Өмнөтгөл: Энэхүү нийтлэлийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “жинхэнэ ЖДҮ”-чиддээ зориулан нэгийг биш нилээн хэдийг бодоосой гэж хүсэн бичлээ. Учир нь манай баг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дотооодын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд ангилалд багтдаг 312 компаниас “Танай компани Маркетингийн ажил хийдэг үү?” гэх үндсэн агуулга бүхий 10 асуумжаар судалгаа авч олон сонирхолтой дүгнэлт хийсэн юм. Бид энэхүү судалгаанаас олж харсан олон асуудалд дүн шинжилгээ хийж хамгийн чухал гэж үзэж болох “Маркетингдаа гаргадаг 10 алдаа”-г нэрлэж, тэдгээр алдааг хэрхэн засах шийдлүүдийг санал болгож байна. Та энэхүү 10 алдаанаас заримыг нь, магадгүй бүгдийг нь гаргадаг бол таны эхний алхам Маркетингдаа гаргадаг 10 алдаагаа засаж эхлэх. Засаж чадвал таны бизнест болон танд олон эерэг өсөлт, өөрчлөлт гарч эхлэнэ гэдгийг бид амлаж байна.
Санамж: Эдгээр 10 алдааг засах шийдлүүдийг дэлгэрэнгүй онолтой, олон жишээтэй тайлбарлаж болох ч энэ нь хэд хэдэн номын хэмжээнд бичигдэх тул товчлон тайлбар шийдлийн санаа байдлаар бичсэн болно.
- Маркетингийг зөвхөн “сурталчилгаа” гэж ойлгох
Ойлголтоо өөрчилцгөөе!
Сурталчилгаа бол Маркетинг хэмээх цогц ойлголтын нэг л хэсэг. Маркетингийг Facebook хуудсандаа пост оруулж boost хийгээд, телевизээр бизнес мэдээ өгөөд, ФМ-ээр Бат-Үүл баатар, Женко Баттулга, Буянгийн Жагаагийэ хоолойгоор уншсан, байдаг л нэг зар сурталчилгаа гэж ойлгож болохгүй. Маркетинг бол маш хурдан шинэчлэгдэж сайжирч байдаг өргөн хүрээтэй бие даасан шинжлэх ухаан. Та заавал мэргэжлийн түвшинд сурах гэж хичээх хэрэггүй ч үндсэн ойлголтуудыг мэддэг байх нь чухал. Бусад нарийн ажлыг мэргэжлийн хүмүүст даатгаарай. Маркетингийн ерөнхий ойлголтыг танд доорх хүснэгтэнд харууллаа.
# | Бүлэг | Тайлбар |
1 | Бүтээгдэхүүн | Танай бүтээгдэхүүн үйлчилгээ хүнд ямар үнэ цэнийг бий болгох вэ гэдгийг тодорхойлох. (Хамгийн чухал гэрийн даалгавар!) |
2 | Түгээлт | Бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд хүргэх борлуулалт түгээлтийн системээ зөв оновчтой тодорхойлох. |
3 | Таниулах, харилцах | Зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах, харилцах. |
Ихэнх компани одоогоор зөвхөн гурав дахь хэсэг буюу хамгийн сүүлд хийгдэх ажлыг л Маркетинг хэмээн ойлгож байна. Өөрөөр хэлбэл гоё сурталчилгааны контент хийгээд түүнийгээ аль болох олон хүнд хүргэхийг хичээж, түүнийгээ Маркетинг хийж байна гэж бодсоор байна.
- Маркетингийн төлөвлөгөөгүй байх
Төлөвлөгөөгөө бичиж эхэлцгээе!
“Төлөвлөгөө” бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх хамгийн шилмэл арга. Бид судалгаа авч байх үедээ бизнес эрхлэгчдээс “Та одоо байгаагаасаа илүү сайжирч маш том амжилтыг мөрөөдөн ажиллаж байна. Гэвч танайд огт төлөвлөгөө байхгүй байна. Та яаж бизнесээ явуулдаг юм бэ?” гэж асуухад Михайлд нэг бодол бий… гэсэн утга бүхий хариулт өгч, зөвхөн тархиндаа л төсөөлөл төдий төлөвлөсөн байна.
Төлөвлөгөө боловсруулж, тооцоолол хийгээгүйгээсээ болоод та ямар их боломжууд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдсан бол!?
Төлөвлөгөө бичиж эхлэхийн тулд та хэд хэдэн зүйлийг судалж тодорхой болгох хэрэгтэй.
Маркетингийн онолын сүрдэм үгнүүдэд ач холбогдол бүү өг. Та эхний ээлжинд доорх хүснэгтэнд үзүүлсэн дарааллаар бичиж болох ба өөрийн бизнестээ тохируулан үндсэн агуулгыг эвдэлгүй өөрчлөх боломжтой. Заавал төгс, мэргэжлийн төлөвлөгөө гаргах гэж хичээх хэрэггүй, Зүгээр л эхний алхамаа хийцгээе!
МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИШЭЭ ЗАГВАР | ||
# | Бүлэг | Тайлбар |
1 | Хураангуй | Бүх бүлэг бичигдэж дууссаны дараа хураангуйлан бичнэ.(Тодорхой, хүрч болохуйц байх) |
2 | Зорилго | Зорилгуудаа доорх дөрвөн бүлэгт хуваарилан бичнэ.
· Судалгаа: · Бүтээгдэхүүн хөгжүүлэлт: · Сувгийн хуваарилалт: · Мэдээлэл хүргэлт, идэвхжүүлэлт: |
3 | Зорилтууд | Зорилго дээр бичигдсэн дөрвөн бүлгээ задлан бичнэ. |
4 | Судалгаа | Судалгааг бизнесийн онцлогоос шалтгаалан илүү мэргэжлийн түвшинд хийлгэх шаардлагатай байдаг. Эхний ээлжинд судалгаа хийж эхлүүлэх нь бидний гол зорилтуудын нэг бөгөөд цааш нь хэвшүүлж, хөгжүүлэх шаардлагатай. Эхний алхам: Та цахим мэдээлэл болон биеэр явж зах зээл дээр байгаа бэлэн мэдээллүүд цуглуулан (үнэ, байршил, өрсөлдөгч, сэтгэл хамамжийн судалгаа)-г авч боловсруулан дүгнэлтүүд гаргах боломжтой. |
5 | Бүтээгдэхүүн хөгжүүлэлт | Бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь таны үндсэн гэрийн даалгавар гэж ойлгоорой. Доорх чиглэлийн дагуу боловсруулах боломжтой ба та өөрийн бизнесийн онцлогтой тохируулан үндсэн агуулгыг эвдэлгүй өөрчлөх боломжтой.
· Зорилтот зах зээл: (Массын зах зээл гэж ерөнхийд нь авч үзэхгүй сегментчлэн бичнэ). · Зорилтот зах зээлд (Хүнд) өгч байгаа үнэ цэнэ: (Танай бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр үйлчлүүлэгч ямар асуудлаа шийдэхийг тодорхой бичнэ). · Бүтээгдэхүүний ялгарал, давуу болон сул тал: (Ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгарч давуу тал үүсгэж байгааг тодорхой бичнэ). · Үнийн стратеги: Өртөг + Үйл ажиллагааны зардал + Ашиг = Үнэ гэдэг ойлголт хоцрогдож байна. Орчин үеийн үнийн стратеги нь эхлээд зах зээл хэдэн төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байгааг судалсны дараа тэрхүү үнэд тааруулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх чиглэлийг барихыг зөвлөж байна. |
6 | Сувгийн хуваарилалт | Бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах түгээлтийн сувгийн системээ тодорхойлно. Жишээ нь: Нэрийн дэлгүүр, Сүлжээ дэлгүүрүүд, вэб хуудас, сошиал медиа, онлайн борлуулалтын платформоор хэрхэн борлуулах гэх мэт. |
7 | Мэдээлэл хүргэлт, идэвхжүүлэлт | · Зах зээлд хүргэх гол мэдээллүүдээ бэлтгэх.
· Зах зээлд мэдээлэл хүргэх сувгуудаа тодорхойлох. · Хэзээ ямар мэдээллийг хүргэхээ тодорхойлох. · Борлуулалтын сэжим бүртгэх, борлуулалтанд хувиргах. |
8 | Үйл ажиллагааны төлөвлөгөө | Дээрх үйл ажиллагаануудыг календарьчлан төлөвлөх. Ямар ажлыг, хэн, хэзээ, ямар төсвөөр гүйцэтгэхийг нарийн тодорхойлно. Мөн жилийн эцсийн төлөвлөгөө гүйцэтгэлийн тайлан дүгнэлтийг хэзээ гаргах, хэрхэн хэмжихээ төлөвлөнө. |
9 | Санхүүгийн тооцолол | Дээрх үйл ажиллагаануудыг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, өгөөж, төсвийн задаргаа, борлуулалтын таамаг зэргийг нарийн, бодитой тооцож компанийн үндсэн санхүүгийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах. |
- Үр дүнгээ хэмжихгүй, хянахгүй байх
Үр дүнгээ үргэлж хэмжиж хэвшцгээе!
