Ямар ч сошиал медиа платформын гол зорилго хэрэглэгчийн анхаарлыг цаг ямагт татаж, дэлгэцийн өмнө аль болох удаан уях байдаг. Энэ зорилгоо хэр зэрэг гүйцэлдүүлж байгаагаас тухайн сошиал медиа амжилтад хүрэх эсэх нь шийдэгддэг гэж болно. Тэгвэл дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд халуун сэдэв болоод буй Clubhouse чат аппликэйшн энэ зорилгоо бүрэн хангаж, үүсгэн байгуулагдаад жил хүрээгүй (11 сар) боловч зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум ам.долларт хүрээд байна. Гэтэл энэ нь Facebook, Twitter зэрэг технологийн аваргуудын хувьд хэдэн жилийг зарцуулж байж хүрсэн үр дүн.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Clubhouse апп-ийг зургаан сая хүн идэвхтэй ашиглаж буйгаас дийлэнх нь өнгөрсөн сар гаруйн хугацаанд бүртгүүлсэн шинэхэн хэрэглэгчид байгаа юм. Шалтгаан нь Илон Маск, Марк Закерберг тэргүүтэй технологийн алдартнууд уг платформд нэгдэж, хэлэлцүүлэгт зочноор уригдсан зэрэгтэй холбоотой (Мөн Опра Уинфри, Жон Майер, Линдси Лохан зэрэг алдартан нэгдээд буй). Үүний дараахан хүмүүсийн анхаарлын төвд орж, өнгөрсөн тавдугаар сард мянга гаруйхан хэрэглэгчтэй байсан энэхүү апп технологийн ертөнцийн “шинэ од” болон хувираад байна.
Ковид-19 цар тахлын үеэр хүмүүс өөр хоорондоо “шинэ хэлбэр”-ээр харилцах боломжтой платформ зах зээлд гарч ирсэн нь сонирхолтой давхцал…
Америкийн Цахиурын хөндийгөөс гаралтай уг жижиг стартап нь өдгөө 10 гаруй ажилтантай. Үүсгэн байгуулагчид нь технологийн салбарт ажилласан чамгүй туршлагатай Пол Дэвисон (40), Рохан Сет (36) нар юм. Тэд хоёул Стэнфордын их сургуулийн төгсөгчид бөгөөд 2011 онд анх танилцаж, улмаар 2019 онд Talkshow нэртэй подкастинг апп хөгжүүлснээ “Сүүлчийн ганц оролдлого” хэмээн нэрлэж байж. Гэхдээ анхны хувилбар нь байдаг л нэг апп болчихсон учраас тэд нэмж хөгжүүлэн, зочин-хөтлөгч гэсэн ойлголтыг эвдэж, хүссэн хүн бүр нэгдэх боломжийг үүсгэсэн нь Clubhouse-ийн өнөөгийн дүр төрх бүрдэх эхлэл болжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард тэд Clubhouse-ийг зах зээлд анхлан нэвтрүүлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа Andreessen Horowitz фирмээс 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт авснаар шинэхэн апп-ийн үнэлгээ 100 сая ам.долларт хүрчээ. Тэр үед ердөө л хоёр ажилтантай байв. Харин өнөөдөр үнэлгээ нь хэд дахин өсөөд буй уг апп бета хувилбартаа туршигдсаар байгаа юм.
Facebook, Twitter компаниуд Clubhouse-тай төстэй, өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг хэдийнэ хөгжүүлээд эхэлжээ.
