Хүн, байгууллага, улс орон гээд ямар ч субъектын хувьд амжилтанд хүрэх нэгэн үндсэн нөхцөл бол сахилга бат. Бизнест сахилга бат санхүүгийн цэгцтэй байдлаар илэрдэг. Гэвч бизнесийн эзэн болгон энэ сахилга батыг мөрдөх мэдлэг, ур чадвартай байх боломжгүй. Энэ орон зайд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, мөнгө хэмээх бизнесийн цусан хангамжийг удирдах ухааныг зааж яваа хүмүүсийн нэг бол Sanhuuch.mn зөвлөх компани, Todsystems санхүүгийн платформыг хамтран үүсгэн байгуулагч, business.mn сэтгүүлийн зөвлөх Ч.Мөнхбадрах. Тэрээр манай энэ удаагийн дугаарт хэрхэн бизнесийн зөвлөх болсон түүхээ, компаниудын санхүү дээр ямар нийтлэг алдаанууд гардаг, нягтлангуудын ажлыг технологиор хэрхэн хөнгөвчлөх боломжтой талаар өгүүллээ.
Хүний амьдралд ямар ч шийдвэр шалтгаангүй хийгддэггүй. Ч.Мөнхбадрахын хувьд бизнесмэн болох гэж үзээд туршлага, мэдлэг дутуу, гэнэн зангаас болж шатаж, хулхидуулсан учир бизнесийн мэдлэгтэй болоод буцаад амжилттай бизнес хийхийн тулд банкинд зээлийн мэргэжилтнээр ажилд орж байжээ. Гэхдээ амьдрал түүнд өөр зам мөрийг санал болгосон юм.
Бизнесийн удирдлага мэргэжлээр сургууль төгсөөд нэг л мундаг бизнесмэн болох гэж гар утас, машин зөөж үзлээ. Гэвч дөнгөж төгссөн оюутанд ченжүүдтэй өрсөлдөх чадал байгаагүй. Мөнгөөрөө баахан шатсан. Болохгүй болохоор нь сантехник угсралтын ажил хийсэн. Аав, хоёр ах маань сантехникийн мэргэжилтэй, би багаасаа тэднийг дагаж халтуур хийхэд нь тусалдаг байсан юм. Хамгийн том нь 40 айлын орон сууцны сангийн ажил гүйцэтгэсэн. Гэтэл хамтран ажиллаж байсан захиалагч талдаа хулхидуулаад мөнгөө авч чадахгүйд хүрлээ. Унаж явсан машинаа барьцаалж зээл авч байгаад ажилчдынхаа цалинг өгч байв. Хожим нь нөгөө захиалагчаас мөнгөө хагас дутуу авсан.
Ийнхүү шатаж, хулхидуулан гурван жил явж, нэг ёсондоо бизнестэй танилцах аялал хийв. Би бизнес хийх болоогүй юм байна гэж бодсон. Утас, машин оруулж ирж зарах гэхээр хэлний мэдлэг, туршлага, муу санаа дутаад байв. Тэгээд зээлийн эдийн засагч болвол олон бизнес судалдаг хүн болох юм байна гэж бодсон. Ингээд ХасБанкинд ажилд орсон юм. ХасБанк жижиг, дунд бизнесийн зээлийн мэргэжилтэн шалгаруулж авна гэсэн зарын дагуу давхиж очоод хүсэлтээ өгөх гээд зориг хүрдэггүй, нэлээд удсан. Энэ үед эхнэр маань урам зориг өгч, банкинд ажиллаж чадна гэж итгэж байгаагаа хэлсэн нь түлхэц болж анкетаа өгч байлаа. Гэтэл сургуулиа төгсөөд нэг хэсэг дураараа явчихсан намайг авдаггүй шүү. Ярилцлаганд дуудахгүй болохоор нь эхнэрээ ажилд нь, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэчихээд банкны гадаа эрт очоод зогсчихдог байлаа. Банкинд ямар хүмүүс ирдгийг харж, яагаад намайг дуудахгүй байгаа юм бол гэж гайхдаг байв.
