“Natural Textile Group”-н Хөх Хот дахь төлөөлөгчийн газрын менежер Ө.Батзориг

Хятад үндэстний гоёмсог савтай цай, Өвөр Монголын сүү, тараг, Орос үндэстний үнэр нь ходоод гижигдэх пирошки, Пакистаны уран хийцтэй ваар зэрэг орон орны соёлыг өгүүлсэн хоол унд, хувцас хэрэглэл зэрэг бараа бүтээгдэхүүн зэргэлдээ орших лангуунуудад байрлана. Эдгээрийг нь гадна, дотны иргэд сонирхон үзэж, зарим нь худалдан авалт хийж байлаа. Энэ бол Монгол-Хятадын хамтарсан гурав дахь удаагийн экспогийн үеэр болсон үзэсгэлэн билээ. Уг үзэсгэлэн хэдий ӨМӨЗО-нд болсон ч зөвхөн хөрш зэргэлдээх орнуудаар хязгаарлагдахгүй ийнхүү ОХУ, Хятад тэргүүтэй улс орнууд  оролцсоноороо онцлог байв.

Харин Монгол улсын хувьд энэ удаагийн экспог хамтран зохион байгуулж буй тул ААН-үүд өргөнөөр буюу нийт 500 орчим ААН оролцсон. Үүний 450 нь Хөх Хотод, үлдсэн 50 орчим нь Улаанцав хотод болсон үзэсгэлэнд Монгол улсынхаа дүр төрхийг харуулан оролцож байна. Ингэхдээ гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилсон бөгөөд зөвхөн нэг чиглэлээр бус уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулав. Тодруулбал, Оюу-Толгой компани, Говь кашмер, Эвсэг кашмер, Эрдэнэт хивс, Монголын уран дархчуудын бүтээл, арьс ширний үйлдвэрлэлийн төлөөлөл болон зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид оролцсон. Түүнчлэн хамтран зохион байгуулагч гэдэг утгаараа Монголын хувьд тусдаа танхимд  компаниудын үзэсгэлэн болж, олны нүдийг хужирлахын зэрэгцээ томоохон борлуулалт хийж байлаа.

Эдгээр ААН-үүдийн төлөөлөл болгож Эрдэнэт Хивс гэдгээрээ олонд танигдсан “Natural Textile Group”-н Хөх Хот дахь төлөөлөгчийн газрын менежер Ө.Батзоригтой ярилцлаа. Эрдэнэт Хивс уг экспод хоёр дахь удаагаа оролцож байгаагаас гадна бусад олон улсын томоохон экспод жил дараалан оролцдог туршлагатай. Тэдний энэхүү туршлагыг бизнес эрхлэгчидтэйгээ хуваалцаж байна.

Өмнөх жилүүдэд болсон экспогоос энэ удаагийн экспогийн онцлог юу байна вэ?

Энэ жилийн хувьд Монгол-Хятадын хамтарсан экспо хоёр өөр хотод буюу Хөх Хот болон Улаанцав хотуудад зэрэг зохион байгуулагдаж байна. Манай компани аль аль талд нь оролцож байгаа. Ийнхүү хоёр хотод зэрэг зохион байгуулагдаж байгаа нь бидний хувьд олон хэрэглэгчид рүү хандах боломжийг олгож байгаа юм. 

Экспод давтан орох болсон шалтгаан нь юу байсан бэ? 2017 онд болсон экспод оролцсон үр дүн та бүхний хувьд хангалттай байж чадсан уу? 

Манай группийн 2012 оноос хойш баримталж байгаа гол зорилго бол “Дэлхийн хоёрдогч зах зээл буюу Хятадын зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох” юм. Үүний хүрээнд БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа жижиг том гэлтгүй бүх үзэсгэлэнд бид оролцож байгаа. Энэ удаагийн Монгол-Хятадын хамтарсан гурав дахь удаагийн үзэсгэлэнд дээрх шалтгаанаар оролцож байна. Мөн бид өөрсдийн салбар дэлгүүрээ Хятадад ажиллуулдаг. Тодруулбал, Бээжин, Хөх хотод, Тунгляо болон Шилийн голд салбар дэлгүүрүүдээ ажиллуулдаг.  

Эдгээр хотуудад байгаа дэлгүүрүүдийн борлуулалт хэр байна вэ?

Харьцангуй сайн. Бид дотоодын үндсэн бүтээгдэхүүнээ албан ёсоор БНХАУ-д борлуулахдаа 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан. 

Хятад хэрэглэгчид танай компанийн ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү сонирхож байна вэ?

