Италийн нэрт одон оронч Галилео Галилей өөрийн зохион бүтээсэн дуран авайгаар Марс гарагийг ажиглаж, энэ тухай тэмдэглэн үлдээсэн нь шинжлэх ухааны түүхэнд Марсыг олж харсан анхны тохиолдол хэмээн бүртгэгджээ. Энэ бол тэртээх 1609-1610 оны хооронд болж өнгөрсөн үйл явдал. Марсыг гар хийцийн, болхидуухан дурангаар анх ажигласнаас хойш өндөр технологиор өвч тоноглогдсон робот илгээж газардуулах хүртэл 388 жил шаардагджээ. Хүн төрөлхтөн хэдэн зуун дамнан шинжлэх ухаан, техник технологийг тасралтгүй хөгжүүлж ирсний үрээр 1997 онд Марс руу илгээсэн робот амжилттай газардаж, сансар судлалын түүхэнд цоо шинэ хуудас нээгдсэн нь тэр юм.
Өдгөө сансар судлалын гол талбар Марс болон хувирчээ. Тодруулбал, ирээдүйд хүн төрөлхтөн дэлхийтэй хамгийн ойр орших хөрш гараг Марст нутагшиж, улс хоорондын биш гараг хоорондын иргэншилтэй болох асуудал хөндөгдөж буй. Дэлхийн топ сансрын байгууллагууд 2035 он гэхэд хүн суулгасан сансрын хөлөг Марс руу илгээнэ гэсэн анхны товоо зарлаад байгаа. Тэд төлөвлөсөн хугацаандаа амжих, эс амжихын аль нь ч тохиосон бай нэг л зүйл тодорхой нь энэ хооронд маш их ажил өрнөж таарна. Марсыг бүхий л талаас танин мэдэх, судлах үйл явц үргэлжилсээр.
Энэ бүхэн өрнөж байх зуур Монголд нэгэн залуу найзуудаа цуглуулж, урьд өмнө хэний ч санаанд орж байгаагүй шинэлэг төсөл санаачилснаа танилцуулав. Шинэ он гарахаас гуравхан хоногийн өмнө цугласан хорин хүн түүний ярихыг анхааралтай сонсож, танилцуулга дууссаны дараа алга нижигнүүлэн ташиж, бүгд дэмжихээ илэрхийлжээ. Магадгүй тэдний төсөөлөлд Монголын говь нутагт сүндэрлэн боссон нүсэр том цогцолбор, түүнийг дагасан бүтээн байгуулалтууд амилан үзэгдэж, “Том мөрөөдөхөөс хэзээ ч битгий ай” гэх хаа нэгтээ хэлэгддэг тэр л үг санаанд нь бууж байсан биз ээ. Үүнээс ердөө гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 15-нд MARS-V төсөл нээлтээ хийлээ.
Дэлхий дээр орших 24 цөлөөс долоо нь л жилийн тодорхой хугацаанд хасах хэмтэй болдгоос манай говь хамгийн хүйтэн нь. Бас жилийн дөрвөн улиралд нэмэх, хасах 40 хэмийн хооронд хэлбэлздэгээрээ уур амьсгалын хувьд хамгийн эрс тэс. Мөн өндөрлөг газарт оршдог, хэт хуурай, хатуу ширүүн уур амьсгалтай зэргээрээ Марс гарагтай хамгийн ойролцоо орчин нөхцөлтэй газар нутагт тооцогдож буй. Энэ талаар МУИС-ийн физикийн тэнхим, сансар судлалын лабораторийн ахлах, MARS-V төслийн зөвлөх, доктор Р.Цолмон “Монголын говь Марстай төстэй гэдгийг бид тэмдэглээд зогсохгүй олон улсын судлаачид түүний үр дүнг боловсруулж, судалж шинжилсний эцэст адилхан гэдгийг баталсан. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүн гэсэн үг” хэмээн тайлбарлалаа. Газар нутгийн хэмжээ өргөн уудам, хур тунадас багавтар, салхины эрч ихтэйгээс гадна дэд бүтэц хөгжөөгүй алсмагдал байдал нь Марс гарагийг судлах олон улсын багийнхны хувьд бэлтгэлээ базаах хамгийн тохиромжтой нөхцөл. Манай говьд MARS-V төслийг хэрэгжүүлж болох хэд хэдэн боломжит байршил бий гэдгийг төслийн багаас мэдээлсэн. Байгаль, цаг уурын давуу талаас гадна геополитикийн хувьд хурцадмал асуудалгүй, тайван бүс нутаг бөгөөд цөмийн зэвсгээс ангид оршин тогтнодог зэргээрээ Монгол Улс бусад улс орноос мөн давуу талтай.
Энэ зах зээлийн нэг хувийг эзэмшихэд л Монгол Улсын эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлогыг жилд олох боломжтой.
Энэ л онцлогийг MARS-V төслийн санаачлагч С.Эрдэнэболд анх олж харж, ажил хэрэг болгосноор өдгөө үндсэн 85, дэмжигч 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг болон өргөжөөд байна. Нэмээд 2300 хүн төсөлд сайн дураараа оролцох хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд Марс гарагтай хамгийн төсөөтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн дасан зохицох сургалтын бааз байгуулах, сансрын судалгаа, хөгжүүлэлтийн чөлөөт бүс бий болгох, дагуул хот байгуулах зэрэг үндсэн гурван зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд нийт 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ энэ нь үе шаттайгаар бий болгох санхүүжилт бөгөөд хөрөнгө босгох гол арга зам нь олон улсад IPO хийх. “Одоогоор бид материаллаг болон оюуны үнэ цэнээ нэгтгэвэл нэг сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний үнэ цэнийг бий болгочихоод байна” хэмээн С.Эрдэнэболд онцолж байв.
Төсөл амжилттай хэрэгжвэл уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын эдийн засагт аялал жуулчлалын салбар жин дарж эхлэхийн зэрэгцээ говийг газар доорх баялгаар нь л төсөөлдөг цаг ард хоцорно. Аялал жуулчлалын салбарыг дагаад худалдаа, үйлчилгээ болон тээвэр, дэд бүтцийн салбар хөгжиж, эдийн засгийн гарц давхар нэмэгдэнэ. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Шинжлэх ухааны аялал жуулчлалд түшиглэсэн МARS-V төсөл нь тусгай сонирхлын аялал жуулчлалын төрлүүдийг говийн бүс рүү чиглүүлж, салбарыг бүсчлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улсыг олон улсын зах зээлд өөр өнцгөөс, шинэ дүр төрхөөр харуулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог. Ингэж урт хугацаандаа эдийн засагт ихээхэн үр өгөөжийг тогтмол өгөх боломжтой учир ирээдүйд уул уурхайн салбараас ч өндөр орлоготой болно гэж бид үзэж байна. Нөгөө талаар Засгийн газраас аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөртэй ч шууд уялдаж байгаа учраас MARS-V-г дэмжин ажиллах боломжтой” гэлээ.
Марс гарагт хүрэх хүн төрөлхтний алсын харааг холбоход Монголын говь хосгүй үнэ цэнтэй боломжийг бүтээж чадна. Монголын говь бол дэлхий дээрх Марс.
Нэг сая жуулчин хүлээн авах тухай бид удаан ярьж байгаа. Гэвч ихдээ л хагас сая жуулчин хүлээн авсан туршлага манай улсад бий. Тэгвэл МARS-V төсөл Монгол Улсын хувьд цоо шинэ нүүр царай, цоо шинэ боломжийг авчрахаар айсуй. “Монголын томоохон бизнесмэнүүд энэ төсөлд оролцож байгаа. Энэ хүмүүс уул уурхайн төслүүдээс залхаж байна шүү дээ. Тийм ч учраас эх орноо технологийн улс болгож, бусад улс орнуудтай өрсөлдүүлэхийг хүсэж байна” хэмээн төслийг санаачлан удирдаж буй С.Эрдэнэболд хэлж байна. Харин Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр “Марс гарагт хүрэх хүн төрөлхтний алсын харааг холбоход Монголын говь хосгүй үнэ цэнтэй боломжийг бүтээж чадна. Байгалийн тогтоц, газар зүйн онцлог, уур амьсгал, өвөрмөц байршлаар нь Монголын говийг дэлхий дээрх Марс гэж хэлж болно. Энэ л нөөц баялгаа бид зөв зохистой ашиглаж чадвал сансар огторгуй, цаашлаад Марсыг судлах үйл явцад оролцож, хурдасгах боломж бий. Марс руу илгээх хүнийг улаан гарагтай хамгийн адил орчин нөхцөлд, сайтар бэлдэх ёстой” хэмээн тодотгов.
Тэд MARS-V төслийн хүрээнд стратегийн гурван зорилт дэвшүүлжээ. Шинжлэх ухааны хувьд үнэ цэнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай бизнес моделийг боловсруулах, мөн улс төрийн хувьд гацаа үүсгэхгүй байх. Ийм гурван зорилтыг хэрэгжүүлж байж хөрөнгө оруулалт татахаас гадна сансар судлалынхны анхаарлыг мөн татна хэмээн тооцоолоод буй. Ингэхдээ сансрын технологийн хөрөнгө оруулалт босгож буй компаниудаас сургалтын захиалга авч, хүний нөөц бэлтгэх болон хувь хүмүүст ч сургалтад хамрагдан цагийг сонирхолтой, үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгон ажиллах аж. “Энэ зах зээлийн нэг хувийг эзэмшихэд л Монгол Улсын эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлогыг жилд олох боломжтой” гэж С.Эрдэнэболд онцолсон юм.
Эдийн засагт ач холбогдолтойгоос гадна нийгэмд ч эергээр нөлөөлж чадах төсөл гэдгээрээ MARS-V онцлог. Тухайлбал, тогтсон хэдхэн мэргэжлийг сонгох бус нанотехнологи, биотехнологи, сансрын геологи зэрэг нарийн мэргэжлээр суралцах залуу үеийнхний хүсэл эрмэлзлийг өрдөнө. Шинжлэх ухаан сонирхогчдын тоо ч нэмэгдэнэ. Мөн мянга мянгаараа хилийн чанадыг зорьж, гаднаас боломж хайх бус эх орондоо дэлхийн хэмжээний төсөлд оролцох боломж байна гэх зэргээр дотоод нөөц бололцоогоо илүү ойлгож, танина. Үүгээрээ нийгэмд тогтсон ойлголтыг доргиож, цоо шинэ үзэл санаа төрөн гарах хөрсийг бэлдэнэ хэмээн төслийн багийнхан үзэж буй. Үр дүнд нь, мэдлэгийн зах зээл Монголын эдийн засагт маш том давлагаа үүсгэнэ. Дээр нь, Монгол Улс дэлхийд өөрийгөө сурталчилж, монголчууд үнэ цэн бүтээгчид гэх мессэжийг олон улсад хүргэж чадах юм.
Монголын томоохон бизнесмэнүүд энэ төсөлд оролцож байгаа. Тэд уул уурхайн төслүүдээс залхаж байна шүү дээ. Тийм ч учраас эх орноо технологийн улс болгож, бусад улс орнуудтай өрсөлдүүлэхийг хүсэж байна.
Г.Амгаланбаяр “MARS-V-г зөвхөн бидний төсөл гэж ойлгож болохгүй. Харин хүн төрөлхтнийг Марстай холбох гүүр болно гэдэг утгаараа дэлхийн хамтын зорилгыг биелүүлэх төсөл гэж ойлгох хэрэгтэй. Бид дотоод нөөцөө тултал шавхана. Гэхдээ зарим ур чадварыг гаднаас авчрахаас өөр аргагүй. Тэгэхээр MARS-V бидэнд дэлхийн түвшинд сэтгэж, тэднээс суралцах боломж олгоно” гэж хэлсэн нь ч үүнтэй холбоотой.
Өдгөө Америк, Канад, Израиль, Польш зэрэг улсад Марсын загвар бааз байгуулагдаад буйг Марс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, доктор Роберт Зубрин “Дэлхий дээрх Марс” олон улсын хурлын үеэр онцолж, Монголын говьд ийм загвар бааз байгуулагдвал хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлсэн билээ. Ковид-19 цар тахлаас үүдэж эдийн засаг зогсонгошиж, ихэнх бизнес чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ч MARS-V төслийнхөн цаг хугацаа алдахыг хүсээгүй учраас ажил хэргээ онлайнаар саадгүй явуулсаар байгаагийн нэг илрэл нь дээрх хурлыг зохион байгуулснаас харагдана. MARS-V төслийг олон улсын тавцанд албан ёсоор танилцуулна гэсэн тодотголтой “Дэлхий дээрх Марс” хурлын үеэр Япон болон АНЭУ-ийн хамтарсан Марс төслийн удирдагч, доктор Хироаки Акияама “Марсын гадарга болон агаар мандлын загвар бааз байгуулахад Монгол Улсыг хамгийн тохиромжтой газар гэж би үздэг” хэмээж байв.
Одоогоор сансрын хамгийн хямд аялал нь Virgin Galactic компанийн 250 мянган ам.долларын аялал.
Энэ салбарын мэргэжилтнүүдээс гадна сансарт нисэхийг хүсдэг, сансрын уудмаар аялахыг мөрөөддөг, сансар огторгуйг сонирхон судалдаг нас насныханд MARS-V төслийн хүрээнд байгуулагдах дэргэдээ мэдлэгийн академи бүхий загвар бааз гайхалтай боломжийг олгох нь. Харин бодит утгаараа сансарт аялахыг хүсэгчдийн хувьд энэ төрлийн аяллын өртөг өндөр хэвээрээ байгаа юм. Өнөөдрийн байдлаар сансрын нисэгчдээс гадна дэлхийн агаар мандлаас гарч, сансрын уудамд аялсан найман хүн л бий. Хэрэв сансрын нисэгчдийг оролцуулбал, энэ тоо 570 гаруйд хүрнэ. Одоог хүртэлх хамгийн хямд аяллыг Virgin Galactic компани санал болгосон нь 250 мянган ам.доллар. Тус компани урьдчилсан захиалга авч буйгаа зарлахад 600 гаруй хүн бүртгүүлсний дотор Жастин Бибер, Леонардо ДиКаприо нар багтсан нь сонирхолтой. Гэвч Virgin Galactic өнөөг хүртэл арилжааны зорилготой ямар нэг нислэг үйлдээгүй байгаагаас гадна тасалбарын үнээ нэмэх нь тодорхой болоод буй. 2001 онд АНУ-ын саятан Деннис Тито Казахстан улсын нутаг дэвсгэрээс хөөрсөн “Союз TM-32” сансрын хөлгөөр дэлхийг тольдсоноор сансрын анхны жуулчин хэмээн түүхэнд нэрээ бичүүлж байв. Чингэхийн тулд тэрбээр Орос, Америкийн хамтарсан багт 20 сая ам.доллар төлсөн байдаг.
Өнөөдөр энэ зах зээлд SpaceX, Blue Origin, Virgin Galactic, Space Adventures, Axiom зэрэг голлох тоглогчид өрсөлдөхийн зэрэгцээ олон жижиг компани, стартапууд бий болжээ. Цаашид ч энэ тоо өсөж, тэрбум тэрбумаар хэмжигдэх зах зээлийн далайц хурдтай тэлэх хандлага ажиглагдаж буй. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид сансрын технологи, сансрын аялал жуулчлалын зах зээлийг хэдийнэ сонирхоод эхэлсэн гэсэн үг. Үүний нэг баталгааг 2019 оны аравдугаар сард Virgin Galactic компани Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаар салбартаа анхдагч болсон түүх өгүүлнэ.
