Дэлгэцийн нэг булангаас нөгөө рүү ногоон, цэнхэр өнгийн зурвас тасралтгүй харваж, тэр болгонд дэлгэцийн зүүн талын цонхонд эгнэсэн төрийн байгууллагын нэрсийн ард буй хандалтын тоо автоматаар нэмэгдэх аж. Нарийвчлан харвал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын хандалт хамгийн өндөр байв. Иргэд хаанаас ямар үйлчилгээ авч буйг бодит цагийн горимоор харж, хаана доголдол үүсээд буйг дэлгэцээр шууд хянах боломжийг ингэж бүрдүүлжээ. 20 орчим төрийн байгууллага байгаагаас Төрийн банк, Авто тээврийн үндэсний төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг иргэдийн ихээр үйлчлүүлдэг байгууллагын нэрс ч үзэгдэнэ.
“Тун саяхан бид нэг сая дахь хэрэглэгчдээ хүрч үйлчлээд байна” хэмээн Батцэнгэлийн Болор-Эрдэнэ ажлын өрөөнийхөө хананд байрлуулсан том хар дэлгэцийг заангаа өгүүлэв. Түүнтэй ярилцахаар цасан цагаан ширээний ард суухад төрийн байгууллагын хэн нэг удирдлагын өрөөнд байгаа мэт сэтгэгдэл үл төрнө.
“Ковид-19 цар тахлын улмаас дижитал шилжилт эрчимжих болсон энэ цаг үеийн онцлог E-Mongolia төслийн ажил хурдсахад нөлөөлж байгаа юу?” гэсэн асуултад тэрбээр “Ковид-19-ийн ганц сайн тал бол энэ гэж бодож байна. E-Mongolia-гийн хэрэглэгч богино хугацаанд 3-4 дахин хурдтай нэмэгдлээ. Үүнд түлхэц үзүүлсэн гол хүчин зүйл бол хөл хорио тогтоосон явдал. Нөгөө талаар, бид “Монгол шуудан” компанитай хамтран хүргэлтийн үйлчилгээтэй болсон нь ч нөлөөлсөн болов уу” хэмээн хариулав. Тэрбээр цар тахлын үеийн нөхцөл байдал сайжраад ирэхээр багийнхантайгаа хамтран E-Mongolia-г орон нутагт эрчимтэй нэвтрүүлэх үүднээс сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Мөн өнгөрсөн хугацаанд гаднын хэд хэдэн улсаас E-Mongolia-гийн туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдгийг ч дурдав.
Хийх ажлуудаа яг таг төлөвлөж, тэр дагуу ажиллаж сурсан түүнд төрийн байгууллагын хэмнэлд дасах хэр сорилттой байсан бол? Гэнэтхэн зарлагдах, хойшлогдох, эсвэл хугацаа сунжрах хурал, уулзалтын хооронд зөөврийн компьютероо тэвэрч, хаа ч явсан ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн байдаг нь түүний цаг хэмнэдэг гол арга. Гэлээ ч тэрбээр хувийн секторт буюу Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан, Дэлхийн банканд байхаасаа л уртасгасан цагаар ажиллаад хэвшчихсэн учраас төрийн цаг наргүй их ажлаас халгалгүй нугалсаар, урагшилсаар байна.
Та хувийн сектороос төрийн албанд шилжин ажиллаад удаагүй байна. Яагаад төрд ажиллахаар шийдсэн бэ? Ширээний эсрэг талд гарч суух үед өмнө нь анзаардаггүй байсан зүйлсээ олж харж, арай өөр нүдээр харж эхэлсэн болов уу?
