Life style

Espresso latte-д 16 ширхэг ёотон агуулагддаг

2

Хувиараа бизнес эрхэлдэг 30 гарсан нэгэн залуу өглөө бүр компанийн байранд байрлах автомат машинаас нэг лааз кофе худалдаж аваад суудалдаа сууж уунгаа компьютер дээрээ мэйлээ шалгадаг. Ингэж өдрийг эхлүүлэх нь түүний тогтсон хэвшил юм. 

Түүн шиг лаазалсан эсвэл аягатай кофеноос татгалздаггүй олон ажил хэрэгч хүмүүс бий. Зурагтаар цацагдаж буй сурталчилгаа “Кофе ууснаар нүд нээгдэж, сэргэсэн мэдрэмжтэйгээр ажилдаа орох” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг болохоор кофены нөлөөнд хүмүүс автдаг байж магадгүй. Харамсалтай нь эрүүл мэндийнхээ талаар сайтар бодох хэрэгтэй ажил хэрэгч хүмүүсийн хувьд лаазалсан кофе бол чөтгөрийн ундаа юм.

Зөвхөн лаазалсан кофе ч биш, хуванцар аягатай нь ч мөн адил. Энэ нь чихрэн бөмбөлгийг хайлуулсан шингэнээс ялгаагүй зүйл бөгөөд эрүүл мэндэд муу л байхаас, сайн байна гэж огтхон ч үгүй. Иймэрхүү савнуудад хийсэн кофе нь кафед зарагдаж буй шинээр хийсэн кофеноос шал өөр зүйл гэдгийг санаарай. Тухайлбал, espresso latte mix-чихэрлэг багатай хэмээн ойлгогддог ч бүтээгдэхүүний хувьд нэг лаазандаа 65,1 гр сахаридыг агуулж байдаг. Ёотонгоор бодоход 16 ширхэгийн хэмжээнд хүрч байна. Тэгсэн атал чихэрлэг багатай хэмээн сурталчилагддаг. Энэ сурталчилгааны үгэнд итгэж “эрүүл мэндэд сайн юм байна “ гэж дүгнэж буй хүн олон байгаа биз ээ. 

Энэ бүхэн зөвхөн кофегоор зогсохгүй. Дэлгүүрүүдэд зарагдаж буй наад захын уух зүйлсийн дийлэнх нь их хэмжээний сахарид агуулж байдаг. Кола мэтийн чихэрлэг ундаанд их хэмжээний чихэр агуулагддагийг мэддэг байж болох ч, жинхэнэ сэрэмжлэх хэрэгтэй зүйлс бол биед сайн мэт харагддаг бүтээгдэхүүнүүд юм. Тухайлбал, C.C Lemon ундаанд 50 гр буюу 12 ширхэг ёотон агуулагдаж байдаг.  

Гэтэл эрүүл хүний биед ойролцоогоор 4.5 литр цус байдаг ба түүний глюкозын агууламж нийтдээ 4 гр орчим байдаг. Ийм хэмжээнд байхад л хангалттай. Гэтэл кофе мэтийн чихэртэй ундаа гэнэт ууснаар биед асар их хэмжээний чихэр нэг дор ороод ирдэг. Энэ үед хүний бие огтхон ч төсөөлөөгүй байсан цочролын байдалд шилждэг. 

Нэгдүгээрт, цусан дахь сахрын түвшин өндөр байх нь таргалуулдаг. Та таргалж байгаа нь өөх тостой юм идсэнээс бус, цусан дахь сахрын түвшин өссөн учраас юм. Та цусан дахь сахрын хэмжээгээ бууруулж чадвал мах иднэ үү, шарсан хоол хүнс хэрэглэнэ үү хамаагүй та баталгаатай турах болно. Таргалах нь бүх төрлийн өвчний үндэс болдог учраас эмч нар тарган хүмүүсийг турсангүй гэж шүүмжилдэг. Тархины өвчин, зүрхний өвчин, хорт хавдар, зөнөглөх өвчин гэх мэт бүх аймшигт өвчнүүд таргалалттай холбоотой.

Хоёрдугаарт, цусан дахь сахрын түвшин өндөр байх нь дархлааны тогтолцоог доройтуулж, “AGE” гэж нэрлэгддэг муу бодисыг биед үүсгэснээр хөгшрөлт явагдах үйл явцыг идэвхжүүлдэг. Цусан дахь сахрын хэмжээ өндөр байвал судас, дотор эрхтэн, арьс, гадна төрх гээд бүгд авах юмгүй болно. Түүнчлэн, цусан дахь сахрын түвшин тогтворжихгүй бол уурлаж уцаарлах, сэтгэл гутрах, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг бие тавгүйтэх шинж тэмдгүүд ч илэрдэг. 

Япон эмч Макита Зэнжи чихрийн шижингийн эмчээр мэргэшин 38 жилийн турш ажиллахдаа 200.000 гаруй өвчтөнд үзлэг хийжээ. Чихрийн шижингээр өвчилсөн олонх өвчтөнүүд цаг наргүй ажилладаг ажил хэрэгч, бизнес эрхлэгч хүмүүс байдаг гэв.

  • Удаан хугацааны туршид бага багаар хуримтлуулсан жин буурахгүй байх
  • Цусны даралт өндөр байх
  • Амархан ядардаг
  • Ажлын дундуур нойрмоглодог
  • Анхаарал төвлөрдөггүй гэх мэт бие тавгүйтэх янз бүрийн шинж тэмдгүүд бизнес эрхлэгч танд илэрдэг байх. 

Үнэн хэрэгтээ иймэрхүү бие тавгүйтлийн шалтгаан нь “цусан дахь сахрын түвшин”-ээс үүсдэг. Судалгаагаар ажил хэрэгч хүмүүсийг зовоож буй өвчин болон бие тавгүйтлийн 90 гаруй хувь нь цусан дахь сахрын асуудлаас үүдэлтэй аж. Цусан дахь сахрын түвшин өндөр байх болон сахрын түвшний гэнэтийн өсөлт, уналт давтагдсаар байх нь бидний бие махбодод төсөөлж байснаас илүү ихээр хохирол учруулдаг. Харин өнөө үеийн хүмүүс ийм л зүйлийг “хооллох хэв маяг”-аараа үүсгэж байна. Хоолзүйчид байнга л “зохистой хооллох хэрэгтэй” гэсэн заавар өгдөг боловч ихэнх хүмүүс зохистой хооллох гэдэг нь яг юуг, яаж идэх хэрэгтэйг хэлж байгаа вэ гэдгийг ойлгодоггүй. Биед сайн гэж бодоод идэж байсан зүйл нь таргалах, хөгшрөх, өвчлөх үйл явцыг бий болгочихсон байдаг. 

Тиймээс ухаалаг ажил хэрэгч хүн та эрүүл мэнддээ анхаарахыг хүсч байвал хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол “цусан дахь сахрын түвшин” юм. Харин үүний тулд хооллолтоо хянахаас өөр гарц байхгүй. 

 

Х. Саранзаяа

Сайн бизнес төлөвлөгөө товч байх учиртай

Өмнөх нийтлэл

Усны талаар таны мэддэг гэж боддог ч мэддэггүй бүхэн

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. […] өмнөх нийтлэлээрээ ажил хэрэгч хүмүүсийн номер нэг хэрэглээ болсон […]

  2. […] өмнө нь цусан дахь сахарын хэмжээ хэрхэн ихэсдэг талаар болон зарим хүнсний бүтээгдэхүүн чихрийн […]

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style