Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон жилийн туршлагатай, чадварлаг, мэргэшсэн зөвлөхүүдийн үүрэг тун чухал. Энэ ч утгаараа MARS-V төсөл Монголдоо тэргүүлэгч мэргэжилтнүүдээр төслийн багаа өргөжүүлж, үнэ цэн нэмж буй. Тэдгээр шилдэг хүчнүүдийн нэг, Монголын ногоон санхүүгийн корпорацийн гүйцэтгэх захирал, MARS-V төслийн зөвлөх Магваны Болдоотой ярилцлаа. Тэрбээр мөн PMI Mongolia Chapter ГҮТББ-ийн ерөнхийлөгчөөр ажилладаг учраас бид MARS-V төслийн онцлог, ач холбогдол, нүдэнд үл үзэгдэх давуу тал хийгээд тулгарч болох сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замуудыг төслийн менежменттэй холбон түлхүү ярилцсан билээ.
Та MARS-V төслийн стратегийн зөвлөх. Энэ төслийн потенциалийг та хэрхэн дүгнэж байгаа вэ? Мөн төрийн болон хувийн секторт олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай нэгний хувьд энэхүү төсөлд ямар үнэ цэн шингээхийг зорин ажиллаж байна вэ?
MARS-V төслийг сайн дураар эхлүүлж, Засгийн газраас ямар нэг санхүүжилт, туслалцаагүйгээр ажиллаж буй залуучуудыг миний хувьд дэмжих төдий л оролцож байна. Харин дэлхийн түвшний том зорилгын дор залуучууд нэгдэж, хэрхэн хөдөлмөрлөж байгааг дэргэдээс нь харж байгаагийн хувьд бахархаж, бас олзуурхаж байна. Юуны түрүүнд монгол залуучуудын оюун санааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлнэ гэдэг утгаараа MARS-V төслийг асар том потенциальтай гэж харж байгаа. Том зорилго өмнөө тавивал том л амжилтад хүрдэг. Зорилго, чиглэлгүй урсгалаараа яваа хүмүүс амжилтад хүрнэ гэдэг бүтэшгүй зүйл. Нөгөө талаар, хөгжил гэхээр хүмүүс байшин барилга, зам харгуй гэж төсөөлөх нь бий. Гэтэл хөгжил гэдэг хамгийн түрүүнд оюун санаагаар дамжих ёстой. Тиймээс MARS-V төслийн хүрээнд нүдэнд үл үзэгдэх томоохон дэвшил, оюун санааны хувьсгал өрнөж байна гэдгийг онцолмоор байна.
Харин төслийн нүдэнд харагдах зорилго бол Монголын говь нутагт сансрын туршилт, судалгааны төв байгуулах. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сансрын судалгаа сонирхдог хүүхэд залуус, өөр хэн боловч ирж очдог дотоодын аялал жуулчлалын сонирхолтой төв байгуулах нь уг төслийн зөвхөн нүдэнд харагдах хэсэг. Ийм хоёр том потенциальтай учраас MARS-V төслийг дэмжин оролцож байна.
Уг төсөл Монголын нийгэм, эдийн засагт хэрэгцээтэйгээс гадна Марс гарагт хөл тавих хүн төрөлхтний хамтын мөрөөдлийг биелүүлэхэд монгол залуучууд хувь нэмрээ оруулахаар зорьж ажиллаж байна гэдэг нь өөрөө төслийн ач холбогдол, үнэ цэнийг илэрхийлж байгаа юм. MARS-V-д сайн дураараа ажиллая, цагаа зарцуулъя гээд бүртгүүлж буй мянга мянган залуучууд байгаагаас үзэхэд энэ төсөл Монголын нийгэмд гэрэл гэгээ авчирч, үнэ цэн нь аль хэдийнэ биеллээ олчихсон байна.
Энэ төсөл олон улсад ямар үнэ цэн авчрах вэ? Бидний оруулж чадах хувь нэмэр чухам юу байх бол?