Өмнө нь би хувийн хэвшил, тэр дундаа олон улсын байгууллагуудад ажиллаж ирсэн. Харин төрийн байгууллагад ажиллах болсон маань 2019 онд Английн Оксфордын их сургууль болон Билл & Мелинда Гейтс сантай хамтран хэрэгжүүлсэн “Цахим эрин дэх Монгол Улс” төслөөс үүдэлтэй. Уг төслийн хүрээнд бид “Цахим бэлэн байдлын судалгаа”, “Цахим засаглалын стратегийн судалгаа”-г тус тус хийж, төр өөрөө л цахимжихгүй бол хувийн хэвшил хэчнээн цахимжсан ч Монгол Улс дижитал эдийн засагт орж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс төслийн баг маань төрийн үйлчилгээг цахимжуулах тухай зөвлөмж гаргаснаа Засгийн газарт санал болгоход Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх дэмжиж, цахим засаглалын ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ дагуу 2019 оны арванхоёрдугаар сард “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурлыг зохион байгуулж байв. Өнөөгийн E-Mongolia төслийн эхлэл ингэж тавигдсан. Тухайн үед төрөөс төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдэж өгсөн ч ажил цааш үргэлжлэхгүй байсаар нэлээд удсан.
Харин өнгөрсөн оны долдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон намын удирдлагууд E-Mongolia төслийг хариуцан хэрэгжүүлэх саналыг надад тавьсан. Гэхдээ уг төслөөс гадна надад хариуцан ажилладаг олон ажил бий.
Хувийн байгууллага зөвхөн өөрийн үйл ажиллагааны хүрээнд аливааг бодолцож, шийдвэр гаргадаг учраас хурдтай байдаг. Харин төрийн байгууллага үе шат, давхарга, эрэмбэ дараалал ихтэй. Эндээс боловсруулж буй нэг баримт бичиг ч эргээд маш олон хүний амьдралд нөлөөлөх эрсдэлтэй, олон үр дагаврыг нөхцөлдүүлдэг гэдэг утгаараа заавал шалгаж, хянах ёстой байдаг. Өмнө нь төрийн үйл ажиллагааг их шүүмжилдэг байсан бол одоо ойлгож эхэлж байна. Гэхдээ одоо төрийн үйлчилгээ бүхэлдээ цахимжиж, өөрчлөгдөн шинэчлэгдэж байж эдийн засгийн дараагийн гол салбарын хөгжлийг эхлүүлнэ. Тиймээс төр, хувийн хэвшил өөр хоорондоо талцаж, хуваагдах бус хамтрах нь зүйтэй гэж үзсэн учраас манай дээр ажлын хэсгүүд ажиллаж байна.
Шинэ ажилдаа ирээд менежментийн ямар өөрчлөлтүүд хийж байна вэ? Эрэгтэйчүүд давамгайлсаар ирсэн салбарт залуу бүсгүй удирдах албан тушаалд томилогдсон нь өөрөө онцлом үйл явдал. Энэ талаар олны дунд багагүй хэлэлцүүлэг өрнөж, хүн бүр өөр өөрөөр хүлээн авсан. Харин та хэрхэн хүлээн авсан бэ?
Эмэгтэй хүн байх хэцүү гэдгийг урьд өмнө ойлгодоггүй, бас боддоггүй байж. Учир нь хувийн хэвшил, олон улсын байгууллагад ажилладаг байхад жендэрийн асуудал хөндөгдөх нь харьцангуй бага. Харин төрийн байгууллагад ирснээс хойш оролцож буй ихэнх хуралд би хамгийн залуу нь, бас ганц эмэгтэй оролцогч байгаагаа анзаарсан. Үүнээс болоод үл хүндлэх, үл ойшоох, сонсохгүй байх зэрэг хандлага олон гарч байв. Энэ бүхнийг нуух шаардлагагүй. Бодит байдал ийм л байна. Тиймээс хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эмэгтэй хүн илүү хүчин чармайлт гаргахаас өөр аргагүйд хүрдэг болов уу.
Агентлагийн хувьд анх ирээд ажлын арга барилыг бүхэлд нь өөрчлөхөөс эхэлсэн. Өмнө нь жилийн төлөвлөгөө гаргаж, нэлээд ерөнхий байдлаар явдаг байсныг өөрчилж, ажилтнуудынхаа гүйцэтгэлийг долоо хоногоор шалгаж, илүү хурдтай ажиллахыг шаардаж байна. Баяр ёслол тэмдэглэхийн оронд сургалт зохион байгуулахад төвлөрөх боллоо. Ер нь ажилтнуудаа илүү чадваржуулахад анхаарч, тогтсон хэв маяг, ажлын арга барилаас нь холдуулж, илүү сийрэг, хурдтай, эрч хүчтэй болгох үүднээс нэлээд өөрчлөн шинэчилж байгаа. Салбарын хувьд бид хувийн хэвшил, стартап компаниудтай тогтмол уулзалт зохион байгуулж, санал солилцох, ойлголцохыг хичээж байна.
