Япон улсын маркетинг, борлуулалтын шилдэг гурван компанийг нэгтгэн байгуулсан Glowd Inc групп нь улсынхаа борлуулалтын стратегийн үйлчилгээний тэргүүлэгч компанийн нэг юм. Өдгөө Япон улс даяар 10 гаруй салбартай, 140 ажилтантай бөгөөд үүсгэн байгуулагч, СЕО, борлуулалтын эксперт Хироюки Шираиши нь Японы шилдэг залуу 30 СЕО-гийн нэг билээ.
Тэрбээр цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монголын “Пакс Монголика” компанитай хамтран манай улсын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд худалдах “paxmol.jp” буюу Пакс Монголика сайтыг нээн бэлтгэл ажилдаа оржээ. Түүнийг Монголын талын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчидтэй уулзахаар ирээд байхад нь хэсэгхэн хором ярилцах боломж олдсон юм.
Glowd Inc / Глоуд Инк / группийг байгуулсан нь таны амьдралын маш том эргэлт, ололт амжилт байсан болов уу. Компаниа байгуулах хүртэлх зам хэр бартаа саадтай байв?
Би бага ангийн л боловсролтой. Өнөөдрийг хүртэл өөр ямар нэгэн сургуульд сураагүй нэгэн. Манай гэр бүл гурван үе дамжин Фүкүока хотод дэлгүүр ажиллуулж ирсэн. Арван хэдэн насандаа эцэг, эхээсээ тусдаа амьдарч эхэлсэн. Энэ үеэс цэвэрлэгээ, худалдагч, зөөгч, морь сургагч гээд л хийж үзээгүй ажил гэж байхгүй. Хөдөлгөөнтэй хэцүүхэн хүүхэд байсан л даа. Миний амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт бол өөрийгөө өөрчлөх байсан. Нарийн яривал ганцаараа Шикоку хэмээх арлыг явганаар тойрсон явдал байсан. Зен буддизмын бясалгал гэх үү дээ.
Гурван сарын турш 1200 км газар аялсан. Хээр хоноглож, даяанч хийж байгаа хүнийг тэндхийн хүмүүс хүндэтгэдэг тул замд таарсан хүмүүс хоол өгч, заримдаа гэртээ хонуулдаг байсан. Энэ хугацаанд би хоёр зүйлийг ойлгосон. Нэг нь жижиг зүйлд ч талархаж амьдрах, нөгөө нь уулыг өгсөх тусам харагдах байдал илүү өргөжиж байгааг анзаарсан. Ямар нэгэн зүйлд зорьж байгаа бол урагшлах тусам өөрчлөлт гардаг гэдгийг ойлгосон. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлтийн нэг. Дараагийнх нь компани байгуулсан явдал. Эхлээд өөрийгөө өөрчлөөд дараа нь өөрт байгаа зүйлээ өөрчилсөн гэх үү дээ.
Аялал маань дуусахын алдад өмнө нь ажиллаж байсан компанийн захирал залгаж, “Дректорс” хэмээх шинээр нээж байгаа интернэт үйлчилгээний компанидаа хамтран ажиллах санал тавьсан юм. Би ч дуртайяа хүлээн зөвшөөрч, тэнд таван жил ажилласан. Бүх төрлийн үйлчилгээний байгууллагад гэрээт ажилтан илгээж, тэднээр дамжуулан интернэттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг нь хариуцан, тэд нарыгаа хянаж, тэдний мэдлээс давсан асуудал гарвал шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг байсан.
Намайг анх ажилд ороход ердөө таван хүнтэй байсан бол ажлаасаа гарах үед 70 ажилтантай болж, компани маань Киүшиу аймгийг бүхэлд нь хамарсан томоохон үйлчилгээг үзүүлдэг болсон байсан. Намайг гарсны дараа борлуулалтын хэмжээ нь өмнөхөөсөө 3/1 болтлоо буурсан байдаг юм. Ийнхүү ажлаасаа гараад Азиар тойрон аялал хийхээр төлөвлөж байсан ч тусдаа бизнес эрхлэхэд хамтарч ажиллах хоёр сайн түнш байсан учир Glowd Inc-ийг байгуулахаар болсон. Энэ нь тухайн үед өөрт маань ч гэнэтийн шийдвэр байсан.
Компанийн анхны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчаа хэрхэн олсон бэ? Шинэ компанид итгэл хүлээлгэн захиалга өгөх нь хэцүү шүү дээ.
