“Таны бие өвджээ. Хамгийн түрүүнд эмнэлэгт очих талаар л санаанд тань орох болов уу. Тэнд очсон хойноо та шууд л эмчилгээ хийлгэж эхлэх үү? Мэдээж үгүй. Эхлээд өвдсөн шалтгаанаа тогтоож, оношлох хэрэгтэй болно. Үүний тулд шинжилгээ өгөх шаардлагатай. Ингэхдээ дор хаяж 2-3 төрлийн нарийн шинжилгээ ч өгч мэднэ. Шинжилгээний хариу ихэвчлэн тоон өгөгдлөөр гарна. Тэгэхээр мэргэжлийн хүн буюу эмч л хариуг тайлж уншиж, танд эмчилгээ бичиж өгч чадна. Яг л үүнтэй адил сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг өөрөө аутсорсинг” хэмээн “Психометрик” компанийн хамтран үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Б.Жавзан хэлж байна. Байгууллага дээрээ мэргэжлийн сэтгэл зүйч хэчнээн ажиллууллаа ч тухайн сэтгэл зүйч зөвхөн анхан шатны үйлчилгээг л үзүүлнэ. Харин цаашид нарийн мэргэжлийн үйлчилгээ авах хэрэгцээ гарвал аутсорсингийн компаниудад л хандах шаардлагатай гэдгийг тэр онцолсон юм. Түүнтэй байгууллагын зан төлөвийн талаар голчлон ярилцлаа.
Та бүхэн сүүлд talant.mn платформыг хөгжүүлж, сэтгэл зүйн салбартаа харьцангуй шинэлэгт тооцогдох үйлчилгээг санал болгож эхэллээ. Ер нь “Психометрик” компаниа анх яагаад байгуулах болов? Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
2013 онд Оксфордын их сургуулийг төгсөж ирээд сэтгэл зүйч П.Мягмаржаргал гэж бүсгүйтэй хамтран “Психометрик” компаниа байгуулсан. Оксфордод суралцах хугацаандаа байгууллагын зан төлвийн чиглэлээр тусгай курсэд хүртэл хамрагдаж байв. Энэ хугацаанд сэтгэл зүйн тестийг маш өргөн хүрээнд, тухайлбал, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад хүртэл ашигладаг гэдгийг хамт сурч байсан байгууллагын удирдах ажилтан, менежерүүдээс ойлгож авч байлаа. Тухайн үед “Сэтгэл зүйн тест гадуур элбэг л байдаг шүү дээ. Тийм болохоор хүссэнээрээ ашиглаж болно” гэх сэдвээр бид маргасан. Гэтэл “Танд тест нь байгаад бөглөж болно. Гэхдээ энэ хүн яг л ийм зан төлөвтэй гэдгийг тайлж, тодорхойлох түлхүүр байгаа юу?” гэхэд бүгд чимээгүй болсон нь дор бүртээ “Нээрэн, юу билээ” гэж бодсоных байх. Манай курсэд хамт суралцаж байсан, хүний нөөцийн чиглэлээр олон жил ажилласан хүмүүс энэ бүхнийг бидэнд ойлгуулсан. Энэ нь Монголд ирээд компаниа байгуулах шалтгаан болсон гэх үү дээ. Хүний нөөцийг таних, тогтоон барих, албан тушаал ахиулах, байгууллагын сургалт, байгууллагын зан төлөвийг тодорхойлох үйлчилгээ дутмаг байгааг анзаарсан маань ч мөн нэг шалтгаан. Харин дэлхийд энэ чиглэлийн анхны компани тэртээ 1983 онд байгуулагдаж байсан бол одоо салбартаа танигдсан томоохон компани цөөнгүй бий болсон.
Ажилтнуудын ажилдаа хандах хандлага, үнэнч байдал ямар хэлбэртэй байгаа нь манлайлагчийн ур чадвараас шалтгаалдаг.