Дунд түвшний удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь боломжийн байдаг ч, шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ирмэгц энэ хувь хэмжээ эрс буурдаг. Салбарын онцлогоос шалтгаалан мэдээллийн технологийн салбарт ч эмэгтэйчүүд цөөнх. Ер нь ямар ч салбарт, ямар ч түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхийн тулд таны бодлоор юунд анхаарах шаардлагатай вэ?
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамгийн түрүүнд эмэгтэй боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй. Энэ оны гуравдугаар сарын 8-нд манай байгууллагаас охидын код бичих хөтөлбөрийг нээсэн нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Гэтэл эмэгтэйчүүд, математик суурьтай мэргэжлээр суралцаж буй охид хөгжүүлэгч болох бүрэн боломжтой. Манай боловсролын тогтолцоо өөрөө энэ байдлыг дарангуйлдаг. Эмэгтэй хүүхэд мэдээллийн технологийн мэргэжил эзэмшээд бүтэхгүй гэсэн нийгмийн хэвшмэл хандлага байна. Энэ бүхнийг эвдэхийн тулд бид ийм хөтөлбөр санаачилсан.
Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эмэгтэй хүн илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог.
Бусад салбарын хувьд эмэгтэйчүүд бие биеэ дэмжиж, хүлээн зөвшөөрдөг байх нь хамгийн эхний алхам гэж бодож байна. Үүнээс гадна мэдээж хэрэг удирдлагын сайн менежменттэй байх чадварт суралцах нь чухал. Нөгөө талаар, эрэгтэй, эмэгтэй хүн тэгш өрсөлдөх боломжийг бий болгох ёстой гэж хардаг. Гол алхам бол бид өөрсдөө сайжрах, мөн бие биеэ хүлээн зөвшөөрөх. Өнөөдөр удирдах албан тушаал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бага байгаа нь үнэн. Манай нийгэм жендэрийн асуудлыг бусад улсаас маш өөрөөр хардаг. Эрэгтэйчүүдийн эрх хөндөгдөж буй асуудлууд ч бий. Түүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ бол нэг нь нөгөөгөөсөө илүү гарах бус, аль аль нь тэгш боломжтой байх тухай асуудал.
Төрийн байгууллагад ажлын хэрэгжилт, хяналт сул байдаг гэж шүүмжлэх хэсэг бий. Үр дүн, хариуцлага тооцох системийн хувьд ч хангалттай биш гэдэг. Энэ чиглэлээр олон улсын байгууллагад олж авсан туршлагаа хэрхэн шингээж ажиллах вэ?
Олон улсын байгууллага, хувийн компаниуд гүйцэтгэлээ хувиар тооцож, хэрэгжилтийг нь шалгаад явдаг, хүрэх үр дүн нь ч тодорхой байдаг. Харин төрийн байгууллагын төлөвлөгөө маш ерөнхийгөөс гадна сайжруулна, хөгжүүлнэ гэдэг ч яг яаж гэдэг нь тодорхойгүй байх нь бий. Төрийн байгууллагад ажиллаж эхлээд хамгийн түрүүнд үүнийг өөрчилж, долоо хоног, сарын хугацаанд хийх ажлуудаа үр дүнгээр нь тооцон гаргаж, дараа нь түүнийгээ шалгуур үзүүлэлтийн дагуу хянадаг болсон. Мөн нэг ажилтан ачааллыг илүү үүрч, бусад нь ачаалал багатай байна гэдэг маш муу менежмент учраас ажилтнуудынхаа ачааллыг жигд байлгахад анхаарч, мэргэжилтэн бүртэйгээ тулж харилцахыг хичээдэг. Ингэж л ажлуудаа зохион байгуулж байна.
