Хүмүүс нэг дор төвлөрөн ажиллаж, амьдрах болсон нь яваандаа хот суурин газар үүсэхэд нөлөөлж, нягтаршил аажим нэмэгдэхийн хэрээр барилгын давхрын тоо олширч, өндрөөрөө тэнгэрт улам бүр тэмүүлэх болжээ. Орчин үеийн дэлхий ертөнцийн гял цал метрополитан хотын өнгө үзэмжийг гоёмсог архитектуртай барилгууд, тэнгэр баганадсан шилэн цамхгууд тодорхойлж, тодотгож буй.
Тэдгээр тэнгэр баганадсан цамхагийг ч, орон сууцны барилгыг ч цахилгаан шатгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зөвхөн цахилгаан шатаар зогсохгүй урсдаг шат, урсдаг зам, өргөх байгууламжууд барилга байгууламжийн ч, хүний амьдралын ч салшгүй нэг үндсэн элемент болон хөгжжээ. Энэ мэтээр бидний өдөр тутмын хэрэглээнд хэдийнэ нэвтэрч, цахилгаан тасрах, ямарваа нэг саатал тохиох үед л ач холбогдлыг нь гэнэт санадаг цахилгаан шат өдгөө дөрвөлжин бүхээг төдий байхаа нэгэнт больжээ. Харин өргөн тээвэрлэх үндсэн үүргээсээ даван тухайн барилгын архитектур, дизайны нэг хэсэг болон хувирч, өнгө үзэмж, аюулгүй байдал, тав тухыг давхар илэрхийлэх болсон юм.
Цахилгаан шатаар зорчих нь тухгүй, эрсдэлтэй, аюултай гэсэн далд ойлголтыг орвонгоор нь эргүүлж, өнгөрсөн 35 жилийн турш салбартаа тэргүүлж, олон улсын шилдэг тоглогч болж чадсан “Kleemann” хэмээх герман технологид суурилсан грек компани хамгийн хатуу шалгууртай европ чанар, стандартыг ягштал баримтлахын сацуу өөрийн бий болгосон үнэ цэнийг дэлхийн өнцөг булан бүрт түгээх болжээ. 15 оронд үндсэн салбартай, 117 улсад бүтээгдэхүүнээ худалдаалдаг энэхүү брэнд Газар дундын тэнгисийн хойгт орших, 10 гаруй сая хүн амтай Грек улсад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд хөгжлийн бэрхшээлтэй болон шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг хүмүүст зориулсан төрөл бүрийн мэдрэгч, тоноглолтой цахилгаан шат, өргүүрээс эхлээд бүх төрлийн босоо болон хэвтээ чиглэлд тээвэрлэгч бүтээгдэхүүн хийдэг бөгөөд хаалга, кабин, электрон эд анги гээд бүхий л тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг учир барилгын компаниуд үүнтэй холбоотой ажлаа “Kleemann”-д даатгахад л санаа зовоосон, эргэлзээтэй олон асуудлаас зайлсхийх боломжтой.
Герман технологид суурилсан Грекийн дэлхийд тэргүүлэгч Kleemann брэнд бүх төрлийн өргөн тээвэрлэх төхөөрөмжийн нөү-хауг Монголд нэвтрүүлж эхэллээ.
Эртний домог туульс, түүхэнд тодорсон философичдоор дамжин Грек улсын талаарх дэлхий нийтийн анхны төсөөлөл бүрэлдсэн болов уу. Монголчуудын хувьд ч мөн ялгаагүй. Харин өнөөдөр цахилгаан шат үйлдвэрлэгч “Kleemann” компани шинэ үеийн технологи, бүх төрлийн өргөн тээвэрлэх төхөөрөмжийн нөү-хауг Монголд нэвтрүүлж, орчин цагийн Грек улстай холбогдох бидний холбоо харилцааг өргөжүүлээд зогсохгүй европ стандартыг монголын хөрсөнд нутагшуулах ажлыг бодитоор эхлүүлээд байна. Монголын цахилгаан шат, өргөн тээвэрлэхийн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай “Delta Lift” компани удаан хугацааны турш судалгаа хийсний үр дүнд цахилгаан шатны зах зээл дэх олон тоглогчдоос чанар, найдвартай байдал, аюулгүй ажиллагаа, загварын өргөн сонголт, уян хатан шийдлүүдийг санал болгодог учраас “Kleemann”-ийг сонгон дэлхийд танигдсан тус брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нийлүүлж эхлээд байгаа юм.
