Оффис дээрээ очдоггүй компани
Дижитал шилжилтэд хамгийн чухал зүйл нь орчин үеийн ажлын байр. Ажилтнуудаа илүү эрх мэдэлтэй, автономит байдлаар ажиллуулах, орчин үеийн залуусын хүсэн хүлээж буй ажлын орчинг бий болгох нь дижитал шилжилтийн хүрээнд яригддаг. Дижитал шилжилт нь бизнес процесс, датаг дижиталчлах тухай асуудал юм. Хамгийн эцсийн зорилго нь харилцагчаа илүү таньж мэдэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа бүтээмжийг сайжруулахад чиглэдэг.
Судалгаануудаас харахад хүмүүс ажил дээрээ ирсэн ч бүтээмжгүй ажилтан зөндөө байдаг учраас цаг бүртгэх нь компанийн үндсэн зорилго биш болсон.
Warwick их сургуулийн судалгаагаар аз жаргалтай, сэтгэл ханамжтай ажилтнууд бусдаасаа 12 дахин илүү бүтээмж гаргадаг бол сэтгэл ханамжгүй хүмүүс 10 хувь доогуур бүтээмжтэй байдаг аж. Тэгэхээр хүний сэтгэл ханамжтай байдал ажлын бүтээмжид нь чухал нөлөө үзүүлдэг зүйл. Мөн тус судалгаагаар нийт ажиллаж буй хүмүүсийн ердөө 13 хувь нь өөрийнхөө ажилдаа дуртай, бусад нь ерөнхийдөө ажилдаа дургүй гэх үр дүн гарсан байна. Жишээлбэл, АНУ гэхэд бүтээмж муутай, ажилдаа дургүй хүмүүсээс болж жилдээ 450-550 тэрбум ам.долларын зардал гаргадаг гэх тооцоо бий. Харамсалтай нь орчин үеийн залуусын бүтээмжид санхүүгийн урамшуулал нь төдийлэн шууд нөлөө үзүүлдэггүй аж.
Одоо цагийн ажил эрхэлж буй залуусын 80 хувь нь заавал оффис дээр очихгүйгээр хаа нэгтэйгээс ажиллахыг хүсч байна гэх судалгаа ч бий. Тэгэхээр өнөөдөр ажлын цаг гэдэг ойлголт бүрхэг болж байна. Нийт хүмүүсийн 2/3 нь ямар нэг байдлаар гэрээсээ жижиг, том бизнес эрхэлдэг болсон. Ид ажиллах хүчний 42 хувь нь технологи тааруу бол ажлаасаа гарна гэж хариулсан байгаа юм. 82 хувь нь бидний хийж буй ажилд технологи маш өндөр нөлөөтэй гэж хариулжээ. Энэхүү 42 хувийг бүрдүүлж буй орчин үеийн залуус одоогийн ажиллаж буй нөхцөлд технологи маш муу байна гэж хариулсан байна.
Blue Face компанийн судалгаанаас харахад 2025 он гэхэд алсын зайнаас ажиллах байдал оффис түрээсэлдэг, оффисын бизнес хийдэг хүмүүстэй шууд өрсөлдөнө.
Тэгэхээр оффис хоосорч эхэлнэ. Ихэнх хүмүүс гэрээсээ ажиллана. Алсын зайнаас ажилладаг компанийн ажилтны ажлаас гарах байдал 25 хувь бага байдаг аж. Нөгөө талаас харвал сэтгэл ханамж илүү байдаг гэсэн үг. 79 хувь нь компаниас илүү уян хатан нөхцлийг санал болговол цаашид тухайн компанидаа ажиллахад бэлэн гэж хариулжээ. Алсын зайнаас ажилладаг компанийн хүмүүс жилдээ 1.6 өдрийн чөлөө авдаг бол оффист ажилладаг хүмүүсийнх дунджаар 3.1 байна. Судалгаанд оролцогчдоос алсын зайнаас ажиллавал ажлыг илүү их нугалж чадах уу гэж асуухад 91 хувь нь чадна гэжээ. Хүмүүс энэ чиглэл рүү ажиллахыг хүсдэг нь харагдаж байна.
