2019 онд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан зарим бизнес эрхлэгчдээс зээлийн үр ашиг, явцын талаар сонирхлоо.
Хувиараа бизнес эрхлэгч: Д.Ундрах Салбар, чиглэл: Мах, махан бүтээгдэхүүн, бууз банш Авсан зээлийн хэмжээ: 50 сая
Үйл ажиллагаа эхлээд дөрвөн жил болж байна. Ажлын байр нэмж, үйл ажиллагаа өргөжүүлэн зах зээлээ тэлэх зорилгоор төслийн зээл авсан. Зээлийн зориулалт нь анх төсөлд бичиж байсан тооцоололд хүрч байгаа. 15 хүний ажлын байр нэмж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг нэмэгдсэн.
Хэдийгээр өндөр шалгууртай ч төслөө үнэн зөв бичиж чадвал зээл авч чадна. Хүнсний чиглэл болохоор ковидын нөлөөнд арай бага өртсөн. Өмнө нь бид амралтгүй шахуу ажилладаг байсан бол одоо бүр тэг зогсолт хийчихгүй, заримдаа хоёр хоног амраад ажиллаж байна. Зээлийн эргэн төлөлтөө эрсдлийн сангаасаа өгнө гэсэн бодолтой байгаа. Одоохондоо эрсдлийн мөнгөнд гар хүрээгүй. Бүр болохгүй бол энэ сангаасаа өгнө гэж төлөвлөж байгаа. Зээл хойшлуулахаар нөхцөл байдал одоохондоо үүсээгүй явж л байна.
Компанийн нэр: Эко NCU Салбар, чиглэл: Саван, угаалгын бодис, цэвэрлэгээний болон өнгөлгөөний бэлдмэл, сүрчиг, ариун цэврийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Авсан зээлийн хэмжээ: 50 сая
Зээл хөөцөлдөж байгаа зах зээлээ маш сайн судлах хэрэгтэйг ойлгосон. 2015 оноос эко савангийн бизнесээ эхэлсэн. Шантрах үе олон байсан ч тууштай байх нь маш чухал гэдгийг ойлгосон.
Анх хувь хүнээр зээл авч байсан. Үүнээс хойш компаниа бүртгэлжүүлсэн, худалдаалах цэгүүдээ өргөжүүлж, нэр төрлөө нэмсэн. Зээлийн гол зориулалт нь бүтээгдэхүүнээ өргөжүүлж, нэр төрлөө нэмэх. 20 сая төгрөгийн бага хэмжээний зээл авсан бөгөөд хамгийн боломжит бүтээгдэхүүн болох хулсан эко сойзны нэр төрлөө нэмсэн. Бизнесийн зээл авч үзээгүй тул өөртөө бага зээл аваад үзье гэж бодсон. Хийж буй бизнесээ тууштай хийгээд явахад зээл асуудалгүй юм байна гэж ойлгосон.
Би өөрөө химийн технологич мэргэжилтэй, бизнесийн ямар ч ойлголтгүйг эхэлж 2, 3 жилийг алдсан. Бизнесийн сургалтуудад их суусан. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гэж байгаа бол хэрэглэгчийн судалгаагаа маш сайн хийх ёстойг багш нар хэлдэг байсан. Хичээлийнхээ дагуу маш их судалгааг хийсэн. Хүмүүсээ ямар саван хэрэглэдэг, үнэр, хэлбэр хэмжээ ямар байна гэх мэтээр жил гаруй хугацаанд судалж, бүтээгдэхүүнээ хөгжүүлж явсан. Зээлийн эргэн төлөлт 11 сарын 20-ноос үндсэн зээлээ төлж явахаар байсан. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу хойшлуулсан ч он гараад зээлийн төлөлтөө эхлүүлэхээр төлөвлөж байна.
Хувиараа бизнес эрхлэгч: З.Эрдэнэшүр Салбар, чиглэл: Дөрвөн улирлын хүлэмж Авсан зээлийн хэмжээ: 252 сая
Зээл авахаас өмнө бид найман жилийн турш зуны хүлэмжинд хүнсний ногоо тариалж, жижигхэн лангуураар борлуулдаг байсан. Хүлэмжийн чиглэлээр аж ахуй эрхлэгчдэд жижиг болохуйц өвлийн хүлэмж барих зорилгоор зээлийн хүсэлт өгсөн. Маш гоё хүлэмж барьж, үнэхээр жишиг болохуйц түвшинд үйл ажиллагаа явуулж байна.
Манай хүлэмж Налайхад байрладаг. Хов хоосон газар дээр хүлэмж барьсан. Авсан зээл хүрэхгүй байсан учраас ойр дотныхоо хүмүүсээс нэмэлт санхүүжилт авсан. Олон хүн манай хүлэмжийг ирж үздэг, зөвлөгөө авдаг болсон. Ажлын байрууд нэмэгдсэн. Би төсөлдөө маш сэтгэл хангалуун байгаа.
Технологийн хувьд энэ бол нарлаг хүлэмж. Гэхдээ Монголд нарлаг хүлэмжийг газар орны нөхцөл байдал, хөрсний хөлдөлт, цэвдэг, намаг зэрэг хүчин зүйлсийг тооцолгүй буруу барьчихдаг тохиолдол олон. Манай хүлэмжийн хувьд хөрсний хөлдөлтөөс тусгаарлаж барьсан учир өвөл зунгүй ашиглах боломжтой. Орон зай, талбайн ашиглалтын хувьд барууны хөгжингүй орнуудад хэрэглэдэг шийдлийг нэвтрүүлсэн.
