Ногоон фактор
Аль 1974 онд Месарович болон Пестель хэмээх хоёр том эрдэмтэн Ромын клубт тавьсан илтгэлдээ “Хүний үнэт зүйлст суурь өөрчлөлт гарч, шинэ ёс суртахуун, байгальд чиглэсэн шинэ хандлага төлөвшсөн цагт л хүн төрөлхтөн дэлхий дахины сүйрлээс аврагдана” гэж сануулж байсан. Өнөөдөр дээрх сүйрэл бодит болж, дэлхийн хамгийн шилдэг толгойнууд шийдэл олохын төлөө гашилж, “байгальд ээлтэй” гэдэг хэмжүүр хүний амьдралын бүхий л чиглэлд хүчээ авч байна.
Нүүдэлчин амьдралын хэв маягтай монголчууд саяхныг хүртэл газар дэлхийгээ хайрладаг, харьцангуй “ногоондуу” үндэстэн гэгдэж байсан ч ХХ зуунд, ялангуяа хоёр мянганы зааг дээр гэнэт баргар өнгө давамгайлж эхэлсэн. Гэвч ирээдүйд бизнес ямар нэгэн байдлаар “ногоорохоос” өөр аргагүй.
Ногоон хөгжил, ногоон эдийн засаг, ногоон барилга, ногоон сэтгэлгээ гэх мэт үгс хол сонсогдохоо больж, төрөл бүрийн хууль, дүрэм, стандарт, хэм хэмжээнээс бүрдэх тогтолцооны шинжтэй болсон. Манай улс тогтвортой хөгжлийн зарчмууд, ногоон хөгжлийн бодлогоо батлаад удаагүй. Гэхдээ зарим дэвшил илт мэдрэгдэж, ялангуяа санхүүгийн салбарт ногоорох хандлага хүчтэй байгаа. Тухайлбал, “ТоС” гэж нэрлэгдэх ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг 2013 онд Монголын банкууд санаачилж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь өнөөдөр хэд хэдэн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаад эхэлжээ. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Монголын банкны салбарын нийт зээлийн багцын 2.5 хувийг ногоон зээл эзэлж байна. Цаашдаа банк, санхүүгийн байгууллага байгаль орчинд халтай төсөлд зээл олгохгүй гэсэн шалгуур улам чангарна. Нөгөө талаас “Ногоон мөнгө”-ний хэмжээ олон улсад үлэмж ихэсч байгаа бөгөөд зөвхөн ухаалаг төсөл боловсруулах эздээ хүлээж байна.
Тиймээс бизнес эрхлэгч та дор хаяж ойрын 10, цаашлаад 30 жил тогтвортой бизнес эрхлэхийг хүсч байгаа бол, өртөг багатай санхүүжилт хэрэгтэй байгаа бол энэ хүчин зүйлсийг заавал харгалзаж үзэх шаардлагатай. Ялангуяа байгаль, нийгэмд хамгийн их нөлөө үзүүлдэг уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах салбарт энэ төрлийн зээлийн хэмжээ ихэснэ. Хэрэв та үндэсний хэмжээнд найдвартай ажиллах бизнес цогцлоомоор байвал Монголын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хөтөлбөрүүдэд тохирох, гадагшаа экспорт хиймээр байгаа бол 2030 он хүртэл хэрэгжих Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуутад тохирох бизнесийн санаагаа хэрэгжүүлвэл богино хугацаанд бэрхшээл учрах ч урт хугацаандаа хожно.
Сэргээгдэх эрчим хүчний салбарын эрх зүйн болоод тогтолцооны сул талууд засарч, санхүүжилтийн боломжууд тэлнэ гэдэгт та итгэх ёстой. Харин Монгол Улс зөвхөн эрдсийн түүхий эд экспортлоод, үүнийг тойрсон ханган нийлүүлэлтийн бизнес эрхлээд урт насална гэдэгт хэзээ ч итгэж болохгүй.
Дижитал фактор
Бизнесийн ертөнцөд хамгийн хүчтэй явагдаж байгаа өөрчлөлт бол дижитал шилжилт гэдэгтэй хэн ч маргахаа больсон. Энэ үйл явц яг л өртөө рүү ойртон ирж яваа хурдан галт тэрэг шиг байж, энэ галт тэрэгнээс хоцорсон бизнесүүд өрсөлдөөний талбараас арчигдах аюултай болж ирэв. Энэ галт тэргэнд та ажилтан, хэрэглэгч, хөрөнгө оруулагч, түнштэйгээ хамт, үйлдвэрлэл, санхүү, маркетинг, хүний нөөц, борлуулалт гэх мэт бизнесийнхээ бүх процессыг аваад суух ёстой. GSMI институтийн үүсгэн байгуулагч, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал цар тахал намжихаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаяарай гэж сануулж байна. Учир нь нэг талаас нийгмийн харилцаа, хэрэглэгчдийн зан төлөв хурдацтай өөрчлөгдөж байгаа. Ихэнх хэрэглэгч онлайн орчинд урд өмнөхөөс илүү цагийг өнгөрөөж байгаа учир бизнесүүд онлайн орчин дахь үзэгдэцээ хэд дахин өсгөх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.
