Уул уурхай, барилга байгууламж, шатахуун импорт худалдаа, геологи хайгуул, хөдөө аж ахуй, үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт өргөн цар хүрээнд 13 жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбар дахь анхдагч компаниудын нэг бол “Улз” групп юм.
Салбартаа тэргүүлэгч компанийн хувьд ч гэсэн хүний нөөцөө зөв удирдах, менежментээ зөв зохион байгуулах, засаглалаа оновчтой тогтоох гэх мэт бусад компаниудын адил зовлон тулгардаг нь дамжиггүй. Тиймээс бизнес бүрт хэзээ нэгэн цагт тулгардаг саад бэрхшээлийг “Улз” группийн ТУЗ-ийн дарга А.Бүрэнтогтох хэрхэн шийдвэрлэж буй талаар ярилцлаа. 1300 гаруй ажилтантай, 1993 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа тэд ирээдүйд илүү амжилттай ажиллахын тулд мэргэжлийн байгууллагаас шаардлагатай сургалт, зөвлөгөө аван ажиллаж байна.
“Бизнесийг удирдана гэдэг амаргүй” гэж хүмүүс ярьдаг. Яг юу нь амаргүй байдаг юм бэ?
Амаргүй гэдэг үгийг хэлэхэд маш амархан. А цэгээс В цэг рүү алхаад очих уу, гүйх үү, эсвэл мөлхөх үү гэдэг хэд хэдэн арга замын аль нэг нь амаргүй байж таараа. Эсвэл аль нэг нь амархан байж таарна. Бизнес яг л ийм. 1993 оныг өнөөдөртөө харьцуулъя. 13 жилийн цаадахыг харахад өнөөдөр бид амьд үлдэх гэж л амьд байсан. Миний ойлголтоор Монголын бизнес гэдэг бол хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг, хэт их улс төрийн оролцоотой, амьд гарах, тэсч үлдэх л гэсэн зарчимтай. Түүнчлэн нийгэм солигдоход олон нийтийн сэтгэл зүйд маш их өөрчлөлт орсон. Социализмын үед амар тайван амьдарч байсан хүмүүс гэнэт өөрийнхөө хүч чадал, оюун ухаанаа дайчлах ёстой болсон. Тэр ахуйгаараа байх уу, эсвэл орчин нөхцөлдөө шинжлэх ухаанчаар хандах уу гэдгийг сонгох хэрэгтэй болсон юм. Уг сонголт, энэ зөрүү өнөөдрийг хүртэл үргэлжилж байна гэхэд болно. Ойрын хэдэн жилийн өмнөөс л хүмүүс нийгэм, ялангуяа компани, компанийн удирдлагууд алхам тутамдаа сурч байх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Би ч бас тэдгээр хүмүүсийн нэг. Үүнийг ойлгоод компанийн засаглал, менежмент, удирдлагын түвшин, хүний нөөц гэх мэт тэсч үлдэхэд хэрэгтэй бүхий л зүйл дээрээ “Ганабелл” институтээс сургалт авч эхэлсэн.
Уг институттэй хамтарч ажиллаад та бүхний юу өөрчлөгдсөн бэ?
Бид “Ганабелл” институттэй хоёр жилийн өмнөөс хамтарч ажиллаж эхэлсэн. Группийн болон салбар компаниудын засаглал, хүний нөөц гэх мэт талаас зөвлөгөө аван сургалтад хамрагдаад явж байна. Бид хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд хаана байгаагаа дүгнэсний үндсэн дээр манай компани хүний нөөц, менежмент тал дээрээ бусдаас сул байгааг ойлгосон юм. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтраад, тэднээс тусламж дэмжлэг авч бусдыг гүйцэж түрүүлдэггүй юм аа гэхэд, хол зөрүүтэй хоцорчихгүй араас нь хурдтайгаар явахыг хичээж байна. Бид өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хөтөлбөрийн сургалтуудаа авч эхэлсэн. Бид хаанаас эхэлсэн юм, одоо хаана явж байна, ирээдүйд хаана хүрэх юм гэдгээ олж харсан. Энэ бол сургалтаа дөнгөж эхлүүлж байгаа бидний хувьд маш том үр дүн. Хамгийн чухал нь аль аль талаараа хөгжингүй ажилтан л манай компанийг ирээдүйд амжилттай хүргэж чадна.
1300 гаруй хүнийг нэг баг болгож, нэг итгэл сэтгэлтэй, нэг зорилготой болгохын тулд та юуг чухалчилж байна вэ?
