Ideree’s podcast-ын 38 дахь дугаарын зочин Хар Хорум Дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбаттай хийсэн ярилцлагаас онцлон хүргэж байна. /Цуврал-3/
Өмнөх хэсгийг энд дарж уншаарай.
– УИХ-ын гишүүн Б.Наранхүү танаас 2000 онд 100 мянган ам.доллар барьцаагүй зээлээд амьдрал ахуйгаа босгосон гэж ярьж байсан. Анхны том бизнесээ таны мөнгөөр эхэлсэн гэж ярьдаг юм билээ.
– Тэр бол урт түүх. Наранхүү тухайн үед оюутан байсан. Надаар мэдээллийн технологи яриулж, зөвлөгөө авдаг жаахан хүүхэд байсан. Тухайн цаг үе бол романтик үе байлаа. 100 мянган ам.доллар бол яг биш л дээ. Түүнээс хамаагүй бага. Тэр үеийн үнэн байдал гэвэл Б.Наранхүү ч бизнес мэддэггүй. Би ч барьцаа авахыг мэддэггүй. Ер нь Монголд бизнес мэддэг хүн ховор байсан. Гэхдээ тэр үед бид хоёр үүнийг их өөр хувийн харилцаагаар хийж байсан. Монголын бизнесмэнүүдийн 90 хувь нь ийм байдлаар л явсан. Аав, ээжээсээ мөнгө зээлээд л, гахай зарж мөнгө олоод л, өнөөдрийн менежмент, маркетинг, засаглал, хууль ч байгаагүй. Энэ утгаараа их романтик сонсогдох байх. Гэхдээ Наранхүү үүнийг их зөв авч явсан. Тэр нь их тусалсан. Тэр нь өөрт нь насан туршид нь үлдсэн.
– Та мэдээлэлд их ойрхон байсан. Гаднын технологийн компаниудыг сайн мэдэж байсан. Яагаад та тэр үед Амазон компанийн хувьцааг авчхаагүй юм бэ?
-Тэр үед хувьцаа гэж мэддэггүй байсан. Харин интернет бол шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл, ДАРПА гэдэг компьютерын төсөл хэрэгжиж байсан юм. Бид нар интернетийг оруулж ирэхээс хоёр, гурван жилийн өмнө анхны и-мэйлийн сүлжээг өөрсдөө хийж байсан. Ямар ч интернеттэй холбоогүйгээр. Тэр үед yahoo ч гэж байгаагүй. Тэр үед Уалл Стрийтийн хөрөнгө оруулагчид ч yahoo-д хөрөнгө оруулаагүй байсан. Эргээд харахад 1992 онд нэг ч америк хүн yahoo-д хөрөнгө оруулах тухай бодож байгаагүй.
Би хөрөнгө оруулагч биш байсан бөгөөд цэвэр инженер, шинжлэх ухааны талаас ажиллаж байсан. Нөгөө талаас өнөөдрийн нүдээр харвал, ямар компани 2030 онд мундаг болохыг бид мэдэхгүй. Яг л үүнтэй адил байсан.
– Жефф Безосын зураг байдаг. 1998 онд жижигхэн өрөөн дотор суучихсан. Ханан дээрээ шохойгоор Амазон гээд биччихсэн. Гэтэл өнөөдөр 200 тэрбум ам.долларын хувийн хөрөнгөтэй хүн сууж байна.