Манай багт ихэвчлэн мэргэжлийн сэтгэл зүйчид бий. Гэвч сүүлийн жилүүдэд компанийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр хүний нөөц, маркетинг, нябо, санхүү болон бусад зөвлөх үйлчилгээний мэргэшсэн зөвлөхүүдтэй аутсорсинг хэлбэрээр бид хамтран ажиллаж байна.
Монголд психометрикс гэх ойлголтын талаар ярьж эхлээд удаагүй байна. Энэхүү ойлголтыг уншигчдад маань тайлбарлаж өгөхгүй юү?
Психометриксийг монголчилбол сэтгэц, хэмжил зүй гэсэн утгатай. Эконометрик гэдэгтэй адилхан. Энэ бол эдийн засгийн хүчин зүйлүүдийг тусгай статистикийн нарийн судалгаа шинжилгээний аргаар судлахыг хэлж буй. Үүнтэй адил сэтгэл зүйн тестүүдийн асуултыг тусгай арга зүйгээр судалж, шинжилдэг салбарыг психометрикс гэж нэрлэдэг. Хүний зан төлөвийг таамаглах гэж буй тест тухайн судлах зүйлээ үнэхээр судалж, урьдчилан зөв таамаглал, дүгнэлтүүд гаргаж чадаж байна уу гэдгийг тусгай аргаар судалдаг. Энэ нь ерөнхий буюу тодорхойлох статистикаас тусдаа арга зүй байдаг гэж хэлж болно. Бидний хувьд ч мөн ялгаагүй судалж, хэрэглэх гэж байгаа тестээ судалсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хэлээсээ эхлээд орчуулна, асуулт бүрийн баталгаат, найдварт чанарыг тогтооно, цаашлаад дүгнэн шинжилнэ. Үүндээ үндэслээд бүтээгдэхүүнээ байнга сайжруулж байж иргэдэд танилцуулдаг. Нэг ёсондоо, шинжлэх ухаанд тулгуурласан, үндэслэлтэй судалгааны арга техник, багажийг бид нэвтрүүлж байна.
Монгол хүний онцлогт тулгуурлан психометрик анализ хийн гаргаж авсан багаж буюу тестээ онлайн платформтой холбосон нь та бүхний танилцуулсан talant.mn гэж ойлгож байгаа. Монгол хүний онцлог гэдгийг тодруулна уу?
Цус, шээсний шинжилгээ гэж байдаг шиг хүнийг цогцоор нь оношилдог тест дэлхий дээр хаана ч байхгүй. Харин тест бүр өөрийн судлах зүйл, зориулалттай байдаг. Жишээлбэл, EQ тест хүний зүрх сэтгэл, харилцааны ур чадварыг л судалдаг. IQ-ийн тест гэхэд хүний бие физиологитой жишиж харьцуулбал уураг тархийг нь судалж байна гэсэн үг. Бие хүний төрх байдлын тестүүд бол тухайн хүний төрх байдал, биеэ авч яваа байдлыг судална. Судалгаа бүрт л өөрийн гэсэн онцлог болон ижил зүйл, эсвэл ялгаатай тал гарч ирдэг. Монголчуудын хувьд бусдаас ялгаатай, их гайхалтай үндэстэн гэж өөрсдийгөө магтахыг, хэт ялгаруулахыг хүсдэг. EQ тестийн судалгаагаар ази хүн европчуудаас бага зэрэг л ялгаатай. IQ судалгаанаас үзэхэд монголчууд verbal буюу хэл ярианы IQ сайтай. Хэл ярианы IQ гэдэг нь үгийг тайлбарлах, ерөнхий утгыг нь тайлах зэргийг хэлнэ. Бид тив, дэлхийн шинж чанартай тэмцээнд явлаа гэхэд хэзээ ч хэл ярианы IQ-аар оролцдоггүй. Үүний оронд ой тогтоолт, математик сэтгэлгээ шаардсан тэмцээнд ихэвчлэн оролцдог. Энэ бол бидний нэг онцлог.