Анх хөрөнгө оруулалтаа ажил хийж цуглуулсан багахан мөнгөөрөө болон эцэг эхээсээ зээлж шийдэж байлаа. Харин анхны харилцагчийн тухайд өмнөх компанидаа хичээнгүйлэн ажиллаж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон байсан. Тэд компанид маань болон надад итгэл хүлээлгэсэн. Гэсэн хэдий ч санхүүгийн болоод сэтгэл санааны хувьд эхний нэг жил үнэхээр хүнд өнгөрсөн.
Хоёр дахь жилээсээ л хөл дээрээ зогсохтойгоо болсон. Бид аль нэг салбарыг дагнаж бус бүх салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдгээрээ бусад ижил төрлийн компаниудаас ялгардаг. Мартсанаас, хоёр дахь жилдээ эцэг, эхээсээ зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт буцаан өгсөн юм байна. /инээв/
Ажлыг хөгжилтэй, сонирхолтой хийх ёстой. Дарамттай байлгаж болохгүй. Хүн бүр эрх чөлөөтэй ажиллаж байх хэрэгтэй.
Ингэж асууж байгаад уучлаарай. Гэхдээ хүн бүр л сонирхох болов уу. Яаж “боловсролгүй” хүн энэ бүгдийг хийж чадав аа? Аль хэдийнэ хөлөө олчихсон том компаниудад, бүр бизнесийн зөвлөгөө өгнө гэдэг итгэмээргүй юм.
Утас байхад л бүх зүйлийг сурч болно. Хүссэн бүх мэдээллээ эндээс авч болно. Хамгийн чухал нь тэр хүнд сурах хүсэл байна уу гэдэгт л бий. Дээр нь манай улсын засгийн газар компаниудыг бодлогоор маш сайн дэмждэг. Тухайлбал, компани байгуулах зөвшөөрөл, тамга тэмдэг авахад дүрмийн сан буюу дансандаа ердөө нэг иен буюу 25 төгрөг байхад л хангалттай.
Харин юу хийх тухайд, би өөрөө Японы 70 сая хүний үйлдвэрлэгч болох бус одоо байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь улам сайжруулан өргөтгөхөд туслахыг илүүд үзсэн. Бидний гол үйлчлүүлэгч нь Японы харилцаа холбооны тэргүүлэгч NTT компани байдаг. Бид тус компанийн харилцагчдынх нь үйлчилгээг үзүүлдэг. Танайхаар Мобиком шиг компани гэсэн үг л дээ.
Glowd Inc –ийн нэрийн бэлэгдэл юуг илэрхийлдэг вэ?
Glowd Inc нь хэд хэдэн утгыг илэрхийлдэг. Алтан шаргал, гялтганасан. Мөн энэ үг нь “cloud” буюу үүл хэмээх үгтэй ижил уншигддаг. Өмнө нь хэлж байсанчлан даяанчлан явах үедээ уулнаас урсаж буй ус далай руу цутгахдаа ууршиж, үүлэнд шингэн, түүнийг нь үүл эргээд бороо болгон эргүүлж уул руугаа урсгаж байгаа үйл явцыг ажигласан. Үүл нь газар, тэнгэрийн эргэх холбоог үүсгэж байгаа биз. Үүн шигээр хэрэгтэй үед нь хүнд тусалдаг холбогч үүл нь болох юмсан гэж бодсон.
Пакс Монголика сайт ажиллах процесс. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгч, захиалагчдад бараа нь ямар дамжлагаар очих юм бэ? Хэзээ ашиглалтад орох?
Бүтээгдэхүүний захиалга орж ирснээр бараа хүргэлтийн буюу тээврийн ажлыг Глоуд Инк, Пакс Монголика болон тухайн барааг үйлдвэрлэгч гэсэн гурван талын гэрээнд үндэслэн хамтдаа дамжлагтайгаар хариуцна. Японы агуулахад бараагаа хуримтлуулах тул чанарыг нь элээхгүй. Захиалга орж ирмэгц л Япон руу хүргүүлж байх юм.
Японы хэрэглэгчдэд албан ёсоор анх удаа Монголын бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байгаа учраас хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг сайтдаа байршуулах болно. Анхнаасаа Япон хэрэглэгчдэд энэхүү сайтыг чанартай бараатай гэдэг төсөөлөлтэйгээр таниулах нь маш чухал. Сайтаа Японы хэрэглэгчдийн онцлогт тохирсон 100-гаад бараа бүтээгдэхүүн байршуулсны дараа энэ намраас нээх төлөвлөгөөтэй байгаа.
Монголын бүтээгдэхүүнүүдэд нэг ижил дутагдал байгаа нь дизайн. Багахан сайжруулалт хэрэгтэй.
Та Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчидтэй уулзсан, тэдний бараа бүтээгдэхүүнтэй танилцсан. Тэдний бараа бүтээгдэхүүн экспортын шаардлагыг хангаж чадаж байна уу?
Сайн, муу аль алиныг нь харлаа. Тэдэнд нэг ижил дутагдал байгаа нь дизайн байсан. Багахан сайжруулалт хэрэгтэй. Дээр үед үнэтэй ч гэсэн чанартайг нь авахыг зорьдог байсан бол өнөө үед хямдхан мөртлөө чанартайг авахыг эрмэлздэг болсон. Хэрэглэгчдийн сэтгэлгээ өөр болсон. Ийм болсон нөхцөлд илүү зардалаа танах хэрэгтэй. Үйлдвэрлэгчийн тухайд хэрэггүй элдэв маяг оруулсан жижиг дитэйл зүйлсээ авч хаях хэрэгтэй.
Хэрэгцээгүй зүйл бүтээгдэхүүндээ хэт их нэмсэн хандлага харагдсан. Үүнээс болж бүтээгдэхүүний үнэ ч өсч байна. Энэ нь үйлдвэрлэгч хэдий бүтээгдэхүүнээ сайжруулах гээд байгаа хэлбэр ч тэр бол хэрэглэгчийн сонирхол, шаардлага гэсэн үг биш. Хүмүүс бүү хэл аливаа юм бүхэн минималист болж байна. Аль болох энгийн байх хэрэгтэй. Хэрэглэгчийн байр суурь үйлдвэрлэгчийнх хоёр өөр.
Монголын талтай хамтран хэрэгжүүлж буй сайтын энэхүү төслийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
Цаашаа юу болохыг мэдэхгүй байгаа нь л миний сонирхлыг татаж байна. Анхнаасаа юу болох нь тодорхой байсан бол өнөөдрийн энэ баяр хөөр байхгүй байна. Сонирхол ч татахгүй.
Таны ажлын баримталдаг зарчим. Ажлын арга барилын тухайд?
Ажлыг хөгжилтэй, сонирхолтой хийх ёстой. Дарамттай байлгаж болохгүй. Хүн бүр эрх чөлөөтэй ажиллаж байх хэрэгтэй. Бүх хүний үзэл бодол, аз жаргал мэдэрдэг зүйл өөр өөр ч тэд нэг зорилгын төлөө л зүтгэдэг байх ёстой. Энэ бол миний ажиллах зарчим. Хичнээн чадвартай ажилтан байлаа ч компанийн дотоод уур амьсгалыг эвдэж л байгаа бол би ажлаас нь шууд л чөлөөлдөг.
Сүүлийн үеийн маркетингийн чиг хандлагын талаар?
Хэрэгцээгүй маркетинг хийхгүйгээр эрсдэл багатайгаар эхлэх хэрэгтэй. Өнөө үед сайн санаагаа хурдан эхлүүлж, хэрэглэгчдийн хариу үйлдлийг харангаа хурдтай сайжруулаад явах хандлагатай болсон. Пакс Монголика сайтаа ч эхний ээлжинд багаар ч болтугай хурдан гаргаж, Японы хэрэглэгчдийн хандлагыг ажиглангаа, сайжруулаад явах болно.
Дээд логик… Дээд ёс суртахуун… Энэ үед нийтийн тусын тулд прагма үйлдэл буй
Ийм чухал хүнтэй нэг уулзасных нарийн ширийн зүйлүүд асуух байждээ гэж бодлоо Монгол бараа үнийн хувьд ямар стратеги барих ёстой вэ, реклам хийхгүй болох юм уу, япон хэрэглэгчийн судалгаа, өрсөлдөх бараануудын судалгаа хийсэн үү, ямар улсын ямар бараа яаж амжилттай нэвтрэв , эко брендүүд гэж рекламдах юм уу…
Хурд чухал, тэр тусмаа үйлдвэрлэгч хэрэглэгчдийн эргэж буцах холбоог төгөлдөржүүлэх маш чухал. Дээр нь хамт олны эерэг уур амьсгалыг онцолж чухалчлах ч гол зүйл дээ, сайхан ярилцлага болжээ БАЯРЛАЛАА.