Ярилцсан М.Ариунзаяа

Шведийн аялал жуулчлалын 360° Монгол компанийг үүсгэн байгуулагч Жан Вигстентэй Монголын аялал жуулчлалын салбар, тансаг зэрэглэлийн аяллын талаар ярилцлаа. Тэрбээр цар тахлын үед аялал жуулчлалын компаниуд юунд анхаарах хэрэгтэй талаар мэргэжилтний хувиар санал бодлоо хуваалцав.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Жан Вигстен гэдэг, Швед улсын иргэн. Би Шведийн аялал жуулчлалын 360° Монгол компанийг үүсгэн байгуулагч. Монголд тансаг зэрэглэлийн аялал зохион байгуулдаг. Мөн би аялал жуулчлалын зөвлөх, ялангуяа эко аялал жуулчлал, хөдөө орон нутгийн хөгжил, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг. Өмнө нь би Байгаль хамгаалах олон улсын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн банк, CBI Нидерланд зэрэг олон улсын байгууллагуудад Энэтхэг, Өмнөд Америк, Зүүн Африкийн сафар дахь аялал жуулчлалын операторуудыг Европын зах зээлтэй холбоход зөвлөгөө өгч ажилладаг байсан. 1980-ээс 1990 -ээд оны эхээр Латин Америк, Карибын тэнгис, Скандинавын орнууд болон Ази тив рүү аяллын дизайнер, аяллын удирдагчаар ажиллаж байсан.

-Яагаад аялал жуулчлалын салбарт ажиллахаар шийдсэн бэ?

-Би Шведийн Готланд арал дээр төрж өссөн бөгөөд Стокхолмын их сургууль, Уппсала их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан юм. Анх өсвөр насандаа Готландын баруун эрэгт орших Стора Карлсо арал дээр аяллын хөтчөөр ажилд орж, хоёр цаг хагас үргэлжлэх явган аяллыг удирддаг байлаа. Стора Карлсо нь шувууны төрөл зүйлийн хувьд их баялаг гэдгээрээ алдартай. Тухайлбал, тус арал дээр 6000 гаруй гиллемот (guillemots), гагарка (razorbills) гэх оцон шувуу мэт шувууд нүүдэллэн амьдардаг. Ийм шувууд босоо хадан дээр үүрлэж, ихэнх цагаа далайд өнгөрөөдөг бөгөөд зөвхөн үүрэндээ буухаар ​​ирдэг. Ийнхүү би төрөлх нутаг Готланддаа аяллын хөтөч болж аялал жуулчлалын салбарт хөл тавьсан түүхтэй.

1974-1976 оны хооронд Ази, Өмнөд Америкаар хоёр жил ганцаараа аялсан. Англи хэлийг Карибын тэнгист байхдаа нутгийн хүмүүстэй ярьж, дадлага хийж сурч байв. Үүний дараа би ядуу буурай, хөгжиж буй улс орнуудаар аялахдаа олж авсан туршлагаа гүнзгийрүүлэхийн тулд их сургуульд улс орны хөгжил, олон улсын хөгжлийн байгууллагуудын талаар хагас жил суралцсан юм. Тухайн үед сургуулийн профессор маань намайг Кубд аяллын хөтөч болохыг зөвлөж байв. Түүний зөвлөгөөг даган 1978 онд Кубд аяллын хөтчөөр ажилд орж, жилийн дараа испани хэлтэй хөтөч хэрэгтэй өөр компанид ажиллаж эхэлсэн юм. Миний аялал Бразилын Рио Де Жанейрогоос эхлэн Игуассу хүрхрээ, Аргентины Буэнос Айрес, Боливи Улсын Аргү Ла Пас, Титикака нуур, Куско, Амазон, Перу улсын Лима дайран Нью-Йоркт өндөрлөдөг байлаа. Нэг өвөл зургаан удаа энэ маршрутаар аялж байв. Харин 1980-1984 оны хооронд ЗХУ, Хятад, Монгол улсуудад аяллын хөтчөөр ажиллаж байсан.

-Юу таныг Монголд авчирсан бэ?

-Анх 1980-аад онд Ю.Цэдэнбал гуай БНМАУ-ын удирдагч байхад Монголд аяллын удирдагчаар ирж байлаа. Тухайн үед Монголын аялал жуулчлалын салбар монополь байсан тул ганц Жуулчин агентлаг үйл ажиллагаа явуулдаг байсан. Тиймээс аяллын хөтөлбөрөөс үл хамааран жуулчид нэг хоногийн 120 ам.доллар төлдөг байв. Мөн Улаанбаатар хотоос зөвхөн Өмнөговь, Хужирт гэсэн хоёр чиглэл жуулчдад нээлттэй байж билээ. Гэсэн хэдий ч ангийн аялал хийх тусгай зөвшөөрөлтэй бол бусад бүс нутаг руу аялах боломжтой байсан юм. Амьтан агнах зөвшөөрлийг авахын тулд жуулчид асар их мөнгө төлөх шаардлагатай болдог байв.

Анх 1980-аад онд Ю.Цэдэнбал гуай БНМАУ-ын удирдагч байхад Монголд аяллын удирдагчаар ирж байлаа.

1990 он буюу Монгол Улс ардчилалд шилжсэний дараа Скандинавын Газарзүйн Нийгэмлэг надад Монголоор аялах аяллын хөтөлбөр зохиох хүсэлт тавьсан юм. Учир нь би Монголд аялал удирдаж байсан цөөхөн Швед хүмүүсийн нэг байлаа. Жуулчдад шинээр нээлттэй болсон Хөвсгөл, Ховд, Өмнөговь руу чиглэсэн аяллын эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байв. Иймд Скандинавын Газарзүйн Нийгэмлэгийн хүсэлтийн дагуу 1992 оны зун нэгэн зэрэг хоёр аяллын группыг Монголын нутгаар аялуулсан юм. ​​Удалгүй Монголд “Нүүдэлчин аялал” гэсэн нэртэй компаниа үүсгэн байгуулж байв. Тус компани маань одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсан хэвээр. Товчхондоо би Монгол орноор аялах аяллын хөтөлбөрийг дэлхийн зах зээлд зориулан хөгжүүлж ирсэн гэсэн үг.

-Бусад аялал жуулчлалын компаниудаас 360° Монгол компани юугаараа онцлог вэ?

-Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж байна. Тиймээс Монголоор аялах хүсэлтэй жуулчид илүү мэргэжлийн, тусгай захиалгат аяллыг эрэлхийлэх болж, тэдний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. 2017 онд үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийн дагуу аялал жуулчлалын 360° Монгол компаниа байгуулж, Монголд тусгай аяллын хөтөлбөр боловсруулж дэлхийн өнцөг булан бүрт буй хэн бүхэнд санал болгож ирсэн билээ. Аялал бүрийг үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийн дагуу тусгайлан зохион байгуулдаг. Энэ нь 360° Монгол компанийн гол онцлог юм. Манай вэбсайт дээр харагдаж буй аялал бол ердөө л жишээ аялал. Бид үйлчлүүлэгч бүрдээ тусгайлан аяллын хөтөлбөр боловсруулдаг. Ерөнхийдөө аялал жуулчлалын компаниуд тогтсон аяллуудыг тогтсон үнээр санал болгодог. Харин 360° Монголын хувьд бидэнд тогтсон аялал төдийгүй ханш байдаггүй. Учир нь бидэнтэй мэргэжлийн, тансаг зэрэглэлийн аялал хийх хүсэлтэй аялагчид холбогддог ба тэд аяллын зардал, үнэ ханшны талаар санаа зовох нь ховор байдаг. Өөрөөр хэлбэл, 360° Монгол тусгай тансаг зэрэглэлийн аялалыг санал болгодог гэдгээрээ онцлог юм.