Canada Life компанийн судалгаагаар ажлын бүтээмж гэрээс ажиллаж буй хүмүүсийнх 10 онооноос 7.7, оффис дээрээс ажилладаг хүмүүсийнх 6.5 гэж гарчээ. Оффис дээр ажилладаг хүмүүсийн хувцас, гадаад үзэмжиндээ анхаарахаас эхлээд стресс их байдаг. Замын түгжрэл, ажлаасаа хоцрох вий гэж сэтгэл түгших нь наад захын асуудал. Гэтэл гэрээсээ ажиллах хүмүүст ингэж сандрах хэрэг огт үгүй. Нөгөө талдаа амар тайван амьдралын хэв маягийг үүсгэснээр амьдралын чанар дээшилдэг гэж үздэг аж. Тиймээс Ай Ти Зон ХХК эдгээр судалгаанд үндэслэн дараах зорилгын хүрээнд алсын зайнаас ажиллах системийг нэвтрүүлжээ. Ажилтнуудынхаа стрессийг бууруулж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээрээс шинээр сайн хүмүүсийг өөртөө татах, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах гэсэн дөрвөн зорилгын хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн аж.
Ай Ти Зон ХХК-ийн хувьд уян хатан байдлаар ажиллаж эхэлсэн нь дараагийн түвшин буюу алсын зайнаас ажиллахад суурь бэлтгэл болж өгсөн. Алсын зайнаас ажиллахад хамгийн тэргүүнд гурван асуудлыг авч дэвшүүлэн алсын зайнаас ажиллах бодлогоо гарган 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Мэдээж ажилтнууд хараа хяналтаас гарчихаар хяналт суларч, бүтээмж багасах вий гэх зовнил яригдсан. Алсын зайнаас ажилласнаар бүтээмж буурч, ажилчид илүү бага ажиллаж гүйцэтгэл нь буурч эргээд компанийн үр дүнд сөргөөр нөлөөлөх асуудал урган гарч байв. Улмаар компанийн өдөр тутмын процессууд зогсож, цаашлаад байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөх, бий болгосон соёлоо алдахад хүрэх вий гэж болгоомжилж байжээ.
Иймээс эдгээр асуудлыг бодлогоор уяж хамгийн тэргүүнд алсын зайнаас ажиллах бодлогыг гаргаж, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээндээ тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан байна. Дараа нь компанийн зорилго, алсын хараа, стратегид байгууллагын нэгжүүд ямар хувь нэмэр оруулахыг тодорхойлж түүнд хүрэх төлөвлөгөөнүүдийг боловсруулжээ. Үүний дараа энэ төлөвлөгөө, зорилго ажилтны түвшинд заавал буусан байх ёстой гэдэг хоёр дахь шаардлагыг тавьсан байна. Ингэснээр ажилтнууд өдөр тутамдаа болон сар долоо хоногоор юу хийх нь илүү тодорхой болжээ. Улмаар бүтээмжийг хэмжих боломжтой болно гэж харсан байна.
Харин тэд ажилчдынхаа гүйцэтгэлийг заавал системээр үнэлсэн. Системээр үнэлдэг байснаар энэ нь өөрөө эргээд бүртгэл дататай болно. Хэн, хаана, ямар ажил хийж байсан нь тодорхой болно. Компанийн удирдлагууд тухайн үед зарим ажлын байраа алсын зайнаас ажиллах боломжтой гэдэгт итгэл дүүрэн бус байсан. Тиймээс дээрх шалгууруудыг хангасан тодорхой ажлын байрыг алсыг зайнаас ажиллуулж эхэлжээ. Тухайлбал, борлуулалтын хэлтэс, программ хөгжүүлэгч нар, худалдан авалтын баг гээд үе шаттайгаар алсын зайнаас ажиллаж шилжилт хийгдэж эхэлсэн юм.
Хэдийгээр түнш байгууллагуудаа судалж, тэдний алсын зайнаас ажиллах арга хэрэгсэл нь ямар байдаг, технологийн компаниуд яаж ажилладаг гэх мэтээр судалгаа хийж бодлого чиглэлээр боловсруулсаад байсан ч яг алсын зайнаас ажиллаж эхлэхэд тодорхой асуудлууд гарчээ. Тухайлбал, ажилчид алсын зайнаас ажиллах арга барил тогтоогүйн дээр шууд удирдлага яаж хянах, ажлын тайлангаа хэрхэн тайлагнах, гэр бүлдээ яаж ойлгуулах гэх мэт.
