Хөрөнгө оруулалт амжилттай татаж, компанийнхаа зах зээлийн үнэлгээг хормын дотор хэд дахин үржүүлж чадсан гадаад, дотоодын компаниудыг хараад та ч бас тэдний нэг болохоор яарч байна уу. Тэгвэл түр азнаарай. Хөрөнгө оруулалт авсны дараагаар л оффис түрээсэлж, багаа бүрдүүлэх зэргээр бизнесээ эрчимтэй өрнүүлж чадах юм шиг шинэхэн бизнесмэн танд санагдаж байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Компаниа хөл дээр нь бүрэн босгоогүй хэрнээ хөрөнгө оруулалт авах нь тэр хэрээр эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүний оронд бодит нөхцөл байдалдаа тулгуурлан бизнесээ багаас нь эхлүүлж, томоохон өсөлт хийхэд бэлэн болсон үедээ хөрөнгө оруулалт авбал илүү ашигтай.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы тэрбумтан Таками Юүичигээс хөрөнгө оруулалт авснаар зах зээлийн үнэлгээ нь 1.1 сая ам.долларт хүрсэн “CallPro” компани ийм хэлбэрээр өсөж хөгжсөн бизнесийн сонгодог жишээ. Тус компанийн гурван үүсгэн байгуулагч компаниа байгуулснаас хойших жил хагасын хугацаанд дэд бүтэц, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг цөөнгүй ажилд 60 мянган ам.долларыг хувиасаа зарцуулж байсан бол арлын орны бизнесмэнээс хөрөнгө оруулалт авснаар үйл ажиллагаа, зах зээлээ тэлэх боломж нээгджээ. Гэхдээ хөрөнгө оруулалт авах хүртэлх дөрвөн жилийн хугацаанд тэд өөрсдийн хүчээр 400 гаруй харилцагчтай болж чадсан юм. Тэгэхээр заавал гаднаас хөрөнгө оруулалт хайх биш, бизнесийн онцлог, өөрсдийн боломжид тохируулан үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх нь зарим талаар зөв шийдэл болдгийн тод жишээг тэдний жишээ харууллаа.
Заавал гаднаас хөрөнгө оруулалт хайх биш, бизнесийн онцлог, өөрсдийн боломжид тохируулан үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх нь зарим талаар зөв шийдэл болдог.
“CallPro” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Идэр-Од “Эхлээд өөрийн хэрэглэгчдийг бий болгож, цааш тэсрэлт хийх зах зээл байгаа нь мэдрэгдэж, тодорхой болсон тохиолдолд дараагийн үйл ажиллагааны өсөлтдөө зориулж хөрөнгө босгох нь чухал” хэмээн 2016 онд буюу хөрөнгө оруулалт авахаасаа хоёр жилийн өмнө ярьж байв. Компаниа дөнгөж байгуулчихаад шууд хөрөнгө оруулалт авч, түүгээрээ бизнесийн нөөц бололцоогоо бүрдүүлнэ гэдэг үнэндээ тун бэрх. Үүний оронд бизнесийн сайн хамтрагч болж чадах хүнтэй түншилбэл илүү олон талын ашигтай.
Мөн компаниа дараагийн түвшинд гаргаж, хөрөнгө оруулалт татах хүртлээ өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо шавхан ажиллахыг стартапаа амжилттай авч яваа бизнесмэнүүд зөвлөж байна. Тухайн компани ирээдүйд ашигтай ажиллаж чадах уу, үгүй юү гэдгийг урьдчилан тооцоолоход хүндрэлтэй. Эхний борлуулалтдаа хүрэхийн тулд олон тооны уулзалт, хэлцэл хийж, гэрээ байгуулах зэрэг цаг хугацаа шаардсан олон мөчлөгийг давах болдог. Энэ хэсгийг тооцоогүйгээс шинээр үйл ажиллагаа эхлүүлсэн цөөнгүй компани зах зээлээс шахагддаг аж. Тиймээс өөрийн боломжийг тооцоолж, хэдий хугацаанд хугарлын цэгээ давах вэ гэдгээ нарийн тооцоолох хэрэгтэй гэсэн үг.
Хэрэв дөнгөж эхлүүлсэн бизнесээ хөрөнгө оруулалт авах замаар өргөжүүлэхээр төлөвлөсөн бол компанийнхаа багагүй хувийг тухайн хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх шаардлагатай болно.
“CallPro” компанийн хувьд үйл ажиллагаагаа эхлүүлснээс яг жилийн дараа хугарлын цэгээ давж, ашиг олж эхэлсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга тодруулсан юм. Тэрбээр гарааны бизнес эрхлэгчдэд хандан “Хөрөнгө оруулагчийн нүдээр компанийнхаа үйл ажиллагааг дахин нэг хараад үзэх хэрэгтэй. Хөрсөндөө бууж, илүү бодитой байж чадсанаар хөрөнгө оруулалт хайж буй бусад компаниас ялгарна.
Хэрэв дөнгөж эхлүүлсэн бизнесээ хөрөнгө оруулалт авах замаар өргөжүүлэхээр төлөвлөсөн бол компанийнхаа багагүй хувийг тухайн хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх шаардлагатай болно. Харин зах зээлээ бэхжүүлж, бизнес тань цааш өсөх нь тодорхой болчихсон үед хөрөнгө оруулалт авбал тухайн хөрөнгө оруулагчид ногдох компанийн хувь эзэмшлийн хэмжээг багаар тогтоох боломжтой. Энэ нь эргээд бизнес эрхлэгчид давуу тал бий болгоно” хэмээн зөвлөж байна.
Хэрэв та бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол хөрөнгө оруулалт авахаар яарахын оронд бизнесийн онцлог, бусдад түгээх үнэ цэнээ тодорхойлж, хэдий хугацаанд хэр том алхаж чадах эсэхээ дахин нэг тунгаахад илүүдэхгүй.