-360° Монголын аялал дунджаар хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ? Мөн аяллын үргэлжлэх хугацаа хэд хоног байдаг вэ?

-Манай аяллын хувьд нэг хүн дунджаар нэг өдрийн 700-1000 ам.доллар төлдөг. Энэ нь манай үйлчлүүлэгчид адал явдал, хувийн эрх чөлөө, ганцаарчилсан аялалд дуртай чинээлэг аялагчид байдаг гэсэн үг. Энгийн аялал жуулчлалын компаниудын нэг өдрийн аялал 200-300 ам.доллар орчим байдаг. Хэрэв та үүргэвчтэй аялагч бол Монгол руу хийх аяллыг үүнээс хямд олох боломжтой гэж би бодож байна. Дээр дурдсанчлан 360° Монголын аяллын хөтөлбөр, үргэлжлэх хугацаа тогтмол биш учраас аялал бүр үйлчлүүлэгчийн хүсэлт, хэрэгцээнээс хамаарч өөр өөр байдаг. Би ихэвчлэн хамгийн багадаа Монголд 10 хоног аялахыг зөвлөдөг.

Та манай аяллыг тансаг гэж нэрлэж болно. Гэхдээ энэ нь аяллын туршид таван одтой зочид буудал, цагаан ширээний бүтээлэг, мөнгөн халбагаар хангана гэсэн үг биш юм. 360° Монголын хувьд энэ нь тансаг адал явдал гэсэн үг бөгөөд шаардлагатай бол бид онгоц, нисдэг тэрэг түрээслүүлдэг. Бид алслагдсан болон хөдөлгөөнт баазууд руугаа шууд нислэг үйлдэх боломжтой. Аялагчид маань бидний тусгайлан барьсан 360° хээрийн таван одтой баазад дангаараа байрладаг. Бид хээрийн майхны оронд монгол гэр, монголд үйлдвэрлэсэн ноосон хөнжил ашигладаг ба хувийн мастер тогооч, баазын менежер гээд тусгай аяллын баг хамт олон аялагчийн ая туухыг хангах болно.

Бидний санал болгодог гэртэй аялал нь Монголд аялах хугацаандаа хэд хэдэн газраар нүүж аялах боломжийг олгоно. Бид тусгайлан бэлдсэн гэр баазыг сарлаг, тэмээн тэргэнд ачин, отог хооронд нүүн аялдаг. Отоглох газруудыг маш сайн 360 градусын үзэгдэх орчинтой газруудаар сонгодог. Түүнчлэн бид орон нутгийн иргэд болон байгаль хамгаалах төслийн байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллахыг зорьдог билээ. Бидний үйлчилгээ хөдөлгөөнт, нүүдлийн байдалд дасан зохицох ёстой тул сонголт хязгаарлагдмал ч бид үйлчлүүлэгчдэдээ таван одтой үйлчилгээг санал болгохын тулд бүх хүчээ дайчилдаг. Жишээлбэл, хөргөгч авч явах боломжгүй тул бид сэрүүн хайрцгийг ашигладаг. Аялагчид зөөврийн майхан, бие засах газар, халуун шүршүүрт орох боломжтой. Энэ нь Монголын нүүдэлчин амьдралын онцлогийг мэдрүүлдэг. Та хэдэн өдрийн турш морь унах эсвэл явган аялал хийж, онгон дагшин газруудаар зугаалж, галын дэргэд од гэрэлтсэн үдшийг ширтэн тав тухыг мэдрэх болно.

Монголын хувьд тансаг зэрэглэлийн аялал гэдэг бол харьцангуй шинэ ойлголт юм. Би 2015  онд Мароккогийн тансаг зэрэглэлийн аяллын үзэсгэлэн худалдаанд монгол хамтрагчидтайгаа оролцож байлаа. 2017 онд компаниа байгуулж, Шведийн аж ахуйн нэгжээр бүртгүүлсэн юм. 2018 онд Монголд анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авч байв. Миний гол үүрэг бол Улаанбаатарт ирсэн үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзаж, тэдний мөрөөдлийн аяллыг төлөвлөх явдал юм. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг манай компаниар Монголд хэд хэдэн удаа аялсан байдаг. Би үүнийг Монгол Улс дэлхийн аль ч өнцгөөс хэнийг ч татах боломжтой гэдгийг хэлэхийн тулд дурдаж буй.