Ай Ти Зон компанийн ажилчдын дундаж нас 30 бөгөөд тухайн үед ажилчдын хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явах боломжтой байсан ч бага насны хүүхдүүдтэй ажилтанд гэртээ ажиллахад хүндрэл гарчээ. Улмаар ажлын тодорхой хэсэгтэй, ажлын булантай, ажлын өрөөтэй гэх зэргээр тодорхой шаардлагуудыг нэмэлтээр тавьжээ. Тухайн үед тулгарсан асуудлуудаа тухай бүрт нь засч бодлогодоо өөрчлөлт оруулан ажилласан байгаа юм. Ингэснээр тэд тодорхой үр дүнд хүрч чаджээ.
Нэгдүгээрт, алсын зайнаас ажиллаж буй ажилтнууд илүү бүтээмжтэй ажилласан буюу борлуулалтын түвшин илүү өндөр байсан. Энэ нь оффист ажиллаж буй борлуулалтын ажилтнуудтай харьцуулахад илүү өндөр буюу 110-120 хувьтай борлуулалтаа биелүүлжээ. Программистуудын хувьд төвлөрч ажиллаж кодоо бичих хүсэлтэй байдаг учир алсын зайнаас ажилласанаар тэдний зарим нь илүү төвлөрч илүү богино хугацаанд ажлаа гүйцэтгэсэн байна.
Шууд удирдлага, ажилтан хоёр алсын зайнаас ажиллахдаа дүрмээ тодорхойлох чухал. Удирдлага алсын зайнаас ажиллаж буй нөхцөл байдалд тааруулж тохироо хийх хэрэгтэй.
Сэтгэл ханамжийн түвшин нь ч огцом өссөн байгаа юм. Тус компанийн хувьд 2018 оноос ажилчдынхаа сэтгэл ханамжийн судалгааг авч эхэлсэн бөгөөд тухайн үед сэтгэл ханамж 10-20 хувиар дээшилжээ. Улмаар ажилтнууд нь ч илүү хариуцлагатай болжээ. Өмнө нь оффис дээр ирээд цагаа уншуулснаараа ажлаа хийх, тэнд байвал ажил болчихлоо гэж боддог байсан хүмүүсийн бодол нь үндсэндээ өөрчлөгдсөнийг компанийн Хүний нөөцийн менежер Н.Эрдэнэжаргал ярилаа. Тэрбээр “Замдаа түгжирэхэд зарцуулдаг цаг нь өөрийгөө хөгжүүлэх эсвэл ажлаа хийхэд нэмэгдээд гараад ирдэг. Ажилтнууд тухайн долоо хоногийн хүрэх ёстой үр дүн рүүгээ илүү төвлөрдөг болдог. Энэ үр дүнг зөвхөн удирдлагууд бодох биш ажилтнууд боддог болсноороо илүү хариуцлагатай болсон гэж үзэж байгаа” гэв.
Онлайнаар харилцаа холбоог бүрэн хангаж чадах юм байна гэж үзэн тухайн үед оффис 365 программыг нэвтрүүлжээ. Онцгой нөхцөл байдлын үед тэд бодлогоо тодорхойлсон байсан учир өнгөрсөн хавар болон сая хатуу хөл хорио тогтооход үйл ажиллагаа хэвийн шилжжээ. Гэхдээ тодорхой хариуцлагын түвшин, мэдээ солилцох түвшингүүдыг илүү өндөр түвшинд авч явах шаардлагатай болсон тул асуудлаа хэлэлцэж бодлогодоо тодорхой өөрчлөлтийг оруулаад явж байгаа аж. Ийнхүү тэд өнөөдөр оффис дээрээ очих шаардлагагүй ч компанийн үйл ажиллагаа хэвийн явж байна.