“Манлайлал гэдэг бол цаад утгаараа менежмент”.
Европчуудтай харьцуулахад монголчуудын харилцааны чадвар тийм ч өндөр биш. Мөн сompliment буюу магтаал, сайшаалын үг нэгэндээ хэлдэггүй. Тестийн үр дүнгээс үзэхэд хүнд сайхан үг хэлэх тал дээр бид муухай монгол хүн болчих гээд байна. Мундаг гэж ганцхан үг л хэлдэг. Маш ерөнхий. Яагаад тэр хүн мундаг болчихоод байгаа юм гэдэг нь тодорхой биш. Хэн нэгэн сайхан үг хэллээ гэхэд наад зах нь, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй. Ийм нэг онцлог бас байна. Түүнчлэн монголчууд харааны ой их сайтай. Үүнийг дэлхий нийт photographic memory буюу нүдэндээ харж тогтоох ой тогтоолт гэж нэрлэдэг. Та яг зураг авч байгаа юм шиг нүдэн дотроо зураг аваад тэр зургаа төсөөлөлдөө, нүдэн дотроо хардаг ой тогтоолтын төрлийг хэлж байгаа юм. Мөн монголчууд орон зайн логик сэтгэлгээ, математик сэтгэлгээ, инженерлэг сэтгэлгээндээ маш сайн.
Монгол хүний эдгээр онцлогт тулгуурлан бид психометрик багаж буюу тест боловсруулсан. Орчин үед сэтгэл зүйн тестийг үзэг, цаасаар авдаг тогтолцоо өөрчлөгдөж, дижитал болсон учраас бид ч цаг үеэ дагаж, боловсруулсан тестээ онлайн платформтой холбож өгсөн. Гэхдээ 12-оос доош насны хүүхдүүдийн тестийг цаасан хэлбэрээр хэвээр авч байгаа.
Тэгэхээр төлбөрөө төлсөн нөхцөлд talant.mn рүү ороод сэтгэл зүйн тест бөглөх боломжтой гэсэн үг үү?
Бид хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулж, хэрэглэхэд хялбар, хариугаа онлайнаар шууд харах боломжтой (зарим тестүүд), байгальд ээлтэй, ирж очих зардал хэмнэсэн www.talаnt.mn платформыг нээн ажиллуулж байна. Уг платформоор дамжуулан КОВИД-19-ийн хөл хорионд орсон болон хөдөө орон нутаг, гадаадад амьдарч байгаа иргэд ч үйлчилгээ авах боломж бүрдсэн. Одоогоор talаnt.mn-д бие хүний зан төлөвийн үнэлгээ, IQ ба EQ үнэлгээ, мэргэжил сонголт ба ур чадварын үнэлгээ, хандлага ба манлайллын үнэлгээ, сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ гэсэн таван үндсэн чиглэлээр 12 сэтгэл зүйн тестүүд байршаад байгаа. Мөн бид хөл хориотой холбоотойгоор иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор зарим нэг тестийг үнэ төлбөргүй байршуулсан. Жишээлбэл, стрессийн тестийг үнэгүй бөглөж, өөрийн стрессийн түвшинг тодорхойлох боломжтой. Хэрэв таны стрессийн түвшин өндөр байвал тодорхой хэмжээнд мэргэжлийн туслалцаа авах шаардлагатай байна гэсэн үг. Зарим хүн стресс өндөртэй байгаа ч мэргэжлийн туслалцаа авах шаардлагатайгаа мэддэггүйгээс хүндэрч сэтгэл гутрал, деппрест өртөх магадлалтай байдаг. Энэ ч утгаараа долоо хоног, сар бүр орж тест бөглөж, өөрийн стрессийн түвшнээ тодорхойлох боломжийг бид олгож эхэлсэн. Цаашид ч олон нийтийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор ийм тестүүд нэмнэ.
“Сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг өөрөө аутсорсинг”.
