Одоогоос дөрвөн сарын өмнө фэйсбүүкт “Taxi Prank” нэртэй сэрэмжлүүлэг видео байршсан нь тэр дороо олны анхаарлыг татаж, нийт 282 мянган хүн үзэж, 3900 орчим хүн бусадтай хуваалцжээ. Мөн видеоны доор 400 орчим хүн сэтгэгдлээ бичсэн байв. Такси барихаар гар өргөсөн бүсгүйг зорьсон газарт нь хүргэхээр автомашиндаа суулгасан жолооч залуу явж буй чиглэлээ гэнэт өөрчлөхөд арын суудал дахь бүсгүй балмагдаж буйгаар видео өрнөнө. Өндөр хандалттай уг дүрс бичлэгийг “UBCab” аппликэйшнийг хөгжүүлэгч залуус бүтээж нийтэд цацжээ. “Аюулгүй байдлаа хангахын тулд та заавал албан ёсны бүртгэлтэй таксигаар үйлчлүүлээрэй”. Хүмүүст хүргэхийг хүссэн тэдний гол санаа энэ. Бидний анхаардаг юм шиг хэрнээ анхаардаггүй сэдэв.
Хэрвээ та Улаанбаатар хотод амьдардаг бол такси барихад тулгардаг олон бэрхшээлийн талаар сайн мэдэж байгаа болов уу. Таксины хүрэлцээ муу тул замын хажууд гараа өргөөд хэдэн ч минут зогсож магадгүй ба такси олдож гэмээнэ зорьсон газраа хүрээд буух болоход заавал бэлэн мөнгөөр төлбөрөө төлөх болдог гэхчлэн асуудлууд ар араасаа ундарна. Хэрэв таксинд эд зүйлээ мартаж буусан бол эргэж олох найдвар тун бага. Мөн аюулгүй байдлын хувьд ч эрсдэлтэй. Харин энэ бүх асуудлыг шийдсэн цогц системийг “UBCab”-ийн залуус хөгжүүлжээ. Таван жилийн өмнө “UBCab” аппликэйшнээ зах зээлд анх нэвтрүүлсэн эдгээр залуус шинэчилж, хөгжүүлсэн “UBCab 3.0” хувилбарыг энэ долоо хоногоос эхлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Монголд ашиглаж буй төлбөрийн бүхий л шийдлийг нэвтрүүлсэн учир бэлэн мөнгөгүй гэж санаа зовох шаардлагагүйн дээр жолооч болон хэрэглэгчийн аль аль нь тус системд бүртгэлтэй учир буух эзэн, буцах хаягтай гэсэн үг. “UBCab”-ийнхан нийслэлийн 30 мянга гаруй барилгын хаягийг өөрийн хөгжүүлсэн хаягийн сандаа бүртгэсэн тул чиглэл, туулах замын урт, төлбөрийн дүнг хиймэл оюун нарийн тооцоолж дэлгэцээр харуулах юм. Түүнчлэн өөрт хамгийн ойр байгаа жолоочийг сонгож дуудах, төлбөрийн цахим баримт (ebarimt) авах зэрэг олон давуу талтай.
“UBCab”-ийн амжилттай дуудлагын тоо буюу нийт аялал 970 мянгад хүрчээ
Такси үйлчилгээний зах зээлд тэднийг анх хөл тавьж байхад хэрэглэгчид ийм төрлийн үйлчилгээнд хангалттай бэлэн биш байсан бол өдгөө нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Монголчуудын ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дата хэрэглээ ч өсөж буй. Үүнийг дагаад хүмүүс гар утасны төрөл бүрийн аппликэйшн хэрэглэх нь ч нэмэгджээ. Хэдийгээр зах зээл хангалттай бүрэлдээгүй байсан ч өнгөрсөн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсны хүчинд “UBCab”-д бүртгүүлсэн хэрэглэгчийн тоо 51 мянга, аппликэйшн татсан тоо 100 мянгад хүрээд байна. Тус аппликэйшнийг 1.5 жилийн турш хэрэглэж буй Хонгорзул “UBCab-д бүртгэлтэй таксины тоо бусад дуудлагын компанийнхаас хамаагүй илүү учир такси олдох нь их. Бас такси дуудлагын компаниуд руу залгахад төлбөр өндөр, такси олдох эсэх нь баталгаагүй, дуудлага нь тасалдаж цаг үрэх, бухимдуулах асуудал багагүй гардаг.
Харин “UBCab” аппликэйшнийг ашиглан таксины жолоочоо өөрөө дуудаж, холбогддог тул цаг хэмнэдэг” хэмээн хариулав. Одоогоор тус компанийн нийт аялал буюу амжилттай дуудлагын тоо 970 мянгад хүрчээ. “Бид тун удахгүй нэг сая дахь аяллаа бүртгэж авахаар зэхэж байна. Энэ бол бидний хувьд тэмдэглэлт үйл явдал. Технологийн бизнес их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг төдийгүй эрсдэл өндөртэй . Цаг хугацаа ч их ордог. Таван жилийн дараа л хэрэглэгчид бий болж байна” хэмээн “UBCab” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр онцоллоо.
Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, валютын урсгалыг дотооддоо барих хэрэгтэй. Хамгийн энгийн, өдөр тутмын хэрэглээнээс л эх оронч худалдан авалт эхэлнэ
Тус компанийн электроникийн инженерүүд автомашины дугуйны эргэлтийн мэдээллийг bluetooth ашиглан гар утсанд дамжуулах шийдлийг боловсруулж, улмаар Монголын анхны таксиметрийг зохион бүтээсэн нь UBCab-1 загварын тусгай зөвшөөрлийг авчээ. Энэ онд багтаан тэд энэхүү таксиметрээ 1000 автомашинд суурилуулахаар төлөвлөөд байна. GPS зэрэг байршил тогтоох технологийг хэмжих хэрэгслээр ашиглах нь нарийвчлалтай үр дүнг гаргадаггүй учраас “UBCab” багийнхан таксиметр зохион бүтээхээр шийдсэн гэдгээ тайлбарласан юм. Энэ талаар Н.Отгонбаяр “Программ хангамжийн зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид бий болсон, цаашид ч оршин тогтнох болно.
Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, валютын урсгалыг дотооддоо барих хэрэгтэй. Хамгийн энгийн, өдөр тутмын хэрэглээнээс л эх оронч худалдан авалт эхэлнэ” гэж хэлсэн юм. Дотоодын бүх системтэй интеграц хийж чадаж байгаа нь “UBCab” үндэсний аппликэйшнийн өөр нэг давуу тал. Такси үйлчилгээтэй холбогдох хууль, журмыг маш сайн судалсны үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн учраас ийм үр дүнд тэд хүрч чаджээ.
Мөн жолооч нарыг бүртгэлжүүлж, сургалт зохион байгуулах, бүртгэлтэй автомашинд үзлэг хийх зорилгоор “Акума-Эрин” компанитай хамтран жолоочийн төвөө саяхан нээгээд байгаа юм. Цаашлаад Улаанбаатарт байрлах “Акума”-ийн зургаан салбарын дэргэд уг төвөө нээх аж. 2009 оноос хойш үйлдвэрлэгдсэн зөв талдаа жолооны хүрдтэй автомашин, ухаалаг утастай байхад л тухайн жолоочид энэхүү төв нээлттэй.
Үүнээс гадна тэд хүн амын төвлөрөл ихтэй Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Даланзадгад, Өлгий, Мөрөн, Ховд зэрэг хотод төлөөлөгчийн газраа нээхээр зэхжээ. Эдгээр байршил нэг платформд багтсан тул та дээрх хотуудын аль нэгт очлоо гэхэд ямар нэг асуудалгүйгээр “UBCab”-ийн таксигаар үйлчлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, тун удахгүй “UBCab” аппликэйшнийг үндэсний хэмжээнд хэрэглэх боломж бүрдэх нь. Өдгөө тус компанид бүртгэлтэй 1000 орчим автомашин байгаа бол энэ тоог ирэх есдүгээр сар гэхэд хоёр дахин өсгөхөөр “UBCab”-ийн залуус ажиллаж байна. Харин яг одоо бүх жолоочоо татвар төлөгчөөр бүртгэх ажил ид үргэлжилж буй.
Таксины жолооч бол бизнесмэн
“Олон жил такси үйлчилгээ хувиараа эрхэлсэн ч татвар төлөөгүй буюу орлогоо баталгаажуулж чадаагүй хүмүүс цөөнгүй байна. Орлогоо тодорхойлж чадаагүйгээс наад зах нь банкнаас зээл авахад хүндрэл тулгардаг. Таксины жолооч бол бизнесмэн. Бид нэгдүгээр эгнээний зөвшөөрөл, стандарт тоолуур, дуудлагаар тэднийг хангана” хэмээн Н.Отгонбаяр ярьж байна.
Улаанбаатарчуудад тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг нь замын түгжрэл. Харин “UBCab”-ийн залуус замын түгжрэлийн гол шалтгааныг эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр яардагтай холбон тайлбарлаж байна. Тиймээс замын түгжрэлийг бага ч болов бууруулахыг зорьж, ирэх есдүгээр сараас “UBCab Family” үйлчилгээг нэвтрүүлэхээр туршилт хийгээд эхэлжээ. Энэ бүхэн тэдний хийхээр зорьж буй ажлуудын зөвхөн нэг хэсэг.
Эдгээр бүтээлч залуус хэрхэн нэг нэгнээ олж, багаа бүрдүүлснийг сонирхоход “Startup Mongolia” байгууллагаас зохион байгуулдаг “DrinkEntrepreneurs Ulaanbaatar” нетворкинг арга хэмжээг нэрлэсэн юм. Энд бизнес болон технологийн салбарт ажилладаг хэсэг залуус танилцсан нь “UBCab”-ийн эхлэл болжээ. Хожим нь тэд энэхүү арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцсон төдийгүй мянга, мянган хүмүүсийн такси үйлчилгээний асуудлыг шийдэх болсон юм.