Б.Оргилбулган. Сошиал медиа маркетер Компассо ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Оролцсон подкастыг сонсох бол энд дарна уу Вебинар сургалтыг нь үзэх бол энд дарна уу
Контент бол хаан хэмээн тэртээ 1996 онд Билл Гэйтс хэлж байжээ.
Интернет нь бүх хүнд контент хийх, зардал багатайгаар түгээх боломжийг бий болгосон. Нөгөө талаас хүмүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах арга барил өөрчлөгдөж тэд худалдан авалт хийхдээ интернетээс бодит мэдээлэл аван, түүндээ үндэслэн шийдвэр гаргадаг болоод байна.
Интернетээр бизнес эрхлэгчдэд тулгарах асуудлуудын нэг бол харилцагчдынхаа анхаарлыг хэрхэн татан вэб сайтдаа зочлуулахад байдаг.
Интернет орчинд хүссэн харилцагчдынхаа анхаарлыг хэрхэн татах вэ?
Мэдээж хэрэг сайн контент хийх замаар. Сонирхол татах, сайн контент хийснээр интернет орчноос танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох тэр хэсгийн анхаарлыг татах боломжтой болно. Нийтлэл буюу блог бичих нь контентын нэг төрөл бөгөөд зардал бага, хэн бүхэн хийх боломжтой байдгаараа давуу талтай байдаг.
Хэрхэн сайн контент хийх вэ?
Интернет орчноос өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох тэр хэсгийг олно гэдэг нэг бодлын загас барихтай адил юм. Ямар загас барих вэ гэдгээс хамаараад хаанаас барих вэ, хэдийд барих вэ, ямар өгөөш хэрэглэх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй болдог. Өгөөшөө сонгохдоо барих загасандаа нийцүүлэх нь хүссэн загасаа барихад тустай байдгийн нэгэн адил бичих нийтлэлийнхээ сэдвээ сонгохдоо зорилтот хүмүүсийнхээ хүсэл, сонирхолд нийцүүлэх нь хүссэн худалдан авагчдаа олоход тусална. Тэгэхээр сайн нийтлэл бичихийн тулд сэдвээ зөв сонгохоос эхэлнэ.
Нийтлэлийнхээ сэдвээ сонгохдоо зорилтот хүмүүсийнхээ хүсэл, сонирхолд нийцүүлэх нь хүссэн худалдан авагчдаа олоход тусална.
Бүх нийтлэл, контент цахим орчинд хурдан тархдаггүй. Зарим нь үр дүнтэй байдаг бол зарим нь үр дүн муутай байдаг.
Гол асуудал нь сайн, бүр маш сайн контент хэрхэн хийх тухай юм. Контентын хамгийн түгээмэл хэлбэр болох сайн нийтлэл бичихийн тулд хийх хэрэгтэй 5 зүйлсийн тухай дурдвал:
- Сайн нийтлэл гэж юу болохыг ойлгох хэрэгтэй
Сайн нийтлэлийн үндэс суурь нь баримтаар баталгаажсан байх явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нийтлэлийнхээ дүгнэлтээ туршилт, судалгаа, хувийн туршлагаар хүчитгэнэ гэсэн үг.
Та ямар нэг зүйл туршиж үзсэн үү? Үр дүнг нь нийтлэлдээ оруул. Хувийн туршлага хүмүүсийн анхаарлыг ихээр татдагийг бодолцох хэрэгтэй. Тэд таны туршилт хэр үр дүнтэй байсныг мэдэхийг хүсэх болно. Тэдэнд хэрхэн алдахаас сэргийлэх тухай зөвлөгөө өг.
- Контент маркетингийн стратеги боловсруулах
Вэб сайт руу ирэх харилцагчдын урсгалыг бий болгож, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тодорхой стратегитай байх нь илүү үр дүнтэй.
Стратеги тодорхойлох:
а. Контентын зорилго юу вэ? Харилцагчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үү? Анхаарлыг нь татахад уу? Эсвэл борлуулалтаа нэмэхэд үү?
б. Худалдан авагчдаа судлан тэдний тухай сайн мэдэх. Тэд ямар зорилготой вэ? Тэдэнд ямар бэрхшээл, асуудал тулгарч байна вэ? Сошиал медиа аль сувгийг ихэвчлэн ашиглаж байна вэ гэх мэт. Сайтар судалснаар контентоо тэдний хүсэл, сонирхолд илүү нийцүүлэх боломжтой болохоос гадна тэд хайлтын системд ямар түлхүүр үг хэрэглэж болохыг мэдэх тул судалгааг огт орхиж болохгүй.
в. Аль сошиал сүлжээгээр түгээх вэ? Долоо хоногт хэдэн контент хийх вэ зэргийг тодорхойлох.
г. Нийтлэх хуваарь гаргах.
- Сайн гарчиг бодож олох
Яагаад гарчиг чухал вэ? Анхаарлыг нь татах сайн гарчиг өгснөөр л зорилтот харилцагчдынхаа сонирхлыг нь татах боломжтой юм. Гарчигтаа хувийн туршлага, туршилт, судалгаа зэргийн үр дүнг илэрхийлсэн тоо баримт оруулах нь анхаарлыг татах нэг арга юм.
Интернетээс олсон бусад статистик, тоо баримт, салбарын тренд зэрэг мэдээллийг мөн гарчигтаа оруулах нь үр дүнтэй.
Жишээ нь: “Өнөөдөр 3 жилийн өмнөхтэй харьцуулахад блог бичигсдийн тоо 20 хувиар илүү байна”.
“Яагаад блог бичигсдийн 20 хувь нь харилцагчаа татахдаа хүндрэлтэй тулгарч байна вэ?” гэх мэт.
Гарчигтаа энэхүү нийтлэл нь юуны тулд, ямар зорилготой болох тухай мэдээлэл оруул. Магадгүй та хайлтын системээс ирэх урсгалыг нэмэгдүүлэх гэж байна уу? Борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх гэж байна уу? Вэб сайтад бүртгүүлэгчдийн тоогоо нэмэгдүүлэх гэж байна уу гэдгээ бодолцож хийж байгаа контентоо түүндээ уялдуулах хэрэгтэй.
Жишээ нь: “Блог, нийтлэлээс ирэх харилцагчдын урсгалыг нэмэгдүүлэх 7 стратеги”.
- Нийтлэлийн төлөвлөгөө хийх
Сэдвээ сонгоод ямар мэдээлэл оруулахаа судалсны дараа хийх ажил бол төлөвлөгөө бичих. Нийтлэлийн эхний хэсгийг бичих нь магадгүй хамгийн хэцүү байдаг. Гэхдээ сайн төлөвлөгөө хийвэл юу хийхээ том зургаар харах боломжтой болох тул бичихэд илүү хялбар болно. Төлөвлөгөө гэдэг нь юуны тухай бичих зураглал буюу дүгнэлтүүд, дэд гарчгууд, гол санаануудын дараалал юм.
- Блог буюу нийтлэлээ бичих
Нийтлэлдээ болон нийтлэлийн дүгнэлтдээ хүчтэй санаануудаа оруулах нь уншигч нийтлэлийн гол санааг хурдан ойлгоход тусалдаг.
Сайн нийтлэл бичихэд анхаарах 4 зүйлс:
- Сэдэвт анхаарал хандуулах. Хэрэв сэдэв вэб сайтын тухай бол гол санаанууд түүний л тухай байх, маркетингийн тухай биш.
- Уншигчдадаа хандахдаа олон тоон дээр биш нэг тоон дээр хандах.
- Санаануудаа товч, тодорхой илэрхийл. Хэт нурших хэрэггүй.
- Бусад блогерууд хэрхэн бичиж байна? Тэднээс суралц.
Сайн контент хийсэн хэдий ч хэрэв түүнийг оновчтой түгээж чадахгүй бол хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Хайлтын системээс үнэгүйгээр харилцагчдын урсгал авах нь тодорхой хугацаа шаарддаг бөгөөд сошиал медиа сувгуудаар жишээ нь Фэйсбүүкээр төлбөртэйгөөр контентоо түгээх нь богино хугацаанд олон хүнд хүргэхэд илүү үр дүнтэй байдаг.
Вэб сайт руу ирэх харилцагчдын урсгалыг бий болгож, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тодорхой стратегитай байх нь илүү үр дүнтэй.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчдадаа ойлгуулах, зорилтот бүлгийн анхаарлыг татахын тулд нийтлэл, блог бичих нь эхлэгчдийн хувьд хурдан хугацаанд үр дүнд хүрэхгүй байх талтай хэдий ч, тогтмол бичин хэвшил болгож чадвал сайжирч улмаар салбартаа туршлагатайгаа бусдад таниулах, зардал багатайгаар зорилтот харилцагчдынхаа анхаарлыг татан борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.
Юунаас эхлэхээ мэдэхгүй бол харилцагчдынхаа гол асуудлуудыг олоод түүнд нь хариулт өг. Хэрхэн зөвлөгөө өгөх вэ хэмээн санаа зовох хэрэггүй, учир нь уг асуудалтай холбоотой бусад нийтлэлүүдийг гүүглээс хайж олж, санаа авах боломжтой.