2020 оны 2-9 дүгээр сар хүртэлх хугацаанд ямар компаниуд илүү дархлаатай, тэсвэртэй байсныг харвал үйл ажиллагаандаа технологийн давуу талыг нэвтрүүлж чадсан компаниуд байна.
Ийм компани Монголд цөөнгүй. Жишээ нь, Ковид-19 дэгдсэн ч “Digitalworks” ХХК-ийн дотоод үйл ажиллагаа, процесст ноцтой хүндрэл учраагүй. Тус компанийн захирал Б.Нямцэрэнгийн ярьснаар анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш бүх ажилтан сарын турш гэрээсээ ажилласан бөгөөд оффист нэг ч хүн үлдээгүй. Өмнө нь тэд ERP систем нэвтрүүлээд үйл ажиллагаандаа төлөвшүүлчихсэн, үндсэндээ технологийн талаас бүх боломжийг хангасан байсан болохоор гэрээсээ хэвийн ажиллах боломжтой байжээ. “Ковид-19 компаниудын хувьд алтан үе. Энэ цаг үеийг ашиглаад жинхэнэ дотоод процессоо цэгцэлж, систем нэвтрүүлэх, сайжруулах цаг, зав нь гарч байгаа юм” гэж Б.Нямцэрэн хэллээ.
Дижитал шилжилтийг амжилттай хийж буй нэгэн сонирхолтой жишээ бол олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ эрхэлдэг “Ландбридж ХХК”. 2008 онд байгуулагдсан энэ компани мэдээллийн системээ хоёр ч удаа үндсээр нь өөрчилж, 2012-2020 онд 5,500 гаруй үйлчлүүлэгчийн 2,800 орчим агентийн сүлжээгээр дамжсан 40,000 орчим тээврийн талаар маш их өгөгдөл цуглуулжээ.
Компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Тулгаагийн ярьснаар анхандаа мэдээлэл бүртгэх үйл явц нь үр дүн шууд харагдахгүй, явдал чирэгдэлтэй, ажлын ачаалал нэмсэн уйтгартай ажил мэт байлаа. Өмнө нь нэг тээвэрт ердөө 30 гаруй өгөгдөл бүртгэгддэг байсан бол өнөөдөр тухайн тээвэртэй холбоотой 2,000 орчим өгөгдөл бий болов. Эхэндээ ч ажилчдын бүтээмж 13.2 хувиар буурч, үйл ажиллагааны зардал 25.4 хувиар өсөв.
Гэвч тээвэр зуучийг дэлгүүр орохтой адил хялбар болгоно гэсэн зорилгодоо үнэнч байсны хүчинд тодорхой хугацааны дараа үр дүн гарч, эцэстээ цаасан бүртгэлийг 80 хувь халж, хайлт хийх цагийг 70 хувь хэмнэж, ажилтнуудын хооронд мэдээлэл дамжуулан ашиглах хурдыг 90 хувь, үйлчлүүлэгчдэд мэдээлэл дамжуулах хурдыг 60 хувь нэмэн бүтээмжийг 50 хувь орчим өсгөжээ. Ажилтнууд өгөгдлийг бүртгэх, хянах, боловсруулах ажилд ямар нэгэн байдлаар оролцдог болж, нийт ажилтны 92 хувь нь дижитал бизнесийн соёлд суралцсанаар компанийн үр ашигт байдал нэмэгдэж, нуугдмал зардлаа 40 хувиар бууруулжээ.
Эндээс харахад дижитал шилжилт бол зөвхөн техник, технологийн асуудал биш гэдэг нь харагдаж байна. Америкийн ManpowerGroup хэмээх рекрутингийн компанийн мэргэжилтэн Бекки Франкевичийн “Хямралын дараа компаниудад ямар ажилтан хэрэгтэй вэ” нийтлэлдээ бичсэнээр дижитал шилжилт бол ерөөсөө технологийн тухай яриа биш, энэ бол авьяасын тухай яриа аж. Тиймээс ERP системийг нэвтрүүлсэн, нэвтрүүлж байгаа том, жижиг компаниудын хувьд дижитал шилжилт бол нэг удаа техник, технологи худалдаж аваад шийдэх зүйл биш, энэ бол бизнесийн загвар, процесс, стратеги, бүтэц, хүмүүс гээд олон талын өөрчлөлтийг хамарсан урт хугацааны аялал гэдгийг ойлгох нь чухал байна.