Ажилчдынхаа бүтээмжийг ингэж хэмждэг
Компанийн бүх ажилтан алсын зайнаас ажиллах шаардлага бий болсон энэ нөхцөлд бодлогоо гаргаж, шалгуур, дүрмээ тогтчихсон тул үүнийхээ дагуу ажилчдынхаа бүтээмжийг шалгаж байгаа гэсэн. Тухайлбал, борлуулалтын ажилтан бүр байгууллагын нэгжийн төлөвлөгөө, ажлын төлөвлөгөөг долоо хоног болон сараар гаргасан байх ёстой аж. Энэ төлөвлөгөө нь систем дээр ороод явдаг бөгөөд төлөвлөгөөний гүйцэтгэлийг ажилтан оруулаад явах ёстой болдог байна. Ийнхүү ажилтан өдөр бүр тайлангаа явуулж, долоо хоног тутамд шууд удирдлагатайгаа хамт олны хурал хийн долоо хоногийн үр дүнгээ хэлэлцдэг. Энэ жишгээр бүтээмжээ буюу ажлын гүйцэтгэлээ хянаад явж байна.
Прораммистуудын хувьд Jira системийг ашигладаг. Тэд өөрсдөө төслүүд хөгжүүлдэг бөгөөд төслийн түвшинд төлөвлөгөөг нь оруулж өдөр тутмынх нь таскуудыг хянаад явах боломжтой аж. Ингэснээр ажилтан бүр тухайн хөгжүүлэх ажилдаа хэдэн цаг зарцуулахаа оруулж өгдөг байна. Улмаар ажилчдын тайлангууд dashboard хэлбэрээр цэгцтэй, ойлгомжтой гараад ирэх нь. Мөн программын ажилтнууд Todayness дээр өдөр тутмынхаа тайланг явуулдаг. Энэ нь өөрөө бүтээмжийг хэмжихэд их чухал. Удирдлага тодорхой зорилгодоо хүрэхийн тулд өдөр тутамдаа юу хийж буй, тийшээ чиглэсэн ажлуудыг хийж байгаа эсэх дээр хянаад явдаг байна.
Худалдан авалтын мэргэжилтнүүд худалдан авалтынхаа мэдээлэл, үнийн саналынхаа мэдээллийг буцаад дотоод борлуулалтынхаа ажилтнуудад өгөх ажлыг хийдэг. Энэ хүмүүс өдөр тутмын тайлан бичдэггүй. Гэхдээ долоо хоногийн хурал, уулзалтууд хийгээд явдаг. Учир нь эдгээр ажилтны өдөр тутмын ажил нь GreenERP-гийн биелүүлэлт хангамжийн систем дээр явагддаг байна. Өдөрт тухайн хүн хэдэн хүний санал гаргасан, хэчнээн худалдан авалтын захиалга хийсэн тоо нь байж байдаг бөгөөд тэд 2014 оноос ингээд явсан болохоор датанууд нь нэлээд цугларчээ.
Компанийн хувьд алсын зайнаас ажиллахад долоо хоног тутмын болон өдөр тумын хурлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзжээ. Одоогийн нөхцөлд бүх хурлаа онлайнаар хийж байгаа бөгөөд хурал нь тулгарсан асуудал, гацсан зүйл байгаа эсийг хэлэлцэн ажлаа хэвийн явуулахад ихээхэн түлхэц үзүүлдэг байна.
Алсын зайнаас ажиллахад аливаа компанийн хүний нөөц тал дээр бодлого, журам нэлээд гардаг. Нэг арга барилаар явах системүүд байдаг ч байгууллага бүр өөрийн онцлогт тохирсон аргыг нэвтрүүлж ажиллах нь зөв байдаг байна. Товчхондоо, эхлээд хүний нөөц бодлогоо гаргаж, үүнийг нь шууд удирдлагууд, дарга нар нь ярилцлаж байгууллагын нэгжид ашиглахаар буулгана. Мэдээж менежерүүд хяналт тавьж ажиллана. Одоогийн нөхцөлд эдгээр хүмүүсийн үүрэг оролцоо улам нэмэгдэнэ гэсэн үг. Учир нь ажилчдын өдөр тутмын төлөвлөгөөг нь чиглүүлж явах үүрэг менежерүүдэд ногддог.
Мөн алсын зайнаас ажиллахад системүүд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэх нь зүйтэй. Ай Ти Зон ХХК-ийн хувьд ашиглаж буй бүх программ гар утсан дээрх хувилбартай болсон. Суурь программ хангамжийн хувьд GreenERP систем байгаа бөгөөд өмнө зөвхөн дотоод сүлжээнээс ханддаг байсан бол одоо хаанаас л бол хаанаас хандаад ашиглах боломжтой болсон нь алсын зайнаас ажиллах боломжыг бүрдүүлжээ. Hubspot систем дээр борлуулалт маркетингийнхан нь хамтраад борлуулалтын сувгуудаа бүртгээд нэмээд ажиллаад явдаг байна. Мөн хянах системүүд ашиглаж байгаа. Байгууллагынхаа онцлогт тохируулан Sharepoint- monthly step гэдэг системүүдийг хөгжүүлж байгаа аж. Үүнд байгууллагын нэгжүүдийн төлөвлөгөөнүүд ордог байна. Харин үр дүнг нь Power BI болон tableau гэдэг bi tool-үүд ашиглан хардаг бөгөөд dashboard хэлбэрээр шууд гардаг аж. Улмаар тайлан бичиж хугацаа алдах шаардлагагүй болсон байгаа юм.
Програм болон инженерийн хэлстийнхэн Jira систем, Office 365 дээр ашигладаг Planer систем ашигладаг. Тэд өдөр тутмын энгийн таскуудаа энд бөглөж хөтлөөд явдаг байна. Green ERP, өдөр тутмын тайлангын Todayness системүүдийг ч ашигладаг. Хамтын ажиллагааг хангах, дэмжих системийн хувьд онлайн хурал уулзалтуудаа Office 365 Teams систем дээр хийдэг. Энд хурал уулзалт хийхээс гадна байгууллагын нэгжүүд өөрсдийн teams үүсгэнэ. Энэ Teams дээрээ харъяалах ажилтнууд дотооддоо хэрэглэдэг бүх файлуудаа солилцдог байна. Мөн эндээ planner холбсон тул таск менежмент нь энэ дээр явдаг аж. O365 Outlook, O365 Yammer, Viber, Telegram, Whatsapp, Wechat гэх мэт бусад мессенжерүүдийг нэмэлтээр ашигладаг аж. Ийнхүү системүүдийг түлхүү ашиглан бүтээмжээ илүү нэмэгдүүлэхэд анхаардаг байна.
Гэрээсээ ажиллах соёлд суралцая
Ай Ти зон ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Наранбаатар “Компанийнхаа цаашдын хөгжилд зориулж ийм арга барил руу шилжсэн. Судалгаануудаас харахад хүмүүс ажил дээрээ ирсэн ч бүтээмжгүй ажилтан зөндөө байдаг. Тийм учир цаг бүртгэх нь компанийн үндсэн зорилго биш. Хүмүүс нь компанид ямар хувь нэмэр оруулж, тухайн ажилтан ямар санаачлага гаргаж, ямар бүтээмж, үр дүн гаргаж байна, үүнд тухайн хүн ямар оролцоотой байгаа вэ гэдэг нь чухал” гэлээ. Товчхондоо ажилтнаа цагдаж хянахаас илүүтэй тодорхой төлөвлөгөөнүүдийг өөрт нь ойлгуулж өгөх ёстой аж. Тэд цаг ашиглалтыг шууд утгаараа хянадаггүй, харин үр дүнг илүүтэй шалгадаг болсон байна. Ажилтан хэдэн цаг ажилласан нь чухал биш. Тухайн хугацаанд хийх ёстой зүйлсээ хийхгүй явбал бүтээмжгүй ажиллаж, шаардлагад нийцэхгүй байна гэж үздэг аж.
Тиймээс компаниуд хамгийн түрүүнд үүнд зориулж хүний нөөцийн бодлого, журмаа өөрчлөх ёстой болох нь. Мөн ажлын гүйцэтгэлийг үнэлэх хамгийн энгийн ойлгомжтой процесстой болох ёстой. Дараа нь дэд бүтэц технологийн орчноо бэлэн болгох ёстой аж. Технологийн орчин байхгүй бол бодлого журам байсан ч тэр нь ажиллахгүй юм. Учир нь технологийн хөшүүргээс улбаалж ийм нөхцөл байдал үүсээд буйг санах хэрэгтэй. Үүний дараа байгууллага анхаарах чухал асуудал нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг ашиглах ёстой.