Хятадын эдийн засгийг харахад хүмүүсийн амьдрах орчин, мөнгөжих орчин хурдацтайгаар хөгжиж байна. Үүнээс тулгуурлаад тэд оригинал, натурал буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг илүүтэйгээр сонирхон, худалдан авдаг. Тодруулбал, бид цэвэр кашмер, ноолууран болон ноосон бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд оруулж байна. Энэ нөхцөл байдал нь ч гэсэн бидэнд бизнесийн маш том гарцыг үүсгэдэг.

Экспод оролцох үеэр хэр их худалдан авалт хийгддэг вэ?

Худалдан авагчдын хандлагаас шалтгаалдаг. Өмнө болсон экспогийн үеэр бид 60 мянга орчим ам.долларын борлуулалт хийж байсан. Энэ удаад хоёр үзэсгэлэнд зэрэг оролцож байгаа учраас борлуулалтын хэмжээгээ давуулна гэдэгт итгэлтэй байна. 

Экспод оролцохын гол зорилго тань юу вэ?

Экспод оролцох нь бидний маркетингийн сурталчилгааны гол субьект болдог. Энэ үед бид шинэчилсэн загвар, бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Тухайлбал, “Хатад” гэх коллекцоо бид нэг сарын өмнө хийсэн. Бид шинэ загваруудаа экспод танилцуулснаар олон нийтээс санал сэтгэгдэл авдаг. Өөрөөр хэлбэл, борлуулалтыг чухалчилахаас илүүтэйгээр бараа, бүтээгдэхүүнээ уг зах зээлд туршиж үздэг.

Танай голлох зах зээлд аль улсууд багтдаг вэ?

Манай голлох зах зээлд Япон, БНСУ, Орос, Герман, Хятад, Малайз, Сингапур зэрэг улсууд орно. Франц руу бага хэмжээгээр бараа бүтээгдэхүүнээ оруулж байгаа бол АНУ-н зах зээл рүү гарахад нэлээн ойртсон байдалтай байна. 

Эдгээр улс дотроос хамгийн амжилттай явж байгаа нь аль улс вэ?

Худалдан авалт хамгийн өндөртэй нь Япон, Орос, Хятад гэсэн улсууд байна. Магадгүй улс төрийн нөхцөл байдал, татварын хөнгөлөлт, эдийн засгийн чөлөөт коридор гэх мэт хүчин зүйлүүд үүнд нөлөөлдөг байх.   

Олон улсын экспод оролцохдоо бараа бүтээгдэхүүний сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Та бүхэн Хятадад болж буй үзэсглэнгэээс гадна өөр ямар үзэсгэлэнгүүдэд оролцдог вэ?

Бид дэлхийн томоохон гэсэн үзэсгэлэнд оролцдог. Тухайлбал, “Домотекс” гэх дэлхийн нэг номерийн шал, шалан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнд бид сүүлийн 13 жилийн турш оролцож байна. 

Эдгээрээс хамгийн үр дүнтэй үзэсгэлэн нь аль вэ?

Германд болдог Ханновер үзэсгэлэн болон Дотомекс үзэсгэлэн юм. Домотекс үзэсгэлэн нь Ази болон Европт хоёр, гуравдугаар саруудад болдог. Эдгээр үзэсгэлэнд бид бараа бүтээгдэхүүнээ нэг хоёроор бус олон мянган м/кв хэмжээгээр борлуулах гэрээг компаниудтай хийдэг. Тодруулбал, бид түүхий эдийн эх сурвалж учраас түүхий эдээ боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн болгон их хэмжээгээр борлуулах нөхцлийг бүрдүүлдэг. 

Танай компанийн экспортын чиглэлд түүхий эд давамгайлж байна уу эсвэл нэмүү өртөг шингээн, боловсруулсан бүтээгдэхүүн давамгайлдаг уу?Аль чиглэл нь ирээдүйтэй харагдаж байна вэ?

Аль аль нь тэнцүү явж байна. Ирээдүйд нэмүү өртөг шингээсэн, боловсруулан гаргасан бүтээгдэхүүний экспортын хандлага илүү байна гэж бодож байна. 

Гадны компаниуд Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол хэр их байдаг вэ? Худалдаж авах үед ямар хүндрэл бэрхшээл үүсдэг вэ?

Худалдаж авсны дараах тулгардаг бэрхшээл бол ложистикийн асуудал байдаг. Тээвэрлэлт хийх зардал нэлээн өндөр өртөгтэй гардаг. Бид далайд гарцгүй учраас, мөн галт тэрэг болон зам тээврийн зардал хүнд тусдаг болохоор нэгж бүтээгдэхүүн дээр гарч байгаа өртөг дагаад өсчихдөг. Түүнчлэн тухайн улсын татварын бодлогоос хамаараад зарим улс орны хувьд өндөр татвар төлөх тохиолдол бий. 

