Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хүний биед микрочип суулгах нь (имплант) уран зөгнөлөөс бодит байдал болж хувираад байна. Эдүгээ дэлхий даяар олон зуун хүн биедээ чип эсвэл электрон дамжуулагч суулгаад ажиллаж, амьдарч буй. Тэдгээрийн ихэнх нь эрүүл мэндийн шалтгаанаар, тухайлбал төрөлхийн болон олдмол дүлий хүмүүс чихний дунгийн суулгац хийлгүүлдэг. Гэвч саяхнаас биеэ өөрчлөх хүсэлтэй хүмүүс болон технологи шүтэгчид нь машин асаах, гар утас руу мессеж явуулах эсвэл биткойны төлбөр төлөхөд зориулж биедээ микрочип суулгах болов.
Би 2015 онд Калифорнийн Техачапи хотод болсон Grindfest хэмээх биохакерын цугларалтын үеэр имплант хийлгэсэн юм. Технологиосоо шалтгаалж радио давтамжтай танигч эсвэл near-field communication шошго гэж нэрлэгддэг эдгээр суулгац нь нэг ширхэг тутарганы хэмжээтэй бөгөөд том хэмжээтэй тариураар хүний биед хэдхэн секундын дотор суулгаж болдог. Суулгац бүр үл давтагдах дугаартай, хамгийн хямддаа 50 долларын үнэтэй. Ихэнх хүмүүс ийм суулгацыг эрхий болон долоовор хурууныхаа завсар суулгадаг.
Биедээ чип суулгах нь этгээд, гаж цөөн хүмүүсийн сонирхол, хобби байсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд огт өөр салбарынхны анхаарлыг татах болов. 2016 онд АНУ-ын Тэнгисийн цэргийнхэн намайг Naval Operations Strategic Studies Group-ийн тэргүүн, чөлөөнд гарсан дэд адмирал Жэймс Пи.Вайзкапын удирдаж буй судалгаанд зөвлөхөөр ажиллахыг урьсан. Далайчдын биед байгаа суулгац цөмийн шумбагч завьны хэвийн ажиллагаанд нөлөөлөх эсэхийг тэд сонирхож байсан юм.
Саявтархан Висконсин мужийн Three Square Market компани ажилчдадаа чип суулгахаар болсноо зарласан нь АНУ даяар шуугиан тарив. Цагийн картын оронд чипээр дамжуулж ажилчдаа хянах зорилгоор тэд ийм санаачилга гаргасан байна. Түүнчлэн хувилагч машин ажиллуулах, компанийн автомат машинаас хүнс, ундаа худалдаж авахад тэрхүү чипийг ажилчид ашиглах боломжтой гэнэ.
Батлан хамгаалах болон хувийн компанийн хүрээнд ийм сонирхол ажиглагдах болсон нь шашны болоод хууль сахиулах байгууллагынхны анхаарлын гадна үлдсэнгүй. Сайн дураар болон албадлагын журмаар биедээ чип суулгуулах явдлыг хориглосон хуулийн төслийг энэ оны хоёрдугаар сард Невада мужийн ассемблейн гишүүн, Ардчилсан намаас сонгогдсон Скип Дэйли санаачилж байв. Невада мужаас гадна Арканзас, Нью Жерси, Теннесси мужид импланттай холбоотой хуулийн төсөл боловсруулж эхэлсэн бол Калифорни, Висконсин, Миссури, Оклахома, Умард Дакотад албадлагын журмаар чип суулгахыг ямар нэг байдлаар хориглосон хууль хүчин төгөлдөр үйлчилдэг юм. Сайн дураар биедээ чип суулгахыг хууль, журмаар хязгаарлах бүр хориглохыг уриалах явдал олон улсад ч нэмэгдэж байна. Гэвч аливаа технологийн нэгэн адилаар имплантыг зохицуулах боломж бий боловч айдсыг бодит байдлаас ялгаж харах ёстой юм.
Би чип суулгуулаад гурван жил болсон бөгөөд энэ технологийн ач тусыг байнга мэдэрч буй. Байшингийн маань урд хаалга чип уншдаг цоожтой бөгөөд серфингээр гулгах эсвэл гүйхдээ түлхүүр авч явах шаардлага гардаггүй нь таатай санагддаг. Түүнчлэн гар нь хөдөлдөггүй, гэмтэлтэй хүмүүс хөлдөө суулгасан чипээр хаалга онгойлгох, чип уншигчтай гэр ахуйн хэрэгслээ ажиллуулах боломжтой. Батлан хамгаалах салбарын хувьд цэргүүдэд чип суулгах нь тэдний эрүүл мэндийг хянах, эсвэл тулалдааны үеэр олзлогдсон, сураггүй алга болсон тохиолдолд олох боломжийг олгох юм.
Микрочипийн суулгац нь хүн бүхэнд зориулагдаагүй гэдгийг дурдах ёстой. Эрүүл мэндийн эрсдэл ч багагүй бий. Ямарваа технологийн нэгэн адил чип нь хуучирна, солих шаардлага гарна, энэ бүхэнд өвдөх, цус гарах зэрэг таагүй мэдрэмж тухайн хүнд заавал төрнө. Үүнээс гадна гар утсыг хакердах зэрэг сүүлийн үед гарч буй асуудалтай төстэй хувь хүний нууцтай холбоотой айдас ч гарч ирэх нь зайлшгүй. Гэхдээ одоогийн байдлаар суулгацыг тухайн хүнээс хэдхэн метрийн зайнаас олж мэдэх боломжтой байгаа юм.
Ассемблейн гишүүн Ч.Дэйли олон нийтийн санал хүсэлтийг харгалзан үзсэний дараа өөрийгөө илэрхийлэх болон эрүүл мэндийн шалтгаанаар биедээ чип суулгахыг зөвшөөрсөн заалтыг хуулийн төсөлдөө оруулсан байна. Уг хуулийн төслийг саяхан ассемблейн гишүүд зөвшөөрч, Невада мужийн сенатад өргөн барьсныг ташрамд дуулгая.
Чипийн хэмжээ улам жижиг, биед суулгах арга технологи улам хялбар болж байгаа энэ үед муж бүр энэ асуудлыг нухацтай авч үзэх нь гарцаагүй юм. Гэхдээ хүмүүс өөрийнхөө биеийг хүссэнээрээ өөрчлөх эрхтэйгээс гадна хуулийн зохицуулалттай биохакингийн ач тус нь эрсдлээсээ илүү гэдгийг хууль сахиулагчид бодолцох биз ээ.