E-Mongolia төслийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд 592 үйлчилгээг цахимжуулна хэмээн зорьж байсан ч энэ Засгийн газрын 100 хоногт багтаан нэвтрүүлэхээр болж, илүү шахуу хугацаанд ажиллах шаардлагатай боллоо. Төслийн алсын хараа, эцсийн хүрэх цэг юү вэ?
Бид өнгөрсөн аравдугаар сарын 1 гэхэд төрийн 181 үйлчилгээг дижитал хувилбарт шилжүүлсэн. Харин ирэх дөрвөн жилдээ багтаан цахимжуулах байсан 592 үйлчилгээг Засгийн газрын 100 хоногт багтаан вэбсайтдаа нэвтрүүлэхээр болоод байна. Мэдээж үүний дараа гар утасны аппликэйшнд оруулах зэргээр жигдлэх ажлууд бий. Хоёрт, хэрэв засаг солигдвол энэ ажил ингээд л нурах биш үү гэж асуух хүмүүс ч байдаг. Бид E-Mongolia төслийг амжилттай хэрэгжүүлж, иргэд хэрэглээд хэвшчихвэл эргээд үйлчилгээний дагуу шаардлага тавьдаг, сайжруулалт хүсдэг болно. Ингэж чадвал уг төсөл цааш тогтвортой хэрэгжих боломжтой. Гуравт, систем, программ хангамж гэдэг амьд. Хөгжүүлээд орхих биш, байнгын шинэчлэн сайжруулж, үйлчилгээ нэмж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тасралтгүй хөгжүүлэх ёстой гэдэг утгаараа зөвхөн 592 үйлчилгээгээр хязгаарлахгүй цааш сайжруулаад л явна гэсэн үг.
E-Mongolia төслийн алсын хараа бол иргэн бүрт хүрэх, цаашлаад тухайн иргэний амьдралын мөчлөг бүрт зориулсан үйлчилгээг цахимаар хүргэх. Одоо бол иргэд E-Mongolia-д цахимаар хандаж байна. Харин яваандаа E-Mongolia иргэдэд ханддаг болно. “Таны гадаад пасспортын хугацаа дуусах гэж байгаа тул сунгах уу? гэх зэргээр иргэн асуудлаа бодохоос урьтаж, ухаалаг системээр сануулдаг болох юм. 2.2 сая иргэн гэдэг нүсэр тоо биш учраас бид хиймэл оюун, биг дата ашиглан зорьсон бүхнээ хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Нэг талаар E-Mongolia төслийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж буй мэт боловч яг үнэндээ өнгөрсөн 30 жил үргэлжилсэн тогтолцоог бид эвдэж байна.
Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр хэчнээн хэмжээний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох вэ?
Төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой өмнөх жилүүдийн төсвийг харахад зөвхөн нэг жилд хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Тэдгээрийг нарийвчилж харвал давхардсан хөрөнгө оруулалт, төсвийн буруу зарцуулалтууд байсан гэж хувьдаа дүгнэнэ. Нэг функц нэмж оруулаад л болчих ажлыг шинээр хийлгэдэг байсан гэх мэт дутагдлууд ажиглагдсан. Тиймээс агентлаг маань яамны статустай болбол төрийн цахимжуулалттай холбогдох төсвийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавих боломжтой гэж үзэж байна.
Төрийн үйлчилгээ бүхэлдээ цахимжин, шинэчлэгдэж байж, эдийн засгийн дараагийн гол салбарын хөгжлийг эхлүүлнэ.
Нөгөө талаар, E-Mongolia хамгийн багадаа 24 тэрбум төгрөгийн хэмнэлтийг авчирна гэж бид урьдчилсан байдлаар тооцоолсон. Үүнд, байгууллага талаас үйл ажиллагаа, цаасны зардал зэргийг хэмнэх бол иргэдийн хувьд цаг, унааны мөнгө зэрэг шууд бус, багагүй зардлаа хэмнэж буй. Өдгөө дэлхий даяар экологийн тэнцвэртэй байдал, ухаалаг хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтийн талаар идэвхтэй авч үзэж буй энэ цагт цахим засаглал өөрөө цаас хэмнэж буйгаараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж байна хэмээн “Дэлхийн банк”, “Уур амьсгалын ногоон сан” зэрэг олон улсын байгууллагаас мэдэгдэж буй. Тийм ч учраас өнгөрсөн оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр улс орны лидерүүд дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн талаар дагнан ярилцлаа шүү дээ. Мэдээж үүнд Ковид-19 цар тахал хамгийн их нөлөөлсөн.
