Идэвхжүүлэлт нь Захирал, менежер бүрийн хэрэгжүүлэх ёстой чиг үүргүүдийн нэг бөгөөд энэ нь компани амжилттай ажиллан бизнесийн зорилгодоо хүрэх нэн чухал хүчин зүйл болно. Ажилтнууд ажлын байран дээрээ урам зоригтой, эрч хүч дүүрэн, ур чадвар сайтай байх үед л компани амжилттай ажиллах нөхцөл бүрдэж дараах эерэг шинжүүд илэрдэг. Үүнд:
- Ажилтнууд компанид тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх шинэлэг санааг дэвшүүлдэг.
- Багууд нь зах зээлд тэсрэлт хийх шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход сайн хамтарч ажилладаг.
- Ажилтнууд компанидаа эрч хүч, цаг заваа эрчимтэйгээр зориулдаг.
- Ажилтнууд байгууллагын хүнд хэцүү үед ч үнэнч хэвээр үлддэг.
- Хүн бүр өөрийн хүлээх үүрэг, зорилгодоо урамшин сэтгэл хангалуун байдаг.
- Ажилтнууд компанийнхаа ирээдүйд илүү анхаардаг.
Эндээс, Идэвхжүүлэлт нь ажилтнуудын бүтээмж, санаачилгыг дээшлүүлэн ажлын гүйцэтгэлийг удирдах, хүмүүс хоорондын харилцааг сайжруулах, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх чухал чиг үүрэг бөгөөд Сэдэлжүүлэлтийн механизмаар дамжуулан хэрэгждэг.
Сэдэлжүүлэлт гэдэг нь хувь хүн болоод байгууллагын өмнөө тавьсан зорилгод хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн ажиллуулах, хэрэгцээг хангахуйц процесс юм. Компанийн бизнесийн зорилгын ач холбогдол, гүйцэтгэлийн үнэлгээг таниулж ойлгуулж, сургалт, коучинг хийгээд ч ажилтан өөрөө хүсэл тэмүүлэлгүй, сэдэлжээгүй бол үр дүн гарахгүй. Хүний аливаа үйл ажиллагаа нь заавал нэг үндэслэлтэй учир шалтгаан буюу Сэдэлтэй байдаг.
Сэдэл нь оюун санааны гоц үзэгдэл, хувь хүний үйл хөдлөлийг хийх ухамсарлагдсан өдөөлт юм. Хүний зан үйл ганц бус олон хам сэдлээр тодорхойлогддог байна. Сэдэл нь хүний хүмүүжил төлөвших болон боловсрол олж авах явцад ухамсартайгаар өөрчлөгдөж болдог. Сэтгэл зүйн шинжээчид хүмүүсийг ажиглан судлаад Хэрэгцээ нь үйлдэл хийх сэдэл болдгийг тогтоосон.
Хэрэгцээ бол физиологийн болон сэтгэл зүйн хувьд дутагдаж буй ямар нэгэн зүйл, түүнээ мэдрэн шаардах явдал юм.
Сэдэлжүүлэлтийн процесс нь Хэрэгцээ үүсэх, Хэрэгцээг шийдвэрлэх арга замыг хайх, Үйлдлийн чиглэлийг тодорхойлох,Үйлдлийг гүйцэтгэх, Үр дүнд хүрэх, Хэрэгцээг арилгах гэсэн үе шаттай байна.