Ложистик дээр гарч байгаа зардлыг ямар аргаар бууруулах боломжтой вэ?

Манай улсын ложистикийн салбар бүрэн хөгжөөгүй байна. Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээ галт тэргээр зөөвөрлөчихөөд, бусад салбарын бүтээгдэхүүний тээвэрлэх нөхцөл байдалд холбогдох албан тушаалтнууд анхаарлаа хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ зөөвөрлөх илүү галт тэрэг бидэнд хангалттай тоогоор олддоггүй. Бидний үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнд мал аж ахуйн түүхий эдээс хамаараад эрүүл мэндийн шинжилгээ буюу олон улсын чанарын стандартын шинжилгээ гэж байдаг. Үүнийг бүрдүүлэх процесс их төвөгтэй. Тухайлбал, бид Хятадын зах зээлд гарахын тулд заавал тухайн улсын стандартад нийцсэн, эрүүл мэндийн шаардлага, технологийг хангасан гэх мэт тодорхой стандартуудад хүрсэн байх хэрэгтэй. Үүнийг хангахын тулд бид дотооддоо үйлдвэрлэж байгаагаасаа илүү их хэмжээний хөрөнгө оруулалтыг гаргах хэрэгтэй болдог. Үүнээс гадна үйлдвэрлэлийн чанараа өсгөх, менежментийн арга барилаа сайжруулах гэх мэт ажлыг хийдэг. Энэ дундаас хамгийн асуудалтай нь малчдаас авч байгаа ноос ноолууран бүтээгдэхүүний түүхий эд байдаг. Тэд маш бохир, ямар ч боловсруулалт хийгдээгүй түүхий эдийг нийлүүлдэг учраас энэ нь эцсийн бүтээгдэхүүний гарцад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. 

Танай компани малчдаас түүхий эдээ ямар процессоор авдаг вэ? 

Бид өөрсдөө түүхий эдээ цуглуулж авдаг. Жилдээ гарч буй Монгол Улсын нийт ноос ноолуурын 30 хувийг манай үйлдвэр дангаараа худалдаж авдаг. Бид эцсийн бүтээгдэхүүн гаргадаг учраас сортолсон түүхий эд авахыг хичээдэг. Тиймээс бид ченжээс түүхий эд худалдаж авахаас илүү өөрсдийн инженерүүдийг явуулан ноосны гарц, урт, түүхий эд гаргаж авч байгаа нөхцөл байдал зэрэг олон зүйлийг харгалзан үзэн чанартай түүхий эд худалдаж авдаг.

Олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчид цөөнгүй бий. Та тэдэнд зориулж экспод оролцох тал дээр зөвлөгөө өгөөч?

Хамгийн түрүүнд экспод оролцох бүтээгдэхүүний сонголтыг зөв хийх хэрэгтэй. 1000 ширхэгийг оруулж ирсэн ч гэсэн тухайн зах зээлд тохирохгүй бараа бүтээгдэхүүн байвал харамсалтай шүү дээ. Мөн бүтээгдэхүүний шинж чанарт анхаарах хэрэгтэй. Тухайлбал, бидний үйлдвэрлэсэн хивсний хэмжээ 2х3 хэмжээтэй байхад Хятад худалдан авагчид 2х2.80 гэх мэт хэмжээтэйг сонирхож байна. Хил гаалиар нэвтрэхийн хувьд тухайн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлоход асуудалтай байдаг. Монгол тал үүнийг зөвшөөрөөд гаалиар нэвтрүүлсэн ч Хятад гэх мэт бусад улс орон руу орж ирэхэд заавал шинжилгээ, нарийвчилсан тодорхойлолт гэх мэт зүйлийг шаарддаг. Тиймээс энэ тал дээр хугацаа алдах магадлал өндөртэй. 

Танай компани уг экспод ирсэн зардлаа борлуулалтаараа нөхөж чаддаг уу?

Бидний хувьд зардлаа нөхнө гэсэн ойлголт бага байдаг. Бид үзэсгэлэнд оролцож байгаа үр дүнгээ урт хугацаандаа хардаг. 5-10 жилийн хугацаанд бид олон тооны нэрийн дэлгүүрийг олон улсад байгуулахыг хүсч байна. Тиймээс бид зөвхөн маркетингийн зардлаа л нөхдөг гэхэд болно. 

Ярилцсанд баярлалаа. 

 

Х. Саранзаяа

Мөрөөдлөө хамгаал: 16 настай хүүгийн амжилтад хүрсэн түүх

Өмнөх нийтлэл

Төгс зүйл гэж угаасаа байхгүй, ажлаа зүгээр л хийж дуусга

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur