2021 он Улаанбаатар хотын хувьд сорилтын бас, шинэчлэлийн жил байв. Өнгөрсөн оны эхний улиралд цар тахал эрчээ авч, хувь хүн, айл өрх, бизнес, улс орон гээд бүх түвшиндээ хязгаарлалтын нөхцөлд амьдарч, дараа нь шинэ нөхцөлд дасан зохицох үйл явц өрнөсөн. Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байсан ч хотын удирдлагад томоохон шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлэх түүхэн тохироо бүрдсэн гэж болно.

New normal

Хөл хорионы нөлөөнд хамгийн их автсан салбаруудын нэг нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар байв. Тиймээс хотын удирдлага 2021 оны зургадугаар сард “Хариуцлагын гэрээ” хэмээх шинэ механизмыг боловсруулсан. Нийт ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй Хариуцлагын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр үйлчлүүлэгчийн 50 хувиас хэтрэхгүй дүүргэлттэй ажиллахаар болсон.

Улмаар хариуцлагын гэрээ байгуулах ААН-үүдийн төрлийг аажмаар нэмсээр одоогоор бүх үйлчилгээний байгууллага халдвар хамгааллын дэглэмийг сахин хэвийн ажиллаж байна. Хэдийгээр энэ механизм багагүй шүүмжлэл дагуулж байсан ч цар тахалтай зохицон амьдрахад үр дүнгээ өгч чадсан шийдвэр болсон.

Хот “үндсэн хуулиа” шинэчлэв

27 жил болсны дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай” хууль нэртэйгээр шинэчлэн найруулж, эрх зүйн том шинэчлэл хийгдсэн. Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг, ДНБ-ий 64.5 хувь буюу 16 их наяд төгрөгийн үнэ цэн үйлдвэрлэдэг Улаанбаатар хотын хувьд төсөв, хөрөнгө оруулалт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлт дээр тодорхой хүрээнд бие даасан бодлого, менежмент хэрэгжүүлэх шаардлага эртнээс үүссэн байв.

2001 оноос хойш хотын дарга нар төсөв, санхүүгийн хязгаарлагдмал эрх мэдэлтэй, хотоос гадуурх газрын наймааны сүлжээг бүрэн хянах бололцоогүй, Засгийн газар орон сууц барих мөнгийг нь гаргаад өгдөг ч газрыг нь чөлөөлөх мөнгөгүй байсаар ирсэн. Уг хуулийг батлуулах нь үе үеийн хотын дарга нарын хувьд хамгийн чухал ажил байсан ирсэн. 2017 онд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын тогтоол гарч байсан ч УИХ-аар хэлэлцээгүй. Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт эдгээр асуудлыг эрх зүйн сууриар нь шийдүүлэх бололцоо бүрдсэн юм.

Дээрх хуулийг баталсан нь нэгдүгээрт нийслэл өөрийн асар их нөөц бололцоог ашиглан хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн. Тухайлбал, нийслэлийн өмчит үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгөө ашиглаад бонд, үнэт цаас гаргах эрхтэй болсон. Түүнчлэн хот бие даасан төсөвтэй, концесс олгох эрхтэй, хотын албан татвартай, нийслэлийг хөгжүүлэх тусгай сан байгуулах боломжтой болов.

Баримтлах хамгийн чухал зүйл бол бизнесийн чөлөөт өрсөлдөөн, шударга ёсны зарчим юм.

2022 оны нийслэлийн төсөв

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар нийслэл болон дүүргүүдийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж, төсвийн орлогын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдсэн.

2022 оны нийслэлийн төсвийн орлогыг 482 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд үүнээс 40 хувийг нь ААНОАТ-аас бүрдүүлэхээр төлөвлөжээ. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр болсон байна.

Хотын удирдлагаас хэрэгжүүлж буй нэгэн чухал бодлого нь нийслэлд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шууд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706 тэрбум гаруй төгрөгөөр баталсан.

74 зөвшөөрөл буюу бизнест ээлтэй бодлого

Шинэ жилийн өмнөхөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад тусгай зөвшөөрөл шаардлагагүй бол (тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, батламж гэсэн 3 төрөл байдаг) зөвшөөрөл шаардахгүй болсон нь бизнес эрхлэгчдэд барьсан том бэлэг байв. Бизнес эрхлэгчид өмнө нь 9-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 2-3 гэрээ хийж, дунджаар 14-30 хоногийг зарцуулдаг байсан тогтолцоог халж, 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудсыг цахимаар өгдөг болсон. Мөн тэдгээрийг сунгах тухай ойлголт алга болсон.

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулав

Энэ нь бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, ковидоос шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулахад яахын аргагүй чухал алхам болсон.

Тухайлбал үүнд зургаан нэрийн хүнсний дэлгүүр орно. Өмнө нь ЗДТГ-аас 10 гаруй материал бүрдүүлж зөвшөөрөл авдаг байсан бол тэдгээр материалаа шууд цахимаар явуулсны дараа тодорхой стандарт, шаардлагын дагуу үйл ажиллагаа эхэлж болно. Дээрх захирамжийг баталснаар нийт төрийн байгууллагын шалгалтыг 50 хувиар бууруулах аж.

Төрийн байгууллагын хүнд суртал, хяналт, шалгалтын дарамтыг багасгахын зэрэгцээ төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого эрчтэй явж байна. Нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт холбоотой 172 үйлчилгээ цахимд шилжиж байна. Үүн дотроос авлига, хүнд суртлын эрсдэл хамгийн өндөртэйд тооцогддог газрын харилцаатай холбоотой 32 нэр төрлийн үйлчилгээг цахим хувилбарт шилжүүлжээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Шинэчилсэн хууль: Хөдөлмөрийн улсын байцаагч ажлын байранд мэдэгдэлгүй чөлөөтэй нэвтрэх эрхтэй

Өмнөх нийтлэл

Бэрхшээлийг бэрхшээл багатай даван туулах нь (139)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.