Асуулт: Манай компани гайхалтай авьяаслаг багтай ч тэднийг ажлаасаа гарах вий гэж эмээх юм. Би хэрхэн ажилтнуудаа алдахаас сэргийлэх вэ? – Том, Остин хот, Техас муж.
Бизнес эрхлэгчид хэрэглэгчийг хэрхэн сэтгэл хангалуун байлгах вэ гэдгийг арван хуруу шигээ мэддэг. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн сонирхолд нийцсэн бараа бүтэгдээхүүн, үйлчилгээг санал болгодог билээ. Гэвч ийм зүйлийг ажилтныхаа төлөө хийдэг захирал ховор аж. Бидний дийлэнх нь ажилтны хувьд юу үнэ цэнтэй вэ гэдэг талаар буруу ойлголттой явдаг. Үүний улмаас юу тэднийг тогтвор суурьшилтай ажиллахад хүргэх вэ гэдэг дээр алддаг байна.
Тухайлбал, танай байгууллага ажилтнуудад ашиг хуваарилах /profit-sharing/ санаачилга гаргасан гэж бодъё. Хүмүүс мөнгөнд дуртай юм чинь энэ арга амжилт олно гэж бодож байна уу? Харамсалтай нь тийм биш аж. Их Британид 1,300 аж ахуйн нэгжийн 13 мянган ажилтныг хамруулсан судалгаагаар хүмүүс ашиг хуваарилах талаар сөрөг бодолтой байгааг тогтоожээ. Учир нь аж ахуйн нэгжийн нийт гүйцэтгэлд суурилан ашгийг хуваарилдаг байна. Тиймээс хувь хүний хүчин зүтгэлийг үнэлэн урамшуулж буй мэт мэдрэмж ажилтнуудад төрдөггүй байх нь. Үүнээс гадна хамгийн шилдэг ажилтан бус өндөр албан тушаалтан л шагнал урамшуулал хүртдэг хэмээн боддог байна.
Тэгвэл та ажилтнууддаа юу санал болгох вэ? Олон байгууллага, гарааны бизнестэй хамтран ажилласан туршлагаас минь үзвэл ямар ч ажилтан дараах гурван зүйлийг чухалчилдаг. Үүнд, хувь хүний гүйцэтгэлд суурилсан урамшуулал ба нөхөн олговор, өсөж дэвших боломж болон хүндлэл. Та дараах хэсгийг ажилтны байр сууриас уншаарай.
1.Хувь хүний гүйцэтгэлд суурилсан урамшуулал ба нөхөн олговор
Мэдээж хүн болгон л өндөр цалин хүсдэг ч ажилтнууд тань мөнгөний талаар ямар бодолтой явдаг нь таныг гайхшруулж мэдэх юм. Цалин нэмэхэд хүмүүс илүү аз жаргалтай болдог ч энэ нь зөвхөн жилийн 75 мянган доллар хүртэлх орлоготой хүмүүсийн хувьд ортой гэдгийг Принстоны их сургуулийн судалгаа харуулжээ. Үүнээс илүү орлоготой хүмүүсийн хувьд цалингийн нэмэгдэл тэр бүр сэтгэл ханамж дагуулдаггүй байна. Тэгэхээр таны ажилтанд юу чухал вэ гэхээр шударгаар үнэлэгдэж, зохих урамшууллаа хүртэж байгаа гэдгээ мэдэх явдал юм.
Иймд та хувь хүний ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн нэмэгдэл, тэтгэмж, хувьцаа зэрэг урамшуулал санал болгож болно. Та компанийн хувьд үнэ цэнтэй ажилтнаа алдана гэдэг бол том гарз. Тиймээс ажилтандаа хийсэн хөрөнгө оруулалт урт хугацааны өсөлтийг бий болгох түлхүүр юм.
- Өсөж дэвших боломж
Өндөр албан тушаалтай бол өндөр цалинтай гэсэн ерөнхий ойлголт бий. Гэвч олон хүн богино хугацаанд албан тушаал ахиж, туршлага хуримтлуулж, удирдах ур чадвартай болохын тулд жижиг байгууллагад ажилд ордог байна.
Өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн ажилтанд туслахын тулд тэдэнд утга учир, зорилго суулгаж өг. Quantitative Organizational Research-д нийтэлсэн судалгаанд ажилтны хийж буй ажил өөрт нь чухал ач холбогдолтой бөгөөд байгууллагын амжилтын салшгүй хэсэг гэж боддог бол ажилдаа илүү сонирхолтой байдаг гэжээ.
Тиймээс таны ажилтанд юу үнэ цэнтэй болохыг ойлгож мэдэн, тухайн үнэ цэнийг хийж буй ажлаасаа олж мэдрэхэд нь туслаарай. Мөн ажил нь ахиж дэвших боломж олгож байвал таны ажилтан ажлаасаа салахыг хүсэхгүй л болов уу.
- Хүндлэл
Хүн бүр өөрийг нь сонсоосой гэж хүсдэг. Хэрвээ та ажилтнаа сонсохгүй өнгөрвөл тэднийг урмыг мохоож мэдэх юм. Үүний үр дүнд таны бизнес хохироод зогсохгүй чадварлаг ажилтнаа алдахад хүрч болзошгүй.
Итгэлцэл бий болгох хамгийн шилдэг арга бол байгууллагын тогтсон арга барилыг шүүмжлэх эрхийг олгох явдал юм. Өөрийн удирдах албан тушаалтанд нэргүй санал хүсэлт хүргүүлэх нь тухайн ажилтанд эрх мэдэл бий гэдгийг сануулдаг болохыг Остин хот дахь Техасын их сургуулийн судалгаа харуулжээ. Би ч мөн ялгаагүй юун түрүүнд бүх ажилтныхаа шүүмжлэлийг сонсож, тайлбар тавихаа уулзалтын сүүлч хүртэл харзнадаг. Хэрэв таныг дуу хоолойг нь сонсох хүсэлтэй байгааг хамт олон тань мэдвэл санал хүсэлтээ харамгүй өгөх нь лавтай.
Ажилтнаа урамшуулах эсвэл аз жаргалтай болгоход таарсан жор гэж байхгүйг мөн тэд үнэлэгдэж буй цагтаа үнэнчээр ажилладаг гэдгийг сана. Энэ нь ур чадвартай ажилтнаа төдийгүй сайн ажил олгогч гэсэн нэр хүндээ алдахгүй байх магадлалыг нэмэгдүүлэх болно. Түүнчлэн байгууллагадаа тохирох хүмүүсийг татахад хялбар болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Pen Name Consulting агентлаг, two12 платформын үүсгэн байгуулагч Адам Борнштэйн
Сайн бнуу’ нийтлэл маш их таалагдлаа. Дээр дурьдсан судалгааны ажлын нарийн эх үүсвэр жишээлбэл судалгааны гарчигийг ч юмуу өгөөч плс.