Өсөх стратегиТоп нийтлэл

Эхлээд нэгд, дараа нь хамтар

1

Bank of China Монгол улсад нэвтрээд зургаан жил өнгөрсөн ч одоог хүртэл бодитой үйл ажиллагаа явуулаагүй. Тэд “Бид Монгол дахь арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Дотоодын банкуудын хүрч чадахгүй байгаа томоохон төслүүдэд хүрч ажиллана” гэлээ. Тодруулбал, нэг аж ахуйн нэгжид 100 сая ам.доллар хүртэлх санхүүгийн тусламжийг жилийн таван хувийн хүүтэйгээр өгөх боломжтой юм. Bank of China дээрх саналыг Азийн төлөөх Боао форумын Улаанбаатар дахь анхны чуулганы үеэр Монголын талд тавьсан юм. Харин Монголын тал Bank of China-г Монгол бизнес эрхлэгчдэд синдикат зээл олгох боломжтой талаар асуув. /Синдикат /хамтарсан/ зээл гэдэг нь банкууд төслийн зээлийн эх үүсвэрийг бий болгохын тулд хамтарсан санхүүжилт хийх түгээмэл арга хэлбэр юм. Хамтарсан санхүүжилтийг хийхдээ, нэг банк нь хөтлөгчөөр ажиллан, төслийн санхүүжилтийг оролцогчдын тоогоор хувааж гаргадаг, эрсдлээ хамтарч үүрдэг аж/

Азийн төлөөх Боао форумын Улаанбаатар дахь бага хурлын үеэр яригдсан сэдвүүдээс Монголын бизнес эрхлэгчдэд чухлаар нөлөөлөх яриа, хэлэлцээр бол Bank of China-н аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний нөхцөл байлаа. Түүнчлэн БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аль салбарыг илүүтэйгээр сонирхож буй нь Монголд үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татаж байв. 

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид манай улсын хөдөө аж ахуйн болон аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлэв. Харин Азийн төлөөх Боао форумын хүндэтгэлийн тайзан дээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү уул уурхайн томоохон төслүүдээ танилцуулсан. Үүний дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагчид “Бид уул уурхайн салбарт хөрөнгө оруулахдаа гүний олборлолт чиглэлийн төслүүдийг илүүтэйгээр сонирхож байна” гэв.    

Азийн төлөөх Боао форумын нэгэн зорилго нь Ази болон бусад бүс нутгийн улс төрчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдын хооронд ажил хэргийн сүлжээ байгуулах, өргөжүүлэх замаар өөрийн гишүүн аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал аж. Энэ хүрээнд БНХАУ-ын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид Монголын томоохон төсөл, бизнестэй танилцаж, уулзалт яриа хийсэн. 

Форумд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны засгийн газрын болон хувийн хэвшлийн 300 орчим төлөөлөл оролцсон.

 

Хөгжлийн интеграцид Монгол улсыг нэгтгэх асуудалд чухал үүрэг гүйцэтгэх Боао форумд хоёр талаас өндөр ач холбогдол үзүүлж Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүүн нар хүрэлцэн ирж хоёр орны байр суурийг илэрхийлэв.  

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улс дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирсэн  

Өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь улс орнуудын харилцан уялдаатай үйл ажиллагаа юм. Улс орнууд байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг даван туулахдаа дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамтын зорилгоо болгож байна. Гэвч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц, боломжид эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага ажиглагдаж байна. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд давуу талаа ашиглан бие биенийхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь Азийн төлөөх Боао форумын гол санаа билээ. Монгол улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн интеграцид идэвхтэй хамрагдах, бүс нутаг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтыг шийдвэрлэхэд өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирсэн. Манай улсын өмнөд хөрш БНХАУ ч мөн өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнууддаа хуваалцан хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлж байна.  

 

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан: Улс хоорондын уялдаа холбоо харилцан хамаарлаас шалтгаална

Азийн төлөөх Боао форум Монголд болж байгаа нь тохиолдлын зүйл биш. Энэ нь бүс нутагт манай улсын эзлэх байр суурь тогтмол сайжирч байгааг илтгэж байна. Мөн бидний урт хөрштэйгээ харилцах харилцаа өндөр хэмжээнд хөгжиж байна. Энэ харилцааг бид яаж тогвортой болгох вэ гэхээр эдийн засаг, бизнесийн боломжуудыг улам нээлттэй болгож, дотоодын болон гадаадын компаниудад боломжийг танилцуулах хэрэгтэй. Ингэснээр шинэ төслүүд биелэлээ олох нөхцөл боломж үүснэ. Боао форумын нэг гол сэдэв нь connectivity буюу холболт байна. Энэ нь улс хоорондын уялдаа холбоо зөвхөн нэгнээсээ хамаарсан бус харилцан хамааралтай, бизнесийн хувьд харилцан ашигтай байдлаар явахыг хэлж байгаа юм.

 

Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн: Монгол улс хөгжил цэцэглэлтэд хүрч чадна  

Хамтын хөгжил бүх хүнд хөгжиж дэвжих боломж олгодог онцлогтой. Энэ нь хэнийг ч ардаа бүү үлдээ гэсэн утгыг агуулж байгаа юм. 21-р зуун хүн төрөлхтөнд юу өгч чадахыг хүн бүр мэдрэх ёстой. Монгол Улс хамтын хөгжлийн ашиг тусыг хүртэж, энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрч чадна.   

 

Азийн төлөөх Боао форум БНХАУ-ын Хайнань мужийн Боао-д 2001 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан.

 

БНХАУ-ын засаг захиргаа болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд “Нэг бүс, Нэг зам” санаачилгад Монгол улсыг дорвитой нэгдэх хэрэгтэйг сануулж байлаа. Харин үүнд хэрхэн нэгдэх талаар салбарын сайдууд болон бизнесийн зөвлөлүүдээс тодрууллаа. Тэд эхлээд өөр хоорондоо нэгдэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.  

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Гадны хөрөнгө оруулагчдад бодит ажил болохуйц төслүүдээ санал болгох хэрэгтэй 

 

Чуулга уулзатын үр дүнг хэрхэн харж байна вэ?

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд уг Бага хурлыг зохион байгуулж байна. Уг форумыг Монголд анх удаа хийж байгаад бид их баяртай байгаа. Учир нь тухайн бүсийг бүхэлд нь сонирхсон томоохон бизнесийн төлөөллүүд, хөрөнгө оруулагчид Боао форум дээр цугладаг. Тодруулбал, зөвхөн БНХАУ-тай хамтарч бизнес хийх бус тухайн бүс нутгийн хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн ажиллах вэ гэсэн том дүр зургаар асуудлыг харж ярьдаг бизнес эрхлэгчид Boao форумын хүрээнд манай улсад хүрэлцэн ирж байгаад нь олзуурхууштай байна. Бан Ги Мүүн дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж уг арга хэмжээг даргалж байгаа нь энэ удаагийн Боао форумын Улаанбаатарын бага хурлын цар хүрээг илтгэж байна. Монгол улсын зүгээс тавьж байгаа гол зорилт бол эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа харьцангуй жигдэрсэн энэ үед шинэ зах зээл нээх, тэрхүү боломжийг бизнес эрхлэгчиддээ олгох юм. Үүний тулд худалдан авагчдыг улс эх орондоо авчрах эсвэл бизнес эрхлэгчидээ олон улсын форумд оролцуулж байх хэрэгтэй. Энэ дундаас гадны хөрөнгө оруулагчдыг Монголдоо авчирч чадаж байвал илүү үр дүнтэй. Учир нь олон улсын бизнес эрхлэгчид Монголын нөхцөл байдлыг өөрсдийн нүдээр харж, судлах боломжтой болдог. 

Эдгээр боломжийг ашиглахын тулд бизнес эрхлэгчид юун дээрээ анхаарах ёстой вэ?

Энэ бол маш чухал. Бид уулзалт хийгээд, орон зайг нь бэлдэж өгөхөд манай бизнес эрхлэгчид өөрийн төслүүдээ сайн боловсруулсан, тооцоогоо нарийн чанд хийсэн, хамгийн чухал нь хүн итгэхүйц, бодит ажил хэрэг болохуйц саналуудаа гадны хөрөнгө оруулагчдад тавих хэрэгтэй. 

Гадаад харилцааны яамны зүгээс БНХАУ-тай хамтрах тал дээр юуг чухалчилж байгаа вэ?