-Манай уншигчдад 360° Монголын санал болгож буй тансаг аяллын тухай дэлгэрэнгүй танилцуулах үүднээс өмнөх аяллынхаа нэгийг жишээ болгон дурдаж болох уу?

-За, хамгийн чухал нь Монголын сэтгэл татам, онгон дагшин байгалиар ганцаарчлан аялах боломжийг бид олгодог. Тиймээс, олон хүний бөөгнөрлөөс зайлсхийхийн тулд бид зургадугаар сард аль болох алдартай, ачаалал ихтэй жуулчлалын газруудаар аялахаас татгалздаг. Энэ нь бид зургадугаар сард Өмнөговь руу бараг явдаггүй гэсэн үг. Мөн долдугаар сараас наймдугаар сарын хооронд Найман нуур, Хөвсгөл нуур орчмоор огт аялдаггүй. Цаашилбал, бид зургадугаар сарын дундаас наймдугаар сарын дунд хүртэл баруун Монгол, Хангайн бүс нутгуудаас зайлсхийдэг. Учир нь энэ нь ялаа шумуул ихтэй үе юм. Бид 360° хээрийн баазын байршлаа нягт нямбай, болгоомжтой сонгож, олны хөлөөс зайдуу байршуулахыг хичээдэг. Хэрэв аялагчид маань хүсвэл монголын уламжлалт баяр наадмыг үзэх боломжтой.

Бидний аялал ихэвчлэн Улаанбаатар хотын Shangri-La зочид буудлаас эхэлдэг. Жишээ нь 2019 оны наймдугаар сард хийсэн аяллыг дурдвал аялагчид маань Өмнөговь аймгийн Даланзадгадруу арилжааны нислэгээр нисэж, тэндээсээ Говь Гурван Сайхан байгалийн цогцолборт газраар аялж, гурван тэмээ баазад буудалласан юм. Үүний дараа Дорноговь аймгийн Их нартын байгалийн нөөц газрын хувийн нисэх онгоцны буудал руу Сессна Караван хувийн онгоцоор чартерийн нислэгээр буусан байдаг. Нисэх онгоцны буудал дээр аялагчдыг тэмээн тэрэгтэй угтаж 360° хээрийн таван одтой баазад байрлуулж, дараа нь хадны зураг, археологийн үзмэр, янгир, аргал гэх мэт зэрлэг амьтадыг үзүүлж, танилцуулсан байдаг. Дараа нь Дорноговь, Хэнтий аймгаар аялаж 360° хээрийн таван одтой баазад бууж, үргэлжлүүлэн Рашаантийн хад, Өглөөгийн хана, Балдан Бэрээвэн хийдээр ландкруйзерээр аялсан байдаг. Аяллын төгсгөлд Сессна Караван хувийн онгоцоор Улаанбаатар луу нисэж, олон улсын нислэгээр шууд эх орон руугаа буцсан юм.

-Цар тахлын улмаас жуулчдын урсгал тасарсан энэ үед та ямар ажил хийж байгаа вэ?

-Цар тахлын үеэр би зөвлөхийн ажилдаа эргэн орсон. Дээр дурдсанчлан, би жуулчны бус улиралд Байгаль хамгаалах олон улсын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан болон бусад олон улсын байгууллагуудад зөвлөхөөр ажилладаг байсан. Одоогоор би Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж байна. Энэ нь илүү судалгаа төвтэй ажил бөгөөд бид цар тахлын дараа аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа хийж, зөвлөмж боловсруулж буй. Би Монголд байх хугацаандаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд оролцож буйдаа өөрийгөө их азтайд тооцдог. Судалгаа маань дуусаагүй тул би Монголд анх төлөвлөж байснаасаа илүү удаан хугацаагаар байх шаардлагатай болж магадгүй юм.