Энэхүү сансрын өрсөлдөөний тэргүүн эгнээнд Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX хурдалсаар байна. Тус компани дахин ашиглах боломжтой пуужингийн технологи бүтээснээрээ олон сая ам.доллараар хэмжигдэж ирсэн өндөр зардалтай технологид хэмнэлт гэх ойлголтыг анх удаа нэвтрүүлсэн нь ихээхэн дэвшил авчрав. Одоогийн байдлаар SpaceX NASA-аас гадна Space Adventures, Axiom зэрэг хэд хэдэн хувийн компанитай хамтран сансрын нислэг үйлдэх гэрээг үзэглээд байгаа нь тэд технологи болон хурдаар илүүрхэж буйг харуулна. Сансрын компаниуд технологио тасралтгүй хөгжүүлж, хэзээ мөдгүй нислэг үйлдэнэ хэмээн товлосон хугацаагаа ээлж дараалан зарлаад байгаа ч жуулчин суулгасан сансрын хөлгөө хараахан хөөргөөгүй хэвээр байна. Тухайлбал, Axiom компани SpaceX-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд дөрвөн зорчигч бүхий анхны хувийн нислэгээ энэ оны хоёрдугаар хагаст багтааж хөөргөхийг зорьж буйгаа мэдээлсэн.
Хувийн компаниудын ийм өрсөлдөөнөөс гадна улс орнуудын Засгийн газар ч сансрын салбарт зарцуулж буй төсвөө үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсон нь улс үндэстний хүчин чадлаа харуулах, сурталчлах гэсэн хүсэл зорилгынх нь нэгээхэн илрэл юм. Тухайлбал, Хятадын сансрын агентлаг 11 тэрбум, Энэтхэгийн сансар судлалын байгууллага ISRO 1.2 тэрбум, Америкийн NASA 22.6 тэрбум, Европын сансрын агентлаг 7.43 тэрбум ам.долларын жилийн төсөвтэй байна.
Дэлхий нийт сансрын салбарт ийнхүү өндөр ач холбогдол өгч, анхаарал хандуулж буй энэ цаг үед монголчууд ч мөн уг салбарын тоглогч болж, хувь нэмэр оруулах боломж MARS-V төслөөр дамжуулан бүрдэж байгаа нь сайн хэрэг. Зах зээлээ тэлсээр буй дэлхийн аялал жуулчлалын салбарт Францын Эйфелийн цамхаг, Хятадын Цагаан хэрэм, Энэтхэгийн Таж Махал сонирхол татах нь багасч байгаатай зэрэгцэн илүү шинэлэг, өвөрмөц бүтээгдэхүүн санал болговол жуулчдын анхаарлыг соронзон мэт татаж чадна. Уг эрэлт хэрэгцээнд MARS-V төслийн зорилго хийгээд Монголын говийн алслагдмал байдал тун гайхалтай хоршиж буй.
Төслийн шинэлэг тал, потенциаль, алсын харааг олж харсан монгол залуус дэлхийн өнцөг булан бүрээс холбогдон нэгэн зорилгын дор сайн дураар нэгджээ. Өөр хоорондоо адилгүй мэргэжил эзэмшиж, ялгаатай салбарт ажилладаг эдгээр залуус MARS-V төсөл санаачлагдаагүй бол хамтран ажиллах боломж гарахгүй ч байсан байж мэднэ. Тэгэхээр энэ баг бүрдсэн гэдэг нь л өөрөө хангалттай үнэ цэнийг илтгэх аж. Тэд хамтдаа Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн гүүр байхыг хүсчээ. Залуус өдөр шөнөгүй ажилласаар буй. Хамгийн онцлууштай нь, бүгд сайн дураар MARS-V төслийн багт нэгдэж, өөрийн хөдөлмөр, цагаа зориулж байгаа юм. Монголчууд өөрсдийгөө хөгжлөөс хол хүмүүс гэж харах нь бий. Гэхдээ бид нэг зүгт хандаж, нэгдсэн зорилгын төлөө зүтгэвэл хүн төрөлхтний алсын хараа, хүсэл мөрөөдөлтэй нэгэн хэмнэлд алхах бүрэн боломжтой. Энэ боломжийн гол цөм нь MARS-V төсөл юм.
Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2021 оны 01, 02 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно.