Гал тогооны өрөөндөө анхны бүтээгдэхүүнээ хийж үзсэн маань саяхан мэт санаанд тод үлджээ. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрсөн байна. АНУ-ын Колумбын их сургуулийг төгсмөгцөө Монголдоо ирж “Ньюком” группт мэргэжлээрээ буюу сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эрч хүчтэй ажиллаж эхэлсэн ч харшилтай болж, арьсан дээр тууралт гарах болсон нь ажил хэргийн шугамаар хүмүүстэй их уулздагийн хувьд санааг минь их зовоож байв. Эмч нартай уулзаж, тодорхой хэмжээнд судалж үзэхэд маш олон хүн арьсны асуудлаас болж шаналж явдгийг, гэсэн атал түүндээ тохирсон бүтээгдэхүүн олж чаддаггүйг мэдсэн. Энэ мөчөөс өөрийн болон өрөөлийн арьсны асуудлыг шийдэж, байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн бүтээх нь миний зорилго болон хувирав. Lhamour брэндийн эхлэл ингэж л тавигдсан. Харин Natural Essentials компаниа 2014 онд байгуулав. Өнөөг хүртэл манай компанийн зорилго улам бэхжиж, алсын хараа маань улам бүр тодорч, тодорхой болсоор ирлээ.
Ингээд та бүхэнтэй Lhamour брэндийн бүтээгдэхүүнээ хэрхэн экспортолж эхэлсэн талаар туршлагаа хуваалцъя.
Бидний экспортын туршлага маш өвөрмөц. Юун түрүүнд компанийнхаа зорилго, зорилт, алсын хараа, философио маш сайн гаргаж ирсэн. Брэндинг, маркетингаа хэрхэн оновчтой байдлаар хийх вэ гэдэгт ч багагүй анхаарал хандуулж байв. Мөн хэчнээн гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, хүний үйл ажиллагаанд илүү суурилсан компани ч гэлээ олон улсад өрсөлдөх хүсэлтэй байсан учир технологийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх тал дээр ч анхаарсан. Өнгөрсөн хугацаанд бид нэг ч удаа төлбөртэй маркетинг хийж үзээгүй. Харин оронд нь сошиал медиа буюу Instagram, Twitter, Facebook, LinkedIn ашигладаг. Дээр нь хэрэглэгчтэйгээ яг л найз мэт харилцдаг байсан нь бидэнд маш том давуу тал болсон. Үүнийхээ ачаар Lhamour брэнд өөрийн үнэнч хэрэглэгчдийг бий болгож чадсан юм.
Өнгөрсөн хугацаанд бид нэг ч удаа төлбөртэй маркетинг хийж үзээгүй. Харин оронд нь сошиал медиа буюу Instagram, Twitter, Facebook, LinkedIn ашигладаг.
2017 онд бид бүтээгдэхүүнээ анхлан экспортлосон нь Хонконг руу байв. Анхны хэрэглэгчдийн маань нэг манай дистрибьютор болсноор энэ бүхэн эхэлсэн. Тухайн хэрэглэгчийн маань хүүхэд экземтэй байсан бөгөөд Lhamour-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр арьсны асуудал нь шийдэгдсэн. Тэрбээр Хонконгт томоохон аудитын компанид ажилладаг байсан ч манай дистрибьютор болохын тулд ажлаасаа гарч байв. Бид одоо ч хамтран ажилласаар байна. Дараа нь Тайвань, Тайланд, Австрали, Америк, Кувейт, Энэтхэг улс руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн нь бүгд ижил түүхтэй. Товчхондоо, дистрибьюторуудынхаа тусламжтай бид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэж байна. Хэрэглэгч манай бүтээгдэхүүний чанар, үнэ цэн, философид итгэхгүйгээр хэзээ ч дистрибьютор болохгүй. Тэгэхээр Lhamour брэндэд итгэсэн хэрэглэгчид бидэнтэй хамтран ажиллахаар өөрсдөө хүрч ирнэ гэдэг том давуу тал. Хэрэв бид компанийнхаа алсын хараа, зорилго, зорилтыг зөв тавьж чадаагүй, бас зорьж буй ажилдаа өөрсдөө бэлэн биш байх юм бол бүтээгдэхүүнээ экспортлоход хүндрэлтэй. Гаднын томоохон дистрибьютор компаниуд руу хандсан ч бүтэх эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний чанар болон үйлдвэрлэлдээ анхаарах. Ер нь бүтээгдэхүүн өндөр чанартай байгаа цагт өөрөө өөрийгөө борлуулдаг гэж үг бий. Мөн яваа яваандаа экспортлох ажил ч энэ маягаар эхлэх боломжтойг манай брэндийн түүх харуулсан гэж боддог.
Хэрэв бид компанийнхаа алсын хараа, зорилго, зорилтыг зөв тавьж чадаагүй, бас зорьж буй ажилдаа өөрсдөө бэлэн биш байх юм бол бүтээгдэхүүнээ экспортлоход хүндрэлтэй.
Эдгээр улс орон руу бүтээгдэхүүнээ экспортлох явцад хамгийн хатуу шаардлага, өндөр босго тавьж байсан нь Энэтхэг. Бид олон улсын стандартыг хэдийнэ хангасан байсан ч тус улсаас тавьж буй маш олон нэмэлт стандарт, шаардлагуудыг нэг жилийн хугацаанд бүрэн хангаж, бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж чадсан нь том алхам болсон. Энэ бүхэнд брэндийнхээ үндэс, суурь зарчмыг маш сайн тодорхойлсон байсан маань эергээр нөлөөлсөн. Аливаа бизнесийн хамгийн гол утга учир бол үнэ цэнийг бий болгох. Яагаад заавал ашиг олсныхоо дараа тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, түүгээрээ дамжуулан нийгэмд ээлтэй, сайн сайхан зүйлийг түгээх ёстой гэж? Яагаад анхнаасаа л хийж, хэрэгжүүлж буй ажлаараа байгальд ээлтэй, нийгэмд зөв зүйлийг уриалсан алхмуудыг үлгэрлэж болдоггүй юм бэ? Яг энэ асуултад л үндэслэн Lhamour брэнд бий болсон. Бид хүнээс хүнд чиглэсэн бизнесийн утга учрыг таниулж, өөрийгөө, бусдыг, цаашлаад эх дэлхийгээ хайрлах нэгэн бүхэллэг зүйлийг өөрсдийн брэнд, хамт олон, бүтээгдэхүүн, философиороо дамжуулан бусдад түгээхийг зорьдог, зорьсоор ч ирсэн. Хэдий Монгол жижиг улс ч гэлээ боломж их бий. Учир нь манай бизнес эрхлэгчид үйлдвэр болон компанидаа өөрчлөлтийг маш хурдан хийх бололцоотой. Дөрвөн жилийн өмнө дэлгүүрт маань орж ирээд “Гялгар уут өгөөч” гээд биднийг загнаж байсан хүн өнөөдөр манай үнэнч хэрэглэгч болж бүтээгдэхүүнээ цүнхлээд явах, эсвэл эко уут хэрэглэхийг эрхэмлэдэг болсон бодит жишээ бий. Энэ бол зөвхөн ганцхан л жишээ. Эндээс миний ойлгосон зүйл гэвэл Монголдоо ч, олон улсад ч тогтвортой хөгжлийн үүднээс компанийнхаа үндсийг зөв тавьж чадвал асар их боломж бий. Амжилт ч бага багаар ирнэ.