Та сар бүр Маркетингийн төлөвлөгөөндөө хүрэх үр дүнгүүдээ тодорхой, бодитой тоон үзүүлэлтүүдээр тусгаж хэрэгжүүлж хэвшээрэй. Ингэснээр үр дүнгээ хянахад илүү амар болно. Жишээ нь борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5% нэмэгдүүлнэ, сошиал маркетингийн хүртээмжийг өмнөх саруудын дунджаас 10% нэмэгдүүлнэ гэх мэт. Дараа нь тухайн сарын тайлангаа боловсруулж мэдээлэл, тоон үзүүлэлтүүдээ нэгтгэн хэмжинэ. Үүнээс та юун дээрээ алдсан, юун дээр илүү анхаарах шаардлагатай байгааг, мөн юу хийвэл амжилттай болж байгааг харах боломжтой.
- Зөвхөн өөрийгөө л магтах, дөвийлгөх
Арай өөрөөр оролдоод үзэцгээе!
Би хамгийн шилдэг Монголын №1, би хамгийн лаг, би л таны асуудлыг шийднэ гэх мэт сурталчилгаанаас хүн аль хэдийнэ залхсан байдаг. Үүний оронд олон шинэлэг, сонирхолтой аргуудыг ашиглаж үз. Жишээ нь танай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гарсан сайхан үр дүнг илтгэсэн сэтгэл хөдөлгөм түүхийг харуулах, амталгаат өдөрлөг зохион байгуулах, танай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бусдаас хоцрохгүй “ялсан” мэдрэмж төрүүлэх мөн баримт, статистикуудыг харьцуулан үр дүнг харуулах гэх мэт олон техникүүдийг судлан хэрэжүүлж туршиж үзээрэй.
- Зөвхөн шинэ хэрэглэгч олж авах зорилго
Шинэ хэрэглэгчээс гадна одоогийн хэрэглэгчиддээ анхаарлаа хандуулцгаая!
Бүх анхаарлаа шинэ хэрэглэгч, үйлчлүүлэгч дээр төвлөрүүлэхээ түр азнаад одоогийн хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ дахин мэдээлэл хүргэж, борлуулалт болгох тал дээр ажиллацгаая. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн маркетинг хийгээд “борлуулалтын сэжим”-үүдтэй болсон байгаа. Тэрхүү сэжмүүд дээр анхаарал хандуулж борлуулалт болгох маркетингийн ажлуудыг зохион байгуулаарай. Жишээ нь: Бүртгэлтэй байгаа борлуулалтын сэжим рүүгээ “Төрсөн өдрийн” мэндчилгээг мессежээр илгээн зөвхөн түүнд зориулсан хямдралтай бүтээгдэхүүн санал болгож болно. Мөн өмнөх худалдан авсан бүтээгдэхүүний дараагийн загвар эсвэл засвар үйлчилгээний хямдрал зэрэг мэдээллүүдийг утсаар санал болгох гэх мэт олон аргуудыг туршиж үзээрэй.
- Өрсөлдөгчдөө судлахгүй орхих
Өрсөлдөгчдөө үргэлж ажиглацгаая!
Бизнест өөрийгөө хэн гэдгээ сайн мэддэг байхаас гадна өрсөлдөгчөө хэн гэдгийг, юу хийж байгааг сайн мэддэг бай… гэсэн дүрэм бий. 7 хоног бүр цаг гаргаж тэднийг нэг бүрчлэн судалж төлөвлөгөөг нь мэдэж ав. Энэ бол хулгай биш, зүгээр л бизнесийн өрсөлдөөнд байдаг л нэг үзэгдэл. Магадгүй өрсөлдөгчтэйгөө хамтран илүү том зах зээлийг бий болгож илүү том амжилтыг бүтээх боломж гарч ирэх ч юм билүү.
- Том компанитай адилхан маркетинг хийх гэж хичээх
Өөрийн гэсэн онцлогоо бүрэн ойлгоцгооё!
Том компанийн маркетингийн стратеги болон төсөв, жижиг компанийн маркетингийн стратеги болон төсөв өөр. Томчууд илүү байр сууриа тогтвортой хадгалах, үнэнч хэрэглэгчдийг бий болгох чиглэлд байдаг бол жижгүүд илүү бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, түгээлтийн сувгаа нэмэгдүүлэх, танигдах, борлуулалт хийх чиглэлд анхаарах нь зөв. Томчууд л зөвхөн сайн маркетингийн багтай учраас зөв маркетинг хийж байгаа гэж ойлгоод тэднийг дуурайх нь таны хөрөнгө, цаг хугацааг дэмий үрдэг тул тэднийг дуурайх гэж бүү оролдоорой.
- Бүтээгдэхүүний ялгарал бага
Нэгэн хэвийн байдлаа үгүй хийж ялгарал бий болгоцгооё!