Бид байгууллага, хувь хүн гээд бүгдэд үйлчилдэг, тестийн сан бүхий платформыг бий болгох зорилгоор talant.mn-ийг хөгжүүлсэн. “Сэтгэлзүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэн”-гийн хүүхэд, хувь иргэдэд үйлчилдэг сэтгэл зүйн тест бүхий тусдаа вэб, “Психометрик” буюу байгууллагын зан төлөвийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг энэхүү хоёр байгууллага talant.mn дээр үйл ажиллагаагаа нэгтгэсэн гэсэн үг. Байгууллагын зан төлөв гэхээр бид талантыг таних буюу талант аналитик, талант зураглал, талант хөгжүүлэлт хийх гэсэн гурван үндсэн үйл ажиллагааг санал болгодог. Дээр нь дижитал хэлбэрт шилжсэнээр хэрэглэгчдэдээ илүү ойртож, хэрэглээг нь хялбарчилсан гэж ойлгож болно. Цаашид бид гар утасны аппликэйшнтэй болох зорилготой байгаа.
Платформоо яагаад talant.mn хэмээн нэрлэж, энэ үгийг хэвшүүлэх болсон бэ?
Англи хэлний talent хэмээх үгийн үндэс talentum буюу хэмжих гэсэн утгатай латин үгээс гаралтай. Зарим аугаа авьяас билгийг бид хэзээ ч хэмжих боломжгүй. Тийм хүмүүсийн авьяас төрмөл байдаг. Харин тухайн байгууллагаас ажил горилогчид тавьж буй ажлын үүрэг гүйцэтгэлд шаардагдах ур чадвар, мэргэшлийг бол судалж, шалгуурт нийцэж байгаа эсэхийг тодорхойлж, хэмжиж болно. Ийм учраас бид энэхүү латин үгийн утгыг барьж талант гэж үгийг хэвшүүлж байна. Орос хэлээр дамжуулан авсан талант гэж ойлголт бидэнд байдаг учраас англи хэлний talent биш талант гэдгээр нь хэвшүүлсэн.
Талант аналитик гэхээр тэр олон талантыг таньж, талант зураглалыг гаргаж өгнө гэсэн үг. Жишээлбэл, дунд шатны менежер, гүйцэтгэх удирдлага болох гэж байгаа хүнийг авьяас, бие хүний төрх, оюун ухааны чадвар гэсэн гурван өнцгөөс шинжилгээнд оруулж, хэмжээд тухайн хүн хэн бэ гэх зураглалыг гаргаад өгчихөж байгаа юм. Нэг үгээр, тухайн хүний цогц дэлгэрэнгүй мэдээллийг боловсруулж өгөхийг талант аналитик гэж нэрлээд байгаа хэрэг. Үүнд багийн, бүлгийн тайлагнал ч мөн багтдаг. Талант аналитикт тулгуурлан ямар төрлийн сургалт, хөгжүүлэлтээр цааш явахаа тодорхойлохыг талант хөгжүүлэлт хэмээн нэрлэдэг.
Та бүхэн сэтгэл зүйн тестүүдээрээ дамжуулан тухайн харилцагч байгууллагад ямар үр дүн, өгөөж авчирч байв?
Бидний санал болгосон тестийг ашиглан тухайн байгууллага, хувь хүн өөрийн онцлогийг олж харж, сул болон давуу талаа ойлгож, дүгнэлт гарган дараагийн хийх алхмуудаа тодорхойлж байна. Тухайн байгууллагын ажилтнуудын үнэнч байдал болон манлайллын онцлог хоёрыг нь бид харьцуулж судалсан. Үүнд үндэслэн ажилтнуудын үнэнч байдал ямар хэлбэртэй байгаа нь манлайлагчийн ур чадвараас шалтгаалдаг юм байна гэсэн үр дүнд хүрсэн. Хэрэв манлайлагч арга барилаа өөрчлөхгүй бол ажилтнуудын тооцоололтой үнэнч байдал ихэсдэг учраас үүнийгээ дагаад хүний нөөцийн тогтвортой ажиллах байдал буурдаг. Тооцоололтой үнэнч байдал гэдэг нь дарга ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн сэтгэл зүйгээр хандахыг хэлээд байгаа юм. Энэ хүрээнд манай зарим харилцагчид тестийн үр дүнг хүлээн зөвшөөрч менежментийн үйл ажиллагаа, манлайлах арга барилаа өөрчлөхөөр шийдэж, шийдвэртэй алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн жишээ цөөнгүй бий. Тэгэхээр эхнээсээ тодорхой хэмжээний үр дүн гарч эхэлсэн гэсэн үг.
