Өнгөрсөн жил Монгол Улс FATF (Financial Action Task Force) буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаалт”-аас гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан билээ. Ингэж манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас хасагдсан боловч FATF-ийн 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааны зохицуулалт, үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд холбогдох ажлын хэсэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн тавдугаар сард УИХ-д өргөн барьсныг энэ сард чуулганаар хэлэлцэж, дэмжсэн билээ. Уг хуулийн төслийн гол зорилго нь виртуал хөрөнгийг бүртгэлжүүлж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих юм.
Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий дижитал буюу биет бус хөрөнгө юм.
Харин энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид хууль, эрх зүйн орчинтой болж, виртуал хөрөнгийг бүртгэлжүүлэх шийдвэрийг дэмжиж буй ч хуулийн төсөлд нэмсэн цөөнгүй заалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Мөн төсөлд тусгасан зүйл, заалтууд Санхүүгийн зохицуулах хороонд хэт их эрх мэдэл төвлөрүүлж буй ч, эргээд хариуцлага хүлээх зохицуулалтгүй байгаад тэд шүүмжлэлтэй хандаж буй. Тун саяхан байгуулагдсан “Монголын финтек, блокчэйны зөвлөл” ч ийм байр суурьтайгаа илэрхийлж, цаашид хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэж, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор холбогдох санал хүсэлтийг төрийн байгууллагуудад хүргэж, нягт хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тус зөвлөлийн гишүүн, “Булган-Ундрага” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг энэ талаар:
“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдан, хэрэгжиж эхэлбэл Монголын бизнес эрхлэгчид нэг бол гадаадын зах зээлд гарна, эсвэл үүд хаалгаа барина. Ер нь бизнес эрхлэхэд хэцүү болно. Хөгжиж яваа цөөн хэдэн стартапынхаа өмнө өндөр босго, дааж давшгүй шаардлагууд тавиад эхэлбэл энэ салбарын хөгжил, ирээдүйд бий болох боломжтой асар том потенциалийг хааж байна гэсэн үг” гэлээ.
“Хууль, эрх зүйн орчныг зохих түвшинд бүрдүүлж чадвал виртуал хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт татах боломж хангалттай бий”.
Түүний үзэж буйгаар Монгол Улс Эль Сальвадор шиг биткойныг улсынхаа албан ёсны мөнгөн тэмдэгт болгохоо зарлах, эсвэл хатуу хориглох зэргээр экстрим байх шаардлагагүй. Хэт хатуу зохицуулбал далд зах зээл үүсэх, хэт зөөлөн хандвал болж бүтэхгүй зүйлс цэцэглэх магадлалтай. Тиймээс хууль бус үйлдлүүдэд хатуу, хэрэглэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад боломжуудыг аль болох нээж өгсөн байх нь тохиромжтой. Өөрөөр хэлбэл, төвийг баримталж, өөрт буй нөөц бололцоогоо ашиглах замаар олон улсад хууль, дүрэм журмын дагуу ажиллаад явах бүрэн боломжтой. Ингэж чадвал олон улсаас хөрөнгө оруулалт татах боломж хангалттай бий. Гол нь виртуал хөрөнгийг бүртгэлжүүлэх нэрийн дор энэ өргөн боломжоо хаах гэсэн мэт заалтууд хуулийн төсөлд орсныг тэрбээр шүүмжилж, энэ хэвээр хууль батлагдвал 10 жилийн дараа бидэнд боломж байсан гэж амаа барин суухыг ч үгүйсгэхгүй. Тиймээс дэлхий нийттэй хамт урагшлах л хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Дэлхийд мэдээлэл технологийн глобальчлал хүчтэй өрнөж буй энэ цагт санхүүгийн төвлөрсөн удирдлагыг доргиож, төвлөрсөн бус удирдлагыг бий болгож буйгаараа 2009 оноос зах зээлд нэвтэрсэн блокчэйн технологи цоо шинэ шийдэл, боломж байгааг хүн төрөлхтөнд ойлгуулсан. Мөн энэ технологид суурилсан олон төрлийн виртуал хөрөнгө ар араасаа цувран гарах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, хөгжүүлж буй криптовалют эдийн засаг, санхүүгийн харилцаанд цаашид ч томоохон үүрэг гүйцэтгэхээр байгаа нь бид олон улсын хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй алхах учиртайг сануулж буй.
“Монголын финтек, блокчэйны зөвлөл”-өөс хүргүүлсэн зарим санал:
- 5.1.2-т “Олон улсад нийтлэг ашиглагддаг бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн технологийг ашигладаг байх” гэж заасан ч тухайн технологийг хэрхэн хүлээн зөвшөөрөх нь тодорхойгүй.
- 5.1.4-т “Тухайн үйл ажиллагааг явуулах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй байх” гэсэн заалт туссан ч яг ямар ур чадвартай хүнийг мэргэжилтэн гэж үзэх эсэх нь тодорхойгүй байна.