Төрийн үйлчилгээ цахимжиж буй гэдэг утгаараа мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх боллоо. Энэ чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэж байна. Та бүхэн датабэйсийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Одоогоор цахим засаглалын гол дөрвөн хууль батлахаар яригдаж байна. Тэдгээрийн нэг болох Нийтийн мэдээллийн тухай хуулиар гэхэд л иргэн өөрийн мэдээллийг хянах, төрд буй иргэний мэдээллийг төрийн байгууллагуудаас дахин нэхэхгүй байх зохицуулалт, төрд болон хувийн хэвшилд буй датаг хэрхэн ашиглах асуудлыг нарийн зохицуулж өгч буй. Мөн биометрик, хувь хүний өгөгдөлтэй холбоотой мэдээллийг хэрхэн хамгаалах талаар зохицуулалтууд багтаж байгаа. Дараагийнх нь Кибер аюулгүй байдлын тухай хууль. Энэ хуулийн төсөл 10 орчим жил яригдсан ч өнөөг хүртэл батлагдаж чадаагүй. Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, зөвхөн төрийн гэлтгүй хувийн компаниудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах системүүд хөгжүүлэх, кибер халдлагаас хамгаалах удирдлагын төв байгуулах зэрэг олон зохицуулалт уг хуульд тусаж байгаа.
Гуравт, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Иргэн бүрээс цахим гарын үсэг авах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулах, цахим иргэний үнэмлэхтэй холбох ажил үүнд багтаж буй. Бидний зорьж буй гол ажил бол иргэн өөрийн мэдээллийг хянаж, хэрхэн ашиглагдаж буйг мэддэг байх. Тухайлбал, таны мэдээллийг ямар төрийн байгууллагын хэн гэдэг ажилтан ямар зорилгоор харав гэдгийг тухайн иргэнд мэдэгдэхээс эхэлнэ гэсэн үг. Таны мэдээллийг ашиглахыг зөвшөөрөөгүй тохиолдолд онлайнаар гомдол мэдүүлэх, шалгах, хүсэлт явуулах ч боломжтой болно.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хувьд салбарын компаниудаа хэрхэн дэмжиж ажиллах вэ? Сүүлийн үед манай улсын мэдээллийн технологийн салбар идэвхжиж, олон шинэлэг компаниуд хүч түрэн гарч ирж байна?
Мэдээллийн технологийн салбар өөрийн гэсэн онцлогтой. Хэт олон журам, зохицуулалт гаргаад ирэхээр тухайн стартап компанийн чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг хайрцагладаг. Манай технологийн компаниудын хүсэж буй нэг зүйл бол төрөөс тодорхой сан, эсвэл байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд дэмжлэг үзүүлэх. Энэ чиглэлээр бид судалж байна. Гэхдээ олон улсын хэмжээнд нийт стартапын 95 хувь нь унадаг шүү дээ. Ийм онцлогтой бизнест төрөөс дэмжлэг үзүүлэхээр болбол татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах тухайд маш болгоомжтой, зөв өнцгөөс хандах ёстой. Тиймээс нийгэмд үнэ цэн бүтээж буй стартапуудыг санхүүжүүлэх зэргээр шалгуураа оновчтой тодорхойлохоос эхлээд энэ чиглэлээр ямар нэг байгууллага байгуулан ажиллах боломжтой эсэхийг хувийн хэвшлийн компаниудтай хамтран судалж байна.
Өмнө нь төрийн үйл ажиллагааг их шүүмжилдэг байсан бол одоо ойлгож эхэлж байна.