Хэдийгээр жуулчид Монгол орноор аялах боломжтой байгаа ч коронавирусийн тархалттай холбоотой гэнэтийн арга хэмжээнүүд аялалд нөлөөлж болзошгүй хэвээр байна. Энэ нь нислэг, зочид буудлын мөнгөө буцааж авах боломжгүй болох гэх мэт эрсдэлийг дагуулж байна. Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан жуулчид Монголд ирэхдээ хорио цээрийн дэглэмд хамрагдахгүй ч гэсэн хоёр долоо хоногийн турш өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай юм. Мэдээж аялал гэдэг бол байгаа газраа байх гэсэн үг биш. Монгол Улс богино хугацаанд хүн амаа вакцинжуулсан нь үнэхээр гайхалтай хэрэг. Гэвч Ковид-19-ийн шинэ хувилбар аялал жуулчлалын салбарт эргэлзээтэй байдлыг бий болгож буй нь харамсалтай. Монгол Улс ирэх зун олон улсын жуулчдад үүдээ бүрэн нээнэ гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр жуулчдын урсгал зөвхөн Монгол улсаас хамаарахгүй. Тухайлбал, хэрэв ирэх зунаас ОХУ эсвэл БНХАУ агаарын хилээ нээхгүй бол Монгол руу аялахад үнэтэй бөгөөд бэрхшээлтэй байх болов уу.

-Та Монголоос Швед рүү аялал зохион байгуулах төлөвлөгөө байгаа юу? Монголд үйл ажиллагаа явуулж буй Швед улсын иргэн эсвэл компани хэр байдаг вэ?

-Ойрын хугацаанд бол төлөвлөгөө байхгүй гэхэд болно. Учир нь хэд хэдэн аялал жуулчлалын оператор Швед, Франц гэх мэт Европын орнууд руу төрөл бүрийн аяллын хөтөлбөрүүд санал болгодог. Гэхдээ би тусгай аялал санал болгож магадгүй юм.

Миний мэдэхээр Монголд Oriflame, Alfa Laval, Scania, Atlas Copco зэрэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг Шведийн компаниуд байдаг. Монголд ажилладаг швед хүмүүс тийм ч олон биш, 10 дотор багтах байх. Ирээдүйд Шведийн компаниуд, хөрөнгө оруулагчдын тоо улам бүр нэмэгдээсэй хэмээн найдаж байна.

-Та Нидерланд Улсын засгийн газрын CBI төслийн хүрээнд Зүүн Африкт ажиллаж байхдаа аялал жуулчлалын компаниудад зөвлөгөө өгдөг байсан. Цар тахлын үед хүнд байдалд ороод буй аялал жуулчлалын компаниудад та ямар зөвлөгөө өгөх вэ?  Та Монголын аялал жуулчлалын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үү?

-Одоогоор би Монголын компаниудад зөвлөх үйлчилгээ санал болгохгүй байгаа. Учир нь би Монголын аялал жуулчлалын зах зээлийн тоглогчийн нэг. Тиймээс өрсөлдөгчид компаниудад зөвлөгөө өгөхөд ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй юм.

