үеийн бизнестэй хэрхэн хөл нийлүүлэх вэ?

Өмнөх нийтлэл

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжих” Банк санхүүгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.