– Бизнесмэн залуучууд үүнийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи бараагаа Walmart-д өгч чадсан л бол шууд саятан болдог. Walmart-ийн 2000, 3000 их дэлгүүрт чиний бараа зарагдвал нэг шөнийн дотор л саятан болно. Чи Walmart-д зарж чадахгүй бол шөнөжингөө ганцаараа орилоод ч бүх бараагаа зарж чадахгүй. Энэ юу гэхээр эдийн засгийн системд нэвтэрч, оролцож чадвал чи маш хурдан баяжиж, маш хурдан юм хийнэ. Өнөөдөр Зукерберг Монголд байсан бол ComputerLand-д сууж байх байсан гэдэг үнэн. Тиймээс эдийн засгийн тоглоомын систем байгаа, байхгүй гэдэг нь их чухал. Тэр үед интернетийн том сүлжээ Монголд байх нь битгий хэл, Монголд 10 хүн л мэддэг байсан байх. Эргээд харахад хүн болгоны бизнес тусдаа, олон бизнес нийлж ажиллах гэдэг өөр асуудал. Өөрөөр хэлбэл, Нарантуул зах дээр хүн болгон гутал, лаа, чүдэнз зарж байгаа. Гэтэл нийлүүлээд нэг Нарантуул Монголд алга. Чи хэчнээн мундаг лаа хийгээд Нарантуул байхгүй бол танил хажуугийнхаа гурван айлд л зарна. Харин чи Walmart-д зарвал маргааш гэхэд баян болно. Гадна талын тэр зах зээл гэдэг чухал зүйл.
-Та технологи талаас нь сонирхдог. Харин би бизнес талаас нь сонирхож байна. Надад ах нар ярьж байсан л даа. Ах нь 25-хан настай 1990-ээд оны дундуур хармаандаа 3 сая ам.доллартой, мөнгөө тоолж чадахгүй, өрөөн дотор кассчин хоёр охин суучихсан шөнөжингөө мөнгөө тоолдог байсан. Монголыг алгасаж Бээжин, Москва руу бараагаа ачуулчихдаг байсан. Тухайн үеийн сая ам.доллар их мөнгө шүү. Долларын саятан байсан гэж ярьдаг. Тэрийгээ Америкийн технологийн компаниуд руу хийсэн бол Монголд авилгад оролцохгүй, дэлхийн юм ярьж байх байсан байх даа.
– Тэд мөнгөө Амазон, Microsoft-д оруулаагүй байж болно. Монголдоо компани байгуулсан юм уу гэхээр үгүй байдаг. Тэр хүмүүсийн мөнгө зарим нь Солонгосын казинод дууссан. Зарим нь том цементэн байшин болоод, зарим нь улс төрд үрсэн. Үнэхээр тэр үеийн Уалл Стрийт, зах зээлийн механизм, бирж, хөрөнгө оруулалтыг мэддэг байсан бол өөрөөр тоглоно.
Бүх зүйл өөрийн цаг хугацаатай.
Билл Гейтсийн түүхээс харахад оюутан байхдаа маш олон компаниар явсан ч нэгтэй нь ч уулзаж чадаагүй байдаг. Түүнийг тийш нь оруулдаг ч үгүй байж. Харин Digital research компанийн захирал IBM компанийн саналыг хүлээж авахгүй амралтаа аваад явчихсан байж таарч. Тэр хооронд Билл Гейтс үүд сахиж суусаар орж, уулзаж чадсан байдаг. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр бид өнөөдрийнхөө боломжоор л явна. Өнөөдөр бидэнд Билл Гейтсийн залуу байсан үеийнхээс их боломж бий. Өнөөдөр бид өнгөрсөн үеийнхнээс илүү мэдээлэлтэй байгаа юм шиг атлаа Хятадын зах зээлийн талаар яриад эхлэхэд л мэдээлэлгүй байгаа нь мэдэгддэг.
-Өнгөрсөн долоо хоногт Тесла компанийн хувьцаа 10 хувиар өслөө. Таван жилийн өмнө 100 мянган ам.доллараар хувьцааг нь авчихсан хүн байвал түүнийгээ хэд дахин нугалах нь байна. Гэтэл өнөөдөр алт ухаад баяжчихсан ах нар яагаад тэр мөнгөөрөө шилдэг технологийн компанийн хувьцаа худалдаж авдаггүй юм бэ?