Гэхдээ би аялал жуулчлалын компаниудад аяллын нөхцөлөө эргэн нэг хараарай гэж зөвлөмөөр байна. Ерөнхийдөө, аялагч аяллыг ихэвчлэн урьдчилан захиалж, урьдчилгаа төлбөрийг төлдөг. Хэрвээ аялагч захиалгаа хэтэрхий орой цуцалсан тохиолдолд буцаан олголт өгөх боломжгүй болдог. Ийм байдал Европт маш их гарсан. Жишээлбэл, олон аялал жуулчлалын агентлагууд аяллаа зарж, үйлчлүүлэгчдийнхээ нислэгийн мөнгийг төлсөн боловч харамсалтай нь цар тахлын улмаас нислэгүүд цуцлагдсан. Агаарын тээврийн компаниуд аялал жуулчлалын агентлагуудад нислэгийн мөнгийг нь буцаан өгч чадаагүйгээс тус агентлагууд үйлчлүүлэгчдэдээ мөнгийг нь буцааж өгөх боломжгүй болсон юм. Хэрэв нөхцөл байдал үйлчлүүлэгчийн хяналтаас гарсан тохиолдолд аялал жуулчлалын компаниуд үйлчлүүлэгчдээ төлбөрийг буцааж өгөх чадвартай байх хэрэгтэй.

Үүнээс гадна ихэнх аялагчид 12 дугаар сард зуны амралтын төлөвлөгөөгөө гаргадаг. Энэ нь Монголын аялал жуулчлалын компаниуд 12 дугаар сараас эхлэн зуны аяллын хөтөлбөрүүдээ санал болгох шаардлагатай гэсэн үг юм. Хэрэв гурав, дөрөв эсвэл таван сард аяллаа гаргавал аялагчид амралтаа төлөвлөж, мөнгөө хурааж, нислэгээ урьдчилан захиалах боломжгүй болно. Жуулчид аяллын хөтөлбөрийг хүлээж, цаг хугацаагаа алдахгүйн тулд Монголоос өөр улсыг сонгохоос өөр аргагүйд хүрэх юм. Тиймээс аялал жуулчлалын компаниуд олон улсын жуулчдад аяллын хөтөлбөрөө нээлттэй болгоход ердөө гурван сар л байна. Мөн Монгол Улс цар тахлын үед хүн хоорондын зайг илүү хатуу мөрдөх шаардлагатай байна. Шведэд цар тахлын үеийн хязгаарлалтыг сулруулсан ч хүн хоорондын зайг хатуу дагаж мөрдсөн хэвээр байгаа.

Монголын аялал жуулчлалын салбарын хувьд ойрын 10 жилд жуулчдын тоог нэмэх шаардлагагүй болов уу?

Эцэст нь хэлэхэд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс цар тахлын дараа аялахыг маш их хүсэж байгаа. Энэ хугацаанд хүмүүс маш их мөнгө хэмнэсэн ба аялах боломж нээгдмэгц аялалдаа харамгүй мөнгө зарцуулах нь гарцаагүй. Иймд Монголын аялал жуулчлалын компаниуд энэ боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй.

-Монголын аялал жуулчлалын салбарт та ямар боломж байгаа вэ? Ямар орны жуулчид Монголоор аялах сонирхолтой байдаг вэ?

-Миний бодлоор франц хүмүүс Монгол орноор аялахыг их хүсдэг. Тиймээс Францын бараг бүх аялал жуулчлалын операторууд Монгол руу аялал санал болгодог. Энэ нь тэнд өрсөлдөөн ихтэйг илтгэж буй хэрэг. Манайхаар компанийн аяллын хөтөлбөрөөр аялсан жуулчид дунд франц хүмүүс байдаг. Гэхдээ тийм олон биш. Учир нь өндөр үнэтэй аялал сонирхох францчууд ховор. Бельги эсвэл Швейцар аялагчид 360° Монголоос аялал худалдаж авах их сонирхолтой. Мэдээж, статистик харвал Орос, Хятадын жуулчдын тоо өндөр. Гэвч Орос, Хятадаас ихэвчлэн бизнесийн зорилгоор Монгол руу ирдэг гэж бодож байна. Нэмж хэлэхэд, манай тансаг зэрэглэлийн аяллыг худалдаж авсан хүмүүс дунд Оросын алдартай одууд бий.

-Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарт Ковид-19-ийн нөлөөг арилгахын авсан арга хэмжээний талаар таны бодол?

-Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад шууд урамшуулал, дэмжлэг үзүүлсэн гэж бодохгүй байна. Гэхдээ арилжааны банкнууд хөнгөлөлттэй зээл санал болгосон байж магадгүй юм. Манай 360° Монгол нь Шведийн компани учраас бид Шведийн Засгийн газраас дэмжлэг авсан. Шведийн Засгийн газраас дэмжлэг хүссэн өргөдөл гаргагч компани бүр ажилчдын цалингийн тал хувийг нөхөх урамшуулал авч, тогтмол зардлын 70 хувийг татварын албанаас авах боломжтой. Миний бодлоор улс орнуудын засгийн газар аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бусад эдийн засгийн салбар цар тахлыг харьцангуй сайн даван туулж байна. Тэр ч бүү хэл цар тахлын үед илүү их ашиг орлоготой болсон компаниуд ч байгаа.

-Монголд аялал жуулчлал салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Аялал жуулчлалын салбар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлдэг.  Монголд энэ нь 11 хувь, Шведэд 4 хувь орчим байдаг.  Аялал жуулчлал нь Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь Монголын аялал жуулчлал улирлын чанартай. Шведтэй харьцуулахад монголын цас сэвсгэр, хуурай байдаг тул цанаар гулгахад хүндрэлтэй. Тиймээс Монголд цанын аялал хийх бараг боломжгүй. Гэсэн хэдий ч аялал жуулчлал нь ДНБ-д оруулсан хувь нэмрээрээ уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын дараа ордог чухал салбар.

Монголын аялал жуулчлалын салбарын хувьд ойрын 10 жилд жуулчдын тоог нэмэх шаардлагагүй. Тодруулбал, Монгол Улс жуулчдын тоонд нь биш харин чанарт анхаарах хэрэгтэй гэсэн үг юм.

Аялал жуулчлалын салбарт бид “өгөөжийг нэмэгдүүлэх (increasing the yield)” гэдэг. Өөрөөр хэлбэл, ижил үйлчлүүлэгчид илүү ихийг зарах, санал болгох гэсэн утгатай үг юм.

Жишээлбэл, аяллаа илүү сонирхолтой, илүү үнэ цэнэтэй болгож шинэлэг бүтээгдэхүүн санал болгосноор үйлчлүүлэгч тань Монголд удаан байж, илүү их цагийг өнгөрөөхийг хүсэх болно.

Миний одоо хийж буй судалгаа, аялал жуулчлалын компаниудад өгөх зөвлөгөө нь өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж буй. Монголын ихэнх аялал жуулчлалын компаниуд өгөөж бус зочдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал хандуулдаг. Тухайлбал, жижиг нуур байлаа гэж бодоход хэдэн зуун загасчин нэгэн зэрэг загасчлах боломжгүй юм. Гэвч ганцаараа загас барихын тулд ямар ч үнэ төлөхөд бэлэн нэг жуулчин байвал хамаагүй дээр гэсэн санаа. Үүнээс гадна аялал жуулчлалын компаниуд хүмүүсээ илүү чадваржуулах хэрэгтэй байна. Мэдээж энэ бол амаргүй ажил. Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжгүй аялал жуулчлалын компаниудын хувьд хүний нөөцөө алдахгүй байх гэдэг хэцүү. Энэ нь танд улирлын чанартай ажилчдыг ажиллуулахаас өөр сонголт байхгүй гэсэн үг.

Товчхондоо хамгийн том боломж бол жуулчдын тоог бус өгөөжийг нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд та дунд шатны менежментээ сургаж, олон улсын үйлчлүүлэгчдэд илүү шинэлэг бүтээгдэхүүн, туршлагыг санал болгож борлуулах хэрэгтэй. Монголын аялал жуулчлалын компаниуд үүнийг анзаарч ойлгон, өөрсдийгөө сайжруулсаар байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
М.Ариунзаяа

Төслийг амжилттай хэрэгжүүлэх 5 алхам

Өмнөх нийтлэл

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ Монголд” цахим арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.