Би Боао форумын үеэр боловсрол дээр илүүтэйгээр анхаарлаа хандуулах санал хэлсэн. Тодруулбал, форумын хүрээнд боловсролын чиглэлээр илүү их арга хэмжээ, хөтөлбөр зохион байгуулах хэрэгтэй байна. Учир нь сурах хүсэлтэй залуучууд маш их байна. Боловсрол нь өнөөдрийн мэдээллийн ертөнцөд хүний хоолоо олж идэх хамгийн найдвартай арга юм. 

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулахад хэрэгтэй бүхий л мэдээллээр хангах нь чухал

  

Чуулга уулзалтын дараа бодит байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хувийн хэвшлүүдийн хоорондын гэрээ байгуулах ажлыг засгийн газар зохион байгуулахад хэцүү. Мэдээлэл байхгүйгээр бусад улс оронд хөрөнгө оруулалт хийнэ гэж байдаггүй. Тиймээс бидний нэн түрүүнд зорьж байгаа ажил бол энд ирсэн томоохон хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулахад хэрэгтэй бүхий л мэдээллээр хангах явдал юм. 2017 онд Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлалын үеэр 30 гаруй хамтран ажиллах гэрээ зурагдсан байдаг. Үүнээс зургаа нь засгийн газрын хоорондын ажил байсан бол үлдсэн нь хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны гэрээ байсан. Эдгээр төслүүдээс зарим нь хэдийнэ ажил хэрэг болоод дараа жилээс нээлтүүдээ хийхэээр бэлдэн ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдийн хувьд БНХАУ-тай харилцах тал дээр олон улсын стандартын дагуу байж чадахгүй тохиолдол байдаг. Тэ энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

Манай улсын томоохон бизнесүүд БНХАУ-д очихоор дундаж бизнес болж хувирдаг. Харилцаа холбооны хувьд ч тэр амаргүй байдаг. Харилцаа тогтоох хамгийн чухал арга бол хоорондоо мэдээлэл бүрэн дүүрэн, дүргэн шуурхай солилцох явдал юм. Мөн мэдээлэл ил тод байх нь хамгийн чухал. Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаарх мэдээ мэдээллүүдийг хоорондоо түргэн шуурхай солилцдог болсон. Гадны хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулах сонирхолтой. Түүнчлэн ханган нийлүүлэх боломж бололцоо бидний хувьд бага байгаа учраас салбараараа хамтран ажиллавал илүү боломж байна. 

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Аль ч салбарын бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд худалдаж авах улс бол Хятад, ялангуяа Өвөр Монгол

 

Ази болон бусад бүс нутгийн хамтын хөгжилд Монгол бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэг юу байх вэ?

Ази тив дэлхийд тэргүүлэх бүс нутаг болоод хувирчихлаа. Азийн улс орны иргэдийн орлого сайжирч байна. Энэ бүс нутгийн хөгжил өдрөөс өдөрт хөгжин дээшилж байна. Бүс нутаг дахь улс орнууд хөгжлийн түвшингээрээ биднээс аль хэдийн түрүүлчихсэн. Тэгвэл энэхүү хөгжлийн интеграц руу бид яаж зөв нэвтрэх вэ гэдэг өнөөдөр монголчуудын хамгийн том даалгавар болсон. Жишээ нь Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн “Монгол улс цаашдаа жинхэнэ ардчилсан тогтолцоотой улс болж, хувийн хэвшлээ дэмжиж байж, татвараа нэмж байж, боловсрол болон хүмүүстээ анхаарч байж хөгжинө” гэж байна. Энэ бол хүн болгоны ойлгож мэддэг зүйл. Гэтэл бид яагаад хийж чадахгүй байна вэ? Бид интегарцид орж байж л бусад улс орны адил хөгжих болно. Өнөөдөр бидэнд маш олон асуудал тулгарчихаад байна. Үүнийгээ нийлж ярилцаад, ойлголцоод урагшаа харахгүй бол бүс нутгаасаа ч хол хаягдах нь ээ. Яагаад бид үйлдэл хийж чадахгүй байна вэ гэдэг л яг одоо тулгамдаж байгаа асуудал, асуулт. МҮХАҮТ-ын үүрэг бол худалдааг дэмжих. 

