Вэбсайт бол хаа нэг контент оруулаад орхидог, эсвэл байгууллагынхаа танилцуулгыг нийтлээд болчихдог “үхмэл” талбар биш. Харин эсрэгээрээ хүмүүс байнга орж гарч байдаг, тэр хэрээрээ борлуулалт авчирдаг үр дүнтэй хэрэгсэл байх ёстой. Тэгвэл таныг унтаж байхад ч орлого оруулдаг, компанийн тань 24 цагийн туслах шиг ажилладаг вэбсайттай болохын тулд юунд анхаарах вэ?

  • Урсгал татах. Түлхүүр үг, контент, хайлтын систем гэсэн гурван зүйлийн тусламжтай вэбсайтдаа урсгал татах боломжтой болдог. 
  • Урсгалыг борлуулалт болгох. Вэбсайтдаа ирсэн урсгалыг бүртгэж, дүн шинжилгээ хийсний үр дүнд хэрэглэгчийн дүрийг тодорхойлж, сонирхлыг нь нарийвчилах. Ингэснээр хаана урсгал алдаж, ямар контент борлуулалтад эергээр нөлөөлж буйг мэдэж чадах бөгөөд вэбсайтаа илүү сайжруулж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. 

Вэбсайтын контентын төрлүүдийг блог, дүрс бичлэг, вебинар, подкаст, вэбкаст, цахим ном, инфографик зэргээр ангилж болно. Контент бүтээхээс өмнө “Хэрэглэгчид маань хэн бэ?”, “Юунаас урам зориг авдаг вэ?”, “Юу сонирхдог вэ?” гэх зэрэг мэдээлэлд үндэслэн худалдан авагчийн дүрийг тодорхойлдог. Нарийн тодорхойлох тусам зорилтот бүлэгтээ хүрэх магадлал өсөж, контент үр дүнтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, контентыг сайтар төлөвлөж хийх хэрэгтэй гэдгийг  “Компассо” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Оргилбулган хэлж байна. 

Анхаарал татагдах, итгэл төрөх, шийдвэр гаргах гэсэн худалдан авалтын үе шатыг хэрэглэгчид дамждаг. Тухайн бүтээгдэхүүн өргөн хэрэглээнийх байх тусам энэ үйл явц богиносно. Харин бүтээгдэхүүний үнийн дүн өсөх тусам хэрэглэгч эдгээр үе шатад зарцуулах хугацаа уртасдаг. Энэ бүх үе шатаар дамжиж, эцэст нь хэрэглэгч худалдан авах шийдвэр гаргавал үр дүнтэй маркетинг хийлээ гэж тооцож болно. 

Харин вэбсайтын контентын тухайд сайн гарчигтай байх, болж өгвөл контент дотроо дэд сэдвүүдэд хуваагдаж байвал тохиромжтой байдаг. Ингэхдээ хэрэглэгчдэд тулгарч буй  асуудлыг шийдэх, асуултад хариулж, зөвлөгөө өгөхүйц хэмжээний агуулгыг боловсруулах хэрэгтэй. Мөн ганц нэгхэн контент оруулаад орхих биш, хугацааны хувьд тогтмол байлгахад анхаарах нь тухайн вэбсайтын гол түлш болдог. 

Сайн контент хийхийн тулд:

Тухайн компанийн үйл ажиллагаа явуулдаг салбарын хүрээнд хүмүүс гол төлөв ямар хайлт хийж буйг эхлээд тандах нь чухал. Хэрэв тэдгээр асуултад хариулт өгсөн контент хийж чадвал сайн контент гэж үзэж болно. Хэрэглэгчид юу хайж буйг мэдэхийн тулд түлхүүр үгийн судалгааг хийдэг. Тухайн бизнесийн талаар хэрэглэгчид интернэтээс хайлт хийж буй үг  бол түлхүүр үг юм.  