Урамшууллын төрлүүд
Урамшуулал нь идэвхижүүлэлтийн нөлөөллийн нэг арга хэрэгсэл бөгөөд сэдэлжүүлэлттэй шууд холбоотой ойлголт юм. Хүмүүсийн сэдлийг танин мэдсэний үндсэн дээр тэдэнд урамшууллын аргыг хэрэглэнэ. Урамшууллыг өөр өөрийн ач холбогдолтой дотоод /материаллаг бус/ ба гадаад /материаллаг/ гэж хоёр төрөлд ангилдаг бөгөөд ажилтан аль алинд нь сэдэлждэг. Үүнд:
- Дотоод урамшуулал нь нарийн хэмжих боломжгүй сэтгэл ханамж юм./ Жич: амжилтад хүрснээ мэдрэх, ажлаа өөрийнхөө хяналтад байлгах, хийсэн ажлыг нь хүмүүс үнэлж сайшаах, байгууллагын спорт, урлаг, баяр ёслол, дотоод сургалт г.м /
- Гадаад урамшуулал нь цалингийн өсөлт, бонус, борлуулалтын шагнал, ажлын тансаг орчин зэрэг бодит хэмжигдэхүйц хүчин зүйлс бөгөөд ажилтны гүйцэтгэлд сайнаар нөлөөллөө ч үйлчилгээ нь богино хугацаанд байдаг.
Жич: Практикт, материаллаг урамшууллаасаа материаллаг бус буюу магтаал, сайшаал зэрэг моралын урамшууллыг зөв хэрэглэх нь илүү урт хугацаанд үйлчилдэг зардал багатай байдаг.
Сэдэлжүүлэлтийн практик зөвлөмжүүд
Итгэл хүлээлгэх. Хяналтаа багасгах, ажилтнаар өөрөөр нь ажлын төлөвлөгөө, хуваарь гаргуулах, эсвэл өөрийнхөө хийдэг зарим ажлыг хийлгэх гэх мэт. Итгээд үз, тэгэхдээ ажилтан тухайн үр дүнгийн төлөө хариуцлага хүлээхийг ойлгосон байх, мөн ажлын явцыг ерөнхийд нь тандаж, шаардлагатай үед нь тусалж дэмжих хэрэгтэй.
Ажлын цар хүрээг тэлэх. Хэрэв таны ажилтан шинэ ажил хийх сонирхолтой байгаа нь ажиглагдвал, хүсэл сонирхлыг нь асууж анхааралтай сонсон түүнд нь тохируулж ажлын цар хүрээг нь тэлж өгөх хэрэгтэй. Жич: Төслийн багуудад ажиллуулах
Амаргүй даалгавар өгөх. Ихэнх хүнд удирдлагынхаа хүлээлт, ажлын байрны тодорхойлолтоос давсан шинэ сорилттой ажлыг биелүүлэх чадвар нуугдаж байдаг. Амаргүй даалгаварыг даваад гарсан туршлага нь хүнд асар их урам зоригийг өгдөг.
Ихэнх хүнд удирдлагынхаа хүлээлт, ажлын байрны тодорхойлолтоос давсан шинэ сорилттой ажлыг биелүүлэх чадвар нуугдаж байдаг. Амаргүй даалгаварыг даваад гарсан туршлага нь хүнд асар их урам зоригийг өгдөг.
Мэргэшихийг нь дэмжих. Байгууллагад хэрэгтэй ямар нэг чиглэлээр мэргэшиж, ур чадвараа өсгөх боломж ажилтанд олгох нь түүний урам зоригийг сэргээж, хамт олонд өөрийгөө нээн харуулах, амжилтын амтыг мэдрэх боломж өгдөг.
Айдсыг үлдэн хөөх. Удирдлага нь ажилтнуудаа сүрдүүлж, заналхийлж, алдаа гаргасных нь төлөө ажлаас хална, шийтгэнэ гэж ханддаг газарт айдас хүйдэс хургаж, хамтын ажиллагаа, бүтээлч байдал, эрсдэл хүлээх чадвар, алдаагаа хүлээн зөвшөөрч түүнээсээ суралцах дадал царцдаг.
Ажилтнаа хүндэтгэх. Ямарч тохиолдолд ажилтны эрхэм чанар, өөртөө итгэх итгэлийг хүндэтгэж хүн ёсоор харьцах хэрэгтэй. Түүний ажлын гүйцэтгэлийг шүүмжлэх үед ч энэ нь хамаатай. Ажилтнаа басамжлан доромжилж болохгүй. “Олны өмнө сайшааж, ганцаараа байхад нь шүүмжил” гэсэн менежментийн хуулиа барьж ажилла.