Тэгж байтал “Манайх зээлийн төв нээж байгаа. Юутай ч чи тэрний сургалтанд суугаад үз” гэж дуудсан. Шинэ, хуучин баахан ажилтантай нийлээд зээлийн мэргэжилтний сургалтад хамрагдсан юм. Өмнө нь болсон болоогүй бизнес хийгээд үзчихсэн байсан учир би тэр сургалтан дээр шинэ ажилтнуудын дэргэд илт ялгарсан. Ажилд сонгон шалгаруулах ярилцлагууд явагдаж, зээлийн мэргэжилтний сургалтанд суусны дараа буюу анх хүсэлт гаргаснаас хойш гурван сарын дараа намайг ажилд авах шийдвэр гаргасан. ХасБанкинд орохын тулд нийт зургаан удаа ярилцлаганд орсон юм.
Эхлээд харилцааны менежерээр. Хэсэг хугацааны дараа өөрийн хүссэн зээлийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Анх орохдоо хоёр жил ажиллаад хамаг юмаа сурчихаад гарна гэж бодож байсан ч нэг мэдэхэд долоо, найман жил болчихсон байлаа. ХасБанкинд ажиллах хугацаандаа Харилцааны мэргэжилтэн, Зээлийн мэргэжилтэн, Бүсийн менежер, Бүсийн захирал, Жижиг, Дунд Бизнесийн Хэлтсийн захирал, Харилцааны албаны захирал гэсэн албан тушаалууд хашин долоон жилийн дараа ажлаа өгсөн.
Банкинд ажиллах хугацаанд жижиг, дунд бизнесийн салбарын бүх л жаргал, зовлонг нэвт судалж ажиллах зуур бизнесийн зөвлөгөө өгч чадахаа ойлгосон юм. Тиймээс тэр банкнаас гараад бизнесмэн биш бизнесмэнүүдэд тусалдаг мэргэжилтэн болсон байв.
Банкинд жижиг, дунд бизнесийн зээлийн чиглэлээр дагнасан учраас гахай, тахианы аж ахуйгаас эхлээд үйлдвэр, худалдаа хүртэл уул уурхай, барилгаас бусад бүх салбарын бизнесийг судалсан. Тухайн зээл хэрэгцээтэй юу, эргүүлж төлж чадах уу, давуу, сул тал нь юу вэ гэх зэргээр газар дээр нь бизнесийг судалдаг байсан. Судалсны дараа Зээлийн хороонд түүнээ батална. Эргэн төлөлтийн чанараар ажлын гүйцэтгэлээ үнэлүүлнэ. Өөрөөр хэлбэл, бизнесийг санхүү, бүртгэл, тайлагнал, төлөвлөлт талаас нь нарийн судалдаг байсан юм.
Явж явж энэ ажил маань миний хобби болж хоёр жилийн дараа гараад бизнесээ хийх хүн чинь долоо найман жил бизнес судалчихсан. Зээл хүсэгчтэй ярилцах үед энийг чинь ингэвэл зүгээр, тэрийг чинь тэгвэл зүйтэй гэх мэтээр бизнесийн зөвлөгөө өгөх нөхцөл байнга үүсдэг байлаа. Зээлийн хорооныхонд зээлээ чанартай эргэн төлөгдөнө гэдгийг батлахын тулд илтгэх эрдэмд бас тодорхой хэмжээнд суралцсан. Нэг үгээр, банкинд долоон жил ажиллахдаа тултал нь сурч хөгжиж чадсан.
Хэрэв жижиг дунд бизнест зээл олгохоор судалгаа, ярилцлага хийж байгаа бол энэ хүнээр яаж зээлээ төлүүлэх вэ, бүтэлгүйтвэл барьцаагаар нь яаж хаах вэ гэж хандаад эхэлвэл үр дүнтэй харилцаа болохгүй. Харин энэ бизнесийн онцлог нь юу вэ, ашигтай ажиллах потенциал бий юу, яаж дэмжвэл болох вэ гэж хандвал үр дүнтэй.
Тэр үед ХасБанк ид өргөжин тэлж байсан бөгөөд авьяастай хүмүүсийг олж чаддаг, сургаж хөгжүүлж чаддаг байсан. Тэнд удирдах ажил хийж байсан олон хүн одоо томоохон санхүүгийн байгууллагуудыг толгойлж байгаа. Хэрэв чадал нь хүрч байвал доод албан тушаалын залуучууд өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх боломж дүүрэн байсан. Одоо харахад энэ банк зөв соёлыг тэр үед төлөвшүүлж чадсан байгаа юм.