“Kleemann” группийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан менежер Костас Вассос “Энэ салбарт бидэн шиг өндөр чанартай бүтээгдэхүүн санал болгож байгаа компани Монголд их биш. Манай компани олон жилийн туршлагадаа үндэслэн боловсруулсан аюулгүй ажиллагааны маш чанд дүрэм, стандартыг мөрдөн ажилладаг. Бид бүтээгдэхүүн бүрээ маш сайн хянаж, шалгасны эцэст 100 хувь баталгаатай боллоо гэж үзсэн тохиолдолд л хэрэглэгчид рүүгээ илгээдэг. Нэг цахилгаан шатыг эцсийн хэрэглэгчид хүргэхийн тулд хамгийн багадаа 180 үзүүлэлтийн дагуу шалгаж, баталгаажуулна. Бүх бүтээгдэхүүн маань аюулгүйн сертификаттай. Бид хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг эрхэмлэн урт хугацаанд тогтвортой ажиллана” хэмээн тодруулж байна.
Мөн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид рүүгээ илгээгээд зогсохгүй цахилгаан шатыг тухайн барилгад суурилуулсны дараа үйлчилгээнд нэвтрүүлэхээс өмнө мэргэжлийн баг ирүүлж, дахин хянаж шалгадаг. Энэ бүхний эцэст л сая үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд суурилуулсны дараах үйлчилгээг ч бүрэн дүүрэн хангадаг. Ийм өндөр хариуцлага, сахилга бат шаарддаг салбарт дурын хувь хүн, компани цахилгаан шат импортлон нийлүүлж, дурын газраар угсралт хийлгэх нь маш эрсдэлтэй. “Угсралтыг заавал тусгай зөвшөөрөлтэй компани угсрах ёстой. Тухайн үйлдвэрлэгчийн сэлбэг хэрэгсэл Монголд байдаггүйгээс болж цахилгаан шатны хэвийн үйл ажиллагаа алдагдан, насжилт багасч, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж чаддаггүй” хэмээн “Delta Lift” компанийн үйл ажиллагаа, борлуулалт хариуцсан менежер Г.Бат-Амгалан тайлбарлав.
Өдгөө Монгол Улсад 6000 гаруй цахилгаан шат буюу өргөх байгууламж ажиллаж буй. Харин тусгай зөвшөөрөлтэй 300 гаруй байгууллага байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн юм. Энэ талаар МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан “Монголын жижиг зах зээлд олон тооны нийлүүлэгч компани үйл ажиллагаа явуулж, өрсөлдөж байдаг. Тиймээс цахилгаан шатны чанар стандартыг нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй. Байгууллагууд ч гэсэн нэг үеэ бодвол цахилгаан шат, урсдаг шат, өргөх байгууламжаа сонгохдоо хариуцлагатай ханддаг болсон. Цахилгаан шатны аюулгүй байдал гэдэг хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл. Үүнийг технологийн дагуу оновчтой байдлаар шийдэж өгсөн компанийг сонгох нь чухал” хэмээн онцолж байна.
