10 асуулт, хариулт булангийн маань энэ удаагийн зочноор “World Plus” дижитал сэтгүүлийн платформыг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр оролцож байна. Танилууд болон найзууд нь түүнийг ихэвчлэн Эбэ гэж дуудаж дасжээ. Тэрбээр Их Британийн Метрополитаны их сургуулийг дижитал медиа чиглэлээр төгсөж, мэргэжлээрээ тус улсад багагүй хугацаанд ажилласан бөгөөд 2015 оноос хойш “Woovoo”, “Mplus” аппликэйшныг хөгжүүлэн монголчуудад танилцуулсан билээ. Харин энэ жил тэр багийнхаа хамтаар “World Plus” хэмээх цоо шинэ платформыг бий болгож, нээлтээ Сингапур болон Токиод амжилттай зохион байгуулаад байна. Ингээд таныг түүнтэй хамт үлдээе.
- Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?
Ер нь өглөөдөө сэргэг талдаа. Монголд байгаа үедээ өглөө 06:45 гэхэд гэрээсээ гарч, нэг цаг орчмыг gym-д өнгөрүүлдэг. Бие амархан сэрж, их хөнгөн болчихдог юм. Тэгээд найман цагаас өмнө ажилдаа ирнэ. Мэдээж хэрэг заавал кофе ууна.
- Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?
Хурд. Ер нь цаг үе маань их хурдтай болсон шүү дээ. Ялангуяа бизнес. Тэгэхээр алгуурлах эрх байхгүй. Хоёрдугаарт, хийнэ л гэсэн бол хийдэг байх. Тэр бол бат. Ажлын гүйцэтгэлийг 100 хувь байлгах нь өнөө цагийн мөн чанар гэж ойлгодог. Хэзээ ч дунд нь зогсоож болохгүй. Гуравдугаарт, ямар ч ажлыг инээж байгаад л хийнэ. Харин инээж хийхээргүй ажлыг хийх гэж зүтгэх нь зүдгүүртэй. Гэхдээ зүдгүүртэй гээд орхино гэсэн үг биш л дээ. Гагцхүү даван туулах буюу “инээж хийх” нөхцөлөө олноо л гэсэн үг.
- Та ажлын стрессээ яаж тайлдаг вэ?
Хийж буй ажилдаа дуртай болохоор стресс харьцангүй бага. Яахав, заримдаа орчноо солимоор санагдах үе гарна. Тийм үедээ хааяа найзуудтайгаа караоке орно. Салхинд гарна. Бас машинаа унаад хотоос гарч, гав ганцаархнаа сүнгэнүүлэн давхих дуртай. Өөрийгөө цэнэглэж байна гэх үү дээ. Жишээ нь, машины эхний дуу гэхэд Namone гэж охины 123 гэдэг дуу байна. Ер нь янз янзын олон аяыг нийлүүлээд биччихдэг юм. Миний хувьд тэр маань стандарт бус “Солиотой” хөгжим болчихдог. Түүнийгээ чангахан тавьчихаад давхих бас л гоё шүү (инээв).
- Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?
“Юунд суралцах…” сонин л асуулт юм тийм үү (тэ)? Би өөрийнхөөрөө амьдрах дуртай хүн. Уг нь зарим хүнд таалагдах гэж амьдрах ёстой шиг байгаа юм. Гэхдээ үүнд суралцахыг хүсэхгүй байвч суралцах шаардлагатай юм билээ. Жишээлбэл, би өчигдөр нэгэн үйлдвэрийн нээлтэнд очоод “Наад санаа чинь бүтэхгүй ээ” гэж хэлээд гараад явчихсан. Магадгүй тэд тооцоо судалгаа сайн л хийсэн байх. Гэхдээ л миний тархи, зүрх хоёр маань бүтэхгүй гэдгийг мэдэж байсан учраас үнэнээр нь л хэлсэн хэрэг. Гараад явж байхдаа өөрийгөө гэмт хэрэг хийчихсэн мэтээр мэдэрсэн. “Тэдний хүсэл зорилго руу би юу хийчих вэ?” гэх мэтээр бодоод л тэр. Гэтэл нөгөө талаас миний дотоод хүн “Боль л доо Эбэ! Тэгж худлаа хэлээд яах юм бэ? Эртхэн дээр нь засвал эдэнд л хэрэгтэй шүү дээ. Хохирол багатай” гэх жишээтэй. Нэг талаасаа хүн соёлтой байх ёстой. Харилцаандаа сэв суулгахгүй байх ёстой. Гэтэл нөгөө талаас “үнэн” байх ёстой. Мөрөөдөж болох ч мөрөөдөл бодитой байвал зүгээр биз?
- Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Өөртөө зориуд цаг зав гарган сэтгэлээ баясгадаг зүйлийг хобби гэдэг байх, тийм үү? Би өмнө нь хэлсэн дээ. Машинаа бариад гав ганцаараа гоё хөгжим сонсоод давхих дуртай гэж. Өөртөө хувийн орчноо үүсгээд дотоод хүнтэйгээ ярилцах нь бас л таатай зүйлийн нэг. Мэдээж хэрэг, сэтгэл зүйн байдлаасаа шалтгаалан сонсох хөгжмөө сонгодог. Тухайлбал, сэтгэл санаа тайван байгаа үед Английн жазз-поп дуучин, дуу зохиогч Жейми Каллумыг нэлээд сонсдог. Тэр маш гоё дуунуудтай. Ер нь тэр энэ гэхгүй дээ. Жеймс Блантын “I know your smell” шиг үг, ая нь күүл (cool) бол сонсоход кайфтай. Сүүлийн үед хоёр багатайгаа нийлээд “Унана”-г сонсож байна.
Бас өөр нэг хобби бол спорт. Сагсан бөмбөг гэхэд л миний “үздэг” хобби. Би өглөө бүр NBA-ийн ямар нэг тоглолт үздэг. Бүр хэвшил болж дээ. Мөн багадаа ширээний теннис их тоглодог байлаа. Гэхдээ тоглолгүй олон жил болсон байна.
- Та 25 настай өөртөө юу гэж зөвлөх байсан бэ?
Энэ насандаа би Англид байжээ. Одоо эргээд харахад түүнд нэлээд олон зүйл зөвлөмөөр санагдаж байна (инээв). “Маш их хөдөлмөрлөж, өөртөө үнэнч байх ёстой. Цагийг маш зөв өнгөрөөх ёстой” гээд л их оргилуун залуу байсан юм уу даа. Илон Маскийн намтар номыг бичсэн Эшли Ванс “Таныг их судаллаа. Илон Маск гэж ер нь хэн юм бэ?” гэж асуухад “Миний хамгийн дотнын хоёр найзын дундаж нь би. Тэгэхээр тэр хоёртой уулзсан нь дээр болов уу” гэж тэр хариулсан байдаг. Тиймээс зөв хүмүүстэй нөхөрлө. Найзууд дундаасаа хэнтэй хамгийн их цагийг өнгөрүүлэх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Зөв найзуудтайгаа их цаг өнгөрүүл. Тойрч суугаад кофе уухдаа ч эерэг зүйлсийн талаар ярьдаг найзуудтайгаа суу гэх мэтээр зөвлөнө. Гэхдээ цагийн юм цагтаа. Тэр үед өөрийгөө би тэнэг байсан гэж хэлэхгүй. Учир нь тэр үеийн Эбэ, өнөөдрийн Эбэг “бүтээж” байсан байж таарна.
- Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?
Гэртээ бага цаг зарцуулдаг нь үнэн. Ажлын шаардлага энэ тэр гэж хаацайлахгүй ээ. “Эхнэрээ биш хүүхдүүдээ их тоож байна” гэж шүүмжлүүлнэ. Гэхдээ гэр бүл гэдэг ойлголцол дээр тогтдог хойно бид бие биенээ сайн ойлгодог. Харин ээж маань намайг бага байхад их залхуу хүүхэд гэдэг байсан. Яагаад гэвэл би бүх зүйлийг биш хүссэн зүйлээ л хийдэг байлаа. Одоо бодоход 18 нас хүртлээ нэг ч удаа хоол хийж үзээгүй. Харин оронд нь ах, эгч хоёроо хөгжөөн дэмжинэ (инээв). Ээжийнхээ хувьд би эрх дураараа хүн шиг байгаа юм.
- Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?
Ийм асуулт ер нь яагаад тавьдаг юм бол гэж их боддог шүү (инээв). Учир нь би хэзээ ч өөрийгөө ганцаар болно гэж төсөөлдөггүй. Харин арал дээр хамт олонтойгоо очих гэж байна гэж төсөөлбөл зүгээр санагдана. Номын тухайд Бодо Шэйфэрийн ном надад хамгийн их нөлөөлсөн. Компанийн соёлыг бүрэлдүүлэхэд ч түүний номноос их зүйл суралцсан даа. Жишээлбэл, би хэзээ ч ажилтнуудаа загнадаггүй. Гурван өдөр ажлаа таслаад ирсэн байсан ч уурлахгүйг хичээдэг. Харин энэ хүн “Юу ярьж, ямар хандлага үзүүлэх бол” гэж хүлээдэг. Өмнө нь би өөр байлаа. Англид, 200 хүн удирдан ажиллаж байх үедээ хүмүүсийг загнадаг л байсан. Гэтэл тэр хүнд юу тохиолдсоныг мэдэхгүйгээр хэзээ ч битгий дүгнэ. Тэнд байгаа цагаан хаалгыг (Бидний сууж байсан өрөөний хаалгыг заав) гэхэд л нэг талаас нь хараад цагаан гэж шууд дүгнэж болохгүй. Нээж үзэж байж л цагаан уу, хар уу, саарал уу гэдгийг мэднэ. Энэ их чухал юм байна гэдгийг хожим ойлгосон гэх үү дээ.
- Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?
Мөнгөгүй болж үзсэн маань хамгийн сайн “зөвлөгөө” байв даа. Халаасандаа бүр нэг ч центгүй болсон. Би Англид байхдаа нэг хэсэг казинод тоглосон. Бүр сүйртлээ тоглосон. Надад нуух зүйл алга. Сая доллартай байсан бол нэг ч центгүй үлдсэн. Мөнгөтэй үедээ бүхнийг дээрээс хардаг байсан бол хоосроод бүхнийг доороос, ёроолоос харах шаардлага гарсан. Казинод тоглосноороо би бүх насаараа баярлаж явдаг. Тэгээгүй бол би хэзээ ч хоёр туйлыг баримжаалахгүй шүү дээ. Нэгэн бодлын бас л “боломж” гэсэн үг. Нэг ч центгүй гудамжинд гараад, шөнийн автобусанд хоног төөрүүлж явсан маань миний амьдралын хамгийн “чамин” зөвлөгөө.
“Буланд шахагдаад” ирэхээрээ хүн маш их зүйл мэдэрдэг. Баярлах, тархиа ажиллуулах, бас амжилт гэж юу болохыг мэдэрдэг. Амжилт тийм том байх шаардлагагүй юм билээ. Зорьсондоо хүрэх гэдэг л амжилт. Зарим хүнд амьд явах нь зорилго болж, амьд яваа нь амжилт болдог. Зорилго том жижиг байхаас хамаарч, амжилт мөн тийм байна. Үүний тулд зорилгынхоо хэмжээгээр тархиа ажиллуулна. Амжилтандаа хүрэхээр хүн баярлана. Тийм учраас л “баярлахыг мэдэрдэг” гэж түрүүн хэлсэн юм. Үүнээс үүдээд яавал хүнийг баярлуулах вэ? гэдгийг ойлгодог. Хүн баярлуулах нь хүнийг мөн чанартай нь холбож өгдөг юм билээ. Өөрийгөө хүн чанартай юм байна гэдгээ тэгж л ойлгосон (инээв). Одоо эргээд харахаар хоорондоо уялдаа холбоогүй зүйл гэж нэгээхэн ч үгүй юм билээ. Харин энэ бүх уялдааг зөв олж харах, яавал ээдрээхгүй, ончроохгүй байх вэ гэдэг л чухал. Юу ч үгүй болохын үнэ цэнэ энэ л болов уу. Би юу ч үгүй болж үзсэн. Тэр л миний хувьд хамгийн үнэтэй зөвлөгөө байжээ.
- Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?
Чатын аппликэйшн маш их хэрэглэдэг. Тэдгээрийг энэ удаад орхиё. Өнгөрсөн жилээс С.Эрдэнэболд тэргүүтэй хэдэн залуус, дүү нар маань зөв хэвшилд нэгдэхийг уриалж, “10.000 push ups! Хүчирхэг эрчүүд!” клубийг байгуулсан. Энэ клубийнхний ашигладаг “200 Push Ups Daily” гэж аппликэйшн бий. Тэгэхээр би өглөө бүр 200 суниадаг гэсэн үг. Мөн спортын таавар таадаг “Bet365” гэж аппликэйшн хэрэглэдэг. “Google Maps” байна. Дэлхийн хаана ч очсон энэ аппликэйшнээ л ашиглана. Зарим улсад энэ аппликэйшн ажилладаггүй учраас би хэдэн жилээр нь төлбөр төлж хэрэглэж байгаа өөр нэг аппликэйшн бол “Betternet”. VPN ашиглах шаардлагатай үед энэ апп-ийг сонгодог. Дээр нь “Netflix”–ийг их ашигладаг. Эндээс сүүлд хамгийн их таашааж үзсэн нь “Эль Чапо” цуврал. Тэгээд мэдээж өөрийн хамт олны бүтээл болох “М+” болон “W+” байж таарна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд та ч гэсэн монгол залуусынхаа бүтээсэн эдгээр апп-уудыг хэрэглэж хэвшээрэй. Оюуны маш том хөрөнгө оруулалт шүү. Би гутал хувцас зараагүй болохоор бусдад ингэж хэлэхдээ нүүр бардам байдаг юм.
Цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа.
Баярлалаа. Танд үргэлж гайхамшиг тохиолдож байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Бид “Сондгой 9” буланд оролцож буй зочдодоо яг ижил 10 асуултыг тавьдгаараа онцлогтой билээ. Хэрэв та Эбэгийн хариулсан асуултуудад бусад зочид маань хэрхэн хариулсныг сонирхохыг хүсвэл энд дараарай.
[…] амьдралдаа авсан хамгийн үнэтэй зөвлөгөө нь “Сохор зоосгүй болтлоо хоосорсон” явдал. Англид байхдаа сая ам.доллартой казинод ороод […]