Анх ХасБанк бүр бичил зээлээс эхэлсэн түүхтэй. Хонины толгой чанаад зах дээр зардаг хүнд хүртэл зээл өгдөг, нийт зээлийн эргэн төлөлт нь 98 хувиас дээш чанартай байсан. Энэ мэтчилэн суурь түүх нь их гоё. Жижиг, дунд бизнесийн зээлийн зах зээл рүү орж байхад нь буюу 2005 онд би ажилд орсон.
Хэдийгээр ЖДҮ-ийн чиглэл их эрсдэлтэй сегмэнт байсан ч ХасБанк бизнесийг сайн судалж, тухайн бизнес эрхлэгч зээлээ эргүүлэн төлөх ёс зүйтэй гэж үзвэл зээл өгдөг байсан. Энэ хүнээс яаж мөнгөө эргүүлэн төлүүлэх вэ, бүтэлгүйтвэл барьцаагаар нь яаж хаах вэ гэх зэргээр хандаад эхэлвэл үр дүнтэй харилцаа болохгүй. Харин энэ бизнесийн онцлог нь юу вэ, ашигтай ажиллах потенциал бий юу, яаж дэмжвэл болох вэ гэж хандвал үр дүнтэй. Зээлийн хүсэлт гаргасан хүнтэй удаан хугацаанд ярилцаж бизнесийг нь ойлгосны эцэст дараагийн шатанд хэрхэн гарч болох талаар зөвлөгөө өгдөг байсан. Зарим тохиолдолд барьцааны шаардлага огт хангахгүй зээлийн хүсэлтийг ч Зээлийн хорооны хурлаар оруулдаг байсан. Гэхдээ эргэн төлөгддөг байсан нь удирдлагын талархлыг хүлээдэг байлаа.
Долоон жил ажилласны дараа жижиг, дундын зээлийн чиглэлээрээ цаашид ажиллах боломж байсан. Гэхдээ “эсвэл” гэдэг сонголт үргэлж байдаг. Би өөрөө гэр бүлсэг хүн учраас гэр бүлдээ илүү цаг зарцуулахын тулд хоёр дахь замыг сонгосон. Анх банкнаас гараад бизнес хийнэ гэж бодож байсан ч төрөл бүрийн бизнес судлаад тодорхой хэмжээнд зөвлөхийн түвшинд очсон байсан учраас бизнес хийх биш, хүмүүсийг бизнес хийхэд нь туслах ажил хийх юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд ч бизнес хийх гэж оролдсон түүхээ харахад би худалдаа хийх авьяасгүй юм байна гэж дүгнэсэн.
Бизнесийн зөвлөх болоод Монголоор дүүрэн байгаа жижиг, дунд бизнесийн эздэд зөвлөөд л, мөнгө олоод л явах бодол нь бодит амьдрал дээр зөрж, зах зээлээ олох эрэл хайгуул хийсний эцэст хэрхэн өрсөлдөгчөөс ялгарч чадахаа ойлгожээ. Ингэж Санхүүч.мн гэдэг компани үүссэн байна.
Банкинд орохоосоо өмнө байгуулсан байсан компанийнхаа үйл ажиллагааг сэргээж 2013 онд бизнесийн стратеги, бизнес төлөвлөгөө боловсруулах чиглэлд зөвлөх үйлчилгээ нээсэн. Гэхдээ бас л дутуу харсан. Банкнаас гарсны дараа хэдэн мянган жижиг, дунд бизнес эрхлэгч байгаа юм чинь зөвлөгөө авах хүн олон байгаа гэж бодож байсан. Гэхдээ миний төсөөлөл буруу байв. Бизнес төлөвлөгөө боловсруулаад өгье гэсэн мэргэжлийн болон “би чадна”-чууд зөндөө байсан. Зөвлөх үйлчилгээнд тусгай зөвшөөрөл авдаггүй учраас хямдхан, чанаргүй үйлчилгээ их болсон байлаа. Гэтэл би хямдхан үйлчилгээ үзүүлээд амжилт олохгүй гэдгээ сайн мэдэж байгаа шүү дээ.
Бас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн олонхи нь миний өгөх гээд байгаа зөвлөх үйлчилгээнд төлөх төлбөрийн чадваргүй болж таарсан. Тиймээс олон улсын санхүүгийн байгууллагын төслийн шугамаар нэг жил хэртэй зөвлөх үйлчилгээ эрхлээд явцгүй юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд “Би ялгарахгүй л бол болохгүй” гэсэн дүгнэлтэд хүрч бизнес төлөвлөгөөнөөс гадна санхүүгийн бус мэргэжилтэй бизнесийн эзэнд санхүү бүртгэл, төлөвлөлт, тайлагнал зэргээ эмх цэгцтэй байлгахад нь хэрхэн зөвлөх вэ гэдэг дээр төвлөрч эхэлсэн. Энэ чиглэлээр ажилласан чинь үйлчлүүлэгчид маань мөнгөгүй ч би өрсөлдөгчгүй болсон. Ингээд бид санхүү бүртгэлийн загварчлал, удирдлагын тайлангийн автоматжуулалт, санхүүгийн төлөвлөлт гэсэн гурван чиглэлээр дагнах болсон юм. Харилцагч аяндаа үүсч нэлээд хэдэн төсөл дээр ажилласны дараа Европын Банкны жижиг, дунд бизнесийг дэмжих төсөлд бүртгэлтэй зөвлөх үйлчилгээний компани болсон.
Зөвлөх үйлчилгээ эрхэлсэн эхний жил хагаст зах зээлээ олж, харилцагчийн хүрээгээ үүсгэх хүртэл машиндаа оффислож, нөүтбүүк, толгой хоёртоо бүх мэдээллээ хадгалж явсан. Энэ үед эхнэр маань татварын мэргэшсэн зөвлөх компанид Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байв. Бизнесийн чиглэлээ тодорхойлж, цаашид ялгарч ажиллах шаардлагатай тухайгаа эхнэртэйгээ зөвлөж, цаашид бизнес дээрээ хамт ажиллахаар шийдсэн. Зөвлөх үйлчилгээний бизнес хийж эхэлснээс хойш хоёр жилийн дараа буюу 2015 онд бид хоёр бизнесээ өргөжүүлэн анхны ажилчдаа сонгон шалгаруулж авч байв. Бид зорилтот зах зээлдээ танигдаж байгаа брэнд нэр Санхүүч Мн боловч үндсэн компани маань Будханат ХХК юм. Бидний гол ялгарал нь эхнэрийн маань 20 жилийн туршлага, миний 15 жилийн туршлага, зөвлөх үйлчилгээний чиглэлд ажиллах хугацааны ололтод үндэслэсэн шинэлэг шийдлээр санхүү татварын буюу гадаад тайлан, удирдлагын бүртгэл буюу дотоод тайлан, гүйцэтгэлийг нэг дор төвлөрүүлсэн зөвлөх үйлчилгээг жижиг дунд бизнесүүддээ хүргэж байгаа чадавхи, нөү-хау юм. Бид санхүү бүртгэлийн оновчтой загварчлалыг жижиг дунд бизнесийн үйл ажиллагаанд нь нийцүүлэн нэвтрүүлж, гадаад, дотоод тайлангуудыг хялбар боловсруулах шийдэл санал болгодог.
Зөвлөх үйлчилгээ эрхлэх болсноор анзаарсан нэг зүйл бол мэргэжлийн санхүүч олон байдаг ч энэ чиглэлээ яг бизнесийн загвар болгоод явж байгаа компани ховор. Үйлчлүүлэгч баахан мөнгө төлсөн ч компанид нь бодит өөрчлөлт гараагүй, чанаргүй үйлчилгээ үзүүлсэн жишээ зөвлөх үйлчилгээний салбарт маш олон. Гэхдээ сүүлийн жилүүдэд асуудал цэгцэрч байгаа. Монголын мэргэшсэн зөвлөхүүдийн институт гэдэг байгууллага бий болсон нь зөвлөх үйлчилгээний зах зээлийг зохицуулалттай болгож, зөвлөхүүдээ чадавхижуулж илүү мэргэжлийн болгох том алхам болсон. 2017 оноос зөвлөхүүдэд мэргэжлийн гэрчилгээ олгож эхэлсэн. Мэргэшсэн нягтлан бодогч гэдэгтэй адил хуулинд тусгагдаагүй ч энэхүү ТББ-ын үйл ажиллагааны хүрээнд энэ зах зээлд өөрийн соёл бүрэлдэж байна. Энэ жил Олон улсын мэргэшсэн зөвлөхүүдийн институтээс зөвлөхүүдэд олон улсын түвшний мэргэжлийн гэрчилгээ олгох эрхийг авчихлаа. Энэ мэтээр албан ёсны болоод ирэхээр зөвлөхийн ёс зүйн шаардлагууд чухлаар тавигдаж мэдэхгүй зүйлээ зөвлөх, харилцагчаас хэтэрхий их мөнгө авах, мэдээллийг нууцыг үл хангах, харилцагчийн өрсөлдөгчид очиж үйлчлэх зэрэг ёс зүйгүй үйлдлүүд арилна.
Харин нөгөө талд жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнесээ яаж хийх вэ гэдгээ мэдэж, юутай ч борлуулалтаа удирдаад, мөнгөө хянаад, дараагийнхаа татан авалтыг хийгээд л явж байна. Харин санхүү бүртгэл, маркетинг, хүний нөөц, мэдээллийн технологи, чанарын удирдлага зэрэгт анхаарах нөөц, цаг хугацаа хүрэлцэхгүй хэвээрээ л байна. Хэдэн мянган бизнес ингэж явж байгаа бөгөөд зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг сайн ойлгоогүй, авах мөнгө нь ч хангалтгүй. Бас өмнө нь “би чадна”-чуудад хорлуулсан гашуун туршлага тэдэнд бий.
Энэ бүх эрэл хайгуулын эцэст тэр одоо Монголын ажиллах хүчний ихэнх нь төвлөрсөн жижиг, дунд бизнест тулгардаг санхүүтэй холбоотой асуудлууд, тэдгээрийн шийдлийн нэвтэрхий толь болжээ.
Бизнес эхлүүлсэн олон хүн эхлээд баахан хүн ажилд авч, маркетинг хийж хийж нэг хэсэг манаргаж яваад эцэстээ ерөөсөө анхнаасаа анхаарах ёстой асуудал бол санхүү юм байна гэдэг дээр тулж ирдэг. Учир нь ямар хөрөнгө хаашаа, яаж хөдөлсөн талаар бүртгэл мэдээлэлгүй яваад байвал ямар ч төсөл явахгүй. Амжилттай маркетинг хийхийн тулд хийж байгаа ажлаа хэмжих ёстой. ISO нэвтрүүлээд бүх процессоо журамласан ч санхүү нь алдагдалтай бол журамласны хэрэг гарахгүй. Мэдээллийн технологийн компаниар гоё программ хийлгэсэн ч тухайн бизнест тохирсон бүртгэлийн загвартай нь нийцэхгүй бол тэр зөрүүг хэн тайлах вэ? Мэдээж санхүү. Хүний нөөцийн алба ажилтнуудаа урамшуулахаар боллоо гэж бодоход хэдийг олоод хэдийг урамшуулалд өгөхийг бас л санхүү тодорхойлно. Санхүү цэгцэрсэн цагт дараагийн шат руу ороход амар.
Бидэнтэй тасралтгүй гурав, дөрвөн жил харилцаад цаашид ч “салах” шинжгүй байгаа компаниуд бий. Ингэж буйн гол шалтгаан нь тухайн компани өөрөө санхүүгээ чадавхижуулаад аваад явах өртөг нь биднээс аутсорсингоор үйлчилгээ авснаас илүү болчихоод байдаг.
Эзэн, ажилтан, харилцагч гурвын дундаас бий болдог, бизнес гэж тодорхойлоод буй субъектив хүчин зүйлийн эрх ашиг чухал болохоос захирал, харилцагч эсвэл ажилтны эрх ашиг чухал бус.
Санхүүгийн асуудал хоолойд нь тулаад манайд хандаж буй компаниудын удирдлагад хэлдэг зөвлөгөө их энгийн. Бизнес эрхэлж буй хүнд өөртөө хүлээн зөвшөөрөх гуравхан зүйл бий. Эхнийх нь энэ бизнес бол таных биш, харин дундынх гэдгийг ойлгох. Ингэж хэлэхээр зарим захирал “Би өөрийнхөө юмыг мэдмээр байна” гэж дургүйлхдэг. Өрхийн бизнес дээр ингэж ярьж болохоос биш компани дээр тийм биш. Та хүн аваад ажиллуулж байна. Угтаа хүний нөөц гэж ярих нь ч бас буруу гэж би боддог. Нөөцийг хэрэг гарвал ашиглана, эсвэл актална. Харин хүн нөөц биш, капитал. Ажилтан танайд ажиллаж буй учраас энэ бас түүний бизнес. Та хоёрын хийснээс өөр нэг хүн бүтээгдэхүүн, үйлчилгээ авч буй учраас энэ тэрний ч бизнес бас мөн. Ингээд эзэн, ажилтан, харилцагч гурвын дундаас бий болдог бизнес гэж тодорхойлоод буй субъектив хүчин зүйлийн эрх ашиг чухал болохоос захирал эсвэл ажилтны эрх ашиг чухал бус. Жижиг, дунд бизнест энэ тулгын гурван чулууны нэг нь данхайсан байвал нэг бол эзэн бизнесийнхээ бүх санхүүг самардаг, мөнгө хэрэг болохоор хаанаас ч юм зээлээд буцааж хийчихээд “Би та нарыг тэжээж байна” гэдэг. Эсвэл зарим бизнес ажилтнаа хэтэрхий чухалчлаад захирал нь хэтэрхий их цалин амлаж, урамшуулал өгч мөнгөөр нэр худалдаж авах, алдаа гарвал мөнгөөр торгох хандлага давамгайлдаг. Зарим тохиолдолд харилцагчдаа хэтэрхий буулт хийгээд хямдруулдаг, зээлээр өгдөг. Гэтэл бизнес хичнээн бүсээ чангалсан ч эзэнд, ажилтанд, харилцагчид өгөх мөнгөний хэмжээ хязгаартай. Бизнес ашгаа өгч байгаа цагт л хуваарилалт хийх боломжтой. Энэ гурвын тэнцвэр алдагдвал болохоо байна.
Энэ тэнцвэрийг тодорхой цөөхөн тоонуудын тусламжтай хадгалаад явж болно. Санхүү бүртгэл цэгцрээд ирэхээр та бизнесээсээ хэдийг, хэзээ авч болох, хамгийн ихдээ ямар цалин, урамшуулал өгөх боломжтой вэ гэдгээ мэднэ. Боломжит цалин аваад урт хугацаанд хамт явахгүй ажилтантай хамтран ажиллаад нэмэргүй. Бас харилцагч өөрийн хүссэн үнээр биш, зохистой, компанид ашигтай, алдагдалгүй үнээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авах ёстой.
Энэ зарчим хэрэгжихэд аяндаа бүтээгдэхүүний өртгийн шинжилгээ гэдэг зүйл яригддаг. Бүтээгдэхүүн бий болж буй өртөг, бизнес хийхэд зайлшгүй гарах зардлууд, урт хугацаанд явахын тулд олох ёстой ашиг гурвыг нэмээд харахаар тухайн бүтээгдэхүүнийг зарж болох хамгийн доод үнэ гарч ирдэг. Энэ үнэ дээр харилцагч наймаалцаж болно. 10 бүтээгдэхүүнээс нэгийг нь алдагдалтай үнээр өгсөн ч үлдсэн ес дээр нь ашгаа олох хэрэгтэй. Бүтээгдэхүүний өртөг нөхөгдөж, бүх зардал хаагдаж дуусаад компанийн ашиг нэмэгдэж байж үнэ тогтдог. Мэдээж шинэ бизнес шууд өндөр үнэ тулгавал явахгүй, хямдрал үзүүлж таарна. Гэхдээ эхний ганц, хоёр жил алдагдал хүлээсэн ч цаашдаа ашгаа өгч эхлэхгүй бол тэгээд дуусна ш дээ.
Эзэн бизнесээ зөвхөн өөрийнх биш гэдгийг ойлгочихвол эзний хэтэвч, компанийн хэтэвч хоёр тусдаа байх ёстой гэдгийг ухаарна. Энийг ойлгоогүй цагт эзний хэтэвч рүү борлуулалтын орлого орно, эзний хэтэвчнээс бараа татан авалт явагдахаас гадна хүүхдийн сургалтын төлбөр, гэрийн хоол хүнс, эхнэрийн хийсэн худалдан авалт, зарцуулах мөнгө гарна гэх мэтээр бүх юм нь холилдчихдог.
Бизнес гэдэг жимсний модыг бизнесийн эзэн, ажилтан, эсвэл харилцагч олон жил ургуулж, арчилж жимсээ хүртээд явах уу, мөчрийг нь хугалаад нэг хэсэг идээд дуусгах уу гэдгийг шийдэх л асуудал юм.
Санхүүч.мн илүү олон бизнест хямд үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ захирлууд, нягтлангуудын ажлыг хөнгөвчлөхийн тулд технологийн гарааны компани болно
Мэдээж бизнесийн эзэн хүн хөрөнгө нь ямар бүтэцтэй байгаа, хэд байснаас хэд болсон, орох, гарах мөнгөний урсгал эерэг эсвэл сөрөг байна уу гэх мэтийг мэдэж байх хэрэгтэй. Гэхдээ эдгээр тоог хаанаас олж авах вэ гэдэг дээр асуудал үүсдэг. Тодорхой мэдээллийг боловсруулаад энэ тоонуудыг санхүүгийн мэдлэггүй захиралд ашиглаж болохуйц мэдээлэл болгон харуулахын тулд зайлшгүй мэргэжлийн хүн хэрэг болно.
Гэвч ийм хэрэгцээтэй маш олон компани байгаа ч хэрэгцээг нь хангах, олон санхүүчийг зэрэг аутсорсингоор ажиллуулах зөвлөх компани алга байна. Жишээ нь бид таван хүнтэй тавь орчим компанид л хүрч ажилладаг. Энэ хоосон орон зайг нөхөхийн тулд бид санхүүгийн платформ хөгжүүлж байна. Ийм платформ бий болчихвол ямар ч мэргэжлийн бус хүн хэдэн тоо оруулаад л автомат боловсруулалт хийгдэж өөрт хэрэгтэй тоонуудаа харж болно. Тоон мэдээллийг гараар боловсруулж, тайлан гаргахын тулд мэргэжилтэн хөлслөх хэрэгтэй болдог. Харин ийм платформ бий болвол дата боловсруулалтын өртөг буурна. Мөн бизнесийн эзэн хөрөнгийнхөө бүх хөдөлгөөнийг хялбаршуулсан загвар дээр бүртгээд явах боломж бүрдэнэ.
Санхүүгийн бүртгэл, тайлагналын платформ хөгжүүлэх болсон нь нэгдүгээрт бидний зөвлөх хүчин чадал хүрэлцэхгүй байгаа, хоёрт үйлчилгээ үнэтэй тусаад байгаатай холбоотой. Хямдруулна гэхээр ашиггүй ажиллах болно. Гэхдээ хямдруулж байж зах зээлээ өргөтгөх шаардлагатай учраас технологийн давуу талыг ашиглахаар шийдсэн. Бүх талд ашигтай байдаг нь технологийн шийдлийн гол давуу тал.
Одоо харахад манай зөвлөх үйлчилгээний бизнес хэд хэдэн үе шатыг дамжсан байна. Эхлээд зах зээлээ олж ялгарал бий болгосон. Дараа нь нийт зах зээлд хүрч ажиллахад хүний нөөц хүрэлцэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд сүүлийн гурван жилд технологижих процесс явагдаж байна. Жижиг, дундын санхүү, бүртгэл дээр программын ямар шийдэл байгааг судлаад үзэхэд нэг бол татварын тайлан гаргадаг, эсвэл зөвхөн тодорхой төрлийн бизнест тохирох программууд байсан. Дотоодод ашиглах платформ олдоогүй. Гадаад программ ашиглах гэхээр бүх бизнес эрхлэгч англи хэлтэй биш, тэгээд ч Монголын онцлогт тохирохгүй.
Тэгээд өөрсдөө платформ хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Санхүүч Мн технологийн стартап хэлбэрээр хөгжих болно. Энэ платформ Тод Системс гэдэг нэртэй, хэрэглэхэд хялбар, өртөг багатай, компьютер, таблет, гар утас зэрэг төрөл бүрийн хэлбэрээр ашиглаж болохоор хөгжинө. Цаашдаа хөрш зэргэлдээ орнуудад нөү-хаугаа экспортлохыг ч үгүйсгэхгүй.