Энэ тал дээрх хамгийн гол бөгөөд тод жишээ бол “Эм Си Эс” группийн Ж.Оджаргал болон түүний баг юм. Би ажилчиддаа нэг л зүйлийг хэлдэг. Бид таван жилийн дараа гэхэд тэнд очсон байх болно, бид 10 жилийн дараа гэхэд ийм болсон байна гэх мэтээр компанийнхаа ирээдүйг хэлж, ойлгуулахыг хичээдэг. “Эм Си Эс” групп 2010-2014 оны хооронд бусдын адил хүнд байдалд орсон. Энэ үед “Эм Си Эс”-д ажиллаж байсан хүмүүс авч байсан цалингаасаа 2,3 дахин бага цалин авч байсан гэдэг. Тэд яагаад ажлаасаа гараагүй Ж.Оджаргал захиралтай хамт үлдсэн бэ гэхээр багийг бүрдүүлж буй ажилтанууд нь компанийнхаа эрхэм зорилгыг мэддэг, ирээдүйгээ олж харсан байсан учраас тэр. Ийм энгийн мөртлөө агуу том ойлголтыг “Эм Си Эс” группийн удирдлага ажилтан бүртээ суулгаж чадсан. Тиймээс би ганцаараа бус, багийн хамт олонтойгоо, цаашлаад бусад компаниудтай, эрх баригчидтай, үйлчлүүлэгч хэрэглэгчтэйгээ хамтарч байж л ирээдүйд амжилттай явах болно.
Хүний нөөцөөс гадна уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал чухал үүрэгтэй. Танай компани хөдөлмөрийн аюулгүй байдал дээрээ хэрхэн ажилладаг вэ? Хамгийн энгийн жишээнээс дурдвал?
Үүнийг зөв ойлгоод зөв хэрэгжүүлж чадвал маш их эрсдэлээс хамгаалдаг. Нөгөө талаас хөдөлмөрийн аюулгүй байдал нь буруу, зөвийг цэгцлэх том ойлголт юм. Манай группийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлыг зардал бус, хөрөнгө оруулалт гэж үздэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хамгийн энгийн жишээ гэвэл ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж тэдэнд нормын хувцас өгдөг. Тухайлбал, ажлын гутал бидний өдөр тутамдаа өмсдөг гуталнаас ач холбогдол, зориулалт зэргээгээ асар өөр. Хөл дээр тань хүн гишгэхэд л ямар байдаг билээ. Тэгвэл үйлдвэр дээр 20-30 тоннын жинтэй зүйл унахыг үгүйсгэхгүй. Уг эрсдэлийг хамгаалалтын хувцас хэрэгсэл давж байх ёстой. Тиймээс л бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Манай групп алсын хараагаа “Дэлхийн жишигт хүрсэн уул уурхайг Монголдоо” хэмээн зорьсон. Үүгээрээ бид дэлхийд баримталж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, шинэ техник технологи гэх мэт бүгдийг зохистой хэмжээгээр өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьж байгаа.
Олон нийт уул уурхайн салбарыг хэрхэн хардаг вэ? Бодит байдал дээр уг салбарт ажиллаж байгаа компаниуд ямар байдалтай байдаг вэ? Эдийн засаг, нийгэмдээ ямар нөлөө үзүүлдэг вэ?
Уул уурхайн салбар нь эрдэс баялагтай улс болгоны хөгжлийн номер нэг бодлого байдаг. Энэ жишгээс Монгол улс яагаад ч хоцорч чадахгүй. Улс төрчид болон нийгмийн зарим нь уул уурхайг эдийн засгийн терроризмтэй зүйрлэдэг. Өөрөөр хэлбэл, солонгын долоон өнгийн хамгийн хар бараан өнгө нь уул уурхай болчихсон. Гэтэл уул уурхай гэдэг бол тухайн улсынхаа эдийн засгийн баталгаа болж байдаг. Үүнийг л ойлгох ёстой. Тухайлбал, манай группийн уул уурхайн салбарт өдөр тутамдаа 600 хүн, барилгын салбарт мөн адил 600 хүн ажиллаж байна. Харин түлш, банк бус гэх мэт бусад салбарт 100 гаруй хүн өдөр тутамдаа ажилладаг. Нийтдээ 1300 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Нөгөө талаас долоон уулын цаана болж байгаа хар бор ажлыг энд байгаа цагаан цаастай зүйрлэдэг. Уул уурхайг ойлгохгүй хэн нэгэн ажлын талбар дээрх нөхцөл байдлыг хараад түүнд таалагдахгүй нь лавтай. Техник технологиор ажил явагдсан уг байдал бол хамгийн эхний шат. Уул уурхайн дэхийн жишиг гэж байдаг. Нэг том ордыг бий болгоход 10-20 жил шаардагддаг. Бий болсон тухайн ордыг олборлоход 30-40 жилийг зарцуулна. Тиймээс дараа дараагийн шатанд ямар болохыг харахгүйгээр зөвхөн өнөөдрөөрөө уул уурхайг дүгнэдэг хүмүүс манай салбарыг харлуулаад байгаа юм.