Урсгалаараа явдаг ихэнх брэндүүд тодорхой зах зээлтэй, өрсөлдөөн бага тулдаа л амьд байна. Зах зээл дээр бага зэрэг өрсөлдөөн ширүүсээд эхлэхэд эсвэл цоо шинэ бүтээгдэхүүн “ЯЛГАРЧ” гараад ирэхэд л бусадтайгаа нэгэн хэвийн бүтээгдэхүүн зах зээлээс маш хурдан арчигдах эрсдэлтэй.
Маркетингдаа гаргадаг 10 алдааны 1-т бичсэнчлэн “Гэрийн даалгавар”-аа маш сайн хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт” дээрээ онцгой анхаарах шаардлагатай юм. Өөрийн гэсэн ялгарал давуу талуудыг илүү “ТОД”-орхой болгоорой.
- Дата ашиглахгүй байх
Дата бол шинэ үеийн газрын тос юм. Дата цуглуулж эхэлцгээе!
Дата буюу өгөгдөл нь та бүхнийг зөв шийдвэр гаргах хамгийн “үнэнч” туслах байх болно.
Орчин үед маш олон хэлбэрээр датаг цуглуулж анализ /дүгнэлт/ хийх системүүд бий болж датаг ашиглан бизнесийн бүхий л асуудлаа шийдэх боломжтой болсон. Дата нь ирээдүйд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл болох бөгөөд одооноос л үүнийг бизнестээ нэвтрүүлж эхлэхгүй бол зах зээлээс арчигдах өндөр эрсдэлтэй. Тэгвэл жижиг компани юунаас эхлэх вэ? Жижиг компаниудын хамгийн эхний асуудал нь “зах зээлд танигдах, борлуулалтаа нэмэгдүүлэх” байдаг. Тэгвэл таны эхний алхам бол хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ холбоотой өөртөө байгаа бүх мэдээллүүдийг цэгцлэн бичиж мэдээллийн сан үүсгэх явдал юм. Энэ мэдээлэл нь таны гар утасны phonebook, facebook page-н мессежүүд, өмнөх жилүүдийн гэрээнүүд гэх мэт зүйлс дээр байгаа. Дараа нь тэдний хэн болох ямар бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр худалдан авсан, гар утасны дугаар, мэйл хаяг, гэрийн хаяг, Facebook, instagram, twitter гэх мэт мэдээллүүдийг дэлгэрэнгүй бүртгэж эхлүүл. Ингээд та бяцхан газрын тосны уурхайтай болж эхлэнэ. Та тэр уурхайгаа олон арга техник ашиглан олборлож болно.
- Нийгмийн сүлжээний (Social media) ашиглалт хангалтгүй
Үргэлж идэвхтэй байцгаая!
Орчин үеийн маркетингийн хэрэгслүүдийг ашиглаж амжилтаа ахиулах маш олон боломж байдаг. Ихэнх нь зөвхөн мэдээлэл өгөх төдийд л ашиглаж байна. Та мэдээлэл өгөхөөс гадна тэднийг ойлгож, бүртгэж, цаг алдалгүй борлуулалт хийх, үр дүнгээ нарийвчлан хянах гэх мэт маш олон боломжуудыг ашиглалгүй алдсаар байна. Жишээ нь танай бүтээгдэхүүнийг хүн сонирхоод, худалдан авах шийдвэр гаргах гээд танай Facebook хуудас руу асуултууд явуулдаг. Гэтэл танайх завгүй, ачаалалттай байсан тул тэр дор нь хариулт өгч чадаагүйгээс болоод борлуулалтаа алддаг. Энэ асуудлыг ChatBot-н систем шийдэж өгч байгаа. Цаг алдалгүй мэдээлэл өгч, хүсэл сонирхолыг нь мэдэж шууд борлуулалт хийх, хянах боломжтой. ChatBot-г энгийн хүмүүст ойлгогдохоор бүтээсэн байдаг болохоор та ядах юмгүй учрыг нь олно.
Төгсгөлд нь: Хүн амжилтад хүрэхийг хүсдэг, яаж хүрэхээ ч мэддэг. Харин гол асуудал нь “хийдэггүй” байгаад л юм. Яагаад хийхгүй байна гэх асуултад “завгүй” гэсэн шалтгааныг хэлдэг. Орчин үед “завгүй” гэдэг үг моодноос гарсан. Цагаа зөв зохицуулж сураагүй нь л асуудал. Тиймээс ирээдүйн зорилгодоо хүрч олон амжилтуудын эзэн байхыг хүсэж байгаа бол өөрийгөө хөгжүүлэхэд заавал цаг зарцуулаарай. Амжилтаар дүүрэн шинэ оны мэнд.
Ирэх жилд илүү ихийг хийхээр төлөвлөнө гэдэгт тань бид итгэж байна.
Нийтлэлийг бэлтгэсэн: Т.ОТГОНТАМИР /Пойнт маркетингийн агентлагийн Маркетер, Менежментийн зөвлөх/