“Kleemann” брэндийн цахилгаан шатны техникийн хувьд 2-3 жилийн баталгаа, харин насжилтын тухайд 20-25 жилийн баталгаа өгнө гэдгийг “Delta Lift” компанийн гүйцэтгэх захирал Ч.Баатархүү хэллээ. Мөн “Kleemann” брэнд нэгдсэн удирдлагын системтэй учраас тухайн барилгад хэдэн ч цахилгаан шат суурилуулсан бай хаана ямар доголдол үүсэх эрсдэлтэй байгааг урьдчилан хянаж, засварлаж байдаг учир гэнэтийн осол гарч, зогсонги байдал үүсэхгүй байх давуу талтай. Ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулахад байнга анхаарч ирсэн “Delta Lift”-ийнхний хувьд дэлхийд тэргүүлэгч брэндтэй хамтран ажиллаж байгаа учир цаашид ч ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг тогтмол сайжруулах ажлаа үргэлжлүүлж, энэ удаа Грек рүү илгээхээр зэхжээ.
Эрчим хүч хамгийн их хэмнэдэг ногоон цахилгаан шатыг “Kleemann” үйлдвэрлэж байна.
Монголд анхны өндөр барилга баригдахад тухайн үед ЗХУ-ын харъяа улсуудад үйлдвэрлэсэн цахилгаан шатыг суурилуулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар манай улсын зах зээлд Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орноос импортолсон цахилгаан шат зонхилох хандлагатай байгаа тул “Delta Lift”-ийн хамт олон энэ салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргахаар европ стандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн оруулж ирэхээр шийдсэн нь “Kleemann”-ийн нөү-хаутай яв цав таарчээ. Газар хөдлөлт, гал, ус зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлд тэсвэртэй, төгс хамгаалалтын систем, өндөр нарийвчлал бүхий мэдрэгч төхөөрөмжөөр өвч тоноглогдсон эд анги, болзошгүй эрсдэл, чичиргээ зэргийг мэдэрч зорчигчдыг цахилгаан шатнаас аюулгүй гаргахад чиглэсэн урьдчилсан сэргийлэх тохиргоо гээд бүгд бий. Тухайлбал, гал тэсвэрлэх шаардлагыг хангасан галаас хоёр цагийн турш хамгаалах хаалгатай бөгөөд цахилгаан тасарсан үед цахилгаан шат хамгийн ойрын давхарт зорчигчийг аюулгүй хүргэж, буулгах хүртэл өөрийн тог хураагуураар ажилладаг. Нэг үгээр хэлбэл, бидний цахилгаан шатанд гацах вий гэх айдсыг тэд үгүй хийж чаджээ. Энэ нь тухайн зорчигчийн бие, сэтгэл зүйн онцлог буюу зүрх судасны өвчин, харанхуйгаас айх айдас зэргээс үүдэх бүхий л эрсдэлээс хамгаалах юм.
Мөн байгальд ээлтэй шийдэл болох эрчим хүч хэмнэх технологийг олон жилийн турш хөгжүүлж, ногоон цахилгаан шат (Greenlift) –ыг бүтээж чадсан нь дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх боломжийг Монголын бизнес эрхлэгчдэд олгож буй дэвшилтэт алхам болж байна. Энэхүү технологийн тусламжтай ямар ч төрлийн цахилгаан шатыг ногоон болгон тоноглох боломжтойгоороо онцлог. Энэ талаар ахлах байцаагч Н.Буйдан “Сүүлийн үед ногоон цахилгаан шат хэмээх ойлголт дэлхий дахинд их яригдах болсон. Яг ийм үед Монголын зах зээлд байгаль орчинд ээлтэй цахилгаан шат санал болгож байгаад баяртай байна. Цахилгаан зарцуулалт хэр бага байна төдий хэрээр байгаль орчинд учруулах сөрөг нөлөө буурна гэсэн үг. Үүгээр дамжуулан Монголын цахилгаан шатны зах зээлд дэвшил гарах боломжтой гэж харж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. “Kleemann” брэндийн эрчим хүч хэмнэх олон шийдлээс заримыг дурдвал, цахилгаан шат хэрэглээгүй үед бүхээгний доторх болон товчлуурны гэрэл гэх зэрэг цахилгаан хэрэглэдэг хэсэг амралтын горимд шилжих, мөн тухайн цахилгаан шат өөрийн хөдөлгөөнөөс эрчим хүч үүсгэн ажиллах зэрэг юм. Энэ нь олон цахилгаан шаттай худалдааны төв, зочид буудалд маш тохиромжтой шийдэл бөгөөд барилга дотор ажиллаж буй бүх өргөх байгууламж нэгдсэн системд шилжиж, цахилгаан хэмнэх ухаалаг менежментийн системд холбогддогоороо өндөр ач холбогдолтой. Сэргээгдэх эрчим хүч бий болгодог гэсэн үг. “Kleemann” брэндийн хувьд олон улсын хэмжээнд барилга байгууламж, цахилгаан хэрэгслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, эрчим хүчний хэмнэлтийн зэргийг тодорхойлдог GBI (Green Building Index) индексийн А буюу эрчим хүч хамгийн их хэмнэдэг бүтээгдэхүүний ангилалд багтдаг. Өөрөөр хэлбэл, тэд эрчим хүчийг байж болох дээд хэмжээнд хэмнэж буй.