Хятадын TikTok апп-аас хойш олон нийтийн дунд тэсрэлт үүсгэсэн дараагийн платформоор нэрлэгдээд буй Clubhouse апп-ийн онцлогууд:
-Текст, видео, зураг зэрэг контентд суурилсан “уламжлалт” хэлбэрийн агуулгаас зайлсхийж, АУДИО-г гол “зэмсэг” болгосон. Өөрөөр хэлбэл, хүмүүс хоорондоо зөвхөн дуу хоолойгоо ашиглан харилцах бөгөөд энэ нь яг одоо буюу realtime байдлаар өрнөдгөөрөө бусад сошиал медиагаас ялгаатай. (Шууд өрнөж буй эдгээр харилцан яриа хадгалагдан үлддэггүй)
-Хэрэглэгчид өөрийн хүссэн төрөл бүрийн сэдвээрээ өрөө үүсгэж, яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Мөн бусдын үүсгэсэн өрөөнүүдэд зочилж, сонсогч, илтгэгч, модератор болж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Гол нь ХИЛ ХЯЗГААР ҮГҮЙ учраас дэлхийн хаана ч оршин суудаг, хэнбугайн ч үүсгэсэн өрөөнд та зочлох боломжтой. Нэг өрөөнд дээд тал нь 5000+ хүртэлх хэрэглэгч цуглах хязгаарыг тогтоож өгчээ.
-Хэрэглэгч болохын тулд өмнө нь бүртгэлтэй хэрэглэгчээс танд заавал УРИЛГА илгээх шаардлагатай. Харин нэгэнт хэрэглэгч болсон бол Clubhouse-ийн зүгээс тодорхой тооны урилгыг танд олгож, та цааш хэрэглэгч болох хүсэлтэй хүнд дамжуулан буухиалах замаар апп-ийн “хүн ам” нэмэгддэг. Апп-ийг хэрэглэх тусам танд урилга нэмж олгосоор байх болно. Энэхүү онцгой нөхцөл нь хүмүүсийн анхаарлыг татаж, “онцгой” зүйл хэрэглэх, бусдаас хоцрохгүй байх (FOMO буюу fear of missing out гэх ойлголт) гэсэн сэтгэл зүйг хүчтэй өдөөж буй нь амжилт үзүүлэх өөр нэг хүчин зүйл болжээ. (eBay онлайн худалдааны платформд Clubhouse-ийн урилга 89 ам.доллар хүрсэн тохиолдол ч бүртгэгджээ)
-Одоогоор уг апп зөвхөн IOS үйлдлийн системийг дэмждэг буюу Apple компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн хувьд л нээлттэй байгаа юм. Гэхдээ үүсгэн байгуулагчдын зүгээс аппд шинэ функцүүд нэмж, Android хувилбарыг удахгүй нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
***
Clubhouse платформ бизнес эрхлэгч, маркетер, көүч, сургагч багш нар болоод бусад мэргэжлийн хүмүүсийн хувьд ажил хэргээ идэвхтэй өрнүүлэх боломжтой талбарын тоонд зүй ёсоор тооцогдож байна. Мөн нетворкинг үүсгэх, мэдлэг, мэдээллээ тэлэх, өөрийгөө илэрхийлж, санал бодлоо бусадтай хуваалцах тохиромжтой суваг болж буй нь хэрэглэгчдийг татах шалтгаануудын нэг гэж хэлж болно.
Өмнө нь асар их хөрөнгө, цаг зарцуулж зохион байгуулдаг байсан хурал чуулган, эвентүүдээс ялгарах зүйл үгүй, өргөн олныг хамарсан хэлэлцүүлгүүд Clubhouse-д өрнөж буйг та анзаарсан байх. Мөн олон янзын албан тушаал, мэргэжил, сонирхол бүхий хүмүүс нэг цагт, нэг дор цуглан нэгэн сэдвийн хүрээнд ярьж, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн нь технологийн дэвшил холыг ойртуулж, олныг холбож буйн тод жишээ болж буй.
Онцлох:
Clubhouse аппликэйшныг Хятад улсад ашиглахыг хориглосон бөгөөд Герман болон Итали улсын холбогдох албаныхан тус апп-ийн хувь хүний дататай холбоотой зарим нөхцөлийг Европын холбооны Өгөгдлийг хамгаалах хуульд нийцүүлэх шаардлагатай гэдгийг илэрхийлээд байгаа юм.
Мөн аппликэйшн хэрэглэгчдийн дунд баталгаагүй, үнэн зөв эсэх нь тодорхойгүй мэдээлэл түгээх, хэн нэгнийг арьс өнгө, нас хүйс, үзэл бодлоор нь ялгаварлах, хувийн мэдээллийг алдагдуулах зэрэг сөрөг үр дагавар гараад буй.