MARS-V төсөл олон улсад гурван төрлийн үнэ цэн авчирна гэж бодож байна. Нэгт, Монголын байгаль, газар зүйн орчин өөрөө ихээхэн үнэ цэнтэй. Дэлхий дээр байгуулагдсан Марс руу явах туршилт хийж буй эрдэм шинжилгээний баазууд дотроос байгаль, газар зүйн орчноороо хамгийн төстэй нь Монголын говь. Агаарын температурын хэлбэлзэл энд 70 градус байна.Гэтэл зарим улс Марс гараг руу нисэхэд ашиглагдах тоног төхөөрөмжөө хиймэл орчинд илүү зардал гарган туршиж буй. Тэгэхээр Монголын байгальд ирж, туршилтаа хийхийг санал болгож буй нь олон улсын туршилтад оруулах үнэ цэн.
Хоёрт, Монголын говь цөлд амьдарч буй малчин ард түмэн эрс тэс уур амьсгал, ус, ургамалгүй орчинд хэрхэн дасан зохицож, аж төрж байна гэдэг тэр л ур чадвар, амьдрах ухаан өөрөө үнэ цэн. Нэг өдөрт дөрвөн улирал ээлжлэх шахам байдаг, эрс тэс, хүнд орчинд нүүдэлчид олон мянган жилийн турш маш хурдтай шийдвэр гаргаж, нөхцөл байдалдаа түргэн дасан зохицдог чадвартай болсон. Ийм хүмүүс сансрын нисэгчдэд хүнд нөхцөлийг даван туулах, амь гарах ур чадварыг зааж өгч, өвлүүлэх болов уу.
Гуравт, Монголын боловсролтой залуус өөрсдөө олон улсын Марс төсөлд оруулах үнэ цэн, хувь нэмэр болж чадна.
Хэрэв MARS-V төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ? Цаашлаад Монголын олон улсад эзлэх байр суурь хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ?
MARS-V бол шинжлэх ухаан, нийгэм, эдийн засагт асар өндөр ач холбогдолтой төсөл. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Монголын сансрын технологи өрсөлдөх түвшинд хараахан очоогүй байна. Гэхдээ сансрын технологиос суралцаж, энэ технологийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэсэн асар их хүсэл эрмэлзэл залуучуудад байна. Нөгөө талаар, MARS-V төслийг хэрэгжүүлэх нь монгол залуучуудын боловсрол, мэдлэг, IQ, EQ ямар өндөр түвшинд хүрсэн бэ гэдгийг олон улсад харуулж, шинжлэх ухааны салбарт танигдах том боломж, эхлэл.
MARS-V төслийн хүрээнд нүдэнд үл үзэгдэх томоохон дэвшил, оюун санааны хувьсгал өрнөж байна.
Харин нийгэмд үзүүлэх ач холбогдлын тухайд залуу үеийнхэнд томоор мөрөөдөж, урдаа том зорилго тавихад түлхэц үзүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох хүсэл эрмэлзлийг нь ч асааж, бадрааж өгч байна. Төсөлд оролцож буй залуус хамтран ажиллаж буй олон улсын нэртэй эрдэмтэн судлаачид, сансрын нисэгчид шигээ болох юм сан гэсэн эрч хүчийг авч байна. Эдгээр залуучуудыг хараад оюутан, сурагчид сансрын технологийг сонирхон судалж, хүн төрөлхтөн Марс гараг руу нисэх гэж буйтай холбоотой мэргэжил боловсролыг эзэмших хүсэл мөрөөдөлтэй болж буй. Тэгэхээр Монгол Улс аливааг бүтээж, шинэ зүйл хийх чадвартай залуу халаагаа бэлдэж байна гэсэн үг.
Эдийн засаг талаасаа яривал юуны өмнө хүмүүст говь нутагт баригдах аялал жуулчлалын төв гэж харагдаад байгаа. Энэхүү сансрын судалгааны төв байгуулагдсанаар гадаад, дотоодын жуулчдын томоохон урсгал нээгдэж, нүдэнд үл үзэгдэх экспортыг нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад валютын орлого орж ирнэ. Эндээс төвлөрүүлсэн татвараар улс боловсрол, эрүүл мэнд, зам харилцаа, шинжлэх ухаанаа санхүүжүүлнэ. Ирээдүйд ийм үр дагаврууд гарах боломжтой.
MARS-V төслийг хэрэгжүүлэхийн тулд бүхий л талууд хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Товчхондоо, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн нягт хамтын ажиллагаа бий болж байж энэ төсөл үр дүнд хүрнэ. Төслийн одоо бүрдээд буй хамт олон бол иргэний нийгмийн төлөөлөгчид. Төрийн бус байгууллагын статустайгаар ажиллаж байна. Мөн олон мэргэжлийн хүмүүс шинэ төсөлд хамтарч ажиллаж байна гэдэг утгаараа урьд өмнө байгаагүй шинэ бүтээл, үр дүн бий болгоно.
Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд төслийн менежмент чухал үүрэгтэй болов уу. Тухайлбал, төслийн эрсдэлийн менежмент, төслийн харилцаа холбооны менежмент, төслийн хүний нөөцийн менежмент гээд олон зүйл яригдана. MARS-V-ийн тухайд олон улсын төслийн менежментийн ямар стандартуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Юуны өмнө уншигчдад зориулаад төсөл гэж юу болох талаар товчхон хэлж өгье. Төсөл гэж хүмүүсийн дунд бараг л амны уншлага болсон үг. Гэтэл төсөл гэж өөрөө юу вэ? Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол эхлэлтэй, төгсгөлтэй, зорилготой, ажлын цар хүрээтэй, хэрэгжүүлэх төсөвтэй, дахин давтагдашгүй зүйлийг төсөл гэж нэрлэдэг. Төсөл гэхээр хүмүүс айж эмээж, нүсэр зүйл мэтээр ойлгох нь бий. Тэгтэл хонины нэг гуя шарах ч өөрөө төсөл. Хонины гуя шарахад эхэлнэ, шараад дуусахад төгсөнө. Энэ хонины гуяыг урьд өмнө байгаагүй амттайгаар шарж, найз нөхдөө дайлъя гэдэг бол зорилго. Хонины гуяа худалдаж авч, цахилгаан зууханд шарна гэдэг өөрөө төсөв. Тэгэхээр бүхэлд нь харвал нэг төсөл. Үүнтэй адил бид өдөр тутам төсөл хэрэгжүүлж байдаг. Тэгэхээр дээрх нэр томъёогоор бол MARS-V олон улсын том төсөл.
Аливаа төсөл том, жижиг ямар ч цар хүрээтэй байж болно. Гол нь төслийг маш оновчтой хэрэгжүүлэх ёстой. Удирдлагын оновчтой арга барилыг ашиглаж, эцсийн зорилгодоо хүрэх ёстой. Үүнтэй холбоотой олон улсын PMBOK (Project management body of knowledge) стандарт гэж бий. Төслийн удирдлагын мэдлэгийн хүрээ гэж орчуулж болно. Аливаа төслийг хэрэгжүүлэхэд шинэ санаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, хяналт, эцсийн шат буюу төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах гэсэн таван үе шатыг дамждаг. Ингээд хэлэхээр хэн ч мэдэхээр энгийн шат дамжлагууд. Эдгээр таван үе шат бүрд ахиад 10 үе шат нэмэгдэнэ. Эрсдэлийн менежмент, хүний нөөцийн менежмент, харилцаа холбооны менежмент гэдэг бол энэ 10 үе шатын ердөө гурав нь юм. Таван хязгаар, мэдлэгийн 10 хүрээг дотор нь задалбал 49 шат дамжлага бий. Эдгээр алхмыг эзэмшсэн хүнийг төслийн удирдагч гэж нэрлэдэг. Товчхондоо, ийм. Энэ стандартыг эзэмшиж, тархи толгойдоо шингээсэн хүмүүс буюу төслийн удирдагчид Монгол Улсыг хөгжүүлэх хэрэгтэй.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор эхлэлтэй, төгсгөлтэй, зорилготой, ажлын цар хүрээтэй, хэрэгжүүлэх төсөвтэй, дахин давтагдашгүй зүйлийг төсөл гэж нэрлэдэг.
Харин MARS-V төслийн багийнхны ажлын арга барилыг харахад agile аргаар ажиллаж байх шиг. Энэ үгийг ганц үгээр орчуулбал шаламгай гэж болно. Утгачилбал, нөхцөл байдалд дасан зохицож уян хатан шийдвэр гаргах арга барил. Сүүлийн үед дэлхий даяар трэнд болж буй төслийн удирдлагын арга барил юм. Нэг талаас нүүдэлчдийн мах цусанд шингэсэн, монголчуудад заяамал арга барил ч гэж ойлгож болно. MARS-V төслийг хэрэгжүүлэхийн тулд залуучууд өөр хоорондоо тасралтгүй харилцах замаар мэдээлэл солилцож, тулгарч буй асуудлыг тэр дор нь хамтран шийдвэрлэж буйг agile арга барил гэж нэрлээд байгаа юм. Нөгөө талаар, залуучууд маань уг арга барил дээрээ системтэй, техникийн ур чадварыг нэмэх хэрэгтэй. Ингэхийн тулд мэргэжлийн хүмүүс сайн дураараа төслийн багт нэгдэж, тусалбал маш их хэрэг болно. MARS-V маш том төсөл учраас анхнаасаа системтэй явах нь чухал. Нэг үгээр, мөрөөдлийг ажил хэрэг болгодог гол арга зам бол төслийн удирдлага.
MARS-V төслийг хэрэгжүүлэхэд тулгарах гол сорилтууд юу байх бол? Энэ тухайд ямар шийдлүүдийг авч хэрэгжүүлэх вэ?
Уг төслийг хэрэгжүүлэх явцад асар олон саад бэрхшээл тулгарч байна. Цаашид ч тулгарах болно. Энэ дундаас хамгийн том бэрхшээл бол төслийн олон оролцогчийг өөр хооронд нь уялдуулж, удирдан зохион байгуулах. Тодруулбал, иргэний нийгэм, Засгийн газрын хамтын ажиллагааг удирдлага, зохион байгуулалт талаас нь тасралтгүй хангаж ажиллах ёстой. Хэдий MARS-V төслийн зорилго Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа ч монголчуудыг нэгтгэсэн үндэсний төсөл гэх онцлогоо эн тэргүүнд тавих ёстой. Энэ ч утгаараа хувийн ашиг сонирхол, улс төрийн явцуу үзэл бодлыг хаяж, монголчуудын нийтлэг эрх ашигт нийцсэн төсөл гэдэг үүднээс хандаж, хоорондоо хамтран ажиллах нь маш чухал. Энэхүү үйл ажиллагааг тасралтгүй хангах удирдлага, зохион байгуулалтын бүтэц бий болгох ёстой. Гэхдээ энэ бол шийдэж болох саад бэрхшээл. Одоогоор MARS-V төсөл цэвэр сайн дурын үүсгэл санаачлагаар явж байна. Энэ бүхэн маш хүчтэй боловч хангалттай биш. Сайн дурын хөдөлгөөн дэмжлэггүй, түншгүй, орчин байхгүй бол унтарч болно. Тиймээс л дээрх бүтэц хэрэгтэй гээд байгаа юм.
Дараагийн саад бэрхшээл бол зардал. Тодорхой хэмжээний төсвийг улсаас гаргах нь зөв. Мөн төсөлд хувийн хэвшлээс яаж хөрөнгө оруулах вэ гэдгийг тодорхой болгох нь ч чухал. Нөгөө талаар, энэ төслийг бие даалгаж, эрх хэмжээг нь олгож, хараат бус статустай болгох хэрэгтэй. Тухайлбал, төсвийн болон гадаадын буцалтгүй тусламжийг олгож, эхлээд амьдруулах шаардлагатай. Тэгж байж уг төсөл цааш үргэлжилж, өөрөө өөрийгөө авч явах шилжилтийн үе рүүгээ орно.
MARS-V өөрөө маш шинэлэг төсөл учраас уламжлалт төслийн менежментийн арга барилаас татгалзах шаардлагатай болж байгаа болов уу? Энэхүү төслийн онцлог болон өрсөлдөх чадварыг хэрхэн харж байна вэ?
Энэ төслийн хүрээнд урьд өмнө байгаагүй томоохон зорилт тавьсан учраас шинэлэг арга барилаар ажиллах ёстой. Ямар нэг баригдмал арга барил, хүнд суртлаас ангид ажиллахын зэрэгцээ олон оролцогчийн бодол санааг шингээж, асар хурдан шийдвэр гаргах шаардлагатай. Аливаад бүтээлч хандаж, түрүүн хэлсэнчлэн agile арга барилаар ажиллахыг давхар шаардаж буй. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдалд түргэн шуурхай дасан зохицож, уян хатан шийдвэр гаргах арга, дээр нь төслийн удирдлагын техникийн ур чадварыг эзэмшсэн байх нь чухал гэсэн үг.
Мөн хүнтэй харилцах, манлайлах ур чадварыг сайтар эзэмшсэн хүмүүс энэ төслийн багт хэрэгтэй. Сүүлийн үед төслийн удирдлагын менежерүүдээс шаардаж буй нэг ур чадвар бол хүнтэй харилцах. Тухайн хүн зөвхөн техникийн ур чадвартай бол урдаа байгаа нарийн ширийн асуудал руу гүнзгийрч ордог ч , том зургаар харж чаддаггүй. Тиймээс нарийн ширийн ажлаа том зурагтайгаа холбох чадвартай төслийн удирдагчийг бэлдэх шаардлагатай. Тэгж байж төсөл амжилттай хэрэгжинэ. Ийм менежерүүдийн эрэлт хэрэгцээ маш их байна. Нэг ёсондоо, амьдрал улам л өндөр шаардлагатай болж байна.
MARS-V төслийг хэрэгжүүлэхийн тулд залуучууд олон ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж байна. Эдгээр дэд ажлын хэсгээс урьдчилан төлөвлөөгүй үр дүн гарч, гадаад, дотоодод ашиглаж болох шинэ санаа, нээлт, судалгааны үр дүн бий болох боломжтой. Жишээлбэл, MARS-V-г хэрэгжүүлэхийн тулд Монголын говь цөлд археологийн, газар зүйн, геологийн зэрэг олон төрлийн судалгааг нэмэлтээр хийж болно. Үүний үр дүнд шинэ нээлт хийхийг үгүйсгэхгүй. Эсвэл говьд ус хайх, говийг ургамалжуулах, хүнсний ногоо тариалах, бэлчээрийн нөөцийг нөхөн сэргээх зэрэг судалгааг ч явуулах боломжтой. Бүр цаашилбал, Холливүүдын кино зураг авах орчныг бүрдүүлж яагаад болохгүй гэж? Эрх зүй, татварын тааламжтай орчин бүрдүүлж, байгаль, цаг уурын онцлогоо ашиглаж ихээхэн орлого олдог Исланд улс бол энэ чиглэлийн сонгодог жишээ. Хүн ам нь Монголоос 10 дахин бага ч, нэг хүнд ногдох ДНБ нь манайхаас 10 дахин их.
Тэгэхээр заавал сансрын судалгаа, туршилтын төв байгуулахдаа гол нь биш, маш олон завсрын эерэг үр дагаврыг бий болгож болно. Эндээс л MARS-V төслийн өрсөлдөх чадвар харагдах юм. Үүний төлөө ажиллах л хэрэгтэй. Болгоомжлоод суугаад байвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Болохоос нь болохгүйг хүртэл л зүтгэх хэрэгтэй. Товчхондоо, MARS-V төслөөр дамжуулж мөрөөдлийг мөнгө болгох боломжтой гэх юм уу даа.
Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2021 оны 01, 02 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно.
USA uuruu tsultei govitoi, Mongoliin govid zaaval turshaltuudaa hiih shaarlaga baigaa yu??
Goyo nertei goyo tusul . goyo goyo yum yarij bolno gehdee bodit shaardlaga . heregtsee , yamar asuudliig shiideed bgaagaa neg todorhoi tailbarlaad ugchvul…..
USA uuruu tsultei govitoi, Mongoliin govid zaaval turshaltuudaa hiih shaarlaga baigaa yu??
Goyo nertei goyo tusul . goyo goyo yum yarij bolno gehdee bodit shaardlaga . heregtsee , yamar asuudliig shiideed bgaagaa neg todorhoi tailbarlaad ugchvul…..