Монгол Улс 2020 онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийснээс таван хувийг нь л уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж буй. Уул уурхайн бус экспортын 97 хувийг есөн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Эдгээр есөн бүтээгдэхүүний ганцхан нь бэлэн бүтээгдэхүүн буюу нэхмэл, ноолууран хувцас юм.
Сүүлийн гурван жилд 1500 орчим ААН их, бага хэмжээгээр экспорт хийсэн ч нийт экспортын 70 орчим хувь нь 30 ААН-ээс хамааралтай байна. Эдгээр 30 ААН-ийн ердөө хоёр нь л бэлэн бүтээгдэхүүн экспортолж буй.
Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийг дэмжих зорилготой “Экспортыг дэмжих төсөл” төслийг ХХААХҮЯ хэрэгжүүлж буй. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 2023 хүртэл үргэлжлэх юм. Уг төслийн Түншлэлийн хөтөлбөрийн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ удаад уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хийж буй ажил, ААН-үүдэд олгох буцалтгүй тусламж болон экспорт хийх хүсэлтэй ААН-үүдийн анхаарвал зохих зүйлсийн тухай “Экспортыг дэмжих төсөл-ийн багаас тодрууллаа.
“Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөн
Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, зорилтыг тоон үзүүлэлтээр илэрхийлбэл?
Уул уурхайн бус салбарын экспортлогчдын орлогыг 25 хувиар, шинээр экспортлогчдын тоог 30-аар, шинэ экспортын зах зээлийн тоог 25-аар нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
Монголд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц бололцоо хэр байна вэ? Өмнө нь санхүүжилт авсан байгууллагууд дунд уг салбарын төлөөлөл хэр их байсан бэ?
Өмнө нь санхүүжилт авсан байгууллагууд дунд энэ салбараас гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байсан. Үүнээс гадна мэдээллийн технологийн бүтээгдэхүүн экспортлох потенциал бидэнд бий гэж харж байна. Тус салбарын экспортын хэмжээ нийт экспортын мэдээлэлд албан ёсоор ордоггүй ч урьдчилсан судалгаагаар уул уурхайн бус экспортын нэг хувийг эзэлж байна гэж тооцоолсон.
Бизнесүүдэд хүндээр тусаж буй цар тахлын нөлөөг бууруулах чиглэлд юу хийж байгаа вэ?
Экспортыг дэмжих төсөл нь 2016 оноос анх Сангийн яаман дээр хэрэгжиж байгаад 2020 оноос ХХААХҮЯ-нд шилжин үргэлжилж байгаа. Өнгөрсөн онд төслийн бүтцийн өөрчлөлт хийж 1.5 сая ам.долларыг Ажилгүйдлийн даатгалын сангаар дамжуулан төрөөс олгосон тэтгэмжийн хэлбэрээр олгосон. Тодруулбал, ажлын байраа хадгалж үлдсэн ААН-үүдийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд нийт 332 компанийн 8026 ажилтанд энэхүү дэмжлэг хүрсэн.
Экспорт хийх хүсэлтэй ч юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Юун түрүүнд экспортын зах зээл, бүтээгдэхүүний судалгааг сайн хийх хэрэгтэй. Дараа нь чадавхаа бэхжүүлэх хэрэгтэй. Экспортлогч болохын тухайн байгууллага өндөр чадавхтай байх нь чухал. Иймд боловсон хүчин, бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ онцгой анхаарах шаардлагатай.
Экспортыг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулах экспортлогчдын чадавхыг бэхжүүлэх сургалтад байгууллагууд хэрхэн хамрагдах боломжтой вэ?
Хөтөлбөрийн 2.1 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд жижиг дунд бизнесүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулна. Сургалтуудыг тухайн үед нь зарлаж, бүртгэлийг вэбсайтаараа явуулах болно. Бид өмнө нь хөтөлбөр хамрагдсан 100 гаруй байгууллагад тулгуурлан сургалтын хэрэгцээний судалгаа хийж, төлөвлөгөө гаргаад буй. Гадаад худалдаа, экспортын ерөнхий сургалт болон захиалгат сургалт хийхээр төлөвлөсөн. Экспортын чадавхыг бэхжүүлэх эдгээр сургалт нь үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
Экспортын зээлийн даатгалын үйлчилгээний ач холбогдлыг тайлбарлаж өгнө үү?
Экспортын зээлийн даатгал нь экспортлогчдыг гэрээнд үндэслэн барааг илгээх, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой үүсэх төлбөрийн эрсдлээс хамгаалдаг. Ийм төрлийн даатгал олон улсад өргөн дэлгэрсэн байдаг бол манайд хараахан хөгжөөгүй чиглэл юм. Уг даатгалд хамрагдсанаар найдваргүй зээлийн борлуулалтын хэмжээ буурч, зах зээлийн судалгаа нэмэгдэх, улс төрийн эрсдлээс хамгаалагдах зэрэг олон давуу талтай. Бид 2020 оны есдүгээр сард зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү даатгалын Үндэсний давхар даатгал ХК дээр хэрэгжүүлж буй.
Түншлэлийн хөтөлбөрийн бизнес хөгжлийн ахлах зөвлөх М.Баттулга
Түншлэлийн хөтөлбөрийн нэгдүгээр цонхны үр дүн болоод ямар байгууллагууд амжилттай санхүүжилт авч чадсан тухай товч танилцуулна уу?
Хөтөлбөрийн нэгдүгээр цонх нь 2020 оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжилж нийт 84 байгууллага материал ирүүлснээс 56 нь хоёрдугаар шатанд тэнцсэн. Үүнээс найм нь өөрсдийн хүсэлтээр материалаа татсан. Эдгээр байгууллагуудын дийлэнх хувийг аялал жуулчлал, ноолуур, махны салбарынхан эзэлж байв. Мөн мэдээллийн технологийн салбарынхан идэвхтэй оролцсон нь олзуурхууштай байлаа.
Экспорт хийхээр төлөвлөж буй бизнес эрхлэгчдэд юу гэж зөвлөх вэ?
Хамгийн чухал зүйл бол экспортын зах зээлийн судалгаа. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ хаашаа гаргах, яаж гарах арга техникээ олоогүй байна. Тиймээс хамгийн түрүүнд судалгаагаа хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Энэ төлөвгөөн дээрээс аль зах зээл рүү хэрхэн нэвтрэх аргачлал нь гарч ирдэг. Дараа нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, оюуны өмч, чанарын зэрэг асуудлууд яригдана. Иймээс үйл ажиллагааныхаа дарааллаа зөв тооцох хэрэгтэй.
Экспорт хийж буй ААН-үүдэд тулгарч буй түгээмэл бэрхшээл, тэдгээрийг даван туулахад хэрхэн туслах вэ?
Манай улсын экспортын 90 гаруй хувийг түүхий эд эзэлдэг. Тиймээс түүхий эдийн экспорт хийж байгаа ААН-үүд нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортолж эхлэх шаардлагатай байна. Харин үүний тулд мөн л зах зээлийн судалгаагаа хийж, нэмүү өртгийн сүлжээнд хэрхэн оролцохоо тодорхойлж, экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй болох хэрэгтэй.
Экспортлогчдод тулгардаг түгээмэл бэрхшээлүүдийн нэг бол чанар. Төслийн баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах бүрэлдэхүүний хүрээнд үндэсний стандартыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг шинэ стандартуудыг гаргахаар төлөвлөсөн. Харин ААН-үүдэд Түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан олон улсын стандарт авахад нь дэмжлэг үзүүлнэ.
Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилтийн зарчмыг тайлбарлаж өгнө үү?
Энэхүү төсөл нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа. Эргээд татвар төлөгчид төлөх учраас экспортын чиглэлд бодитой үр дүн гаргах ААН-үүдийг дэмжихэд төвлөрнө. Харин бодитой үр дүнд хүрэхийн тулд ААН-үүд өмнө хэлсэнчлэн судалгаа, төлөвлөгөөтэй байх буюу бэлтгэлээ сайн хангасан байх хэрэгтэй. Түүнчлэн, санхүүгийн чадамжтай байх ёстой. Иймд хөтөлбөрөөс 150 сая төгрөгийн санхүүжилт хүсэж буй ААН энэ мөнгөө өөрөөсөө гаргах чадвартай байх ёстой. Харин ажлаа гүйцэтгэсний дараа төслөөс буцалтгүй тусламж хэлбэрээр нөхөж олгох юм. Энэхүү санхүүжилт нь зээл биш гэдгийг анхаарах нь зүйтэй.