-Нэгдүгээрт, тэдэнд мэдээлэл байхгүй. Хоёрдугаарт, тэдний амьдралын хэв маяг нь хөрөнгө оруулагч биш. Магадгүй тэр үүргийн наймаа хийдэг, гахай зөөдөг, эсвэл алт ухдаг хүн. Тэгэхээр хөрөнгөө тасралтгүй хөгжүүлэх, хуучнаар бол үе дамжсан наймаачны ухаан, соёл байхгүй. Хэрэв үе дамжсан Францын банкирын долоо дахь үеийн хүн байсан бол түүнд бүх зүйл мөнгө болж харагдана. Харин үе дамжсан малчин бол тухайн хүнд мөнгө харагдахгүй, хонь л харагдана. Тэгэхээр бид өөрсдийн амьдралын хэв загвараар л сэтгэж байгаа юм. Бирж, Wall Street, эсвэл томоохон компанид хөрөнгө оруулна гэдэг эрүүл монгол хүний толгойд одоохондоо багтахгүй байна.
Бид бол мөнгөтэй ядуу хүн. Мөнгөтэй ядуу хүн болон баян хүн хоорондоо ялгаатай. Мөнгөтэй ядуу хүн баян хүнээс 10 дахин их мөнгөтэй байж болно. Гэхдээ л ядуу байж бас болно. Сугалаа сугалаад их мөнгө хожсон 200 хүнийг судлахад дөнгөж тав нь тухайн мөнгөө цааш хөгжүүлж, арвижуулсан байдаг. 195 нь зүгээр л мөнгөтэй ядуу хүн хэвээр үлдэж, хонжворын мөнгөөрөө яг хуучин шигээ л амьдарсан. Тэд архи ууж, гудамжинд зодоон нүдээн хийж, казинод орж тоглоод л, эсвэл тансаглаад л өнөө мөнгөө дуусгадаг. Хэрвээ дэлхийн бүх мөнгийг цуглуулж, ядууст тарааж өгвөл гурван жилийн дараа бүх ядуу хүн буцаад л ядуу болно гэсэн үг бий. Тэгэхээр асуулт бол мөнгө биш. Тэр хүний амьдралын хэв загвар, сэтгэлгээ, биеэ авч яваа байдал. Хэдэн үе дамжсаны дараа бид тодорхой хэмжээнд мөнгөний ухаантай болно. Харин 10 үеийн дараа бид еврейчүүд шиг болно.
-Тухайн үед таныг хамгийн хөрөнгө сайтай бизнесмен байсан гэж би ойлгодог?
-Үгүй дээ. Яагаад гэвэл тухайн үед уул уурхай гэж байгаагүй. Тэр үед бүгд ядуу байсан учраас л би мөнгөтэй харагдаж байсан хэрэг. Өнөөдөр Монголын баялгийн 90 хувь нь уул уурхай. Хэрэв уул уурхайгүй бол олон улсын стандартаар баян оронд тооцогдохгүй. Жишээлбэл, мэдээллийн технологийн салбарын хөгжлөөрөө Америк, Монгол хоёр тэс өөр. Facebook, Yahoo гэх мэт платформууд яагаад үнэгүй байгаа юм? Ард нь Wall Street байна. Тэд 50 жилийн дараах дэлхийн зах зээлийг худалдаж авч байгаа учраас түрүүлээд мөнгөө төлж байна. Өнөөдөр Facebook-т мөнгө төл гэвэл 10, магадгүй 100 дахин бага хүн орно. Өөрөөр хэлбэл, Wall Street-ийн хөрөнгө оруулагчид ирээдүйг худалдан авч байгаа болохоос өнөөдрийн Facebook-ийг аваагүй, харин нэг тэрбум хүнтэй зах зээлийг нь худалдан авч байна гэсэн үг.
Манайд хэрэглэгчдээсээ мөнгө татаж бизнес хийе гэвэл одоохондоо боломжгүй. Монголд мэдээллийн технологи хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан энэ. Уг салбарыг хөрөнгө оруулагчид санхүүжүүлж байдаг. Тэд 20 жилийн дараах ашгаа бодож, өнөөдөр мөнгө зарцуулдаг гэсэн үг. Түүнээс биш зах зээлээсээ мөнгө олдоггүй. Өнөөдөр Монголд 20 жилийн дараах ашиг харж, шийдвэр гаргадаг хөрөнгө оруулагч байхгүй. Тийм ч учраас Зукерберг Монголд ирвэл Computer land-д компьютер форматлаад л сууж байх байсан. Яг үүнтэй адил 1990 онд ардчиллыг эхлүүлээд явж байхад бидэнд мэдээлэл ч, ер юу ч байгаагүй. Өнөөдөр Монголын маш олон хүн баяжсан. Гэхдээ 90 хувь нь уул уурхайгаас.