Жижиг дундын зээл авахад бодит судалгаа хийх нь чухал. Өмнө нь бид энэ ажлыг хийж байсан учраас эрсдэл, үр ашгийн тооцооллыг бодитой хийсэн. Энд тэнд ийм хүлэмж барьж өгсөн туршлагатай учраас юун дээр алдаж болохыг сайн мэднэ. Төслийн үндэслэлийг маш тодорхой гаргаж чадсан. Тиймээс шат шатанд нь төвөгүй тэнцээд гарсан. Бидний гол давуу тал туршлага байсан.
Компанийн нэр: Резин эдлэл ХХК Салбар, чиглэл: Резинен бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хог хаягдал дахин боловсруулах Авсан зээлийн хэмжээ: 295 сая
Бид итгэмжлэгдсэн лаборатори байгуулах, үйлдвэрийн өргөтгөлийн барилга барих зорилгоор зээл авсан. Харамсалтай нь цаг үеийн нөхцөл байдлаас болоод төсөл маань хэрэгжиж эхлэх боломж гараагүй байна. Зээлийн хөрөнгө оруулалт аваад удаагүй байтал хил хаачихсан. Итгэмжлэгдсэн лаборатори байгуулах бол амаргүй ажил, гадаадаас тоног төхөөрөмжөө авдаг, хүмүүсээ сургах шаардлагатай. Хоёр жил сургах төлөвлөгөөтэй байсан ч нэг жилийг нь хил хаалттай өнгөрөөчихлөө. Тоног төхөөрөмж маань захиалганд ороогүй. Харин үйлдвэрийн өргөтгөлийн ажил явж байгаа, ирэх жилийн хавраас үргэлжлээд дуусна.
Цар тахлаас үүдээд төслийн өртөг улам өссөн. 2019 онд юанийг 380 орчим төгрөгөөр тооцож төсвийн өртгөө тодорхойлсон ч одоо 430 гараад явчихлаа. Цагаан сарын дараа 470 болох төлөвтэй байна. Тэгэхээр авсан зээл маань хаанаа ч хүрэхгүй, дахиад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж магадгүй. Сүүлийн хоёр үйлдвэрээ нам зогсоосон, ажилчдаа халчихгүй байхыг л хичээж байна.
Зээл авснаас хойш нэг жилийн хугацаанд хүүгээ төлөөд ирсэн. Саяхнаас үндсэн зээл рүүгээ орох байсан ч Засгийн газраас нөхөн төлөлтийг долоон сар хүртэл хойшлуулсан нь тус болж байна. Үүнээс өмнө амжиж төслөө эхлүүлнэ гэж найдаж байна.
Компанийн нэр: Хээлэн мэйд ХХК Салбар, чиглэл: Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл Авсан зээлийн хэмжээ: 108 сая
Манай компани гоо сайхны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид ЖДҮХСангаас авсан зээлээ эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэн нь үйлдвэрлэл өсөхөд эергээр нөлөөлсөн хэдий ч цар тахлын улмаас гаднаас орж ирэх орлого тасарч, хүнд байна.
Зээл авах хүсэлтэй хүмүүсийн хувьд бичиг баримт бүрдүүлэх, эдийн засгийн тооцоолол, судалгаа хийхэд хүндрэлтэй байдаг гэж сонссон. Миний хувьд олон жил төсөл дээр ажилласан туршлагатай учир асуудал гараагүй. Хүмүүс зээл авах гэж хүсдэг ч эргэн төлөх чадвараа тооцоолох нь чухал гэж боддог. Төсөл нь шалгараад зээл аваад борлуулалт тань нэмэгдэх үү, бизнес тань эргэн төлөх чадвартай байх уу гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Иймд үндэслэл, зорилго болон зориулалтаа зөв тодорхойлох нь чухал.
Эргэн төлөлт хэвийн байгаа бөгөөд үндсэн төлөлт 2021 оны нэгдүгээр сард эхлэх байсан ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор долдугаар сарын 1 хүртэл хойшилсон.
Компанийн нэр: Уртын хүр ХХК Салбар, чиглэл: Цахилгаан халаагуур, гибрид зуухны үйлдвэрлэл Авсан зээлийн хэмжээ: 20 сая
ЖДҮДС-гаас авсан зээлээ бүтээгдэхүүн, патентынхаа хөгжүүлэлт, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандартыг хангахад зарцуулсан. Үйлдвэрлэлээ хавраас эхлэх санаатай байгаа. Одоогоор цөөн хэдэн захиалга орж ирж байгаа ч түлшний үнийг хөнгөлсний улмаас зуух, халаагуурын эрэлт буураад байна. Хэдий нөхцөл байдал ийм болоод байгаа ч би зээлийн эргэн төлөлтдөө санаа зовохгүй байгаа. Тодорхой хэрэглэгчидтэй болсноос гадна бүтээгдэхүүнээ төгөлдөржүүлсэн гэж үзэж байгаа учраас. Зууханд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр хий, цахилгаанаар халаах шийдлээс гадна хий, цахилгаанаар халдаг халаагуур хийж эхлээд байгаа тул бүтээгдэхүүндээ итгэлтэй байгаа.
Зээл авахад яг бизнесээ хийгээд, бүх зүйлээ мэдэж байгаа хүнд бол тийм ч хэцүү биш. Харин бизнесээ эхлээгүй, төсөөлөлд суурилсан төсөлтэй хүмүүст илүү хүнд юм шиг санагдсан.