Монгол, Казахстан улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа 1997 оноос өрнөж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд Казахстаны тал манайд нефтийн бүтээгдэхүүн, улаан буудай, тамхи, гурил зэргийг нийлүүлж ирсэн бол Монгол улс мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур зэргийг экспортолсноор хоёр орны худалдааны эргэлт 74 сая долларт хүрчээ. Тэгвэл өдгөө хоёр улс эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахыг эрмэлзэж байна. Энэ ч үүднээс бизнесийн байгууллагууд шинэ хамтрагчдыг олж, шинэ салбарт харилцан ажиллахаар хоёр талын уулзалтуудыг нэг бус удаа зохион байгуулж байна. Үүний нэг нь Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад тус улсын эмийн бүтээгдэхүүн, хүнд хөнгөн машин механизм, барилга угсралтын арав гаруй компани оролцож Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож байна.
Энэ үеэр Казахстан улсын Гадаад худалдааны танхимын ТУЗ-ын орлогч дарга Нуралы Букейхановтой уулзлаа.
-Казахстаны бизнес байгууллагуудын худалдааны арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ сүүлийн хагас жилийн хугацаанд хоёр дахиа зохиогдож байна. Түүнчлэн бид Монголын бизнесийн төлөөлөгчдийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Казахстанд хүлээн авч байсан. Визгүй болж, хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа үүссэнээр Монгол, Казахстаны бизнес эрхлэгчдийн дунд ажил хэрэгч харилцааг бэхжүүлэх боломж нээгдсэн. Манай хоёр орон хөгжиж буй залуу орны хувьд хамтран олон чиглэлд хамтран ажиллавал бие биенийхээ дутууг нөхөж цугтаа хөгжих боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол улсад хөнгөн үйлдвэрлэл, хөдөө ах ахуй, мал аж ахуй илүү хөгжсөн бол Казахстаны улсад хүнд, хөнгөн машин үйлдвэрлэл, аж үйлдвэржилт хөгжсөн. Манай хоёр орны худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 74 сая доллар байна. Гэвч энэ үр дүн Монгол, Казахстан улсын бизнес, эдийн засгийн боломжийг бүрэн дүүрэн гаргасан үзүүлэлт биш юм. Өөрөөр хэлбэл бид хөгжлийнхөө эхлэлийн цэг дээр байна. Энэ амжилтаа ойрын хугацаанд 250 сая долларт хүргэнэ гэсэн зорилттой байгаа.
-Манай хоёр орны бизнесийн түншлэл бодит байдал дээр хэрхэн өрнөж байна вэ?
-Хоёр орны Хөдөө аж ахуйн яамдын тохиролцсны дагуу бие биенийхээ мал эмнэлгийн сертификатыг харилцан хүлээн зөвшөөрөх ажил хийгдэж байна. Энэ ажил ойрын хугацаанд хийгдэж дуусна гэж бодож байна. Казахстан улсад махны эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Бидний мах хэрэглэх ёс уламжлал ижил учир махны чиглэлийн Монголын компаниуд ойрын үед манай компаниудтай хамтран ажиллах байх. Түүнчлэн монголчууд хөнгөн үйлдвэрлэлийнхээ давуу талыг ашиглан манай улсын зах зээлд нэвтрэх боломж бий. Тухайлбал, хямд үнэ, өндөр чанар зэрэг давуу талуудтай ноос, ноолууран бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломж байна. Харин манай компаниуд аж үйлдвэрийн тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ санал болгож байгаа. Жишээ нь, өндөр чанартай гурил, үр тариаг манайхаас нийлүүлж болно. Тиймээс Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн Танхим болон Казахстаны Гадаад худалдааны танхим хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ хүрээнд хоёр талын бизнес байгууллагуудыг дэмжиж ажиллана.
-Монголын бизнесийн байгууллагууд танай орны аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахын давуу тал нь юу байх бол?
-Төв Азийн зах зээлд гарах, Евроазийн эдийн засгийн эвсэлд нэгдэх гол хаалга нь манай улс байх болно. Жишээ нь, хэрэв Монголын компани Казахстанд төлөөлөгчийн газраа ажиллуулвал оноогдох татварын хэмжээ нь зохих түвшнээс доогуур буюу 12 хувь байх юм. ОХУ руу бүтээгдэхүүнээ нийлүүлсэн тохиолдолд 20 хувь байна. Өөрөөр хэлбэл гол гол татварын хувь хэмжээ бага байх юм. Эндээс харахад Казахстан улс Монголын бизнесийн байгууллагуудад зориулан эдийн засгийн хамгийн таатай орчинг бүрдүүлсэн. Дээр нь Монголын бизнесмэнүүд манай улсад 90 хоног хүртэлх хугацаагаар визгүй зорчих боломжтой, шууд нислэгийн хугацаа ердөө гурван цаг гээд олон давуу тал байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
-Монгол улсын зах зээлийг сонирхож байгаа шалтгаан нь юу вэ. Манай зах зээлийн боломжийг хэрхэн үнэлж байгаа вэ?
Монгол улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй бол бид танай гурав дахь хөрш тань байхыг хүсч байгаа. Казахстан улс Үндэсний экспортын хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө зорилтод зах зээлээ тодорхойлсон байгаа. Энэхүү орнуудын дунд Монгол улс байгаа. Монгол иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Мөн илүү чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг олноор нь авах сонирхолтой болсон зэрэг олон шалтгаан бидний анхаарлыг татаж байна. Үүний дээр хүн амынх нь 50 хувь нь нэг газар буюу нийслэлдээ төвлөрсөн байгаа нь тээвэр зуучлал болоод бизнесээ явуулах нөхцөл байдалд маш том давуу тал болж байна.
-Хоёр тал зорьж буй том ажил хэргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд ямар хүндрэл, бэрхшээлийг хамгийн түрүүнд шийдэх шаардлагатай байна вэ?
-Манай хоёр орны Засгийн газрууд хамтраад гаалийн хяналт шалгалт, мал аж ахуйн сертификат, валют зэрэг олон чухал шийдвэрүүдийг гаргасан. Үүний дүнд жишээ нь Төв банкууд хамтраад валютын шилжүүлгийг хурдан шуурхай шилжүүлж байхаар болсон. Одоо манай хоёр танхимын ажил үргэлж байна. Бидний зорилго бол Монгол, Казахстаны бизнесмэнүүдийг харилцан танилцуулах, хамтын ажиллагаагаа эхлэхэд нь дэмжлэг болох явдал. Энэ хүрээнд бид өнөөдөр бизнесмэнүүдийн уулзалтыг зохион байгуулж байна.
-Энэ онд ямар арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа вэ?
-Энэ оны аравдугаар сард том хэмжээний үзэсгэлэн Улаанбаатарт зохион байгуулагдана. Үүнд манай орны аж ахуйн нэгжүүд оролцоно. Түүнчлэн ирэх намар Монголын бизнесмэнүүд манай нийслэл Нурсултанд зочилно.
-Монголын бизнесмэнүүдэд ямар зөвлөгөөг өгөх вэ. Бид танай зах зээлд нэвтрэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй бол?
-Манай улс эдийн засгийн хувьд нээлттэй орон. Doing business-ийн чансааны 28-р байрыг эзэлж байгаа. Тиймээс та бүхэн юунаас ч эмээлгүй зоригтой ажиллаарай. Компаниа 15-хан минутын дотор байгуулах боломжтой. Гааль дээрх хяналт шалгалтын бүх процесс электрон хэлбэрт шилжсэн. Хэрэв ямар нэгэн асуудал үүсвэл Монголын болон Казахстаны Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд хандаарай.