Өнөөгийн мэргэжилтнүүд цоо шинэ технологийн өөрчлөлтийн эрин үед өсч торниж, интернет тархаж, ухаалаг утас зохион бүтээгдэж, хиймэл оюун ухаан хөгжихийг харсан билээ. Энэ бүх технологи бидний амьдрал болон ажлыг автоматчилаад байна. Тийм ч учраас залуу мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дэх өөрсдийнхөө чадварт эргэлзэх нь аргагүй юм. Бүх төрлийн байгууллагуудад дижитал өөрчлөлтийг хийж, тэдгээрийг үнэлж амьдралынхаа олон жилийг зарцуулсан захирлуудад “Би өнөөдөр ямар чадвар сурвал ирээдүйд ажилтай байх вэ” гэх түгээмэл асуулт байнга ирдэг. Тиймээс ирээдүйд юу ч болсон бай таныг ажилтай байлгах дараах долоон чадварыг танилцуулъя
- Харилцаа- Америкт насанд хүрэгчид өдөрт дунджаар 12 цагийг бүх төрлийн медиад зарцуулж байгаа өнөө үед хүмүүсийн анхаарлыг татаж тэднийг үйлдэл хийлгэхэд харилцааны чадвар чухал болоод байна. Харилцааны хамгийн энгийн хэлбэр бол сонирхолтой түүх зохиох юм. Өрсөлдөөний өнцгөөс харвал сайн мэдээ нь зөвхөн баримтуудыг жагсаахаас гадна бүх төрлийн өгөгдлийг ашиглаж бүтдэг. Эйнштейн харьцангуйн онолыг тайлбарлахаар илтгэл тавьж байгаа эсвэл Жон Кеннеди Жон Винтропын “Бид бүгд өөрсдийгөө дов дээрх хүн бүхний хараанд өртдөг хот гэж бодож хэрэгтэй” гэх үгийг ишилж байсан ч энэ бүхэн үнэн юм. Үр дүнтэй харилцаанд яриа болон өгөгдөл, уран яруу байдал болон шинжлэх ухаан сүлбэлдэж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж ямар нэг үйлдэл хийлгэдэг. Хэдий роботуудыг бичдэг болгох, хуурамч мэдээг роботуудаар шалгуулах зэргээр оролдлого гарч байгаа ч ирээдүйд харилцааны өндөр чадвар үргэлж эрэлттэй байх юм.
- Агуулга- Харилцаанд мэдээж сэдэв байна. Хэрэв та ямар нэг сэдвийн талаар сайтар мэддэг бол хэзээ ч хэрэглэж болох суурь мэдлэгтэй байна. Цаашлаад тэр сэдвээрээ сүүлийн үед болж буй зүйлсийг ч сайн мэддэг бол та Google-ээр орлуулшгүй чадвартай юм. Бүр тодруулбал тухайн сэдвийнхээ талаар сайн мэддэг гэх нэр хүндтэй бол нэр хүнд тань аажмаар өсч улмаар энэ нь таныг шинэ мэдлэгтэй болоход тусална. Мэргэжлийн үйлчилгээний салбарт экспертүүд өөрсдийнхөө цалинг тогтоодог. Жишээ нь PWC-ын Татварын бодлогын хэлтэст ажилладаг Рохит Кумар нь олон улсын татварын эксперт гэдгээрээ олонд танигдсан бөгөөд татварын талаар маш өргөн хийгээд гүнзгий мэдлэгтэй нэгэн. Тиймээс ч татварын бодлого ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг маш сайн ойлгодог.
- Орчин нөхцөл- Автоматчилагдсан системүүд тухайн нөхцөл байдлаа танихдаа муу байдаг. Жишээ нь Google-ын машинд орчноо мэдрэхэд нь тусалж нэмэлт лазер суулгасан байдаг. Үүнтэй адил тухайн орчин, бизнес загвар, өрсөлдөөнөө сайтар ойлгох нь тухайн сэдвийн мэдлэгийг улам үнэ цэнтэй болгодог. Жишээ нь та нэг компанид зардлаа хэрхэн бууруулах болон санхүүгийн тайлангийнхаа бүтцийг хэрхэн өөрчлөх талаар санал болгох гэж байгаа бол энэ нь өөр нэгэн компанид танилцуулахаас тэс өөр байх болно. Энэ мэтчилэн тухайн бизнесийг сайтар ойлгох нь роботуудын хувьд хийхэд маш хэцүү ажил юм.
- Сэтгэл хөдлөл- Хиймэл оюун ухаан хичнээн хөгжсөн ч хүний сэтгэл хөдлөл эсвэл хурлын уур амьсгалыг мэдрэхдээ маш тааруухан байх болно. Тархи судлаач Антанио Дамасиогийн бичсэн “Декартын алдаа” номонд гардагчлан бидний сонголт бүрэн рационал шинжтэй байдаг ч тэр сонголтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд сэтгэл хөдлөл саад болдог аж.
- Багшлах-Онлайн хичээлүүдээс авахуулаад боловсролын хүрэлцээ болон чанарт технологи маш хүчтэй нөлөөлөөд байна. Ажилтнуудын хөгжлийн талаарх нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй болдог байгуууллагуудад менежерүүд болон көүчүүд гялалздаг. Бен Хоровиз Netscape-ын бүтээгдэхүүний менежментийн захирлаар ажиллаж байхдаа нэгэн асуудалтай тулгардаг байсан нь олон менежерүүд илүү цагаар ажиллаж байсан ч тэдний амжилт, хичээл зүтгэлийг үнэлдэггүй явдал байв. Тэрбээр сайн, муу менежерийн тухай бичиж байсан богино нийтлэлдээ дурдсан нэгэн аргыг ашигламагц тэдний бүтээмж хэрхэн сайжирсан тухай “ Манай багийн бүтээмж сайжирч, тусламж аваад ч сайжрахгүй гэж бодож байсан менежерүүдийн идэвх сайжирч улмаар манай баг хамгийн үр бүтээмжтэй баг болсон юм” хэмээн дурссан байдаг. Ямар ч байгууллагад ажилтнууд хамгийн үнэтэй нөөц байдаг бөгөөд амжилттай байлгахын тулд тэдэнд багшлах нь хамгийн чухал юм. Ямар ч хөрөнгө оруулалттай адил шинэ ажилтнууд эрсдэлтэй байдаг. Өмнөх байгууллагад ажиллаж байсан цаасан дээрх туршлагыг нь та хараад хэн нэгнийг танай байгууллагад хэрхэн ажиллахыг нь хэлэх боломжгүй. Хэрэв ажилтнууддаа хийх хөрөнгө оруулалт чинь бага бол бизнесийн үр өгөөж ч мөн бага байна. Бизнесээ хэрхэн сайжруулах вэ гэвэл ажилтнуудаасаа эхэл. Тэдний мэдлэг чадварт байгаа дутагдлуудыг олж тэдгээрийг нөхөхийг хичээ.
- Холбоо сүлжээ- 1973 онд Марк Грановеттер болон Харрисон Вайтын таньж мэддэг хүмүүсийн хүчтэй нөлөөний талаар судалжээ. Хүн бүр гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд гэх мэт ойр дотны хүмүүстэй байлаа. Гэвч дотно биш ч зүс мэддэг танил ихтэй хүмүүс олон байгууллага дамжин ажиллах боломжтой байсан юм. Захирал болон менежерийн гол ялгаа нь захирлууд олон салбарт танил ихтэй байсан аж. Хэдийгээр сошиал медиа бидэнд хүмүүстэй танилцахад тусалдаг ч хүмүүстэй хэрхэн нөхөрлөж, холбоо тогтоох нь биднээс л хамаардаг. Цөөн хэдэн хүн л маш олон хүн таньдаг бол бусад нь цөөхөн тооны л хүмүүс таньж байдаг. Хэрэв та олон хүн таньдаг бол сайн байна. Харин цөөхөн хүн таньдаг бол олон танилтай хүмүүсээс тусламж гуйхад тэд ихэвчлэн дуртайяа таныг хүмүүстэй танилцуулахыг зөвшөөрдөг.
- Ёс суртахуун- Компьютерууд хөгжих тусам захирлууд ёс суртахуун ямар чухал зүйл болохыг ойлгож байна. Ёс суртахууныг алгоритмт оруулахад маш хэцүү тул алгоритмд суурилдаг системүүдэд найдахад хэцүү байдаг. Жишээ нь машинтай явж байгаад автобус эсвэл машин мөргөх сонголттой тулгарахад ганц жолоочийн барьж явсан машинаас бултан сургуулийн хүүхдүүд зорчиж явсан автобус мөргөх жишээ бидэнд алгоримтын сул талыг тод харуулдаг. Үүнийг алгоритмд оруулах боломжгүй юм. Тиймээс ёс суртахуунгүй машинууд хөгжсөөр байгаа ч энэ нь ёс суртахууны мэдрэмжтэй хүмүүсийн үнэ цэнийг ч мөн өсгөсөөр байгаа юм.
Энэ хүрээд долоон чадвар дуусч байна. Эдгээр чадварт суралцахад технологи танд туслах ч та л энэ чадваруудыг эзэмших юм. Эцэст нь компани байгуулсан ч, аль нэг компанид ажилтнаар орсон ч энэ бүх чадвар танд тус болно.
Уг нийтлэлийг Harvard Business Review-ээс авав.