Байгууллагууд Facebook хуудсаа идэвхтэй ашиглаж, вэбсайтаа орхигдуулах хандлага ажиглагдаж байгаа ч мэдээж хэрэг ялгаа бий. Тухайлбал, Facebook ашиглан богино хугацааны үр дүн үзүүлэх боломжтой бөгөөд байнга контент нэмж, тогтмолжуулахгүй л бол үр дүн буурах хандлага ажиглагддаг. Харин вэбсайт нэг хүчээ авчихвал урсгал нь цааш нэмэгдэж байдгаараа ач холбогдолтой гэдгийг Б.Оргилбулган тодотгож байна. 

Түлхүүр үгийг бүтцээс нь шалтгаалж, богино сүүлт ( 1-2 үгээс бүрдэнэ бөгөөд цөөн түлхүүр үгээс бүтэж байгаа учраас олон сайт, контентд орох, давтагдах боломжтой. Энэ хэрээрээ өрсөлдөөн ихтэй), урт сүүлт түлхүүр үг ( 2-оос дээш үгээс бүрдэнэ. Онцлог нь чанартай урсгал татах, улмаар борлуулалт бий болгох зэрэг давуу талтай, өрсөлдөөн бага)  гэж ангилдаг.    

Дэлхийд өдөрт 5.6 тэрбум хайлт хийгддэг бөгөөд нийт сайтуудын 90.88 хувь нь Google -ээс урсгал татаж чаддаггүй гэсэн баримт бий. Тэгвэл урсгал авдаг үлдсэн есөн хувьд хэрхэн багтах вэ? 
Хайлтын системийн оновчлол хийхэд туслах алхмууд: 
  1. Техник ( Ачааллах хурд, гар утсанд харагдах байдал). Хэдхэн жилийн өмнө компьютероос ирэх урсгал их байсан бол одоо гар утаснаас ирэх урсгал маш их болсон. Өөрөөр хэлбэл, гар утсанд зориулсан вэбсайтын хувилбартай болох хэрэгтэй.
  2. On-page ( Текст дунд түлхүүр үг оруулах, гарчиг, meta тодорхойлолт, зургийн alt-text, URL зэрэгт анхаарах ). Эдгээр оновчлол нь тухайн контент хайлтад  дээгүүр байршилд харагдахад бидний зүгээс хийж чадах хүчин зүйлс. 
  3. Off-page ( Ижил төстэй вэбсайтуудад контентын холбоосоо байршуулах, контент нийтлэх зэрэг хэлбэрээр өөрийн вэбсайтд урсгал татах ).  

Вэбсайтаа хөгжүүлсний дараа аль болох хурдан Google Search Console -д бүртгүүлбэл, хайлтын үеэр дээгүүрт эрэмбэлэгдэн харагдах боломж бүрддэг. Харин бүртгүүлэхгүй бол ийм боломжгүйгээс хандалт багасна гэсэн үг. 

Дүн шинжилгээ: 

Google Analytics -ийг ашиглан вэбсайтын хандалтад дүн шинжилгээ хийснээр алдаа дутагдлаа сайжруулж, улмаар вэбсайтын гүйцэтгэлээ нэмж, борлуулалтаа өсгөх боломж нэмэгддэг. Тухайлбал, вэбсайтад ямар хүмүүс, хаанаас зочилж буй, аль сувгаас их хандалттай байгааг мэдсэнээр контентуудаа сайжруулж, маркетингийн зардлаа оновчтой хуваарилахад нөлөөлдөг. 

Бүртгэл: 

Вэбсайтад зочилсон хэрэглэгчдээ алдахгүйн тулд тодорхой боломжуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, чатботтой болох, тухайн хэрэглэгчийн и-мэйлийг вэбсайтдаа бүртгэн авах замаар тогтмол хэрэгтэй мэдээлэл хүргэх гэх мэт. 

Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарт “Вэбсайт, хайлтын системийг судалгаа маркетингдаа ашиглах аргууд” сэдвээр “Компассо” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Оргилбулган өөрийн туршлагаа хуваалцан оролцсоныг  бүтнээр үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгийн захирал Ц.Өнөржаргал “Төслийг амжилттай хэрэгжүүлэх 5 үе шат” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Захирал хүн захирагч биш

Өмнөх нийтлэл

Root cause analysis: Үзэгдэлд биш шалтгаанд хандах нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.