Нөгөө талаас ажилчид хувийн зохион байгуулалт дээрээ анхаарах хэрэгтэй аж. Зохион байгуулалт муу хүн алсын зайнаас ажиллахад маш их хүндрэл гардаг байна. Гэрээсээ ажиллаж буй нөхцөлд оффистоо ажлаа хийж буй мэт тодорхой орчинг бүрдүүлэх нь хамгийн чухал зүйл гэж зөвлөдөг. Мөн өдөр тутамд амжуулах ажлынхаа жагсаалтыг заавал гаргах ёстой. Мэдээж технологийн хэрэгслүүдээ сайн бэлдэх хэрэгтэй бөгөөд ажлаа хийж эхлэх болон дуусах цагаа тодорхойлж өөртөө завсарлага авч байх хэрэгтэй аж. Түүнчлэн дасгал хөдөлгөөн хийж, календар программуудыг түлхүү ашиглахыг зөвлөдөг. Шууд удирдлага, ажилтан хоёр алсын зайнаас ажиллахдаа дүрмээ тодорхойлох чухал. Удирдлага алсын зайнаас ажиллаж буй нөхцөл байдалд тааруулж тохироо хийх хэрэгтэй. Тийм учраас гол зорилгоо бодох хэрэгтэй. Энэ нь ажилтандаа илүү итгэх явдал аж.
Дижитал шилжилт хийснээр гарч буй үр дүнгийн талаарх ажилчдын сэтгэгдэл
Ай Ти зон ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Наранбаатар:Удирдах ажилтнууд гол төлөв өөрийн мэдрэмж, туршлагадаа үндэслэж шийдвэр гаргадаг байсан бол орчин үед датанд суурилж шийдвэрээ гаргах хандлага бий болж байна. Датад суурилснаар илүү бодитой, хурдтай, эргэлзээгүй, зөв шийдвэр гаргах магадлалтай гэж үздэг. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэгчлэн бид заавал хэмжих ёстой. Бүтээмж өнөөдөр ямар байна, ямар түвшинд байгааг бодитойгоор хэлэх дата хэрэгтэй болж байгаа юм. Дата нь бидний өдөр тутмын үйл ажиллагааны үр дүнд бий болдог. Манай компанийн хувьд 10 гаруй программ хангамж ашиглаж байгаа бөгөөд бүхий л газар хэлтсүүд дээр өдөр бүр ашиглаж датаг үйлдвэрлэж байна.
Хүний нөөцийн менежер Н.Эрдэнэжаргал: Компанийн бүх шийдвэр датад суурилж гардаг болсон. Энэ нь бидний шийдвэр гаргалтын хурд, итгэлтэй байдлыг нэмэгдүүлж байгаа. Учир нь баримт, тоон мэдээлэл нь таамаглал, эргэлзээг байхгүй болгож байна. Бидний ажлын 50 орчим хувь нь бичиг цаасны ажил, гар ажиллагаа ордог байсан бөгөөд үүнийг системчилснээрээ үгүй болгож байна.
Хангамжийн албаны дарга М.Аскар: Өмнө нь бараа бүтээгдэхүүний захиалга зөвхөн цаасаар явдаг байсан. Баталгаажуулалт цаасаар хийгддэг. Тэр болгон хаанаа гацаад байгаа, хаана захиалга нь явж байгаа мэдээллийг тухайн хийж байгаа хүн л мэдэхээс биш хөндлөнгөөс харж чаддаггүй байлаа. Энэ бүгдийг ERP систем рүү нэвтрүүлснээр бүх захиалгын статус нь хаана ямар үйлдэлтэй явж буйг шууд нэг цэгээс харах боломжтой. Мөн эндээсээ холбоотой захиалгын батлагдсан төлбөр нь гарсан, тээвэрлэлт, агуулах нь хэдийгээр эхлэхээр байгаа зэрэг урьдчилсан мэдээллийг системээс бүрэн харах боломжтой болсон.