“Hilton”, “Sheraton” зэрэг тансаг зэрэглэлийн зочид буудал, томоохон худалдааны төвүүд, олон улсын нисэх онгоцны буудлууд, хотуудыг хэрсэн метро болон галт тэрэгний буудлууд, хувийн хотхон, орон сууц, музей, цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд “Kleemann”-ий цахилгаан шат, өргөх байгууламжууд дэлхийн хаа л бол хаа бий. Москвагийн метро, Их Британийн галт тэрэгний тоноглолуудаас гадна дэлхийн хамгийн том худалдааны төвд тооцогдож буй Иран дахь 1.4 сая ам метр талбай бүхий “The Iran Mall” (хуучнаар “Tat Mall”) дахь өргөн тээвэрлэх бүхий л бүтээн байгуулалтыг “Kleemann” брэнд хариуцан гүйцэтгэжээ. Мөн тэд цөөнгүй улс орны Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд хамтран ажиллаж буйн нэг нь Оросын Кремльд ид бүтээн байгуулалтын шатандаа явна.
Бидний харж дассан энгийн металь гадаргуутай цахилгаан шатнаас эхлээд Саудын Арабын Эр-Рияд дахь “Imam Muhammad Ibn Saud Islamic”-ийн их сургуулийн барилгад суурилуулсан орчноо 360 градус панаромик байдлаар харах боломжтой шалнаас тааз хүртэл битүү шилээр урласан гоёмсог, цор ганц загвараас эхлээд дугуй хэлбэртэй бүхээг, модон, арьсан, өнгөт хана гэх зэргээр онцгой хэлбэр, хийц, өнгө, материал, хээ, гэрлийн шийдэл бүхий мянга мянган цахилгаан шатны баялаг цуглуулгыг тус брэндийн албан ёсны вэбсайтаас олж үзэх боломжтой.
“Дизайн бол бидний хувьд маш чухал. Ямар ч цахилгаан шатыг өөрийн хүссэнээр өөрчлөх боломжийг бид олгодог. Бид хэрэглэгчийн төсөөлөлд байгаа ямар ч санааг бодит амьдрал руу хамгийн боломжит хувилбарт хүртэл буулгаж чадна. Энэ бол бидний хамгийн гол давуу тал” хэмээн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан менежер Костас Вассос онцолж байна. Тэд туршлагатай дизайнеруудтай хамтран ажилладгийн нэг нь BMW, “Subaru”, “Fiat”, “Alfa Romeo” зэрэг автомашины брэндэд ахлах дизайнераар ажиллаж байсан Андрэас Запатинас юм. Тэрбээр “Kleemann” брэндтэй хамтран ваар мэт муруй (Curved design) -гаас эхлээд маш олон цахилгаан шатны загварыг өвөрмөц шийдлээр бүтээсэн нэгэн.
“Манай улсад шинээр баригдаж байгаа барилгууд харилцан адилгүй зайд цахилгаан шат болон бусад өргөх төхөөрөмжүүдийг суурилуулдаг. Ингэхдээ яг тогтсон хэмжээнд биш өөрсдийн хүссэн орон зайдаа цахилгаан шатаа тохируулан дизайныг нь өөрчилж болохуйц үйлдвэрлэнэ гэдэг тухайн байгууллагад олон давуу талыг бий болгоно. Энэ боломжийг “Kleemann” брэндийн цахилгаан шат олгоно гэж харж байна” хэмээн МХЕГ-ын ахлах байцаагч Н.Буйдан тодотголоо. Хоёр хүнд зориулсан буюу 150 кг-ийн хүчин чадалтайгаас эхлээд 20 тонн хүртэлх бараа бүтээгдэхүүн өргөн тээвэрлэх цахилгаан шат үйлдвэрлэдэг “Kleemann” брэнд хэдхэн сарын өмнө Хятад улсад өөрийн Ази тив дэх үндсэн оффис, үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Энэ үйлдвэрийг барихад шаардагдсан хөрөнгө оруулалт болох 15 сая ам.долларыг тэд 100 хувь өөрийн хөрөнгөөс гаргаж, нэг ч хятад түнштэй хамтралгүйгээр ашиглалтад оруулжээ. Ингэж Монгол Улстай газарзүйн хувьд ойртсон учир сонгосон бүтээгдэхүүнээ цаг алдалгүй авчруулах, угсруулах боломжтой.
Долоон метр секунд буюу асар өндөр хурдтай “Kleemann” брэндийн цахилгаан шатаар зорчиж буй хүнд урлагийн бүтээл дотор яваа мэт сэтгэгдэл төрөхөөс гадна дуу чимээ, чичиргээг хамгийн бага түвшинд байхаар шийдэж чадсан тул маш тав тухтай. Цахилгаан шатанд яваагаа мартаж, орчиндоо ууссан мэт мэдрэмжийг агшин зуур мэдрэх болно гэдгийг “Delta Lift” компанийн хамт олон онцолж байна. Тэд Монголд цор ганц байдаг “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”-ын шинэ барилгын төсөлд хамтран ажиллаж буй. “10-р цэцэрлэг тусгай хэрэгцээтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан учраас тусгай цахилгаан шаттай байх ёстой. Тухайлбал, цэцэрлэгт брайл үсэг бүхий товчлуур, бариул, мэдрэгчүүдтэй шат суурилуулж байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон нийтийн газар чөлөөтэй зорчиход нь туслах ёстой” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Баатархүү хэллээ.
“Kleemann” брэндийн нэг бүтээгдэхүүн, нэг эд анги ч чанараа хадгалж буйн цаана 35 жил амжилттай ажилласан брэндийн үнэ цэн, нэр хүнд бий. Нэр хүндийн баталгаа нь дэлхий даяар ашиглагдаж буй цахилгаан шатнууд нь юм. Харин “Kleemann” хэмээх энэ нэрийг унагалгүй авч явахын тулд тэд ширхэг бүтээгдэхүүнээ ч найдвартай, мэргэжлийн байгууллагаар угсруулахын зэрэгцээ давхар хянаж шалган ашиглалтад өгдөг учир хамтран ажиллах байгууллагадаа өндөр босго тогтоодог. Хүссэн бүхэн тэдний өндөр босгыг давахгүй гэдэг нь хэнд ч тодорхой билээ.
Энэхүү нийтлэл Business.mn сэтгүүлийн 10-р сарын дугаар (№11) -т нийтлэгдсэн болно.
Ene companytai hariutslagatai, turshlagatai hamtran ajillaj ehlesnees hoish ih setgel undur baigaa. Delta liftiinhan ajliin undur amjilr husye.