Евро 2019 оны нэгдүгээр сард 20 нас хүрнэ. Үл итгэгчид түүнийг ийм урт насална гэдэгт эргэлзэж байв. Гэсэн ч еврогийн ирээдүй санаа зовоосоор л байна. Еврогийн амьдралын эхний хагаст бүх зүйл хангалттай сайн байсан. Гэтэл Грек, Ирланд, Португал, Испанийн хямрал түүний үндэс суурь хэврэг байсныг ил болгов. Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг яаран хийлээ. 2019 оны босгон дээр евро бүс нь тун хүчирхэг байна. Банкуудыг удирдах, найдваргүй зээлдэгчдийн асуудлыг шийдвэрлэх, бэрхшээлтэй улсуудад зээл олгох механизм бий болсон. Гэсэн ч өөр олон шалгалт тулж ирээд байна. Еврогийн гол хамгаалагч Европын төв банканд бодлого, боловсон хүчний өөрчлөлт орно.
Хэт зөөлөн мөнгөний бодлого олон жилийн турш евро бүсийг дэмжиж ирсэн. Энэ дэмжлэг 2019 оны намраас аажмаар алга болно. Цагаа олоогүй эсвэл сул хэлхээ холбооноос үүдсэн хүүгийн өсөлт нь санхүүгийн зах зээлийг донсолгох эсвэл Итали, Грекийн эмзэг сэргэлтийг хөмрөх эрсдэлтэй. 2019 оны аравдугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах тус банкны ерөнхийлөгч Марио Драгигийн авах сүүлчийн арга хэмжээний нэг нь хүүгийн хэмжээг өсгөх. Түүнийг залгамжлагч ирэх оны эхээр хөшигний цаадах тохирооноос төрнө. Германы Бундесбанкны тэргүүн, ECB-ийн бодлогыг илэрхий шүүмжлэгч Йенс Вейдманн зэрэг эргэлзээтэй нэр дэвшигчдийг хайхрахгүй. Харин финланд эсвэл франц хүн (эрэгтэй хүн байна) одоогийн бодлогыг үргэлжлүүлэхээ амлан тус албанд сууна.
Худалдааны хамгийн ойрын хамтрагчтай харилцаагаа өөрчлөх нь еврогийн тэсвэрийг шалгана. Британи гуравдугаар сарын сүүлчээр Европын холбоог орхих билээ. Замбараагүй Брексит нь эдийн засаг, санхүүг үймүүлж, улмаар валютад халдварлаж мэднэ. Германы урсгал дансны асар их ашигт тэвчээр нь алдарсан
Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны дайн зарлана. Ийм болзошгүй шокийг хүрээлсэн тодорхойгүй байдал нь өсөлтийг хазаарлана. Эдийн засаг гоц биш хэдий ч тун сайн буюу хоёр хувиар өснө. Гэсэн ч хамгийн том сүйрэл дотроосоо гарч ирнэ. Италийн популист эвсэл нь сонгогчдодоо баахан амлалт өгснөөс гадна еврод үл итгэгчдийн армийг тэргүүлнэ. Тавдугаар сард болох Европын парламентын сонгуулийн өмнө тус эвсэл хэл амаа ихээхэн билүүдэж, энэ нь бондын зах зээлийн хямралыг өдөөж болзошгүй.
Европын холбооны гурав дахь том эдийн засаг Итали улс хэрэв хямралд автвал евро төслийн хананд ан цав үүсэж эхэлнэ. Тиймээс гай дайрахаас өмнө валютын нэгдлийг цаашид хүчирхэгжүүлэх үндэслэл гарч ирж байна. Капиталын нэгдмэл зах зээл байгуулах замаар хувийн секторын эрсдлийг хуваах тал дээр гишүүн улсууд ахиц гаргана. Гэвч умардынхан өмнөдийн үрэлгэн байдлын дэгээнд өртөхөөс эмээж байгаа нөхцөлд хадгаламж, даатгалын нэгдсэн схем эсвэл нэгдсэн төсөв бий болгох хүчин чармайлт нь ямх төдий урагшилна. Евро гурав дахь арванаа эхлүүлж буй ч түүнийг бүтээх ажил үргэлжилсээр.