Дата менежер Л.Тананцэцэг: Манай санхүүгийн хэлтэс Tableau програмыг ашиглаж эхэлсэн. Үүнийг ашиглаж эхэлснээр бидний ажлын ачааллыг 70-80 хувь хөнгөлсөн. Компанийн томоохон олон төсөл дээр ажилладаг. Том төслүүдийн дундын санхүүжилт болон орлогын мэдээллийг харан үйлдэл дээрээ хурдан шийдвэр, төлөвлөгөө гаргах боломжтой болж байна. Бид мөнгөний орох, гарах урсгалыг хослуулж харснаар санхүүжилтын зардлыг бууруулах боломжыг бүрдүүлж байна.
Борлуулалтын менежер О.Энхбаяр: Бид хамгийн түрүүнд бүх борлуулалтын менежерээ алсын зайнаас ажиллуулсан. Мэдээж эхэндээ саад, хүндрэл багагүй тулгарсан. Жишээлбэл, ажилчид цагийн менежмент зөв зохион байгуулах, хувийн болоод ажлын зохион байгуулалтаа зөв төлөвлөж чадахгүйгээс болж зарим нэг ажлыг хоцроох, цаг хугацаандаа амжихгүй байх, нөгөө талдаа хяналт сулрах асуудал гарсан. Гэхдээ гурван сарын дотор л сурчихдаг юм билээ. Үр дүнгийн тухайд бид 2017 болоод 2018 оны гүйцэтгэлүүдийг харьцуулж үзэхэд ажилтнуудын бүтээмж дор хаяж 50 хувиар өссөн. Борлуулалтын гүйцэтгэл хамгийн багадаа 30 хувийн өсөлттэй гарсан.
Ай Ти Зон ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн: Манай компани өнгөрсөн таван жилийн хугацаанд өөрсдийн хөгжүүлсэн ERP системийг санхүү, хүний нөөц, хангамж гэх мэтээр цогцоор нь нэвтрүүлсэн. Үүнээс гадна бусад 30 орчим системийг бизнестээ ашиглаж байна. 30 орчим системээ нэгтгэсэн нэгдсэн дата дэд бүтцийг байгуулж байна. Гол зорилго нь олон системийн датаг нэгтгээд нэгдсэн байдлаар удирдах, хянах, хамгаалах, эргээд нэгдсэн датадаа хандаж ажиллах боломжийг олгож байгаа. Үүнийг хийхдээ бид дэлхийн шилдэг технологийн компаниудын шийдлийг ашигласан.
Дата Архитектор Б.Билгүүн: Тус тусдаа байгаа аппликейшнүүдийн датанs уялдаа холбоонуудыг гаргаад хүн бүрт хэрэгтэй зөв датаг нь гарын доор гаргах боломжтой болсон гэсэн үг. Датаг тооноос хараад шууд ойлгохгүй. Тиймээс бид тоон утгуудыг графикаар харуулснаар /vi tool/ хүнд илүү ойлгомжтой болдог.
Дата Эванжилист О.Баярмагнай: Дата бол нөөц юм. Энэ нөөцийг ашиглаж баялаг болгоход тодорхой чадвар, техник хэрэгтэй. Манай багийн зорилго бол ийм ур чадварыг бүрдүүлж “data mining” буюу өгөгдөл олборлолтыг өндөр түвшинд хийх зорилготой. Ингэснээр байгууллага, хувь хүнд тодорхой боломжуудыг нээж өгнө. Өмнө нь олж хараагүй олон боломжоос гадна шинэ санаа, инновацийг нээхэд тусална.
Мэдээллийн аюулгүй байдлын инженер Н.Мөнхбаатар: Компанийн хувьд дата нь өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд стратегийн түвшинд шийдвэр гаргахад тусалдаг үнэ цэнтэй дижитал горим байдаг. Тиймээс бид датаны бүрэн бүтэн, аюулгүй байдал дээр анхаарч ажилласан. Компанийн датаг сүлжээгээр дамжин ирэх гаднын халдлагаас хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн Dell Verse-гийн дата нууцлалтай архивын технологийг ашигласнаар датаны бүрэн бүтэн байдал дээр санаа зоволтгүй болсон байгаа. Ингэснээр кибер халдлагуудын эрсдлээс сэргийлж хамгаалсан. Эцэс нь ямар дата руу хэн халдахыг шийдэж өгсөн.