Харин манлайлал сайтай байгууллагын ажилтнуудын үнэнч байдал сэтгэл хөдлөлд илүүтэй суурилсан байх жишээтэй. Ийм байдлаар тест бүрийн ард ямар нэгэн үр дүн гардаг. Тестийн нэгдсэн дүгнэлтэд тулгуурлан байгууллагын аль алба, хэлтэст ямар төрлийн сургалт, хөгжлийн хэрэгцээ байгааг тодорхойлж, түүнийхээ дагуу явдаг цаг одоо ирж. Тэгэхээр хүний нөөцийн үйл ажиллагааны тухайд “Тэнд гайгүй лекц уншдаг хүн байна лээ. Байгууллага дээрээ авчирч лекц уншуулъя” гэдэг үе улирсан.
Нэг зүйлийг тодруулъя. Ямар манлайллын онцлог ажилтнуудын дунд сэтгэл хөдлөлтэй үнэнч байдлыг бий болгодог талаар ярихгүй юу?
Идэвхтэй, шилжигч болон ажилтнуудынхаа урд явдаг жинхэнэ манлайлагч гэж бий. Шилжигч манлайлал гэдэг нь ажлаар хэтэрхий их дардаг, хэтэрхий их цагаар барьдаг, дээр нь байгууллага дотроо хэл амны хүчирхийлэл их үйлддэг буюу “Тэгэхгүй яасан юм”, “Ингэхгүй яасан юм” гэж хэт их захиргааддаг удирдлагын арга барилыг хэлдэг. Ийм байгууллагын ажилтнууд дунд тооцоололтой сэтгэл хөдлөл давамгайлдаг. “Энэ хүн намайг ингэвэл би тэгнэ” гэсэн хандлага гаргадаг гэсэн үг. Харин манлайллын өөр нэг хэлбэр болох ажилтнуудаа өөрсдийнх нь идэвхээр ажиллуулж, сэдэлжүүлж, “Таны хариуцлага энэ шүү” гэж доороос нь түлхэж өгч, дэмждэг төрлийн манлайлалтай байгууллагад сэтгэл хөдлөлийн энгийн, үнэнч байдал ноёлоод байгаа юм. Нэг салбарын 10-аад байгууллага оролцсон судалгааны үр дүн шүү дээ. Мэдээж байгууллага бүрт өөр. Гэхдээ ийм ерөнхий дүр зураг ажиглагдаж байна. Ер нь манлайлал гэдэг бол цаад утгаараа менежмент. Харин ямар менежментийн үйл ажиллагаа явуулах вэ гэдэг нь тухайн манлайлагчийн хувийн онцлогтой холбоотой. Энэ бодит байдлыг бид судалгааны үр дүнгээрээ баталсан гэж хэлж болно.
АНУ-д төгссөн гэх нэг 30 дөнгөж гарч буй манлайлагч залуу захирал тамтай байж билээ
Жинхэнэ сонирхдог сэдвээр яриа өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье!Монголд олон байгууллагад дээрх манлайлал, соёл, менежментийн буруу арга барил түгээмэл байдаг. Ажилтнаа дорд үздэг байгууллага ч олон байдаг.
Тулгамдаж байгаа асуудлуудын нэг дээ. Маш сайхан санаануудыг тусгасан баярлалаа.
site ni ajillahgui bshd