Манай улсад кино урлагийн салбар үүсэж хөгжөөд 90 орчим жил болж байна. Өнөө үед монгол киног дэлхийн түвшинд гаргах, олон улсын зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлага үүсээд буй. Энэ үүднээс өнгөрсөн долдугаар сард Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Тэгвэл Соёлын яамнаас кино үйлдвэрлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулах зорилгоор тус хуулийг дагалдан гарч буй журмын төслүүдэд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Кино урлагийн салбарт нэн түрүүнд яригдах асуудал бол боловсон хүчин. Өөрөөр хэлбэл, үндэсний кино урлагаа хөгжүүлье гэвэл найруулагч, продюсер,  кино зохиолч зэрэг мэргэжлийн уран бүтээлчид нэн тэргүүнд хэрэгтэй.

Соёлын яам 2022 онд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрх зүйн акт, норм, стандартыг батлах, тодорхой тооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дагалдан гарч буй 12 журам болон Кино урлагийн зөвлөл байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид Кино урлагийн зөвлөл байгуулахтай холбоотой асуудлыг онцолж, саналаа илэрхийлсэн юм.   

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

Энэ зөвлөлд улс төрийн томилгоо, ашиг сонирхол байх ёсгүй. Харин киногоор амьсгалдаг уран бүтээлч хүн байх хэрэгтэй. Тэр утгаараа уран бүтээлчдээс сонгох ёстой гэдэг шаардлагыг УИХ тавина гэж бодож байна. Бид кино урлагийн үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлах ёстой. Энэ бүхэн дээр уран бүтээлчдийнхээ саналыг маш сайн аваасай гэж хүсэж байна. Эл хуулиар кино уран бүтээлчдийг дэмжихээс гадна кино урлагттодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татах зорилготой. Тиймээс кино уран бүтээлчид маань хуулийн хэрэгжилтэнд анхаараарай.  

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл

Олон улсын уран бүтээлчидтэй ажиллаж байхад Кино урлагийн зөвлөлийн 60 хувь нь энэ салбарт ажилладаг уран бүтээлч, 40 хувь нь бусад томилгоо байсан. Швед улсад кино урлагийн бодлогын хорооны ёс зүйн зарчмыг хангахын тулд гишүүд нь байнга солигддог. Харин Францын кино урлагийн сангийн тэргүүн нь улс төрийн албан тушаалтан байдаг. Гэхдээ сангийн дэргэд жил бүр хараат бус хоёр шинжээчдийн хороо ажилладаг байх жишээтэй. 

Кино найруулагч, продюсер А.Миеэгомбо

Монголд хийгдэж байгаа киноны 90 орчим хувь нь арилжааны зорилготой. Бид арилжааны киног зохиогчийн кинотой хольж болохгүй. Тиймээс кино урлагийг дэмжих сангийн тодорхой хэмжээний төсвийг эргэн төлөх нөхцөлтэй байдлаар арилжааны кино секторт хуваарилах нь зүйтэй. Харин төсвийн дийлэнх хэсгийг арилжааны зорилго бага, илүү бүтээлч талдаа хийгддэг зохиогчийн кино секторт хуваарилах хэрэгтэй гэсэн саналтай байна. Гэхдээ арилжааны киног дэмжихгүй гэсэн үг биш. Арилжааны болон зохиогчийн кино секторт тус бүр тодорхой хэмжээгээр хуваарилах нь зүйтэй.

“Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр

Кино урлагийг дэмжих хуулийн төсөлд 10 жил ажилласан байна. Энэ хуулийг 100 хувь сайн хууль болсон гэж хэлэхгүй. Цаг хугацааны явцад зарим зүйлс нь өөрчлөгдөх байх. Гэхдээ ямартай ч кино урлагийг дэмжсэн хуультай болсонд баяртай байна. 

Кино урлагийн салбарт нэн түрүүнд яригдах асуудал бол боловсон хүчин. Өөрөөр хэлбэл, үндэсний кино урлагаа хөгжүүлье гэвэл найруулагч, продюсер,  кино зохиолч зэрэг мэргэжлийн уран бүтээлчид нэн тэргүүнд хэрэгтэй. Кино урлагийн зөвлөл салбарынхаа боловсон хүчнийг бэлдэхэд анхаарч ажиллаасай. Мөн хуулийг дагалдан гарах журам, заалтууд дээр боловсон хүчнээ бэлдсэн сургалтыг  оруулах хэрэгтэй. Хэчнээн сайн хуультай, мөнгө санхүүтэй байгаад мэргэжлийн чадварлаг боловсон хүчингүй бол олон улсад өрсөлдөж чадахгүй. 

Найруулагч Ц.Хүсэлбаатар

Энэ бол төрөөс үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг. Кино урлагийг дэмжсэн хуультай болсон учраас уран бүтээл хийхэд гадны хөрөнгө оруулалт татах тал дээр асуудал гарахгүй байх. Хамгийн чухал нь хуулийг дагаж гарч байгаа журмаа маш тодорхой, нарийвчилсан байдлаар гаргах нь чухал гэж бодож байна. Урлагийн зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувь нь кино урлагийн салбарт олон жил ажилласан уран бүтээлчид байгаасай гэж хүсэж байна. Кино урлагийн зөвлөл уран бүтээлчдээс бүрдсэнээр үйл ажиллагаа, шийдвэр нь амьдралд илүү ойр, бодитой байх болов уу. 

Б.Шүрэнчимэг

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Блокчейнд суурилсан автомашин угсрах үйлдвэрийг Монголд нээнэ

Өмнөх нийтлэл

Компанийн засаглалын түвшинг санхүүгийн чадавхитайгаа хэрхэн уялдуулах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.