- Виртуал буюу биет бус хөрөнгө гэж хуулийн төсөлд томъёолсон атлаа ийм төрлийн хөрөнгийг аливаа хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэхийг хориглосон заалтыг 6.2-т тусгасан. Нэгэнт л хөрөнгө гэж тодорхойлсон бол яагаад өөр хөрөнгө рүү хөрвүүлж болохгүй вэ гэх зэрэг асуулт энд тавигдана. Энэ заалт нь гадаадын хөрөнгө оруулалтыг хаахаас эхлээд олон сөрөг үр дагавартай. Товчхондоо, шинэ төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг уламжлалт хөрөнгө оруулалтын хэрэгсэлтэй хөрвөх заалтыг хориглосноор хөгжлийг бүрэн зогсооно.
- 8.2-т “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч… үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийн байршлын талаарх дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрт нэвтрэх нууц түлхүүрийг Хорооны хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч…” хэмээн заасан нь ихээхэн учир дутагдалтай. Үүнийг салбарынхан ямар ч боломжгүй, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, дэлхийн хаана ч байхгүй заалтуудын нэг гэж тодорхойлов.
- 10.2-т “Хороо энэ хуулийн 10.1-т заасан хүсэлт, шаардлага хангасан бүрэн гүйцэд баримт бичгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ”, 10.3-т “Энэ хуулийн 10.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд зургаа хүртэл сарын хугацаагаар Хорооны дарга нэг удаа сунгаж болно” гэж тус тус заасан нь технологийн хувьд асар хурдтай хөгжиж, минут секундээр хэмжигддэг онцлогтой зах зээлд байж боломгүй хэт урт хугацаа. ББСБ-ын хүсэлтийг 30 хоногт шийдвэрлэдэг атал виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд бүтэн жил хүлээнэ гэдэг асар хүндрэлтэй.
- 19.1.10-т виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд үйл ажиллагаа тус бүр 50 сая төгрөг, 6.1.5-т заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд 100 сая төгрөгийн хураамжийг СЗХ-д төлөх заалт бий. Өөрөөр хэлбэл, криптовалютын арилжаа эрхлэх биржийн зөвшөөрөл авахын тулд 50 сая, харин зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах зорилготой стартапууд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахын тулд 100 сая төгрөгийн хураамж төлнө гэсэн үг. Нэгт, өөр хоорондоо ялгаатай бизнесүүдэд нэгэн ижил шаардлагууд тавьж, зөвхөн эцсийн мөчид л өөр төрлийн бизнес гэдгийг нь ялгаж салгаж өгсөн байгаа нь уялдаа холбоо, учир зүйн хувьд дутагдалтай. Тэс өөр хоёр бизнесийг нэгэн ижил зохицуулалтаар зохион байгуулах боломжгүй. Хоёрт, 100 сая төгрөг гэдэг гарааны бизнесээ бүхэлд нь босгох хэмжээний мөнгө. Тэгэхээр энэ заалт стартапуудад хэт өндөр босго болно.
“Интернэт үгүй болсон цагт л блокчэйн технологийн хөгжил зогсоно”.
Криптовалютын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
Б.Гантиг: Ирээдүйд хэрэглээнд нэвтэрч чадаж буй криптовалютууд л үлдэнэ. Одоогоор хэрэглээнд нэвтэрсэн ийм төрлийн валют алга. Гэсэн ч олон хүн энэ зах зээлийг сонирхон орж байгаа нь 1990-ээд оны сүүлчээр үүссэн доткомын хөөсрөлийг санагдуулам. Гэхдээ хэрэглээнд нэвтэрч, хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсан нь буюу хамгийн шилдэг нь л зах зээлд шалгарч үлдэнэ. Криптовалютын хувьд мөнгө хийдэг гэх ойлголтод үндэслэн зах зээлээ буруу тэлчихсэн. Тиймээс хүмүүс блокчэйны олгож буй боломжийг ашиглахаас илүү мөнгө хийх машин гэж хараад байна. Ирээдүйд криптовалют мөнгө гэдэг утгаас холдож, энэ чиглэлд хөгжихгүй гэж бодож байна. Тэртээ тэргүй хүмүүс доллар, евро, төгрөгийг өөр зүйлээр орлуулахгүй л болов уу. Ийм төвлөрсөн удирдлагатай нийгэмд амьдарч байгаа цагт зөвшөөрөх ч үгүй. Харин криптовалют бий болсноор төвлөрсөн санхүүгийн удирдлагыг зөв гольдрилд чиглүүлэх сэрүүлэг болж байна. Учир нь төвлөрсөн мөнгө өөрөө алдаатай байна. АНУ гэхэд л хүссэнээрээ доллар хэвлэж, үр дүнд нь инфляци өсөж, түүнийгээ барьж чадахгүй асуудалд орж байна. Монгол төгрөгийн инфляцийг ярих ч шаардлагагүй, асар өндөр. Гэтэл криптовалют тогтсон тоо хэмжээтэй бөгөөд дураараа хэвлэх боломжгүй зэргээрээ инфляцийн эсрэг бүтээгдэхүүн байж чаддаг. Энэ ч утгаараа хүмүүс инфляцид өртөмтгий валютыг ашиглах бус, илүү уян хатан боломжийг нээж өгч буй криптовалютыг сонгох нь цаг хугацааны асуудал.