Аль ч салбарын бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд худалдаж авах улс бол эхний ээлжинд Хятад, тэр дундаа Өвөр Монгол. Үүн дээр ажиллаж чадвал цаашаа нэг алхам хийж чадна. Түүнээс биш энэхүү өргөн, том зах зээлийг алгасаад Зүүн өмнөд Азийн зарим улс орнууд руу худалдаа хийнэ гэдэг боломжгүй зүйл юм. Тиймээс эхлээд бизнес эрхлэгчдийн тэрхүү олон улс руу, ялангуяа өмнөд хөрш рүү гарах орон зай, орчинг бий болгох хэрэгтэй. Үүний дараа бизнес эрхлэгчид маань өөрсдөө зах зээлээ оновчтой тодорхойлж, нэн түрүүнд Өвөр Монгол, БНХАУ-г онилох нь зөв.

Үйлдэл хийх дээрээ гацчихаад байна гэлээ. Энэ үйлдлийг хийх эхний алхам нь таны бодлоор юу байх вэ?

Төрийн шийдвэрүүд бизнес эрхлэгчдийг дандаа хүнд байдалд оруулж байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг үндэслэлгүй, бүрхэг мэдээллийн дунд хориглож, хааж боосоор байна. Магадгүй тухайн хувийн хэвшил өөрөө хууль зөрчсөн байж болно. Үүнийг нь өөрийнх нь процессийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй. Гэтэл уг процесс, тогтолцоо, систем нь үнэн зөв ажиллахгүй байгаа учраас бид шинэчлэл хийхээс өөр аргагүй болчихоод байна шүү дээ. Хувийн хэвшлийг дэмжсэн ардчилсан нийгэм байх ёстой гэж байгаа бол үүнийгээ дахин тодруулж, засах хэрэгтэй. Очоод асуудлыг судлаад үзэхээр тухайн хувийн хэвшил өөрийн үйл ажиллагаагаа явуулах гэхээр гарцаагүй аймаг, сумдын дунд шатны дарга нар дээр очоод ажил нь гацчихсан байдаг. Тиймээс ажлаа доголдолгүй явуулахын тулд магадгүй хууль бус үйлдэл хийхээс өөр аргагүй болдог байх. Тиймээс эхний алхам бол авилга нэхдэг, ажил явуулдаггүй дунд шатны удирдлагуудтайгаа тэмцэх хэрэгтэй. Үүний дараа компаниудыгаа ойлгох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, бүгдээрээ хуулиа дээдлэх хэрэгтэй байна. Мөн засан сайжруулах хууль, дүрэм журмаа эргэн харах шаардлагатай.  

Хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцэв.

 

Ази нь эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн өндөр хурдтай хөгжиж буй бүс нутаг хэдий ч тус тивийн орнуудын хөгжил тогтвортой, жигд бус байгаагийн зэрэгцээ улс төрийн  харилцааны эмзэг асуудлууд олон байдаг нь эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж ирсэн. Азийн улсуудын хамтын ажиллагаа, хөгжил нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс Бага хурал хөгжил, хамтын ажиллагаа, уялдаатай үйл ажиллагаа гэсэн асуудлуудаар голлон хэлэлцсэн юм. 

Ийнхүү дэлхий даяараа аливаа асуудлыг шийдвэрлэхдээ, хөгжин цэцэглэхдээ өөр хоорондоо нэгдэн нийлэхийг зорьж байна. Боао форумын үеэр ирсэн гадны төлөөллүүд мөн адил хоорондоо нэгдэн нийлж байж хөгжлийг хамтдаа бүтээнэ гэдэгтэй санал нийлж байлаа. Үүнийг ойлгон ажил болгосон улс бүсийн интеграцид амжилттай явдаг. Тэгвэл Монгол улс хөгжлийн интеграцид орохын тулд эхлээд улс дотроо том, жижиг гэлтгүй нэгдэх хэрэгтэйг дэлхийн жишиг харуулж байна. Харин интеграцид орсны дараа бид олон улстай хамтран хөгжлийг бүтээх болно.   

 

Монголын бизнес зөвлөл, Хятадын зөвлөл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

 

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор энэ удаагийн Боао форум болж өнгөрлөө.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Хятадын үл хөдлөх хөрөнгийн “Загалмайлсан эцэг” Ман Сяосу: Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулахад бэлэн байна

Өмнөх нийтлэл

Стив Жобс: Хэрэглэгчдээс тэдэнд юу хэрэгтэйг нь бүү асуу

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох