Аялалын маршрут: Ганц Мод-Баяннуур-Үхай-Алшаа-Иньчуань-Баяннуур-Ганцмод-Хөх хот 4000 орчим км.
Аялсан хугацаа: 2019.05.24-06.02
Өмнөх нийтлэлийг эндээс
Төвдийн их уулсын 4000 метрийн өндрөөс эх авч Хятадын нутгаар 5000 гаруй км урсах голыг Шар мөрөн гэнэ. Хятад угсаатан анх үүссэн гэж үздэг энэ голын усанд хагшаас буюу уулын чулуулаг болон хөрсний элэгдэл зэргээс үүссэн олон зуун тэрбум тонн шаргал талстууд агуулагддаг учраас “Шар мөрөн” (黃河 – Huáng hé) хэмээн нэрийдэж, усаа юүлдэг тэнгис нь хүртэл “Шар тэнгис” нэртэй болжээ. Газрын зургаас харвал Шар мөрөн Өвөр Монголын нутгаар урсахдаа том гэгчийн цүлхэн үүсгэсэн байдаг. Энэхүү цүлхэнгийн хойд биед, Монголын хилээс 100 гаруй км-ийн зайд оршдог үржил шимтэй нутгийг Бор тохой гэнэ. Бор тохойд Баян нуур хот байрладаг.
Монгол, Хятадын сэтгүүлчдийн баг Урадын дунд хошууны тэмээчин Эрдэнэхишигийнхээс гараад хэсэг явсны дараа Баян нуурын дунд хэсгээр хөндөлдөн байх Монь уулыг даван Бор тохойн хөндий рүү оров. Хойд талаасаа Их Говийн элсэнд түрэгдсэн, хиймэл дагуулын зургаас содон ногоон толбо болж харагдах энэ нутагт төрөл бүрийн үндэстэн ястан олон мянган жил газар тариалан эрхэлж иржээ. Хатан гол нь Баян нуурын нутгаар 345 км урсан өнгөрдөг бөгөөд эдүгээ энэ зайд Өвөр Монголын төдийгүй Бүх Хятадын хэмжээний үр тарианы үйлдвэрлэлийн хамгийн том бааз бий болжээ. Эндээс улаан буудай, наран цэцэг, амтат гуа, улаан лооль зэрэг бүтээгдэхүүнийг Хятадын муж, хотуудад түгээхээс гадна АНУ, Европын орнууд руу экспортолдог.
Бор тохойн орчимд Хатан голын урсгалыг залж, их хэмжээний тариан талбайг усалдаг бөгөөд энэхүү усжуулалтын систем нь Ази тивдээ хамгийн том усжуулалтын бүс гэгддэг. Нэг үгээр үүгээр урсан өнгөрөх Хатан голын усыг аж ахуйн хэрэгцээнд дээд зэргээр ашигладаг.
Сүүлийн 50 орчим жилд энд цөл, амьдрал хоёрын их тэмцэл өрнөж, өнөөдөр харахад амьдрал ялж байгаа нь Баян нуурт бидний зочилсон газруудаас мэдрэгдэж байв.
Гэхдээ өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас эрчээ авсан их цөлжилт аж ахуйд аюул учруулж, жилд олон зуун га талбайг залгих болжээ. Тиймээс Бор тохойн хөндийг хэвээр хадгалж үлдэхийн тулд асар их хүчин зүтгэл, хөрөнгө зарцуулжээ. Сүүлийн 50 орчим жилд энд цөл, амьдрал хоёрын их тэмцэл өрнөж, өнөөдөр харахад амьдрал ялж байгаа нь Баян нуурт бидний зочилсон газруудаас мэдрэгдэж байв.
Монголын хилээс урагшаа явж Баян нуур луу ойртох тусам замын хоёр талаар зурвас хэлбэртэй тарьж ургуулсан улиангар, сухай голдуу модод улам шигүү болно. Эдгээр мод нь хатуу ширүүн цаг агаарт тэсвэртэй, харьцангуй хурдан ургадаг. Өмнө нь цөлжилтөд автаж ашиглалтгүй хаясан талбай дээр эдүгээ амьдрал дахин цэцэглэж байна.
Ийнхүү цөлд бий болж буй хөгжил, цэцэглэлтийн нэгэн тод жишээг бид Баян нуурын Дэнкөү шянд байгуулсан цөлийн үнээний фермээс харсан юм. Хятадад цөлжилттэй тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш, хувь хүн, компани, өрх гэр бүрийн үүрэг байдаг. Шэнмү хэмээх групп компани Өвөр Монголын дөрвөн том цөлийн нэг болох Улаан бухын цөлийг “амлан авч” 2010 оноос эхлэн уг цөлд хөдөө аж ахуйг хөгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн найман жилд энэ компани Баян нуурт органик өвс, органик сүүний үйлдвэрлэл, органик мал аж ахуйг хөгжүүлж “Тарих+үржүүлэх+боловсруулах+борлуулах” гэсэн бүдүүвчээр цөлийн органик үйлдвэрлэлийн системийг бүрдүүлж чаджээ. Энэ хугацаанд Улаан бухын элсэнд нийт 7.5 тэрбум юанийн (2.8 их наяд төгрөг) хөрөнгө оруулжээ. Өмнө нь хүн, амьтан ховор амьдардаг байсан цөлөрхөг газарт эдүгээ 92 мянган саалийн үнээ бэлчиж байна.
Улаан бухын цөлд ямар их хөрөнгө, хөдөлмөр орсныг дараах хэдэн тооноос харж болно. Шэнмү групп найман жилд 14.6 мянган га цөлийг бэлчээр болгож, 200 гаруй хавтгай дөрвөлжин км элсэн цөлд 90 сая мод тарьжээ. Дээрх талбайд үнээний 23 ферм байгуулж, 193 км авто зам, 277 км цахилгаан дамжуулах шугам, 11 усан сан байгуулжээ. Нэг үнээ ойролцоогоор 0.2 га талбайд бэлчээрлэх бөгөөд үнээнээс гарсан баас, өтөг, бууцыг цэвэрлэн бас л энэ цөлд байгуулсан 10 үйлдвэрт хүргэж дарш болгон, эргээд үнээнийхээ бэлчээрийг бордоно. Ийнхүү үйлдвэрлэлийн бүх үйл явц органик байж, органик үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг үнээ бүр дээр автоматаар мөшгөн хянана. Тиймээс өдөрт 1300 тн сүү боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрт Европын холбооноос “Цөлийн органик сүүний гэрчилгээ”-г өгсөн байна.
Улаан бухын цөлийн үнээний ферм дэх аялал дуусч тэндээс бид дахин нэг “цөлийн” гэсэн тодотголтой аж ахуйн газарт ирэв. Энэ бол “Цөлийн цагаан будааны бааз”. Энд газар тариалан, загас, тахианы аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй зэрэгцэн оршиж, нэг нэгнээ нөхөн төлжүүлэх ажээ. Өвөр Монголд хийсэн сурвалжлагын явцад нэг зүйлийг анзаарахгүй байхын аргагүй байв. Энд зөвхөн ашиг олох гэсэн зорилготой аж ахуй байдаггүй бөгөөд ихэвчлэн үйлдвэрлэлтэй зэрэгцүүлэн цөлжилтийг зогсоох, ядуу иргэдийн амжиргааг дэмжих, жуулчдыг зугаацуулах гэсэн давхар зорилгыг биелүүлж байдаг. Үүний нэгэн тод жишээ нь цөлийн цагаан будааны бааз байв.
2017 онд Баян нуурын Дэнкөү шянгийн (дүүргийн) захиргаа болон Бээжингийн Рэньчуан технологийн групп компани хамтран хөрөнгө оруулалт хийж тариалангийн технологийг ашиглан цөлийг өөрчлөх, хужирхаг газрын хөрсийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тариан талбайн орчмыг Хатан голоос татаж авчирсан усаар усалж, дэргэд нь жижигхэн загасны болон тахианы аж ахуй байгуулж, тахиа, загасны ялгадас бүхий усаар тариан талбайгаа услан бордоно. Талбайгаа тойруулан цөлд тэсвэртэй мод тарьжээ. Харин тариалалтад шаардлагатай эрчим хүчээ цагаан будааны баазын зүүн талаар байрлах Дэнкөүгийн аж үйлдвэрийн бүсийн Нарны эрчим хүчний паркаас хангах ажээ. Цөлийн хөрсний өнгөн хэсэгт тариалалтын шинэ аргаар цагаа будаа тарьсан нь усыг 70 хувь хэмнэж, хортон шавьжгүй, пестицид хэрэглэх шаардлагагүй давуу байдлыг бий болгосон байна. Ийнхүү Өвөр Монголд цөлжилттэй тэмцэхэд дэлхийд шилдэгт тооцогдох нэгэн технологийг гаргаж авчээ.
Цөлийн цагаан будааны талбайгаас цааш явж бидний буусан газар нь энэ хавийн бас нэгэн “ногоон гайхамшиг” байлаа. Нэг өдрийн дотор хэд хэдэн газраар орж, хөдөө аж ахуйн өндөр хөгжлийг харж “пологдож” ядарсан сэтгүүлч бид нарны дэлгэцээр дээвэрлэсэн нов ногоон цэцэрлэгт хүрээлэнд орж ирэхэд сэрүү татаж нүд баясаж сэргэх шиг болов. Энэ нь газар тариалан, сэргээгдэх эрчим хүчийг хослуулсан Хуа Шэн хэмээх эрчим хүч, хөдөө аж ахуйн паркт ирсэн хэрэг байв.
166 га газар, 604 сая юанийн (232 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалт бүхий уг паркийн төсөл нь хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн аж. Нийт 950 орчим хүлэмж барьж, 40 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх зорилготой бөгөөд 2019 оны долдугаар сараас 57 хүлэмжийг ажиллуулж, цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Нарны дэлгэцээр тоноглосон хүлэмжинд голдуу мөөг, цайны мод, органик хүнсний ногоо тариалах аж. Хүлэмж гэхээсээ илүү цэцэрлэгт хүрээлэн гэж андуурмаар энэ газарт төрөл бүрийн үрсэлгээ бойжихоос гадна хүмүүс ирж алжаал ядаргаагаа тайлах орчин бүрдүүлжээ.
Ийнхүү Баян нуур хотод сурвалжлага хийсэн нэгэн үр бүтээлтэй өдөр өнгөрлөө. Орой нь зочид буудалдаа сууж байхдаа интернэтээс 1981-2019 оны хооронд Өвөр Монголд нийт 1.7 тэрбум мод тарьж ургуулсан гэсэн Синьхуа агентлагийн мэдээ уншив. Өдөр нь автобусан дотор замын хоёр талаар хөврөх цөлийн ногоон талбайнуудыг харан цагаан атаархал төрж явсан бол энэ мэдээг уншаад дараагийн 30 жилд Монгол Улс цөлжилттэй энэ хэмжээнд тэмцэж чадах эсэхэд эргэлзэн гуниг төрж байлаа.