Энд нэг зүйлийг анзаараарай. Яагаад уул уурхай хамгийн эргэлзээтэй салбар вэ гэвэл дээрх 90 хувь газрын баялаг болохоос тухайн хүний чадвар, мэдлэг, технологи биш. Монголчуудын компани, маркетинг, менежментийн чадвар ч биш. Тиймээс уул уурхай дуусвал дагаад нурах аюултай. Тэгэхээр уул уурхайг монголчууд хөгжил болгож чадах уу, эс чадах уу гэдэг л асуулт. Нүүрсээ дуусахаар буцаад л ядуу болох уу?
Уул уурхай бол Монголын аз. Биднийг нэг удаа асаах цэнэг.
Энд байгаа гар утас, аяга, микрофон, ширээ гээд бүгд л тодорхой хугацааны өмнө хүний бодол байсан. Тэгэхээр ямарваа нэг материаллаг эд, техник, технологи эхлээд толгойд бий болдог. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн эх үндэс тархинд бий. Яг үүнтэй адил сая доллар олоод баяжсан хоёр хүн өөр хоорондоо ялгаатай. Яагаад нэг нь ядуу хүн гэвэл тэрхүү сая долларыг үүсгэдэг мэдлэг байхгүй бол зүгээр л азтай байсан гэсэн үг. Гэтэл сая доллартой еврей хүнээс түүнийг нь авчихвал хэсэг хугацааны дараа эргээд л төдий хэрийн хөрөнгөтэй болж чадна. Учир нь түүнд сая долларыг бий болгох мэдлэг бий.
Тэгэхээр уул уурхай бол Монголын аз. Биднийг нэг удаа асаах батарей. Энэ хооронд бид амжиж машин үйлдвэрлэж, боловсролоо дээшлүүлж чадах уу? Би нэг л зүйлийг мэдэрч байна. Ирэх 15 жил өмнөх шигээ байхгүй. Дэлхийн их гүрнүүдийн харилцаа, хүчний тэнцвэр хуучных шигээ явахгүй. Америк дэлхийд ноёлсон ертөнц одоо төгсөж байна. Хятад Америкийн зөрчилдөөн гэхэд хоёр удирдагч нь хоорондоо муудчихаад байгаа юм биш. Үндэс сууриараа зөрчилдөж буй хэрэг.
Энд бид Орос, Хятадыг хараагаад ямар ч утгагүй. Хятад хэчнээн муу байсан ч бид наймаа хийж, тохиролцох ёстой. Орос хэчнээн муу байсан ч бид зохицох л болно. Энэ бол зугтах аргагүй нөхцөл байдал. Бидний эмоц, хоосон хараал, хоосон ярианы үе өнгөрч, илүү прагматик болохыг шаардаж эхэллээ. Хоосон үндсэрхэг үзэл, хоосон хөөрлөө зогсоож, Финлянд улс шиг л болох хэрэгтэй. Оросын колони байсан, бүр дайн ч хийж явсан улс. Европын холбоо Орос улсад хориг тавьчихсан энэ үед хамгийн их хожиж байгаа нь Финлянд. Учир нь тэдэнд хоосон эмоц алга. Оронд нь тохирсныхоо дагуу худалдаа, наймаа хийж, найдвартай байж чадаж байна. Эргэн Монголтойгоо холбоход бид хөөсрөхөө болиод бодит ертөнцдөө бууж, Орос, Хятад хоёрын дунд яаж амьдрах вэ гэдгээ л сайн ойлгох хэрэгтэй.
Бидэнд хийх ёстой гэрийн даалгавар маш их байна.
Дундаж монгол хүн дундаж япон хүнээс дутуу биш, харин илүү гэж бодъё. Гэтэл 10 япон хүн 10 Монголоос хамаагүй илүү. Жишээлбэл, монгол хүн герман хүнээс дутуу биш байж болно. Гэхдээ 11 монгол хүн Германы хөл бөмбөгийн 11 хүнтэй багаас 100 дахин дутуу. Учир нь тэдэнд институт буюу хамтарч цогцлоосон системийнх нь давуу чанар байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг хүнд байхгүй зүйл 10 хүнд байна гэсэн үг. Яг үүнтэй адил монголчууд бид тус тусдаа нэг хятад хүнтэй өрсөлдөхгүй. Харин 1000 монгол хүн 1000 хятад хүнтэй өрсөлдөнө гэдгийг л санах хэрэгтэй. Тэгэхээр нэг монгол хүний асуудал энд хамаагүй болчхож байна. Дэлхийн төвшинд бид хувь хүний өрсөлдөөн ярихгүй, багийн өрсөлдөөний тухай л авч үзнэ. Монгол дахь өрнөж буй өрсөлдөөний хэлбэрийг бид гадагш шууд гаргаж чадахгүй. Хэчнээн ухаантай байгаад ч боломжгүй. Учир нь бид баг болж чадахгүй байна. Бидэнд хийх ёстой гэрийн даалгавар маш их байна. Тиймээс Хятадтай өрсөлдөхөөс өмнө 1000 монгол яаж нэг команд болж, технологи бүтээх вэ, ямар стратегиар ажиллах юм гэдгээ тодорхой болгох ёстой. Нэг үгээр, бид 11 хүнтэй хөл бөмбөгийн багаа байгуулаагүй байж, дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнд орох тухай яриад байж болохгүй шүү дээ. Дэлхийн тэмцээн бол дандаа л командын тоглоом.
Хүн хүсэл мөрөөдөл, зорилгоороо цааш урагшилдаг. Яагаад монголчууд хоорондоо таарамжгүй байдаг гэхээр дундаа нэг зорилгогүй. Мөрөөдөл нэгтэй хүмүүс илүү сайн найзууд болдог. Тиймээс 20 жил, 100 жил хамт явахын тулд хангалттай том зорилготой байх хэрэгтэй.
Энгийнээр хэлбэл, ертөнцийн бүх зүйл хоёр талтай. Чи нэг зүйл ярихад, чиний эсрэг ярих хүн байж л таарна. Ямар нэг хүчинд түүний эсрэг хүч үргэлж үйлчилж байдаг. Ингэж байж л ертөнц тогтвортой оршдог. Тэгэхээр эсрэг үзэл байна гэдэг муу биш. Магадгүй эсрэг хүч чамайг илүү хүчтэй болгодог. Тэрхүү эсрэг хүч үхвэл чи дагаад үхэж ч болно. Өрсөлдөгч байхгүй бол чиний idea хөгжихгүй. Ертөнцийг хөгжүүлж байдаг зүйл бол эсрэг тэсрэгийн хууль.
Бүх зүйл жижгээс, энгийнээс эхэлдэг. Коллинзийн менежментийн номонд “Чи автобусандаа зөв хүмүүсийг суулга. Тэр хүмүүс хаашаа явахаа өөрөө мэднэ” гэж гоё үг бий. Яг үүнтэй адил чи бид чадах зүйлээ л хийнэ. Цасан бөмбөг уруудах тусам томордог шиг тодорхой тоонд хүрмэгцээ энэ бүхэн хүнээс хамаарахаа болино. Чи бид байхгүй болсон ч, бидний эсрэг зүйл хэчнээн ярьсан ч энд хамаарахгүй. Өөрийн энерцээр явдаг болно. Үүнийг моментум гэж нэрлэдэг. Тэгэхээр бидний үүрэг бол моментум үүсгэх. Тэгэхээр хэн нэг лидер, санаачлагчийн үүрэг бол моментум хүртэл шүдээ зуух. Чадахгүй бол дараагийн хүн үргэлжлүүлнэ. Чи бидний ярьж буй зүйл биеллээ олж амжихгүй бол дараа дараагийн хэдэн үе үүнийг бүтээхийн төлөө явж магадгүй.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Ideree’s podcast