Олон улсын зах зээл хэмээх том бялуунаас хүртэх нь орчин цагийн бизнесмэнүүдийн гол зорилго. Харин хэр том зүсэм хүртэх эсэх нь та бизнесийн загвараа хэр зэрэг шинэчилж, орчин үежүүлж чадсанаас хамаарах боллоо. Дэлхий дээр өрнөж буй энэ бүх өөрчлөлттэй хэрхэн хөл нийлүүлж, хоцрохгүй алхах вэ гэх асуулт бизнес эрхлэгчдийн хувьд толгойны өвчин болоод байна.
Яагаад танай компани, таны бизнес цаг үеэсээ хоцрох болов? Энэ талаар Монголын бизнесийн салбарынхан багагүй анхаарч, хэрхэн амжилттай дижитал шилжилт хийж, дэлхийн түвшинтэй эн зэрэгцэх талаар олон түвшинд авч хэлэлцэж байна. Бид хөгжихийг хүсэж байгаа ч дорвитой амжилт гаргаж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бол? Уг асуултад “Манай улсад өрсөлдөх чадвартай манлайлагчид дутагдаж байна” хэмээн Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат хариуллаа.
Тус академи өнгөрсөн нэг жилийн хугацаанд менторшип, көүчинг (coaching) хөтөлбөрийг 40 гаруй компанийн удирдах албан тушаалтнуудын дунд хэрэгжүүлсний үр дүнд Монголын олон мянган компанийн өмнө тулгамдаж буй гол бэрхшээлийг олж харжээ. Аливаа компани дижитал шилжилт хийхэд хамгийн гол саад болж буй хүмүүс бол захирлууд өөрсдөө гэж тэд дүгнэж байна.
Өмнө нь, магадгүй 10 жилийн өмнө бизнесийг тань амжилтад хүргэсэн тэрхүү арга барил, сэтгэлгээ өнөөдөр өөрчлөгдөх шаардлагатай боллоо. Өөрөөр хэлбэл, удирдах албан тушаалтан та өөрөө дараагийн түвшинд гарч байж, компаниа ч мөн шинэ шатанд гаргаж чадах нь. Тэгэхээр дижитал шилжилтийг та өөрөөсөө эхлэх учиртай. Шинэ үеийн манлайлагчдад заавал байх ёстой 3 чадварыг Д.Энхбат дараах байдлаар тодорхойллоо.
АЛСЫН ХАРАА
Хэрэв компани тань алсын хараагаа тодорхойлчихсон бол үүнийгээ дижитал эринд зориулж, технологийн хүрээнд дахин томъёолоорой. 10 жилийн дараах компаниа та төсөөлж чадаж байна уу? Хариулж чадахгүй байвал энэ тал дээр та яг одооноос анхаарлаа хандуулах цаг иржээ.
ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАХ
Компанийнхаа өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэхээр оролдож байх зуур бизнесийн орчин технологийн тусламжтай цаг мөч тутамд шинэчлэгдэн хөгжсөөр байна. Тиймээс удирдагч хүний хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, тасралтгүй суралцдаг байх нь хамгийн чухал чадвар. Бүх түвшний өөрчлөлт суралцах замаар л өрнөнө.
КОМПАНИА ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ
Тухайн компанийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг өөрчлөх нь хэн нэг мэдээллийн технологийн мэргэжилтний үүрэг биш. Харин энэ бүхэн удирдагч таны гаргаж буй эцсийн шийдвэрээс л хамааралтай. Компанийнхаа үйл ажиллагаа, төлөвлөлт, маркетингийг шинэ түвшинд дахин зохион байгуулах буюу дижитал шилжилт хийх нь үнэн хэрэгтээ удирдах албан тушаалтны ажил. Энэ зарчим дотоодын компаниудын хувьд нэлээд зөрчигддөг. Тийм ч учраас техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Үүнийг морин тэргэн дээр компьютер угсарчихсан яваагаас онцын ялгаагүй хэмээн Д.Энхбат зүйрлэж байна. Гэтэл дижитал шилжилт бол зөвхөн техник хэрэгслээ шинэчлэх тухай ойлголт биш, компанийнхаа үйл ажиллагаа, стратегийг бүхий л түвшинд шинэчилж, орчин үежүүлэх тухай ойлголт юм.
Хамгийн түрүүнд дижитал шилжилт таны бизнест ямар өөрчлөлт авчрах вэ? Бизнесийн стратеги, алсын хараагаа өнөөгийн нөхцөлд хэрхэн зохицуулах вэ? гэх асуултуудад хариулахыг хичээгээрэй.
Ингээд “Дижитал шилжилт”-ийн тухайд Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбатын хэлсэн зарим онцлох санааг хүргэе.
– Хэрэв Монголын бизнесмэнүүд дижитал шилжилтийг эрчимтэй хийж чадвал бидэнд давуу тал их бий. Монголчууд маш хурдан өөрчлөгдөж, суралцдаг. Дэлхий даяар өөрчлөгдөн хувьсаж, суралцаж байгаа үед энэ бол том давуу тал. Магадгүй бид олон улсад шинээр үүсэж буй бизнесийн сүлжээ, нэмүү өртгийн гинжин хэлхээнд түрүүлж орохыг ч үгүйсгэхгүй.
– Олон компанийн захиралтай уулзаж ярилцаж байхад тэд дижитал шилжилтийн талаар мэддэг ч, энэ тухай хангалттай хэмжээний ойлголттой байдаггүй. Өнөө цагт удирдагч хүн өөрөөсөө “Яагаад дижитал шилжилт хийх ёстой вэ?”, менежер хүн “Дижитал шилжилт хийхийн тулд ямар алхмууд хийх вэ?”, мэргэжилтэн хүн “Хэрхэн дижитал шилжилт хийх вэ?” гэсэн асуултад хариулах шаардлагатай тулгарч байна.
– Дижитал эрин дэх компанийн үндсэн хөрөнгө томоохон үл хөдлөх хөрөнгө, биет зүйл гэхээсээ илүү дата, холбоос, хиймэл оюун зэрэг технологижсон ойлголт руу шилжиж байна. Өнөөдөр танай компани дотооддоо хэр орчин үеийн, өндөр бүтээмжтэй холбоосыг бий болгосон бэ? Компани дотроо холбогдож чадаж байна уу? Цаашлаад хэрэглэгчидтэйгээ, бусад харилцагч компанитай, мөн бүс нутаг ба дэлхийн түвшинд холбоо харилцаа үүсгэж чадаж байна уу? Жишээ татъя. Монголын ихэнх байгууллагын ажилтнууд захирлаа хаана байгааг мэдэхгүй, холбоо харилцаа муутай байдаг. Товчхондоо, бид орчин үеийн мэдээлэл технологийн орчинд өнгөрсөн зууны технологиор амьдарч байна.
– Хэлхээ, холбоо сайжрахаар дагаад нягтрал ихэснэ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн дэлхийн хөгжлийн төвүүд бол нягтралын төвүүд. Хүн төрөлхтний түүх ч ийм байсан. Нягтрал хаана бий болж байна тэнд хөгжил оршдог. Хөгжлийн тухай ярихдаа бид ихэнхдээ эдийн засгийн өсөлттэй холбон тайлбарладаг. Гэхдээ хөгжил гэдэг олон хэмжээст орон зайны тухай ойлголт юм.
– Монголын зах зээлийг тэлэх үндсэн арга бол төрөлжилт. Хэрэв төрөлжиж чадвал гурван сая хүн амтай зах зээл жижиг биш. Харин бүгд ижил төрлийн бизнес эрхэлвэл үнэхээр жижиг зах зээл. Нэг зах зээлд бүгд адилхан үйл ажиллагаа явуулах нь хөгжлийн бус амьд үлдэх эдийн засаг. Төрөлжиж, шинээр зохион бүтээж, бүтээмжээ нэмэгдүүлэх замаар л бид цааш хөгжинө.