Хойрго залхуучуудыг халж явуулах. Залхуу хойрго ажилтнууд хийх ёстойгоосоо илүү гарах ямарч сонирхолгүй байдаг ба ийм газарт бүтээлч идэвхи санаачлага, урам зориг нурж ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлдөг. Ийм ажилтнуудад ажлын төлөвлөгөөг биелэх боломжтой өндрөөр өгч биелүүлэхийг шаардах хэрэгтэй. Энэ шаардлагыг хангахгүй бол:
-Түүнийг сургаж, зааж чиглүүлэх замаар сайжруулах;
-Ур чадварт нь тохирсон өөр ажилд шилжүүлэх;
-Ажлаас чөлөөлөх хувилбараас сонголтоо хийх.
Ийм хүмүүсийг явуулсаны дараа бусад ажилтнууд илүү урам зоригтой ажиллаж эхэлдэг.
Эрх мэдэл өгөх, нэг бүрчлэн зааж зааварлахгүй байх. Хүн хийж байгаа зүйлээ өөрийнх гэж бодсон үедээ илүү идэвхитэй ажилладаг. Мэдээлэлтэй байх, өөрийнх нь ажилд шууд нөлөөлөх шийдвэрийг өөрөө гаргадаг байх, ажилтнуудад гүйцэтгэж буй ажилтай нь холбоотой тодорхой хэмжээний эрх мэдэл /Empowerment/ олгох, ажлыг нь байнга нэг бүрчлэн зааж зааварлахаас татгалзах зэрэг нь сайн сэдэлжүүлэлт болдог.
Урам зоригтой хүмүүсийг сонгож ажилд авах. Хүний дотоод сэдэл, урам зоригийг сонгон шалгаруулалтын ярилцлагын үеэр тодорхой хэмжээгээр олж харах боломжтой. Урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс ихэнхидээ өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн зорилго амбицтай байдаг. Тэд аливаад хийж чадна гэсэн сэтгэлээр ханддаг. Тэднийг сэдэлжүүлэхэд цаг зав, хүч чармайлт бага орно.
Сайн дарга бай. Үлгэр дуурайлал сайтай даргыгаа хүндэлдэг, түүнтэй сайн харилцаатай ажилтны сэтгэлд сэдэл аяндаа төрж байдаг. Сайн дарга өөртөө болон багийнхандаа өндөр шаардлага тавьж, ажил гүйцэтгэх карьер ахихад нь ажилтнууддаа тусалж, бодит магтаал зэмлэл хэлж, сайн гүйцэтгэлийг үнэлж урамшуулж чаддаг.
Зөв ажлын байр. Ажлын байр тухайн хувь хүний зан чанарт тохирсон байвал хамгийн сайн гүйцэтгэлтэй байж чаддаг. PPP/The Personal Profile Analysis/ аргачлалаар тухайн хүний зан чанар ямар ажлын байран дээр илүү тохиромжтойг тодорхойлдог.
Цалин, Шагнал, Гүйцэтгэлийн үнэлгээг шударга хийх. Захирал, менежерүүд цалингийн хуваарилалт, шагнал тодорхойлох болон гүйцэтгэлийн үнэлгээ хийхдээ ажилтнууддаа ижил тэгш, шудрага хандах ёстой. Ажилтнууд өөрийн ажлын үзүүлэлт, цалин, шагнал, урамшууллаа бусадтай байнга харьцуулж байдаг тул шударга бус байдал илэрвэл үл итгэлцэл, харилцааны зөрчил үүсч ажлаас гарах тохиолдол ч байдаг. Ямар ч түвшний ажилтнуудын хувьд ажлын гүйцэтгэлийн үнэлгээг нь хариуцлагатай, шударга хийх нь хамгийн сайн сэдэлжүүлэлт болдог.
сайн байна уу,тантай холбогдох хүсэлтэй байна.
bolor.dn@gmail.com