Мөн олон улсын зах зээлд гарч буй стартапуудаа дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж, эхнээсээ уулзаад явж байна. Үүнд, зөвхөн мөнгө санхүү гэхээс илүү PR, олон улсын кампанит ажил зохион байгуулах, Монголын технологийн салбарын мэргэжилтнүүдийг гадаадын тодорхой байгууллагуудтай холбох, нетворкинг хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Манай байгууллагын хувьд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Apple, Google зэрэг компанитай холбогдож эхэлж байна. Экосистем бүрдүүлэх, санхүүжүүлэх зэрэг ажлаас гадна шууд бус, олон төрлийн дэмжлэгийг төрөөс үзүүлэх боломжтой гэж харж байгаа. Гэхдээ төрөөс дэмжих гэхээс илүүтэй хамтран ажиллах ёстой.
Танай агентлаг эдгээр асуудлаас гадна сансрын судлалыг мөн хариуцдаг. Энэ тухайд эхний ээлжинд ямар ажлууд төлөвлөсөн бэ? Монгол Улсын потенциалийг хэрхэн харж байна вэ?
Сансрын холбооны асуудал Монголд нэлээд орхигдсон нь үнэн. Өнөөдөр сансрын харилцаа хөгжиж, энэ салбарт дэлхийн улс үндэстнүүд хүчтэй өрсөлдөх болсон үед манай улс өөрийн орон зайг бататгаж, үндэсний сансрын хиймэл дагуултай байх ёстой гэж бид үзэж байгаа. Тиймээс энэ чиглэлээр маш нарийн судалгаанууд хийж байна. Дээр нь бид сансар судлалын асуудлыг уламжлалт хэлбэрээр явуулахаас илүүтэй NASA, SpaceX зэрэг байгууллагатай хамтын ажиллагаа үүсгэхийг, олон улсын томоохон байгууллагуудтай хамтран ажиллахыг хичээж байна. Энэ хүрээнд бид хүний нөөцөө бэлдэх, залуучуудыг чадавхжуулах ажлыг хийх ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаар Монголд сансрын хууль, эрх зүйн орчин хангалттай биш байна. Энэ чиглэлээр ч бид ажиллаж эхэлсэн.
Залуу удирдагчийн хувьд ямар гол зарчмуудыг баримтлан ажилладаг вэ?
Манай байгууллагад 37 хүн ажилладаг. Өмнө нь бүх газрын дарга нар эрэгтэйчүүд байсан бол өдгөө хэд хэдэн эмэгтэй даргатай болсон. Мөн зөвхөн дарга нар гэлгүй үүдний жижүүртэй ч харилцаж, бүгдэд эн тэнцүү шаардлага тавьдаг учраас байгууллагын маань уур амьсгал өмнөхөөсөө илүү интерактив болж чадсан. Стартап компани шиг гэхгүй ч эрэмбэ дарааллыг байж болох түвшинд багасгахыг хичээж байна. Бүх хүний ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажилладаг маань одоогоор гүйцэтгэлийг сайжруулах хамгийн чухал арга юм болов уу. Зарим хүний арга барилыг харж байхад ерөнхийд нь үүрэг өгөөд л орхичихдог. Харин миний хувьд өөрөө байнга дунд нь орж, бүх ажлыг хянаж, гүйцэтгэлийг шалгадаг. Өөрт стресстэй ч, ажилд бол хэрэгтэй арга барил. E-Mongolia төслийн хувьд ч ялгаагүй урт болон богино хугацаанд төлөвлөсөн ажлуудынхаа биелэлтийг тухай бүрт нь шалгаад явдаг.
Таны цаашид зорьж буй ажил, дараагийн төлөвлөгөө юу вэ?
Олон улсын тавцанд Монгол Улсыг брэндинг хийх. Гэхдээ заавал мундаг гэдэг утгаар бус хөгжиж буй ийм улс бий шүү гэдгийг олон улсад таниулах хэрэгтэй байна. Тиймээс BBC, Financial times зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогдохыг хичээж, хамтран ажиллахыг зорьж байна. Ингэж нетворкинг үүсгэх нь Монголоос олон улсад гарах ямар ч бизнест хэрэгтэй.