Хүн бүр ажлын ярилцлагад тодорхой хэмжээнд бэлддэг ч яг зөв эсвэл хангалттай сайн бэлдээгүйн улмаас боломжоо алдах нь бий. Иймд ажлын ярилцлагад бэлдэхдээ юун дээр анхаарах, өөрийгөө зөв илэрхийлэх тал дээр АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Ази, Номхон Далай, Африкийн бүсийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.Мөнхзаяагийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр олон улсын байгууллага, компаниудад 20 орчим жил ажиллсан бөгөөд ажлынхаа хүрээнд 14 орны мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж, зөвлөж ажиллахдаа хуримтлуулсан туршлагаасаа хуваалцсан юм.
Эхний алхам
Ажлын анкет бол таныг ярилцлагад урих үгүйг шийдэх чухал хүчин зүйл. Ажил горилогч болон байгууллагуудыг холбодог онлайн талбарууд бий болсноор нэг загварт оруулсан анкетаа бүгдэд явуулах боломжтой болсон. Энэ нь нэг талаараа амар боловч нөгөө талаас ажлын байр бүрд анкетаа тохируулан өөрчилж явуулах нь танд давуу талыг бий болгоно. Ажлын зар дээр дурдсан шаардлага, түлхүүр үгсийг оруулж өгвөл анкет хүлээн авч буй хүн нүдэнд хоногшсон үгээ түрүүлж олж харснаар таныг сонгох магадлал өсдөг.
Түүнчлэн, анкет хавсаргасан и-мэйлийг илгээхдээ гарчиг, сэдэв дээр горилж буй ажлын байр, өөрийн нэр зэргийг тодорхой дурдаж өгөх нь чухал. Учир нь тухайн байгууллага хэд хэдэн ажлын байр зарласан байх магадлалтай тул таны и-мэйлийг хүлээн авч буй хүний ажлыг хөнгөвчилж тодорхой, ойлгомжтой байх нь таны сонгогдох магадлалыг өсгөх боломжтой.
Сонгуулах уу? Сонгох уу?
Ажлын ярилцлагад орохоосоо өмнө тухайн байгууллагаа боломжийнхоо хэрээр судалж, яагаад би энэ ажлын байранд тохирох хүн мөн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэйг хүн бүр мэднэ. Гэвч энэ ажил, байгууллага надад яг тохирох уу, энэ миний хүсэж байгаа зүйл мөн үү эсвэл зүгээр л ажилтай байхын тулд орох гэж зүтгээд байна уу гэдгээ хүмүүс тэр бүр боддоггүй.
Ажлын санал ирсэн учраас л зөвшөөрч тийм ч их хүсээгүй ажилдаа орох нь ажилтны зүгээс байнга сэтгэл ханамжгүй байх, компанийн хувьд идэвх санаачлага, бүтээмж сул ажилтантай болох зэргээр аль аль талдаа хохиролтой. Иймд ажил хайж байх үедээ би энэ байгууллагад тохирох уу гэж асуухын зэрэгцээ надад энэ ажил, компани тохирох уу гэх чухал асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Энэ нь цаашлаад ярилцлагын үер таны өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө илэрхийлэх чадварт ч нөлөөлдгөөрөө давуу талтай.
Анхны сэтгэгдэл дахиж төрдөггүй
Ихэнх ажлын ярилцлага “Та өөрийгөө танилцуулна уу?” гэх энгийн асуултаар эхэлдэг. Сонирхолтой нь олон хүн энэ асуултад бүдэрдэг аж. Өөрийгөө танилцуулах юу байх вэ дээ, хэцүү зүйлгүй гэж бодмоор. Гэтэл өөрийгөө хэрхэн танилцуулж байгаагаас тань таныг энэ ажилд тохирох уу, ямархуу хандлагатай хүн болохыг ажил олгогч дүгнэж эхэлдэг. Ажил олгогчид таны гэр бүлийн байдал, ямар сургалт, дамжаа төгссөн зэрэг яг тухайн үед төдийлөн сонирхолтой биш. Тухайн ажлын байранд шаардагдлагатай ямар чадвар, зан чанар танд байгаа нь л чухал. Иймд танд олгогдох цөөн хэдэн минутыг өөрийнхөө тухай зөвхөн тухайн ажлын байртай холбоотой мэдээллийг өгөхөд зарцуулах хэрэгтэй.
Сул талаа давуу тал болгох нь
“Таны сул тал юу вэ?” гэх асуултаас бултах аргагүй. Харин эвтэйхэн илэрхийлж, эргүүлээд бүр давуу тал ч болгох боломжтой. Тухайлбал, та ажлыг удаан хийдэг бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж боддог бол “Би аливаа ажлыг хийхдээ олон дахин нягталдаг нь цаг авдаг талтай, гэхдээ тэр чинээгээр алдаа гаргадаггүй” гэж хэлэх боломжтой. Ингэсэн тохиолдолд таныг удаан хэдий ч нямбай хүн юм байна гэсэн сэтгэгдэл төрнө.
Эсрэгээрээ давуу тал хэтрэхээрээ сул тал болдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, 20 жилийн ажлын туршлага нэг талаасаа давуу тал боловч нөгөө талаас шинийг хүлээн авч, өөрчлөгдөх дургүй гэсэн мессежийг өгөх магадлалтай. Иймд давуу талаа хэлэхдээ ч зөв хэлэх хэрэгтэй. Жишээ нь, “Би 20 жил ажиллахдаа үргэлж суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж ирсэн бөгөөд өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн байдаг” гэх зэргээр.
Бүх зүйлд бэлэн бай
Байгууллага бүр ажилтнаа сонгон шалгаруулах өөр өөрийн арга барилтай. Зарим компани нэг ажлын байрыг горилж буй хэд хэдэн хүнийг дуудаж бүлгийн ярилцлага хийдэг. Ийм тохиолдолд олноос ялгарч, өөрийгөө харуулах шаардлага тулгарах тул та ийм сорилтод бэлэн эсэхээ бодоод үзээрэй. Мөн тодорхой нөхцөл байдлыг дүрсэлж таны асуудал шийдвэрлэх арга барил, хандлагыг шалгах тохиолдол ч гарч магадгүй. Тиймээс уламжлалт ярилцлагаас давж сэтгэн өөрийгөө бэлдэх нь хүссэн ажилдаа амжилттай тэнцэх боломжийг танд олгоно.